Амьд явахгүйн баталгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 05 ・ 1

Монголд хүний амь шиг үнэгүй юм алга. Иргэд нь гэнэтийн осол аваар, гэмт халдлагын улмаас, эсвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах заяамал эрхээ эдэлж чадаагүйгээс цаг бусаар эндсээр байхад эрх баригчид нэг ч удаа уучлал гуйсангүй. Буруутай албан тушаалтнууд хариуцлага хүлээсэн удаа ч үгүй.

Цагаан сарын амралтын гуравхан өдөрт л гэхэд 13 хүний эрдэнэт амь хот, хөдөөгийн авто зам дээр эндсэн. Үндэсний их баярын дүйвээнд үхсэн хүмүүсийн хохь болоод л үлдсэн. Түүнээс биш авто зам дээр гарсан осолд юу нөлөөлөв, замын чанар муугаас болов уу гэдгийг шалгах юм бол төрийн буруу байж л байгаа. Орон нутгийн замын тендерүүдийн ихэнх нь улстөрчдийн хамааралтай компанид очиж, тавьсан зам нь там болж эздийнхээ чихийг халууцуулсаар буй жишээ олон. Ийм хэргээр хэд хэдэн улстөрч хууль хяналтын байгууллагын хаалга татсан. Хэрэг нь эхнээсээ шүүхээр орж шийдэгдэж байгаа аж. 

Жилд 500-600 хүн автын ослоор хорвоог орхидог гэсэн статистик Монголоос өөр улс оронд бол онц байдал зарлах хэмжээний эмгэнэл, гамшиг юм. Төр нь ийнхүү иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа тул монгол хүн амьд явах баталгаа үндсэндээ алдагджээ гэж хэлж болно. 

Өнгөрсөн хоёрдугаар сард “Эко Алтан Заамар” гэгч уул уурхайн компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн шороонд дарагдаж амиа алдлаа. Уг уурхай аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөнөөс ийм харамсалтай осол гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Ийм байдалд хүрэхээс нь өмнө хяналт тавьж, хууль, журмын хэрэгжилтийг яв цав шалгаж, ягштал мөрдүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд “Эко Алтан Заамар”-ынхантай хамт хариуцлага хүлээх л ёстой. Харамсалтай нь Монголд тийм жишиг байхгүй л дээ. Урьдчилан хорих төвд хүний амь эрсэдсэн хэрэг олныг цочирдуулсан ч тэгсхийгээд анхаарлаас гарлаа. Төрийн байгууллагууд уучлал гуйсангүй. Гэм бурууг нь бие бие рүүгээ түлхэх гэж үзэв. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор талийгаачийг амиа хорлосон болгоод хэргийг хаах гэж ч байх шиг. Төрийн байгууллагуудын хийж байгаа мэдэгдлээс нэг л зүйл ажиглагдаад байгаа нь талийгаачийг гэм буруутай гэдгийг олон нийтэд ойлгуулах гэсэн оролдлого. Төр иргэнээ дайчлан баривчилж саатуулж байхдаа амь насыг нь хохироочихоод ийм л хүйтэн, хөндий хандаж байгаа юм. 

Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй гэдэг хуулийн алтан зарчим хаачаа вэ? Цаашид энэ мэтээр гэм буруутай гэж бодсон хүнээ хууль хяналтынхан шүүхийн шийдвэргүй ч хамаагүй барьж аваачаад амийг нь аваад байх юм уу?

Урьдчилан хорих байранд хүний амь хохирч байгаа нь анхных биш. 2014 онд тухайн үеийн Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан эрхэм мөн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа алдсан. Тухайн үед төр буруугүй, иргэн буруутай, Баяраа өөрөө уначихсан юм билээ штээ гэдэг шиг талийгаач хүнд өвчтэй байснаас амиа алджээ гээд л өнгөрсөн. Амь насанд нь халтай хүнд өвчтэй хүнийг урьдчилан хорих төвд хорьсноороо уг нь төр буруутай л баймаар. Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байна. Төр иргэнийхээ амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйсангүй. Буруутай албан тушаалтнуудаа ажлаас нь чөлөөлөх төдийгөөр өнгөрөв. Мөн хоёрдугаар сарын 02-нд баруун хил дээр алба хааж байсан цэрэг улсын хил даван Тувагийн нутагт амиа алдсан. Төр төмөр нүүрээ харуулаад л өнгөрөв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 04 сар 07/

    Монголчууд минь бидний зам ямар байгаа билээ унаж яваа машин минь хэр билээ нэг л их яарсан давхисан улс үхэх гэж яараад байна уу 60-70км цагийн хурдтай намбалаг яв л даа

    Хариулах