Х.Мандахбаяр: Би хотын даргыг ямар нэг байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 03 ・ 3

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.06.03/ мэдээлэл хийлээ. 

Х.Мандахбаяр “Би гурван зүйлээр мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ХХК-тай холбоотой сурвалжлагын асуудлаар, хоёрдугаарт, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг 400 сая төгрөг авахаар шантаажилсан гэх асуудал, гуравдугаарт,  сэтгүүл зүйн салбартай холбоотой асуудал байх болно" гээд дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.

ТОСОН БУМБЫН АСУУДАЛД МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР ХАНДААГҮЙ

“Тост, тосон бумбын нуруунд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарын хамаарал бүхий “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг сэтгүүлчид хараат бусаар очиж сурвалжилга хийсэн. Анх 2017 оны дөрөвдүгээр сараас би сэтгүүлчидтэйгээ хамтран, өөрөө газар дээр нь очиж сурвалжлага хийж байсан. Би Өмнөговь аймгийн иргэн. Энэ асуудалд хандахдаа Өмнөговь аймгийн иргэний хувьд, сэтгүүлч хүнийхээ хувьд хандаж байгаа. Би энэ асуудалд МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хуваарь хандаагүй. Би сая сэтгүүлчдийн хамт “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр сурвалжлагын баг гаргасан. Сэтгүүлчид сайн дураараа явж, сурвалжлага хийсэн. Сурвалжлага хийх явцад нь би хэлж байсан. “Миний ч юм уу, хэн нэгний байр суурь, үзэл бодлыг битгий тусгаарай. Та бүхэн өөрийнхөө байр сууринаас хандаарай” гэдгийг сэтгүүлч нарт хэлж байсан. Харамсалтай нь, хамт явсан зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилгаа гаргаагүй байна лээ. Тэд хийсэн сурвалжилгаа гаргах боломжгүй байх шиг байна. Би ойлгож байна.

“Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаад 31 зүйлийн зөрчил илрүүлсэн. Энд хаах хангалттай зөрчил бий. Энэ бүхнийг та бүхэнд хүргүүлж байна. Би худлаа ярьж байж болно. Надад итгэхгүй байж болно. Төрийн байгууллага худлаа ярихгүй. Та бүхэн энэ бичгийг үзээрэй. Энэ бүгдийг, бодит мэдээллийг та бүхэн олон нийтэд дэлгэж тавиарай гэж хүсье.

Телевиз хааж, бургас тайрсан нь үнэн

-Би хотын даргыг ямар нэг байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг олон удаа гүтгэж байна. Би С.Амарсайхан хотын даргыг мэднэ, заримдаа нөхөрлөж явсан үе ч бий. Би ТВ8 телевизийг өмнөх эзэнтэй нь ярьж, гэрээ хэлэлцэл хийж байгаад худалдаж авсан. Энэ телевизийн сэтгүүлч Энэрэл Бургас хядаж, дээр нь байшин барьсан "Зүүнбаян рефайнери" компанийн талаар мэдээлэл цацсны маргааш эфирийг нь хаасан. Телевизийн эфир  хаасны дараа над дээр ТВ8 бүрэн шилжиж ирсэн. Би "Оюуны Ундраа" компанийн байранд байр түрээсэлж байсан хүн учир хэрэлдэж маргалдах эвгүй, эвийн зарчмаар шийдэхээр хэлэлцэж, телевизийн эфирээ нээлгэх хүсэлт тавьсан. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Би энд хувийн өмч хөрөнгөө хамгаалсан эзний дүрээр ирээгүй. ТВ8-ийн эфирийг нээхгүй байсан ч болно. Гэхдээ үүний цаана хэвлэлийн эрх чөлөө, ардчилал бий. Би хэн нэгнийг харааж зүхэж, утасны яриаг задлаагүй. "Оюуны Ундраа" хаалтын гэрээ хий гэснийг хүлээж авахгүй гэсэн хариу өгөхөд "Чиний хүн дарамталж байгаа бичлэгийг цацна" гэсэн. Бургас тайрсан нь үнэн шүү дээ. Бургасны мэдээлэл гарсны дараа манай сэтгүүлчдийг дарамталж, С.Амарсайхан дарга "намайг 400 сая төгрөг нэхсэн" гэж шантаажилж байгаа. 

 

С.Амарсайхан хувийн компанийхаа булхай луйврыг далдлах хаалтын гэрээ хийсэн байна

 

Би Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдөр "Хараат бус сэтгүүлзүй" үндэсний форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч тавдугаар сарын 03-нд зохион байгуулсан. Уламжлал болсон арга хэмжээ. Энэ форумыг зохион байгуулахаар хотын даргын өрөөнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга н.Мөнхбаатар, бас нэг мэргэжилтэнтэй ярилцсан. Б.Мөнхбаатар өөрөө эхэлж, санал тавьсан. Сэтгүүлчдийн ордон барьж байгаа асуудлаа хэлж, Б.Мөнхбаатар 400 сая төгрөгийн боломж байгаа гэсэн, 74 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Сэтгүүлчдийн ордон барих газар дээр дэд бүтэц ирсэн байгаа. С.Амарсайхан хотын дарга Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй сайн ярилцаарай, ИТХ-аар шийдэх боломжтой юм байна гэсэн. Бидний хооронд ийм л яриа гарсан. Барилга, байшин барих ямар ч яриа байхгүй. Ийм хулгайч хүн хотын дарга хийж болохгүй. 

 

Б.Мөнхбаатар гэдэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ байгуулж байгаа. Хэвлэл мэдээлэл төр, бизнесийн байгууллагатай гэрээ байгуулж болно, гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Мөнхбаатар "400 орчим сая төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төсөвлөсөн байгаа. Тэр дагуу гэрээ байгуулж байгаа гэсэн" "Гүйцэтгэгч нь захиалагч талаас бэлтгэж өгөөгүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг нийтэлж болохгүй" гэсэн заалт гэрээнд хийжээ. "Туулын бургасыг дахиад сурвалжлах болно" гэсэн zindaa.mn-д нийтэлсэн мэдээллийг гэрээнд энэ асуудлыг заасан гэж Б.Мөнхбаатар редакторыг нь шантаажилжээ. Үүнийг хаалтын гэрээ гэдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хувийн компанийхаа булхай луйврыг далдлах хаалтын гэрээ хийсэн байна. 

 

Би гурван хүнийг шүүхэд өгнө

 

Над руу зүсэн зүйлийн дарамт, шахалт, заналт ирж байгаа. Намайг "хүүхэн хүчиндсэн гэх бичлэгийг зарах гээд яваад байна" гэсэн мессэж ч ирсэн. Тийм зүйл байвал гаргаад ирээрэй. Намайг хотын даргын шахалтаар гүтгэсэн яруу найрагч н.Галсансүх, өөрийгөө сэтгүүлч гэж нэрлээд байгаа Мөнхтөр, Уламбаяр гэх гурван хүн гүтгэн, харлуулж байна. Би энэ гурван хүнийг шүүхэд өгнө. 

 

Үнэн, шударга ёс хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн цаад эзэд ил байх ёстой. Ийм хуулийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд суулгахгүй бол ардчиллыг булшлахад ойрхон болжээ. МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Харин хотын дарга С.Амарсайхан НИТХ-д бас адил хууль зөрчсөн үйлдлээ шалгуулж дуустал нийслэлийн Засаг даргаасаа түдгэлзэх өргөдлөө өг хэмээн мэдээллээ. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 06 сар 03/

    shudraga vnenii tuluu sergvvlchid negdeh ni hamgiin chuhal baih demjij baina

    Хариулах
  • Зочин / 2019 06 сар 03/

    Дэмжиж байна шударга үнэний төлөө гэсэн сэтгүүлчийг

    Хариулах
  • Зочин / 2019 06 сар 03/

    Угаасаа шантаажчин хулгайч.
    Бичлэгт хэлж ярьсанаараа бол чи юу ч ярьж юуч хийж мэдэх үл бүтэх луйварчин

    Хариулах