Бяцхан үрс нь харшилтай бол эцэг, эхчүүд юу анхаарах вэ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 10 ・ 1

Атопийн дерматит, хүүхдийн экзема нь ижил утгатай юм. Атопик дерматит нь эпидермисийн хоригийг бүрдүүлэгч уургын генийн мутацаас үүсэлтэй архаг явцтай, арьсны өвчин. 

Энэ нь  манай орон төдийгүй дэлхий даяар их тархалттай. Тархалт өндөр байгаа нь нийгэм, хүрээлэн байгаа орчны хүчин зүйл уг өвчин үүсэхэд гол үүрэгтэй байж магадгүй гэж үзэж байна.

Өвчин хэдэн наснаас эхэлдэг вэ?

Атопийн дерматитын бүх тохиолдлын 60 хувь нь 1 хүртэл насанд, 85 хувь нь 5 хүртэл насанд эхэлдэг. 50 хувь нь 12 наснаас өмнө эдгэрдэг буюу намжмал байдалд шилждэг. Хүүхэд өсөж томрох үед  уг эмгэг харшлын ринит буюу гуурсан хоолойн багтраатай хавсардаг. 

Өвчтөнд ямар зовиур илэрдэг вэ?

Ихэнх өвчтөнд арьс хуурайших шинж илэрдэг. Арьсны загатнаа нь маш хүчтэй байдаг. Загатнааны улмаас гүвдрүү, цэврүүнцэр, зулгархай, ширшил, экземийн тууралтууд гарна. Атопийн дерматиттай хүний арьс маш бага зүйлд амархан цочирч загатнана. Орчны хуурайшил, хэт хөлрөлт, бага концентраци бүхий цочроогчид/ноос, саван, угаалгын нунтаг/, зэрэг нь загатнааг сэдрээж улмаар маажихад хүргэдэг.

Тууралтуудын тархалт, хурцдал нь өвчтөний нас, өвчний идэвхижлээс хамаарч өөр өөр байна.

Өвчний дахилтаас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Харшил төрүүлэгч хоол хүн хэрэглэхгүй байх. Үүнд: цитрусын төрлийн исгэлэн жимс, самар, загас, загасан бүтээгдэхүүн, шувууны мах, чихэр шоколад, бохь, кофе, утсан бүтээгдэхүүн,  өндөг, өндөг агуулсан бүтээгдэхүүн,  сүү, гүзээлзгэнэ, майонез, дарсан болон даршилсан бүтээгдэхүүн, халуун ногоотой хоол, архи, дарс, пиво гэх мэт.
  2. Чийгшүүлэгч тосыг усанд орсны дараа арьс чийгтэй байхад нь биеийн бүх хэсгээр түрхэх. Бусад үед өдөрт 1-2 удаа түрхэж болно.
  3. Арьсны эмчид үзүүлж эмчийн заавраар загатнааны эсрэг эм ууж, тууралтандаа тосон түрхлэг түрхэнэ.

Бяцхан үр нь харшилтай, арьсаар тууралт гардаг бол эцэг, эхчүүд ахуйн талаас юуг анхаарах вэ?

  • Тасалгааны болон орчны температур +23С, агаарын чийгшилт 60 хувиас багагүй байх. Хэт халуун, чийгтэй орчинд байхгүй байх.
  • Тоос шороо үүсгэдэг зүйлийг өрөөндөө байлгахгүй байх Үүнд: хивс, номын шкаф, телевизор, компьютер орно. 
  • Хивсээ тоос сорогчоор цэвэрлэх /тоосонцрын хачиг/
  • Өдөн дэр, орны болон буйдангийн үстэй бүтээлэг хэрэглэхгүй байх
  • Долоо хоногт 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх
  • Гэрт тамхины утаа, арц, хүж, агааржуулагчны үнэр байхгүй байх
  • Сав суулганы болон угаалгын нунтагийг болгоомжтой хэрэглэх
  • Гэрийн тэжээвэр амьтан байлгахгүй байх /амьтны үс ноос/
  • Ургамал, цэцэг болон тоос хүртээдэг цэцгийг гэртээ байлгахгүй байх
  • Ургамлын гаралтай болон чихэрлэг амттай сиропон эм хэрэглэхгүй байх
  • Өрөөндөө угаасан хувцас хатаахгүй байх
  • Душ, саун, подволь зэрэг нойтон газар удаан байхгүй байх
  • Лак, цавуу, будаг зэрэг хурц үнэртэй орчинд байхгүй байх
  • Үслэг, ширүүн, ноосон болон синтетик материалаар хийсэн хувцас өмсөхгүй хөвөн даавуун материалаар хийсэн хувцас өмсөж байх
  • Биеийн хүч шаардсан, хөлс гарахаар дасгал хөдөлгөөн хийхээс татгалзах
  •  Сэтгэл санааны хямралаас ангид байх /стрессгүй байх/
  • Арьсаа маажих, зулгалахаас болгоомжил
  • Арьсаа угаах буюу усанд орохдоо сул шүлтлэг эсвэл амьтны гаралтай үнэр будаг ороогүй савангаар угаах ба савангаа усаар сайтар зайлж арилгах.
  • Тууралт гарсан үед аль болох савангаар угаахгүй байх. Үүний оронд содтой усанд орох хэрэгтэй.
  • Усанд удаан хугацаагаар орохгүй  байх /5 минутаас дээшгүй/
  • Усанд ороод гарангуутаа чийгшүүлэгч тос шууд түрхэх

Эрүүл, саруул амьдарцгаая.

Бэлтгэсэн: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ж. Аззаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: