Зорилт: 2020 он 40 эрх

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 28

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмаас 2008 онд монгол хүн анх удаа алтан медаль хүртсэнээс хойш монголчууд дараагийн олимпыг хоног тоосон хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас дараагийн олимп 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Япон улсын нийслэл Токио хотноо болно гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Мөн 2008 оны олимпоос өмнө “Ямар нэгэн медаль авч л байвал болоо” гэж үздэг байсан монголчуудын сэтгэхүй өөрчлөгдөж олимп бүрээс алтан медаль хүлээх болсон юм. Токиогийн олимпоос ч ялгаагүй алтан медаль хүлээх нь ойлгомжтой.

Токиогийн олимп бол монголчуудын хувьд онцлог ихтэй. Монгол Улс хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байлаа. Анхны олимпоосоо медаль авч чадаагүй ч олимпод оролцож эхэлсэн гэдэг нь том амжилт байсан юм. Түүнээс хойш олимп дэлхийн томоохон хотуудад ээлж дараалан зохион байгуулагдсаар Монгол Улс анх удаа оролцож эхэлсэн Токио хотод эргэн ирж байна. Мөн энэ удаагийн олимпыг Монгол хүн нээх магадлалтай. Тодруулбал, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Токиогийн олимпыг ёокозунагийн ёслолоор нээх магадлалтай юм. Хэрэв ийм зүйл болбол 2020 оны Токиогийн олимп нээлт монголчуудад сайхан дурсамж үлдээнэ. Тамирчид маань өндөр амжилт үзүүлбэл бүр ч сайхан. Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө. Зохион байгуулагч орон олимпын бэлтгэлээ хэдийнээ базааж эхэлсэн бөгөөд тамирчдын медалийг дахин боловсруулсан хаягдал материалаар урлаж, олимпын бэлэг тэмдгийг анх удаа амьд амьтан бус роботоор дүрслэхээ дуулгасан. Олимп зохион байгуулагч орон ийнхүү бэлтгэлээ базааж байгаатай адилхан манай улс ч олимпод оролцох бэлтгэлээ хангасаар байна. Тус олимпод Монгол Улсын тамирчид ямар ажилт үзүүлэх нь одоо хийж буй бэлтгэл сургуулилтаас шалтгаална. Монголын үндэсний олимпын хороо “Токио-2020” олимпод хэрхэн бэлтгэл хангаж байгаа талаар тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы байр суурийг сонирхлоо.

Зорилт: 2020 он 40 эрхЭ.Бадар-Ууган: 

2020 оны олимп болоход жил гаруй хугацаа үлдлээ. 2020 оны олимпод Монгол Улс 40 эрх авах зорилго тавьсан. БСШУСЯ-тай хамтран ажиллаж, дэд хороо, ажлын хэсэг байгуулан олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Олимп ойртон тамирчдын дунд өрсөлдөөн ширүүн болж шинэ эм, витаминууд нэмэгддэг. Тэр ч утгаараа Оросын тамирчдаас допинг илэрч байсан гашуун туршлага бий. Гэхдээ Биеийн тамир, спортын газар, олимпын хорооноос допингийн шинэ мэдээллийг тухай бүрт нь шигшээ багийн багш, дасгалжуулагчдад сургалт, семинар зохион байгуулан өгдөг. Тамирчид үүнд маш анхааралтай хандах хэрэгтэй. Манай шигшээ багийн тамирчдын хувьд олимпын эрх авах оноо цуглуулалт өндөр байгаа. Олимпын эрх авах голлох тэмцээн уралдаанууд 2019 оны сүүл, 2020 оны эхээр болно.

Паралимпын 3 төрөлд 4 тамирчин эрхээ авчээ

Манай баг тамирчид “Токио-2020” олимпод чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, таеквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, пара таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара байт харваа, пара пауэлифтинг төрлүүдээр оролцохоор бэлтгэлээ базааж байна. 

Олимпын өмнөх жил болон олимп эхлэхээс өмнөх хагас жилд оноо олгох гол тэмцээн уралдаанууд болдог. Одоогийн байдлаар манай улс паралимпын 3 төрөлд 4 эрх авсан. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх