Энэ сарын 25-ны өдөр гурван цаг нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсооно гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 08

 

гэрэл зургийг www.mpa.mn сайтаас ашиглав

Өнөөдөр ОБЕГНЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд явагдах юм.  1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог ажээ.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ. Сургуулилалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын төвшинд команд штабын сургалт болно.  Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулилт болно. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Учир нь газар хөдлөлийн үед хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна" гэсэн юм. 

Мөн  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд иргэд бүгд цуглах ёстой. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлуулна. 09:30 цаг хүртэл дадлага, сургуулилалт үргэлжилж, 10:00 цагаас эхлэн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, албан байгууллагын ажил эхэлнэ гэдгийг онцлон дуулгав.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой. Тус арга хэмжээнд нийслэлд буй бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой" гэлээ.

Энэ өдөр иргэдийг хамруулах дадлага сургуулилалт нь дөрөвдүгээр сарын 25-нд 08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой юм байна.

Дадлага сургуулилалттай холбогдуулан газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх ажээ. Тэрхүү хуудсыг дадлага оролцохдоо авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэх юм байна. Ингэж тэмдэглүүлснээр дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлд орох гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх