Академик хотын тухай тэмдэглэл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 24 ・ 1
 

Япон улсын зүүн хойд нутгийн Мияаги мужийн нийслэл Сэндайг академик хот хэмээн нэрлэдэг. Дэлхийд эрдмийн буюу академик гэсэн тодотголтой хот цөөн, Арабын эгдсэн Эмират улсын Дубай, Польшийн Варшав хотыг академик гэж тодотгодог. Академик хотуудад олон их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд байрлахаас гадна хотын хөгжилд судалгаа, шинэ технологи, инновацид суурилсан бодлого, шийдвэр зонхилж, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх орчин нь танин мэдэхүйн агуулгатай болж, тохилог номын сан, музей, театрын хөгжлийг анхаардаг зэрэг давуу талтай байна.

Академи хэмээх үг нь эртний грек хэлний Аκαδημία (Akadēmía) гэсэн үгнээс гаралтай. Энэ нь домогт баатар Академосын нэр. Akadēmía нь эртний Грекийн философийн түүхэнд холбогддог. Учир нь Грекийн философич Платон Итали, Сицил, Кирен хотоор аялаад 40 настайдаа Афин хотноо буцаж ирсний дараа буюу МЭӨ 387 онд Академос хэмээх ойн төгөлийн эдлэн газарт “Академи” нэртэй философийн сургууль байгуулсан түүхтэй. Энэ цагаас хойш эрдэм шинжилгээний байгууллага, төв, их сургуулийг академи, сонгодог урлагийн театрыг академик гэж нэрлэх болжээ.

Япон улсын Тохоку бүсийн соёл, эдийн засгийн төв Сэндай хот нь сая гаруй хүнтэй. 1600 онд Сэндай овгийн тэргүүн Масамунэ (1576-1636) энэ хотын суурийг тавьсан байна. Тэрээр хотын хөгжил, төлөвлөлтийг шинэ зургийг гаргаж, өөрийн ордноо барин “Модот хот” хэмээн нэрлэсэн түүхтэй. Масамунэ нь одоогийн Ямагата мужийн Ёнезавад төрсөн бөгөөд Япон даяар “ганц нүдэт луу” гэдэг нэрээр алдаршсан самурай юм. 1613 онд Масамунэ Европтой худалдааны харилцааг тогтоосон. Түүний үнэнч зүтгэлтэн Хасекура Цүнэнагагаар удирдуулсан баг Номхон далайг гаталж Мексик ороод, Атлантын далайгаар Мадрид болон Ром руу явсан бөгөөд Атлантын далайг гаталсан анхны япончууд юм. Улмаар Италид очиж католик сүмийн тэргүүн V Павелийн дэмжлэгээр Испани, Филиппинийг зорьж бараг 7 жил аялжээ. Үүнийг Сэндай хотын түүхэн дэх тэмдэглэлт үйл явдал гэдэг бөгөөд аялагч элч нар янз бүрийн соёлтой танилцсан нь чухал болжээ.

Эрдэм ном түгээн дэлгэрүүлэгчдийн хөлд дарагдаж, бүхэлдээ шинжлэх ухаанч соёлын орчин бүхий хот бий болоход их сургуулиудын хөгжил нөлөөлдөг байна. Сэндай хотод Тохоку Их сургууль, Тохоку Гакуйн Их сургууль, Мияаги Их сургууль, Мияаги мужийн Эмэгтэйчүүдийн Их сургууль, Боловсролын Их сургууль, Тохоку Фукуши Их сургууль, Тохоку Анагаах ухаан, эм зүйн Их сургууль байдаг учир gakuto буюу академик хот гэж нэрлэхэд хүргэжээ. Эдгээр их сургууль болон их сургуулийн дэргэдэх судалгааны хүрээлэнгүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, оюутнууд цуглаж хотод академик шинжтэй орон зайг үүсгэж буй.

Тохоку Их сургуулийн материал судлал, эрчим хүч, гамшиг судлал, хавдар судлалын хүрээлэнгүүдэд нэр хүндтэй эрдэмтэд ажилладаг. Мөн 1996 онд Зүүн хойт ази судлалын төв байгуулагдсан. Тус төв нь Хятад, Солонгос, Япон, Монгол, Оросын алс дорнод, Сибирийн бүс нутгийн түүх, соёл, нийгэм, байгалийн нөөц, хүрээлэх орчин зэрэг асуудлыг судлах зорилготой. Энд байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны 40 гаруй эрдэмтэд хамтран ажиллаж байна. Төвийн суурь судалгааны салбарын “Монгол болон төв ази судлал”-ын тасгийг манжийн үеийн түүх судлаач, нэртэй монголч эрдэмтэн Ока Хироки удирдаж байна. Тэрээр Японд залуу монгол судлаачдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж буй эрдэмтэн юм.

Тохоку Их сургуулиас хотын иргэдэд зориулж сард 3 удаа “Шинжлэх ухаан-Кафе” арга хэмжээг зохион байгуулж, байгаль, хүмүүнлэгийн салбарын судлаачдаар лекц уншуулдаг. Лекц сонсох хүсэлтэй иргэд үнэ төлбөргүй оролцож, хэд хэдэн багт хуваагдаж санал бодлоо ярилцан өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Жишээ нь, 1-р сарын 11-нд Тохоку Их сургуулийн судлаач, доктор Каору Какинума Монголд хийсэн судалгааны үр дүнгээр “Монголын малчдын нүүдэл: хүн ба байгалийн харилцаа” сэдэвт 160 дахь лекцийг уншиж, монголчууд яагаад нүүдэг нүүдэл ба бэлчээрийн доройтол нүүдэл ба цаг уурын өөрчлөлт гэсэн асуудлуудыг танилцуулсан. Тэрээр лекцийн төгсгөлд оролцогчдод хандан -Хэрвээ та Монгол улсын Ерөнхийлөгч байсан бол цаг уурын өөрчлөлт, газрын хуурайшилтын талаар ямар арга хэмжээ авах вэ? гэсэн асуулт тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус лекцэд ирсэн өөр хотын иргэн -би Монголын талаар үнэхээр сонирхдог одоо ингээд галт тэргээр буцна хэмээн сэтгэгдлээ ярьж байв. Энэ арга хэмжээ нь их сургуулийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой ажилд тооцогддог.

Хотын захиргаа, хотод үйл ажиллагаа явуулдаг компаниуд судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран жижиг дунд бизнесийг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх судалгааны ажлыг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ нь хотын иргэдийн эдийн засагт ч үр өгөөжөө өгдөг байна.

Сэндай хотод одон орон судлал, шинжлэх ухаан, урлаг, хотын болон их сургуулийн музейнүүд бий. Хотын музей нь 75000 үзмэртэй бөгөөд түүх, соёлын үнэ цэнтэй байнгын үзмэр 1200 орчим юм. Эдгээр музей нь их сургуулийн судлаач багш нар, оюутнуудад хөнгөлттэй үнээр тасалбараа борлуулах эсвэл үнэ төлбөргүй үйлчилдэг. Хотын шинжлэх ухааны музей нь “Байгалийн түүхийн танхим”, “Шинжлэх ухаан ба инженерийн танхим”, “Амьдралын тогтолцооны танхим”, “Байгалийн ажиглалтын танхим” гэсэн 4 танхимтай. Музейн гадна орчины “Байгалийн ажиглалтын танхим” хэсгийн “Чулуун цэцэрлэг”-т Мияаги мужийн 35 төрлийн чулууны дээж, 28 төрлийн мод, төрөл бүрийн чулуужсан ургамлыг дэлгэн үзүүлсэн нь үзэгч хүүхдүүдэд бүс нутгийн байгалийн онцлогийг танин мэдэхэд чухал хэрэглэгдэхүүн болжээ.

Эрдэм номын мөр хөөсөн хүмүүс оршин суугчдынх нь багагүй хувийг эзэлж, нийгмийн харилцааны сүлжээнд академик шинжүүд илэрч, соёлын өөрчлөлтийг нь нөхцөлдүүлж байвал тухайн хотыг академик гэж нэрлэх үндэстэй юм.

 

www.mnb.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: