А.Сүхбат: Би энэ зун сумынхаа наадамд зодоглоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 05

Боловсрол телевизээр гарч буй “3 сая инээд” шоуны ялагч А.Сүхбаттай уулзлаа. Түүнтэй үзэгчид “Жүүс, шүүс, зууш” гэдгээр нь илүү танил болсон. Харахад, ярилцхад л инээд хүрмээр түүнтэй ийн ярилцав.

-Дээрх шоунд оролцсоны чинь дараа чамайг нэлээн олон хүн таньдаг болсон байна уу?

-Харин тийм. Зургаа авхуулья гээд л. Нэрээр ч дуудахгүй “Хөөе жүүс, шүүс, зууш аа” гэнэ. Уг нь би нэрэндээ аймар их хайртай байхгүй юу. А.Сүхбатаа гэвэл гоё шд.   

-Аав, ээж тань чамайг төрөхөд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын нэрийг сонгосон гэсэн үү?

-Тийм. 2001 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд айлын том хүү болон мэндэлсэн. Надад нэр хайрлах үед Цагаан сарын барилдаан телевизээр гарч байхыг хараад гэрийнхэн маань билэгдэлээ бодож, шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн нэрсийг будаанд хийж, шигшихэд А.Сүхбат аваргын нэр гарч ирсэн гэдэг. Ингээд л би ийм нэртэй болсон юм даа.

-Мөн чамайг барилдах дуртай. Бөхийн гутал худалдаж авахын тулд энэ шоунд оролцсон гэж сонссон ...

-Тийм. Багаасаа л ноцолдох дуртай байсан. Мөн цэргийн хүн болох. Өмнө нь би нэг Монгол гуталтай байсан ч урагдчихсан. Тиймээс нэг сайхан гуталтай болох зорилгоор энэ шоунд оролцсон. Манай сургуулийнхан ч намайг их дэмжсэн. Тус шоуныхан өнөөдөр мөнгөө шилжүүлнэ гэсэн. Дансаа шалгаж байгаад шилжүүлсэн байвал өнөөдөр гутлаа авна аа. Шилжүүлээгүй бол хүнээс мөнгө зээлж ч магадгүй.

-Танай гэр бүлийнхэнд бөхийн удам бий юу?

-Манай аав том биетэй хүн байсан гэсэн. Намайг мэдээ ороогүй байхад бурхан болсон гэсэн. Мөн ах нар цол хүртэж байгаагүй ч сум болон өсвөрийн барилдаанд гурав, дөрвөн удаа түрүүлсэн гэсэн. Харин өвөөгийн хөвгүүд буюу миний ах нар цэргийн албанд татагдсанаасаа хойш барилдахаа больсон юм билээ. Би өвөөгийнхөө дэргэд малын захад өссөн. Аарский гэж миний өвөө. Би өвөөгөөрөө овоглодог юм.

-Тэгвэл чи л бөх болох хэрэгтэй юм байна даа. Энэ зун сумынхаа наадмаар зодоглох уу?

-Зодоглоно. Гэхдээ би бөхийн спортод нэг их шамддаггүй ээ. Миний туйлын зорилго цэргийн хүн болох. Манай Батлан хамгаалахын их сургууль цэргийн, энгийн гэж хоёр хуваадаг. Хоёрдугаар курсээ төгсөөд хичээлээ сайн хийж байгаад цэргийн ангилалд нь орохгүй бол дөрвөн жил сурсны дараа зүгээр л энгийн инженер болчихвол сонин шүү дээ. Гэвч хичээлийнхээ цагийг зохицуулаад бөхийн спортоор хичээллэхийг хүсч байгаа. Шинэ гуталтай ч болчих юм чинь /инээв/. 

-Чамайг танай ангийнхан олон авьяастай гэх юм билээ?

-Хөлбөмбөг тоглох, шүлэг зохиох, илтгэл тавихаас гадна хүндийн өргөлтөөр хичээллэж байсан. Ер нь бүгдээс нь бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байлаа. Мөн жүжиглэх дуртай.

-Гэхдээ чи “ЖЧШ” үсэг хэлэхдээ муу юу?

-Уг нь гайгүй. Хурдан хэлэхдээ л ойлгомжгүй болгочихоод байдаг юм.

-Чамайг багаасаа хөдөлмөрч хүүхэд байсан гэдгийг дуулсан ...

-Тийм. Долдугаар ангиасаа блокны үйлдвэрт ажиллах, ууттай цемент зөөх, шороо хүрздэж буулгах гэх мэт ажил хийж хичээлийнхээ хэрэгслийг авахаас гадна өөрийгөө хувцаслана. Намайг хэн нэгэн “Энэ ажлыг хий” гэж шаардаагүй. Би л өөрөө хөдөлмөрлөж үзье гэж бодсон юм. Миний анхны цалин 400 мянган төгрөг байсан. Ажлын хөлс гээд мөнгө авахаар хүн их урамшдаг юм билээ.

-Мөн гарын уртай гэж дуулсан ...

-Тийм. Энэ жилээс хийж эхэлсэн. Нутгийн маань ах “Батдэлгэрэх өргөө” нэртэй гэрийн унь, багана хийдэг цехтэй. Намайг “Ахдаа тусалж дэмжээд халаасны хэдэг төгрөг авч байхгүй юу” гэсэн юм. Надад сайхан хандаж, тусладаг хүн дээ.  

-Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсэе. 

 





www.mnb.mn
 

Нийтэлсэн: У.Баярсайхан
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх