Мөнгийг биш дурсамжийг хадгалах хэрэгтэй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 13 ・ 1

 

Цуврал ярилцлагын маань дараагийн хэсэг дэлхийн аз жаргалтай хотуудын тоонд зүй ёсоор багтдаг Норвегийн Осло хотоос хүрч байна.

#ГоолингоотойХамтДэлхийгээр: Мөнгийг биш дурсамжийг хадгалах хэрэгтэй

 

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

 

Намайг Мичидмаа гэдэг, 23 настай. Одоогоор Ослогийн их сургуульд Эм зүйчээр 2-р курст суралцаж байна. Их сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлээрээ ажиллан туршлага хуримтлуулах нь ойрын минь зорилго. Мөн хувийн блогоо хөгжүүлж уншигчиддаа илүү их хэрэгтэй мэдээллийг хүргэх хүсэлтэй байгаа.

 

Норвеги дэх амьдралын хэв маягаа бидэнтэй хуваалцаач. Дэлхийн аз жаргалтай, амар тайван орны тоонд зүй ёсоор ордог шүү дээ?

 

Норвеги аз жаргалтай орнуудаас эхний тавд багтдаг. Үүнийг улс орны бодлого, сайн зохицуулалт болоод сургалтын системдээ анхаарч, суурь мэдлэгийг чанартай сайн олгодогтой холбоотой гэж боддог. Норвегичууд их амбицтай, ажилсаг, өөртөө арчаатай хүмүүс. Ийм ч болохоор нийгэм нь стресс багатай байдаг гэж боддог. Орчин нь сайн байхаар ямар ч хүн дагаад л өөрчлөгдөж, бусдаасаа суралцаж авдаг юм шиг санагдсан. Энд ирээд миний амьдралын хэв маяг нэлээдгүй өөрчлөгдлөө. Хичээлээс гадуурх цагаа аль болох зөв зарцуулж, өдөр тутамдаа хийдэг зүйлсээ өөрчлөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл хооллохыг хичээж байна.

 

 

Эндхийн ард түмний соёл, ёс заншил, амьдралын хэв маяг таны амьдралын хэмнэлд хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?

 

Түрүүн хэлсэнчлэн намайг илүү сайн тал руу чиглүүлдэг юм шиг санагддаг. Эндхийн залуучууд цагийг аль болох завгүй өнгөрөөж, аливааг эртнээс төлөвлөж тэр төлөвлөгөөнийхөө ч дагуу бүхнийг хийдэг. Үеийнхнээсээ суралцах зүйл их. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн бол хамгийн наад захын, жирийн л зүйлс. Ус сайн уух, агаар салхинд байнга гарах, ажилд хичээлдээ анхаарлаа сайн хандуулан хичээнгүйлэн хийх зэрэг нь үлгэр дуурайлал авмаар. Ямар сайндаа л найзуудтайгаа уулзах гэж бараг 2 долоо хоногийн өмнөөс цаг товлодог шүү. Гэхдээ аль ч нийгэм сайнтай муутай байдаг шүү дээ. Тийм учраас аль болох авах гээхийн ухаанаар хандахыг хичээж байгаа.

 

Норвегид ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?

 

Яг энд ирэхдээ би 18 настай байлаа. Орчлон хорвоотой танилцаж юу хийх, ирээдүйд хэрхэхээ шийддэг үе дээрээ ирсэн учраас сурч мэдэж ойлгосон зүйлс маш их гэж хэлж болно. Би өөрийгөө их залхуу, биеэ нөөсөн хүн юм байна гэдгийг анзаарсан. Тухтай бүсдээ л байх гэдэг төрлийн хүн гэхүү дээ. Нөхцөл байдлаа зориудаар тухгүй байлгах нь хөгжиж дэвшихийн эхлэл юм болов уу гэж бодогдсон. Учир нь тохиосон бүхий л бэрхшээл, хэцүү үе болгон маань надад нэгийг ойлгуулж төдий чинээ хувь хүн талаасаа хөгжсөн байгаа юм.

 

 

Сурах, ажиллах, томоохон шалгалтад бэлдэх гээд завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

 

“Work hard, Play hard” гэж хэлэх их дуртай. Өөрийнхөө хийх ёстой зүйлсээ хий. Түүнээс гадна асар их таашаал өгдөг зүйлсэд ч цаг гаргаж өөртөө анхаарах нь чухал санагддаг. Аялал, хобби, найз нөхөдтэйгөө уулзаж дурсамжтай зүйлийг хамт хийх гэх мэт ямар ч хэлбэрээр илэрч болно. Хүнд хэцүү бөгөөд шантрах үе зөндөө гарна. Ийм үедээ “энэ бол түр зуурын л зовлон, үүнийг даваад гарчихвал үр дүнгээс нь асар их хэмжээний сэтгэл ханамж авна” гэдгээ бодох хэрэгтэй. Мөн өөрийг чинь хайрладаг, анхаарал тавьдаг гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байж, зорилго мөрөөдлөө санан өөрийгөө зоригжуулах хэрэгтэй гэж боддог. Болоод өнгөрсөн зүйлийг олон дахин бодож шаналахгүй байх бас их чухал юм билээ. Биеэр эдэлсэн зовлонг сэтгэлээр эдлээд яахав дээ тийм ээ?

 

Хамгийн их дурсамж, сургамж үлдээсэн үйл явдлаасаа хуваалцаач?

 

Анх Осло руу ганцаараа бүх ачаагаа аваад автобусаар явсаар оюутны байрандаа нүүж ирсэн үе маань. Бүх зүйлээ аваад Ослод ирж, Ikea тавилгын дэлгүүр хаахаас өмнө яаравчлан хөнжил, дэр, аяга таваг гээд ахуйн зүйлс аваад дааж ядан явж, дээрээс нь хүнсний дэлгүүр орж бүх хүнсээ авчхаад гэртээ ирээд өөрийгөө нэг их өрөвдөж билээ. Тэр үед яагаад ч юм анх удаагаа л бүх зүйлсийг ганцаараа хийж, юугаа ч даахгүй болтлоо ядарч, арай гэж гэртээ ирсэн учраас тэр байх. 2 долоо хоногийн дараа ээжээс захиа ирснийг уншаад их уйлж байснаа санадаг. Би тэр үед өөрийгөө мэдэж байгаагаасаа ч илүү их зүйл хийж чадахаа ойлгосон.

 

 

Let me Write блог болон фейсбүүк хуудас хөтөлдөг юм билээ. Блог хөтлөхийн онцгой талуудыг хуваалцаач.

 

Блогоо 2016 оноос хөтөлж эхэлсэн. Чөлөөт цагаараа л хөтөлдөг учраас заримдаа цалгардуулах үе гарна. Бичсэн нийтлэлийг маань уншиж байгаа хүмүүс жижигхэн ч хамаагүй хэрэгтэй мэдээлэл аваад гардаг байгаасай гэж бодож эхлүүлсэн. Мөн бичих чадвараа сайжруулж, бодлоо цэгцэлж сурахын тулд бичиж эхэлсэн ч гэж болно. Аль болох цэгцтэй, хэт нуршихгүй, эхлэл төгсгөл нь ойлгомжтой байх гэх мэтээр нийтлэл бичих хэв маягийг олж авсан нь бие даалт бичиж сурсны ач гэж боддог шүү. Үнэн бодит бөгөөд өөрийнхөө мэдэх зүйлсийг л хуваалцахыг хүсдэг. Анх мэдлэгээ шавхаад дуусчихсан юм шиг санагддаг үеүд байсан. Энэ үеүдэд “за дахиж шинэ зүйлс сурч мэдэж, ойлгож ухаарч байж л уншигчиддаа хэрэгтэй зүйлс хүргэж чадах юм байна” гэж бодогдсон. 
Ингээд л энэ эрчээрээ шинэ зүйлс туршиж үзэж, амьдралын хэв маягаа өөрчилж эхэлсэн дээ. Өмнө нь ахмад хүмүүс өөрийгөө хөгжүүл гэж хэлэхийн мөн чанарыг бүрэн ойлгодоггүй байлаа. Одоо бодох нь ээ эмээгийн минь хэлдгээр “юу ч сурсан эрдэм” гэдэг их үнэн юм билээ. Нэг зуны амралтаараа хоолны газрын шал угааж түүнээсээ л гэхэд олон зүйлсийг эргэцүүлэн бодож, ядаж л гэрээ хурдан шуурхай цэвэрлэж сурсан шүү. Сурсан, мэдсэн болгоноо нийтлэлдээ оруулахын сацуу амьдралынхаа цаашдын шийдвэрүүддээ тусган хэрэгжүүлсээр байгаа.

 

Бичвэрүүдийнх нь нилээдгүй хэсэг аяллын тэмдэглэлээс бүрддэг юм билээ. Хамгийн онцгой сэтгэгдэл үлдээсэн нь ямар аялал байсан бэ?

 

Бүх аялал онцгой дурсамжтай. Гэхдээ Сингапурыг зорьсон аяллаа онцолмоор байна. Анх удаа өөрийнхөө хуримтлуулсан мөнгөөр бие даан аяласан учраас их онцгой хэзээ ч мартагдахгүй аялал болж байсан.

 

 

Манай уншигчид дунд аялах сонирхолтой, бичиж тэмдэглэх дуртай охид бүсгүйчүүл олон бий. Тэдэнд аяллын тэмдэглэл бичих талаар зөвлөгөө өгөөч?

 

Эхлээд ямар зорилгоор бичих гэж байгаагаа тодорхойлж, түүнийхээ дагуу өөрийн хэв маяг, нийтлэлийн сэдэв зэргээ олбол зүгээр гэж боддог. Бичсэн зүйлс маань шантарсан үед их тус нэмэр болдог юм шиг санагддаг. Гэхдээ энэ бүхнийг бичиж байж л мэдэж, ойлгож, сурч авна. Тиймээс бага багаар бичиж эхлэх нь зүйтэй болов уу. Мөн олон төрөл жанрын ном уншиж үзэхийг зөвлөж байна. Тэндээс их зүйлсийг сурахын зэрэгцээ үгийн сонголт, найруулгын ур чадвар сайжирна. Аяллын тэмдэглэлийн хувьд тухайн газраа аялахаасаа өмнө сайтар судалж, аль болох сониуч байж, аялж байх явцдаа зураг сайн дарж баталгаажуулах нь чухал гэж боддог.

 

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 14/

    хха хөгширсөн хойноо Мөнгө олох гээд зүдрэх гэж үү битгий эргүү балай юм суртчилаад бай

    Хариулах