"Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ"-г онцлох жил

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 04 сар 05

 

Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин  хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан өдрийг  Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон байна. Өнөөгийн байдлаар тус байгууллагад нэгдсэн 193 орны нэг, манай улс энэхүү өдрийг хагас зууны хугацаанд тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ирсэн билээ. Энэ жилийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт- Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” уриан дор тэмдэглэж байгаа нь 2018 онд Бүгд Найрамдах Казакстан Улсад Алма-Атагийн тунхаглалыг баталсны 40 жилийн ойд зориулан, олон улсын бага хурлыг зохион байгуулж, улмаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний асуудлаарх Астанагийн тунхаглалыг баталсантай холбоотой юм.

 Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байгаа энэ мөчид ДЭМБ-ын Монгол улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их юм.

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь тухайн үеийн Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Хамтран ажилласан эхний жилүүдэд халдварт өвчнийг бууруулах, лабораторийн албыг хөгжүүлэх, эх, нялхсын эрүүл мэнд, дархлаажуулалт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд дархлаажуулалтыг нэвтрүүлж, улмаар “Цагаан цэцэг”, “Халдварт саа” зэрэг халдварт өвчнийг устгасан билээ.
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлснээр, 1990 онд эхийн эндэгдэл 100000  амьд төрөлтөд 199 байсан нь 2015 онд 26 хүртэл буюу бараг 8 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 64 байсан нь 18 хүртэл буюу ¾ -аар буурч, Мянганы хөгжлийн “Эхийн эндэгдлийг бууруулах”, “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах” талаар дэвшүүлсэн зорилтыг Монгол улс ханган биелүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамт онцгой  хувь нэмэр оруулсан.
  • Өнөөгийн байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болсон нярайн эндэгдлийг бууруулахад ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийг хэрэгжүүлэх, уушигны хатгалгааны эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхэд тусламжийн гараа сунгасаар байна.
  • Сүүлийн жилүүдэд өвчлөл, эндэгдлийн шалтгаанд  зүрх судасны тогтолцооны болон хавдар, осол гэмтэл зэрэг  халдварт бус өвчин зонхилж байгаатай холбоотой “Халдварт бус өвчнийг бууруулах”, мөн гамшиг, олон нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авах арга хэмжээний чиглэлээр хамтран ажиллаж байна.
 

Эрүүл мэндийн яамнаас Тогтвортой Хөгжлийн Зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт – Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахаар “Эрүүл мэнд-8/20” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Үүнд:

  • 1.Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • 2.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх,
  • 3.Жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг бий болгож, цахимжуулах,
  • 4.Ахмад настны  зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх,
  • 5.Элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог  Эрүүл мэндийн даатгалд хамруулж, шинэ эмчилгээ эхлүүлэх,
  • 6. 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх,
  • 7.Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх,
  • 8.Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг 10 000 хүнд 15 болгон бууруулах.

Дээрхи зорилтуудыг хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо бүрдэж, санхүүгийн дарамтгүй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, монгол хүний дундаж наслалтыг 71-д хүргэж, Тогтвортой хөгжлийн эхний шатны зорилтыг хангах болно.  

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх