Ажлын дөрвөн өдөртэй болох цаг айсуй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 23 ・ 1

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын цагийг багасгах нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг буурулахгүйгээр ажлын цагаа багасгах боломж зарим улсад бүрдэж эхэлжээ. Энэ үзэгдэл эхлээд тодорхой компаниуд дээр яригдаж байсан бол одоо улс орны хэмжээнд турших хэмжээнд очжээ.  

Жишээ нь, бидний сайн мэдэх БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй болох асуудал ид яригдаж, олны анхаарлын төвд байна. Төдийлэн үнэмшилгүй сонсогдож байгаа энэ санааг хэрэгжүүлэх, адаглаад туршиж үзэхээр зүтгэж байгаа нь Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хүчин чармайлттай холбоотой юм. Тэрэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Ажлын цагийг багасгаж өгнө, ажлын дөрвөн өдөртэй болгоно” гээд амалчихсан юм байна. Тиймээс л Төлөөлөгчдийн танхимын нэг гишүүн нь энэ асуудлыг онцгой хүчин чармайлттай хөөцөлдөж байгаа аж.  

Эрх баригч Ардын ардчилсан намын эрх бүхий албан тушаалтан өнгөрсөн нэгдүгээр сард  “Ажлын дөрвөн өдөрт шилжих”-ийг сурталчлах уулзалтынхаа үеэр 2010 онд Чунжу хотын гоо сайхны бараа үйлдвэрлэгч 2010 онд ийм туршилт хийгээд гайхалтай эерэг үр дүн гаргасан талаар цугласан олонд ярьж өгчээ. Тэр үйлдвэр долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болсноор борлуулалт нь 20 хувиар нэмэгдэж, ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэх боломж гарсан гэнэ.  

Ажлын дөрвөн өдөртэй болох цаг айсуй

“Хэрвээ энэ жишээ амьдрал дээр батлагдана гэж үзвэл бид ердөө ажлын цагийг долоо хоногт 52 болгож бууруулснаараа 500 000 ажлын байр бий болгож чадна” гэж тэрээр ярьж байжээ. Энэ санааг хэрэгжүүлэхийг дэмжигчид ажлын зургаан өдрөөс таван өдөрт шилжсэн шилжилтийг жишээ болгодог. Тухайн үед ажлын таван өдөртэй болсноор ажиллах цаг улс орнуудын онцлогоос шалтгаалаад долоо хоногт 4-12 цаг, жилд 200-500 цагаар буурч байжээ.

Ажлын зургаан өдрийг тав болгож бууруулах шилжилт улс орон бүрт эсэргүүцэл, үл итгэлцэх явдалтай нүүр тулж байсан аж. Жишээ нь, 13 жилийн өмнө БНСУ ажлын таван өдөртэй болоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баруун солгойгүй шүүмжилж, “Эдийн засгийг сүйрүүлнэ” гэцгээж байж. БНСУ өдөрт олон цаг ажилладаг болохоор жилд 500 шахам цагийн хөдөлмөр үгүй болчих гээд байж ядаад байж л дээ. Гэвч ухаантай улсууд бодож тооцоолоод хийсэн ажил учраас бүтээмж буураагүйн дээр эдийн засаг улам хүчирхэгжсэн аж. Тиймээс долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох санаачилгыг гаргасан нөхөд энэ удаагийн шилжилт ч эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд эерэг нөлөө авчирна хэмээн үзэж байгаа юм байна.

Жирийн иргэдийн хувьд, энэ санааг талархан хүлээн авч байгаа ч боломж байгаа эсэхэд эргэлзээтэй хандаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ажлын цаг багасгах нь сайхан ч цалин хөлс хэвэндээ байж чадах эсэх дээр асуултын тэмдэг тавьж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжөөс авахуулаад олон урьдач нөхцлийг хангах шаардлагатай учир магадгүй, тодорхой хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-тай уялдаж гарч ирж байгаа “ажлын цагийг хорогдуулах” үйл явцыг яагаад ч сөрж чадахааргүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь нэг ололт болж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын Үндэсний ассамблей үйлдвэрлэл, ажлын байрны ирээдүй сэдвээр хуралдсан. Шударга ёсны намын төлөөлөгч Ро Хо Чан, Ардын ардчилсан намын төлөөлөгч Со Хён Су нарын санаачилгаар зохион байгуулагдсан уг хурлаас 2020 он гэхэд солонгос ажилчдын ажиллах цагийг 1800 болгож бууруулах /одоо 2113 байгаа/ болгож бууруулах ёстой гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Үүний тулд амралтын өдрийг заавал амарч өнгөрөөх, илүү цагаар ажиллахыг хориглох зэргийг хуульчилж өгөх шаардлагатай гэж чуулганд оролцогчид үзжээ.

Ажлын дөрвөн өдөртэй болох цаг айсуй

БНСУ-ын хувьд, хөдөлмөрийн хуулиар бол долоо хоногт ажлын 40 цагтай гэж явдаг, илүү гарвал илүү цагаар ажилласанд тооцдог. Гэхдээ амьдрал дээр долоо хоногт 40 цаг ажилладаг үйлдвэр, албан газар бараг байдаггүй гэдгийг Солонгосын нийгэм, хөдөлмөр судлалын институтээс хийсэн судалгаа бэлээхэн харуулж байгаа аж.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн дэвшил хүн төрөлхтнийг хөл хөсөр, гар газар байлгах төвшин рүү бага, багаар дөтөлж байгааг бид бүгд мэддэг. Хүний хийх ажлыг робот хийдэг болсон. Ийм боломж бүрдэж байхад хүн төрөлхтөн махан бодиороо хөдөлмөрлөөд байх шаардлага үнэндээ байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд баялаг үйлдвэрлэгчид цуглардаг тул баялгийн хуваарилалтыг хэтэрхий нэг талд гаргачих эрсдэлтэй юм. Тиймээс ажлын дөрвөн цагт шилжихдээ цалин хөлсний хуваарилалтын асуудлыг нэн тэргүүнд бодолцох ёстой гэж байгаа нь зөв юм.    

Хүний хийж чаддаг олон ажлыг цаашдаа роботууд хийх нь зайлшгүй болсон. Роботод ажлаа булаалгасан ажилчдын арми өдрөөс өдөрт ихсэж байна. Хэрвээ ажлын цаг ихтэй байгаад шууд ажилгүйдэлтэй нүүр тулбал тухайн хүндээ их хүн тусна. Үйлдвэрлэгчдийн эсрэг хувьсгалд ч түлхэхийг хэн мэдлээ. Чухам тийм учраас л ирж яваа цагийн өнгийг мэдрээд одооноос ажлын цагийг багасгах талаар бодитой алхам хийх ёстой гэж алсын хараатай хүмүүс хэлээд байгаа нь зөв юм. Ажлын цагийг багасгах санаа ч эндээс үүджээ.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал бүх улсад гарааны ижил нөхцөл санал болгож байгаагаараа урьд өмнөх бүх хувьсгалуудаас онцлог. Тиймээс том жижиг, баян ядуу гэлтгүй хоцрохгүйг хичээж байгаа байдал ажиглагддаг. Ингэхгүй бол бусад улсууд энхжингийн орон болж, хоцорсон нь иргэдээ улсдаа тогтоож барих гэж зовох цаг энүүхэн ойрхон ирж яваа ажээ. 

 

Эх сурвалж: www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бодлын хулгайч / 2019 05 сар 23/

    ЗА ДА МАНАЙД ХЭРЭГГҮЙ ЭД БАЙНА. ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ УЛС ХАРИН Ч АМРАЛТГҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭДНИЙ ЗИНДААНД ХҮРЭЭД 4 ХОНОГ АМАРЧ БОЛНО.

    Хариулах