Гал алдвал ингэж шийтгэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 15

 

Хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг ОБЕГ-аас хэдхэн хоногийн өмнө анхааруулаад авсан.  Гэтэл өнгөрөгч амралтын өдрүүдэд томоохон гал түймэр гарлаа. Тухайлбал, энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан юм.  Мөн СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 гаруй айлын байшин шатав. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал, иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх. Иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна.

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлдэг байна.  Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ. Хэрвээ гал алдвал дараах шийтгэлийг онооно.

Зөрчлийн хуулийн 5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасныг зөрчиж:

2.1.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх;

2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах;

2.3.үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар:

3.1.гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаархи мэдээллийг өгөөгүй;

3.2.бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй;

3.3.гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;

3.4.анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасан:

4.1.барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам;

4.2.галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулах, эсхүл зөвшөөрөл авах журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Шатамхай бодис, эсхүл пиротехникийн эдлэхүүнийг:

6.1.бүртгэх;

6.2.хадгалах;

6.3.тээвэрлэх;

6.4.ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх