Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос Төрийн ордон, Д.Сүхбаатарын талбайг тойрсон авто зам дагуу "Машинтай жагсаал" зохион байгуулж байгаа билээ. Жагсагчид бүх төрлийн зээлийн хүүг хоёр дахин бууруулахыг Засгийн газраас шаардан дөрөв дэхь өдрөө Төрийн ордныг тойров.

Тус хорооны тэргүүн Ц. Батчулуун “Монгол Улсад ард түмэн зээлээр л амьдарч байна. Гэтэл өнөөдөр цалин, тэтгэвэр, ипотек гээд бүх зээлээс маш өндөр хүү авч байгаа нь шударга бус юм. Өнөөдөр микро автобус хэрэглээнээс гарч, стандартын бус тээврийн хэрэгсэл болоод байна. Бид парк шинэчлэл хийж, банкны зээлээр шинэ автомашин авах гэхээр зээл авч таарна. Тиймээс энэ зээлийн бүх хүүг бууруулах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн эхний тэмцэл. Манай хороонд нийт 400 гаруй жолооч нэгдсэн байдаг” гэв.

Мөн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тэдэнд жагсаал зохион байгуулах дөрвөн хоногийн зөвшөөрөл олгосон болохыг тус холбооны гишүүн Б.Цэгмэд хэлсэн юм. 

Дашрамд дурдахад, тус холбооноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шатахууны үнийг бууруулахыг шаардсан автомашинтай жагсаал зохион байгуулж байсан билээ.