Г.Гүнжидмаа: Сэтгүүлч гэдэг нэрээрээ сошиал орчинд өөр мэдээлэл тараагаад байж болохгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 02

 

Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын хэвлэл мэдээллийн ёсзүйн есөн заалттай зарчим байдаг. Тэгвэл уг заалтад "сонгуулийн үеэр хэрхэн ажиллах тухай" гэх шинэ заалтыг нэмж оруулан арван заалттай болж байгаа гэдгийг онцлов.

Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм, Энэ дүрэм нь ямар ч нөхцөлд, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч мөрдөгдөж байх учиртай. Мэдээлэл түгээж байгаа талбараас үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх учиртай. Нөгөө талаар  хэвлэл мэдээллийн ёс зүй гэдэгт редакцийн бэлтгэсэн мэргэжлийн контентийн агуулга, үзэл суртал, PR шингэсэн мэдээлийн тодорхой тэмдэглэн зааглаж, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх зарчим мөн багтана гэдгийг тэд онцолсон юм. 

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сүүлийн үед сошиал медиа гэж яригддаг олон нийтийн сүлжээний талбар улам бүр тэлж, иргэдийн мэдээлэл хүлээн авах сувгийн нэг болоод байна. Тэр утгаараа иргэдийн зүгээс баримттай бодит үнэн мэдээллийг хүсэн хүлээдэг болжээ. 2020 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр сонгуулийн кампанит ажил болон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, өндөр шаардлага тавигддаг цаг хугацаа байдаг.

Сүүлийн сонгуулиудын сурталчилгааны компанит ажлын мониторингийг хийсэн ажиглагчид хэлэхдээ хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэн хэлсэн. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм юм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр тусмаа сонгуулийн компанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч гэсэн мөрдөгдөж байх учиртай.

Мэдээлэл түгээж байгаа талбар буюу уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээнээс үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх ёстой гэдгийг бас онцлон хэлмээр байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн зөвлөл нь гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг хийлээ. Худал хуурмаг мэдээллийн дунд сэтгүүлчид ёс зүйгээ баримталж ажиллахгүй байгаа асуудлыг зохицуулахын тулд ХМЗ-өөс  ёс зүйн зарчимд нэмэлт орууллаа. Сэтгүүлчид редакцаараа дамжуулан нэг мэдээлэл түгээгээд нийгмийн сүлжээгээр өөр нэг мэдээлэл түгээж байна. Сэтгүүлч гэдэг нэрээрээ сошиал орчинд өөр мэдээлэл тараагаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл хоёр нүүртэй байж болохгүй” гэлээ. 

Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж  “Сонгуулийн сурталчилгаа шувтрах үед хэвлэл мэдээлэл ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас шинэ заалтаар ёс зүйн зарчмаа баяжуулж байгаа юм. Тодруулбал,  Шинэ заалтад “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн зарчим юм. Ингэснээр Монголын сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим 10 заалттай боллоо” хэмээн тайлбар хийв.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа “Сонгуулийн үеэр сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн зөвлөл буюу тусдаа хяналтын зөвлөл байгуулагддаг. Сонгуулийн хуультай холбоотой  зар сурталчилгааны хууль зөрчсөн  зэрэг асуудлыг тэрхүү зөвлөл нь шийддэг. Харин  сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг хөндсөн гомдлуудыг хүлээж авахын тулд дээрх зохицуулалтыг хийсэн. Ялангуяа сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнөх хоёр өдөр нэр дэвшигчдийн эсрэг, сөрөг мэдээллүүд явдаг. Энэ хугацаанд  ХМЗ зохицуулж шуурхай уян хатан ажиллана. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн хоёр сонгууль дээр дуу хоолойгоо хүлээн авагчдад хүргэж чадаагүй. Зөвхөн сонгуулийн штабуудаас ирүүлсэн тамгатай мэдээллүүд цацагдаж байсан болохоос яг тухайн нэр дэвшигч намыг сурталчилсан сайн муу бүх мэдээлэл нь сошиал орчинд тархаж байсан. Тийм учраас сошиал орчинд тархаж байгаа мэдээлэлд ёс зүйн хяналт байх хэрэгтэй гэж харж байна” гэсэн юм.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим

  1. Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
  2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
  3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
  4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
  5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
  6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана
  7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
  8.  Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан   хамгаална.
  9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай  тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.
  10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх