Барилгын салбар хөл дээрээ боссон уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 20

Тэнхэрч буй салбар

Зам дээр явсан авто машины дээрээс цутгамал хавтангийн булан унасан мэдээлэлтэй хамт энэ жилийн барилгын улирал эхлэв. Үлэг гүрвэлийн яс шиг сэрийлдэх өндөр барилгуудын араг хийц “амь орсон”-ыг салхинд хийссэн “тоосго” нийслэлчүүдэд ийнхүү дуулиантайхан зарлав. Хаврын хавсаргатай зэрэгцээд мэргэжлийн хяналтынхан баригдаж буй барилгуудын хамгаалалтын торыг шалгах аян эхлүүлсэн ч дуулдав. Энэ дөнгөж эхлэл нь. Барилгын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд цаашид ар араасаа хөвөрнө.

Элс, хайрганы карьераас өдөр шөнийг үл ялган цуврах хүнд даацын авто машинууд, дуу чимээ, тоосжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, гадаадын ажиллах хүч, цаашилбал ам метр талбайн үнийн өсөлт, барилгын чанар гээд том, жижиг олон асуудал энэ салбарын тогоонд даргилна.

Алдаа оноо, сайн муу, сайхан муухай бүхэнтэйгээ хамт барилгын салбар урагшилсаар байгаа нь үнэн. Үндэсний статистикийн хороо яг сарын өмнө барилгын салбарын 2017 оны төлөв байдлын танилцуулгыг нийтэлжээ. Уг танилцуулгаас харахад манай улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд идэвхжиж, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, байр суурь нь өссөөр байгаа ажээ. Энэ өсөлтөд тулгуурлан барилгын салбарын ойрын 10 жилийн ирээдүйг тун өөдрөгөөр төсөөлж буй юм.

Үүний илрэл энэ оны хоёрдугаар сарын 13-нд баталсан Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого. 2029 он хүртэл хэрэгжүүлэх уг бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Ингэснээр барилгын салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолжээ.

Барилгын салбарын 2017 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан хөгжлийн өсөлтийн итгэлцүүрээр тооцоход 2021 онд 4.343,0 тэрбум, 2025 онд 8.338,0 тэрбум, 2029 онд 12.330,0 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ.Ингэснээр Монгол Улсын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тавигдсан зорилтуудыг хангах юм байна.

Манай улс Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2002-2010 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл барилгын салбарын талаар баримтлах нэгдсэн бодлого гараагүй байжээ. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаас хойш боловсруулсан тул өргөн хүрээтэй бодлогын баримт бичиг болж чадсан гэнэ. Өөрөөр хэлбэл салбарын хууль эрх зүй, норм нормативын баримт бичиг, шинжлэх ухаан, техник технологи, инноваци, зураг төсөл, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, салбарын сургалт, хүний нөөц, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц, газрын харилцаа, геодези, зураг зүй гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого, зорилтыг нэгтгэн хэрэгжүүлэх боломж бүрджээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

Хөгжиж буй орнуудын хөгжлийн түвшний үзүүлэлтүүдтэй жишиж үзвэл манай улсын барилгын салбарын хөгжлийн хурдац хэвийн өсөлттэй, салбарын техник, технологийн хөгжил дундаж хэмжээнд байна. Өнөөгийн байдлаар барилгын үйл ажиллагаа бууралтын байдалтай байгаа ч өөдрөг төсөөлөл байгааг судалгаагаар харуулсан. Барилгын салбарын өсөлтийг хангах харилцан уялдаа бүхий нэгдсэн бодлого, эрх зүйн орчин бүрдсэнээр уг салбарын хөгжил эрчимжинэ.

“Өрх” ХХК-ийн захирал А.Бат-Од

Барилгын салбарын тулгамдаж байгаа асуудал нь барилгын салбарын асуудлаа тодорхойлж, эрэмблээгүйд байна. Бид барилгын салбарын асуудлын талаар цогц судалгаа явуулах хэрэгтэй. Асуудал их байна л гэж яриад байдаг. Яг ямар асуудал байна вэ гэхээр судалгаа шинжилгээтэй, гаргалгааг тодорхойлсон зүйл ховор байдаг. Үүнийг орон сууны судалгаа гэх мэт зах зээл, эдийн засгийн судалгаатай хольж ойлгож болохгүй л дээ. Цэвэр техникийн болон үйл явцын асуудлын талаарх судалгаа гэсэн үг юм.

Монгол Улсын барилгын салбарт 2017 онд нийт 12.1 мянган ААНБ үйл ажиллагаа явуулж 70.6 мянган хүн ажиллаж, 962.3 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртгийг бий болгосон байна. Барилгын салбарын ажиллагчдын тоо, дундаж цалин жилээс жилд нэмэгдэж байгаагаас гадна барилга угсралт, их засварын ажлын хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа ажээ.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон замын барилга угсралтын ажил сүүлийн 5 жилийн хугацаанд өмнөх 5 жилтэй харьцуулахад эрчимтэй нэмэгдсэн байна.

Төрөөс хэрэгжүүлсэн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл нь иргэдэд үр өгөөжөө өгч, зээл олгож эхэлснээс хойш 93.4 мянган иргэн хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болжээ. Барилга угсралтын ажил эрчимтэй өрнөж байгаагийн дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод явагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд энгийн орон сууцаас гадна чинээлэг хэрэглэгчдэд зориулсан, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах нэг ам метр талбайн дундаж өртөг 2.5 саяас дээш үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцууд ч олноор баригдаж байгаа ажээ. Мөн орон сууцны бус барилга, ялангуяа худалдаа, үйлчилгээний барилга угсралтын ажил эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаанаас харж болно.

Харин орон сууцны үнэд сүүлийн 10 жилийн хугацаанд огцом өөрчлөлт гарсан нь төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдээс шууд хамааралтай байгааг судлаачид тодотгож буй юм. Юутай ч барилгын салбар унаж босож яваа ч том зургаараа бол тэнхэрч тэнцвэржих шатандаа явна.

“Угжны хурга”

Бүтээн байгуулалтын гол салбарууд улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн шийдвэрээс шууд хамааралтай явж ирсэн. Барилгын салбар үүнийг тойроогүй. Монгол Улсын хэмжээнд жилд ашиглалтад орж буй барилгуудыг талбайн хэмжээгээр нь авч үзэхэд сүүлийн 10 жилийн хамгийн оргил үе нь 2014-2015 он байжээ. Тухайлбал 2009 онд 512.2 мянган ам метр талбай бүхий барилга ашиглалтад оруулж байсан бол энэ тоо жил бүр өссөөр 2013 онд 1 сая 237 мянга, 2014 онд 1 сая 898 мянга, 2015 онд 2 сая 308 мянган ам метр талбай бүхий барилга ашиглалтад оруулж байжээ.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх