Ганц юмны мөнгө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 14

“Ард түмнийг мунхаг байлгахыг та хариуц, ядуу амьдруулахыг нь би хариуцна...”
Хуучны нэгэн хаан шашны мяндагтанд хандаж хэлсэн үг.

 

Монголын төр ажил хийсэн хүнийг биш ажилгүй гар газар, хөл хөсөр суугаа хүнийг асарч тэтгэдэг билээ. Зүтгэж, сэтгэснийх нь хохь болдог, зүгээр суусных нь зол болдог нийгэмд бид амьдарч байна.

Төрийнхөө энэ өгөөмөр хишгийг ард иргэд бид ч тухай бүрт нь чадах ядахаараа хариулахыг хичээдэг билээ. Эрхэлсэн яам нь хүртэл “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал” гэсэн хоёрдмол үүрэгтэй. Ихэнхдээ хөдөлмөрийг дэмжих биш хөдөлмөрлөөгүйг халамжлах ажил хийнэ.

Аяганы хариу өдөртөө...

Эдийн засгийн тэнцвэр алдагдаж, мөнгөний үнэ цэнэ унахтай уралдан чардайж хөдөлмөрлөснийх нь нуруун дээр зүсэн зүйлийн дарамт ирж, аргацааж суусных нь ам руу татварын мөнгө цутгахдаа ичнэ татна гэж даанч нэг үгүй.

Тэргүүн баян, технократ сэтгэлгээтэй, жанжны нэртэй залууг Ерөнхий сайд болголоо гэж хөөрцөглөж байтал, өнөөх нь урд хөршөөс өчнөөн сая доллар зээлээд, архинаас өөр юм авч хүрэхээргүй мөнгө болгоод тараачих нь тэр. Зүгээр суухад чинь архины мөнгө өглөө, зөрүүлээд манай намыг сонгоорой гэв. Жинхэнэ монгол маягийн сонгуулийн кампани.

Хэчнээн пиарын ололт нэвтрүүлэх гэж үзээд нэмэргүй. Энэ сонгуулийн кампанийг давах үр нөлөөтэй пиар Монголд үгүй. Технологи шаардсан хэрэглээгээ дээрмийн замаар хангадаг байсан өвөг дээдсээсээ уламжлан авч социализмын үед ужигруулан хөгжүүлсэн энэ уламжлал эдүгээ бидний сэтгэлгээнд хэчнээн гүн бат суусны тод жишээ бол жалга жалгандаа мөнгө, данх, чихэр тарааж байгаад олонхийн санал авсан УИХ-ын 76 гишүүн билээ.

Хадган дороо мөнгө хийгээд золгож байхдаа нэр дэвшигч хүү хэчнээн сэтгэл татам санагдсан билээ. Аяганы хариу өдөртөө гэгчээр нэрийг нь дугуйлж л орхисон.

Ийм “бэлэнчлэх сэтгэлгээ”-тэй ард түмнийг удирдах шиг амархан зүйл үгүйг хэдэн үеэрээ популизм хийж, хэнээрхэлээр төрийн сэнтийд залрагч удирдагчдын ялгуусан замнал батлан харуулсаар байна. Популистууд сайндаа биш хөдөлмөрийн үр шимийг мэддэггүй, хөдөлмөрөө үнэлүүлж сураагүй сонгогчдын саналаар л төрийн толгой руу мацаж гарч ирдэг. Өөрөөс нь онц ялгаагүй, хийсэн бүтээсэн зүйлгүй нөхөр өөрийнх нь хий дэмий мөрөөдөн сэтгэлээ цатгадагтай нь адилхан зүйлийг хавьгүй илүү итгэл үнэмшилтэй яриад унахаар, завсарт нь ганц нэг шил юмны мөнгө хүртэл өгчихөөр сонголгүй ч яах юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх