Манфред Протце: Германы сэтгүүлчид өндөр цалинтай учраас ашгийн төлөөх ажил хийдэггүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 03
ХБНГУ-ийн Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга, “Дойче веллэ” академийн сургагч багш  Манфред Протцетэй  ярилцлаа.
 
-Монгол Улсад ирсэн таны зорилго юу вэ?
 
-Би Улаанбаатарт ирээд 10 хонож байна. “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил дэлхий даяар “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө-Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” сэдвийн хүрээнд тэмдэглэж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Германы хэвлэлийн зөвлөл 60 жилийн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Монголын хэвлэлийн зөвлөлд зөвлөх үүргийг гүйцэтгэж, өөрийн орны сэтгүүлзүйн туршлагаас хуваалцаж ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд Монголд ирлээ. Нөгөөтэйгүүр, миний ажигласнаар өнөөдөр Хэвлэлийн зөвлөлөөр шийдүүлдэг гомдлууд ихэссэн  нь Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий байгууллага болж чадсаных гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр бидний сэдэж, хийж буй ажлууд үр дүнд хүрч байна гэж дүгнэж болох юм.
 
-Германы хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа ямар зарчмаар явдаг вэ?
 
– Бид Монголынхтой  яг адил зарчмыг баримталдаг. Ёс зүйн үндсэн зарчмууд нь дэлхий даяар нэг нийтлэг зарчмыг  мөрддөг. Гэхдээ дэлхийн улс орнуудын зарим  заалт  өөр хоорондоо ялгаатай. Энэ нь тухайн орны соёлоос  хамаардаг.
 
-Тэгвэл та  Монголын сэтгүүлчдийн өнөөгийн байдлыг юу гэж дүгнэх бол?
 
-Сэтгүүлчдийн сонгуулийн үеэр  явуулдаг үйл ажиллагаа Монголд болон Германд асар их ялгаатай. Монголын  сэтгүүлчид сонгуулийн үеэр  их төлөв эсрэг тал руугаа давшилсан нэр дэвшигчдийн сурталчилгааг сэтгүүлзүйн бүтээл хэлбэрээр олон нийтэд цацдаг юм байна лээ. Хэрэв сэтгүүлч  сонгуулийн үеэр хэн нэг  нэр дэвшигчийн багт ажиллахаар болсон бол сэтгүүлчийн ажлаас албан ёсоор түдгэлзэх хэрэгтэй. Мэдээж сэтгүүлч ч гэсэн хүн. Ашиг орлогын төлөө хэн нэгэнд ажиллахыг ойлгож байна. Гэхдээ үүнийгээ хооронд нь зааглаж олон нийтэд мэдүүлэх хэрэгтэй. Уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагын үнэт зүйл нь олон нийтийн итгэл үнэмшил  байдаг. Үүнийг далимдуулан тухайн сэтгүүлч байгууллагын нэр хүнд, сэтгүүлчийн нэр хүндээ буруугаар ашиглаж байна. Нөгөө талаар нь энэ нь сэтгүүлчийн цалин бага байгаатай холбоотой юм. Германд сэтгүүлчид маш өндөр цалинтай байдаг учраас хоёрдахь ашиг сонирхлын ажлыг огт хийдэггүй. Цалин хангалтгүй учраас Монголын сэтгүүлчид хоёрдогч ажлыг мөнгөний төлөө хийж байна гэж би харж байна.
 
-Танай улсын сэтгүүлчид сонгуулийн үеэр хэрхэн  ажилладаг юм бэ?
 
– Германд Монголынх шиг  нөхцөл байдал огт үүсдэггүй. Учир нь сэтгүүлчидтэй хийдэг хөдөлмөрийн гэрээнд сонгуулийн үеэр, өөр нэмэлт ажил хийхийг зөвшөөрөх, эсэхийг   тодорхой  тусгасан байдаг. Гэрээний үндсэнд сэтгүүлчид сонгуулийн үеэр Монголын сэтгүүлчид шиг /PR/, уламжлалт сэтгүүлзүйгээ хольж хутгаж, олон нүүр гаргадаггүй. Сонгууль дууссаны дараа тухайн сэтгүүлч нэр  дэвшигчийн талд ажиллачихаад, мэргэжлийн ажлаа хийхдээ бас л өөр нүүр гаргана. Нэг үгээр хэлбэл,  сэтгүүлч хүн гэдэг олон төрлийн масктай жүжигчид байж болохгүй. Өнөөдөр сэтгүүлчийн масктай, маргааш үзэл суртлын /PR/-ийн маск зүүж хэрхэвч болохгүй. Сэтгүүлчид жүжигчид шиг олон янзын дүрд тоглож болохгүй.
 
-“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар шинэ зохицуулалтыг танилцуулсан. Шинээр нэмэгдсэн заалтыг  та юу гэж үзэж байна?
 
– Маш зөв зүйтэй заалт нэмэгдсэн гэж  хөндлөнгийн ажиглагчийн хувьд дүгнэж байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээхдээ нэг байр суурьтай, өөрийн хувийн цахим сүлжээний хаягнаасаа бас нэг өөр байр суурьтай мэдээлэл түгээдэг. Энэ нь бусдад “худалдагдсан” гэж харагддаг. Энэ эргэлзээ нь нийгэмд маш хор уршигтай. Нийгмийн сүлжээнд өөрийгөө сэтгүүлч гэж танигдсан хэн бүхэн хувийн аккаунтаараа түгээж буй мэдээлэл бүхэн сэтгүүлчийн ёс зүйн зарчимд хамаатай гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Энэ заалт нэмэгдсэнээр сэтгүүлчид уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээг үл хамааран ёс зүйн зарчмаа мөрдөж байхаар зохицуулагдаж байгаа юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх