Ш.Лхагвасүрэн: Хүмүүсийг зомби мэт болгодог “Флакка” гэх бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 19

Монгол Улсад хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэрэг, хулгайн хэрэгтэй ижил сонсогддог болсоор удаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар, манай улсын хар тамхины идэвхитэй хэрэглэгчийн тоо 70 мянга хол давжээ. Мөн дэлхий дээр хэрэглэгддэг бүх төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис орж ирсэн байдаг аж. Эдгээр бодисууд нь АНУ, БНХАУ болон Малайз, Сингапур зэрэг орнуудаас илгээмжээр орж ирдэг бөгөөд сүүлийн үед “Флакка” хэмээх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


ХАМГИЙН ЗАЛУУ НЬ 16 НАСТАЙ ХҮҮХЭД ИРЖ БАЙНА

-Хар тамхинд донтогч нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Танай төвд хар тамхинаас гарах хүсэлтэй иргэд хэр их хандаж байна вэ?

-Сүүлийн үед манай төвд хандаж байгаа хар тамхинд донтогсдын тоо ихэссэн. Өдөрт хоёр, гурваараа ирж байна. Эдгээр хүмүүс бүгд хар тамхинаас хараат болж, түүнээс гарахыг хүсч ирж байна. Манайд эмчлэх газар олддоггүй. Танайхаас өөр хандах газар алга гэдэг.

-Эмчилгээнд хамрагдахаар ирсэн хүмүүсээ бүртгэлжүүлдэг үү. Эдгээр иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Зориод ирсэн хүмүүсийн нэр болон хаягийн бүртгэлийг бид хийдэггүй. Яагаад гэхээр нэгдүгээрт, ирж байгаа хүмүүст туслах нь чухал. Хоёрдугаарт, хар тамхи гэдэг нь өөрөө гэмт хэрэгтэй холбоотой учир нууцлал хэрэгтэй байдаг. Мөн бид байгууллагынхаа гадна хаягаа тавьдаггүй. Учир нь сүүлийн үед ирэх хүмүүсийн тоо эрс ихэссэн учир хандсан хүн бүрийг хүлээж авах хүчин чадал хүрдэггүй. Манайх эмнэлгийн байгууллага биш болохоор хар тамхинд донтсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй. Зөвхөн зан үйлийг өөрчлөх талаас нь сэтгэлзүйн сургалт тогтмол явуулж байна. Энэ сургалт долоо хоногийн нэг өдөр тогтмол явагддаг.

-Хар тамхи хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа гэсэн мэдээлэл бий. Танай төвд хандсан хамгийн залуу хэрэглэгч хэдэн настай байна вэ?

-Сургалтад ирж байгаа хүмүүсийг хараад байхад сүүлийн үед хар тамхинд донтогсдын нас улам залуужиж байна. Хамгийн залуу нь 16 настай хүүхэд ирсэн. Хүүхдүүдийг ээж, аав нь дагуулж ирээд, гэр бүлийн зөвлөгөө авч байна. Зөвлөгөө өгөхдөө тухайн хүний зан үйлийг өөрчлөх тал дээр төвлөрнө. Энэ хүнийг зөвхөн хар тамхинаас гаргаад зогсохгүй эргэж оруулахгүйн тулд ажил хөдөлмөр эрхлүүлэх нь чухал. Тиймээс мэргэжил олгох сургалт явуулж байна.

-Хар тамхины хэрэглэгч болон зах зээлийн талаар хийсэн бодит судалгаа танайд бий юу?

-Бид жил бүр хар тамхины хэрэглэгч болон нэр төрлийн дунд судалгаа хийж байна. Энэ жилийн хувьд МУИС-ийн хуулийн анги, Боловсролын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн ангийн оюутнуудтай хамтран 1000 хүний дунд судалгаа хийлээ. Ингэхэд шинээр 50 хэрэглэгч илэрсэн. Нэг судалгаагаар 50 хэрэглэгч илэрнэ гэдэг маш том үзүүлэлт юм. Учир нь хэрэглээ маш өндөр байгааг харуулж байна. Манайд бүртгэгдсэн 620 хэрэглэгч байдаг. Ерөнхийдөө нэг хэрэглэгчийн ард дөрвөн хэрэглэгч нуугддаг гэж үздэг. Ингээд бодоод үзэхээр манайх шиг цөөн хүн амтай улс оронд хар тамхины байнгын хэрэглэгч ийм олон байна гэдэг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг юм.

-Эмчлүүлэхээр ирсэн иргэдийн зан харилцааны тухайд ямар байна вэ? Маш догшин ширүүн авиртай болсон байдаг гэж дуулсан?

-Хар тамхинд донтсон л бол яахаас ч буцахгүй болдог. Зан араншингийн тухайд их огцом ууртай эсвэл бүр хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай болсон хүмүүс ч бий. Энд зөвхөн хар тамхины хэрэглээг дагаад өөр олон төрлийн гэмт хэргүүд яригддаг. Жишээлбэл, хар тамхи хэрэглүүлээд биеийг нь үнэлүүлэх, бусдад худалдах зэрэг гэмт хэргүүд гарч байна. Түүнчлэн нэгэнт донтсон хүн хар тамхиа хэрэглэхгүй л бол маш хүнд хэлбэрийн шарталтад орж, сэтгэл гутралд ордог. Байж сууж чадахаа болиод ирэхээр ердөөсөө л нөгөө зүйлээ олж авъя гэж шийдээд мөнгө олохын тулд дээрэм, хулгай гэх мэт хэргүүд хийж байх жишээтэй. Энэ нь цаашлаад бүлэг болоод ирэхээр терроризм гэдэг зүйлтэй, террорист үйл ажиллагаатай холбогдоно. Өнөөдөр бид терроризм хол байна гэж тайвширч болохгүй юм. Өнөөдөр хар тамхины эсрэг цагдаа нар ажиллаж байгаа мэт боловч энэ маягаар хэрэглэгчийн тоо хурдацтай нэмэгдэж байхад алсдаа дийлэхгүй л болно.

МАНАЙ УЛСАД ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАР ТАМХИНЫ БҮХ ТӨРӨЛ ОРЖ ИРСЭН

 

АНУ-ын Флоридад 2016 онд флакка хэрэглэсэн залуу хүн рүү дайрч нүүрийг нь идсэн хэрэг гарч байв.

 

-Танайд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар төрлийн бодис хэрэглэж байна вэ?

-Ерөнхийдөө сүүлийн үед “Мөс” хэрэглэж донтсон хүмүүс их байдаг. Мөн яг юу хэрэглэж байгаагаа мэдэхгүй хүмүүс ч их байна. Тухайн бодисынхоо нэр, найрлага зэргийг мэдэхгүй, нунтаг цагаан зүйл хэрэглэсэн гэдэг. Тэр нь юу ч байж болно. 2010 онд хар тамхины хэрэглээ зах зээлийн талаар хийсэн том судалгаа бий. Тэр судалгаагаар дэлхий дээрх хар тамхины бүх төрөл манай улсад ороод ирсэн байдаг. Нийт хэрэглэгчдийн 36 хувь нь өвсний ургамал каннабис хэрэглэдэг, 18 хувь нь экстайз хэрэглэдэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, хэрэглэгчид найман төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг. Тухайлбал, морфин, геройн, мөс, каннабис, мими зэрэг төрлийг их хэрэглэж байна. Энэ мими гэдэг бодисыг уул уурхайн салбарт уурхайчид их хэрэглэж байгаа. Энэ нунтгийг шөнөжин ажиллах зориулалтаар хэрэглэдэг тохиолдол их байна. Сүүлд “Флакка” гээд бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ бодис бол хүмүүсийг зомби мэт болгодог. Манай дээр ирсэн хүмүүсийн юу хэрэглэж байгааг тестээр шалгаж үздэг. Хэрэглэгчийн шээс болон шүлсээр тест авч тогтоож өгч болдог.

-Танай сургалтад хамрагдаад хар тамхинаас гарсан тохиолдол бий юу?

-Байна. Хамгийн сүүлд 19 настай залуу өнгөрсөн жилээс хойш хичээж байгаад гарч чадсан. Өөрөө хар тамхинаас гарахаар шийдээд, маш их хичээл зүтгэл гаргаж байж эцэст нь эмчилгээ хийлгэхгүйгээр зөвхөн сэтгэл заслаар хар тамхины хэрэглээнээс татгалзаж чадсан. Манай төв ажиллаж эхэлснээсээ хойш нийт 12 хүнийг хар тамхинаас гаргаад байгаа.

-Хар тамхинаас гарсан хүн эрүүл байж чадах уу. Нэгэнт хэрэглэж эхэлсэн л бол эрүүл эрхтэн үлддэггүй гэдэг?

-Манай дээр ирж сургалтад хамрагдаад хар тамхинаас гарсан дээрх хүмүүс дундаас хоёр ч гэр бүл төрсөн. Нэг гэр бүл нь сайн сайхан амьдарч байна. Харин нөгөө гэр бүл нь хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гараад, төрсөн цагаасаа хойш бие муу байж байгаад өнгөрсөн. Тэгэхээр хар тамхи гэдэг зүйл эхлээд хүний сэтгэцэд нөлөөлж, сэтгэцийн өвчтэй болгодог. Дараа бие эрхтэнд нөлөөлж үхжүүлдэг. Нэг үгээр бол хар тамхи бол үхэл юм. Ингээд бие эрхтэн эрүүл мэндээрээ хохирохын зэрэгцээ эдийн засгийн хохирол маш ихтэй. Яагаад гэвэл хар тамхи маш үнэтэй. Үнэтэй зүйлээ олж авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохдоо хамаг юмаа зарж үрж, өрөнд орсон байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх