Талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэг: Алуурчдын бүлэг миний нөхрийг халах эсвэл алах зорилготой байсан гэж боддог

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 07 сар 03 ・ 3

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний “Ил захидал”-д өгсөн хариундаа “Намайг гүтгэсэн явдалдаа уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө” гэсэн юм. Тэгээд намайг бичсэн зүйлдээ холбогдуулан нотлох баримт гаргахыг шаардсан. Би, үнэн юм бичсэнийхээ төлөө уучлалт гуйхгүй. Та өөрийнхөө барьцаанд байгаа шүүхдээ өг гэж өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд байгаа. Би, Х.Баттулга Ерөнхийлөгчийн шаардсан дагуу 10 нотлох баримт бэлэн болгож байна.

Түүнийхээ эхний хэсэг болгож нэгэн ярилцлагыг нийтэлж байна. Энэ ярилцлагыг ЗТХЯ-нд болсон аймшигт аллагын дараахан талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэг “Жамьян гуай танд л ярилцлага өгнө” гэж зүтгэсээр манайд ирж ярилцсан юм. Тэгснээ гэнэт хойшлуулъя, жаахан засъя гэсээр бараг жил тойрлоо.

Хэвлэлд өгөхөөр хойноос нь яриад болиулчихдаг юм. Цаана нь ямар учир шалтгаан байгааг олон түмэн тунгаана биз. Одоо Х.Баттулга гэж хүний онц ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа яаж Ерөнхийлөгч болсон, амласан амлалт, түүний биелэлт, хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэргүүд нь хэрхэн яаж хэрэгсэхгүй болсон, Монголын мафийн гол төлөөлөгчид УДШ-ийн дарга Ц.Зориг нарын барьцаанд хэрхэн орсон тухай, УДШ-ийн шинэ дарга Х.Батсүрэнг ямар ямар хууль зөрчин томилсон тухай... гэхчлэн нотлох баримтуудыг цувралаар хүргэх болно. Би зөвхөн гарцаагүй нотлох баримт л бичнэ. Та бүхэн хэрхэн хүлээж авах нь сэтгэл оюуны тань хэрэг.

Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон аллагын үеэр эр нөхрөө харамсалтайгаар алдаж, дөрвөн өнчин хүүхэдтэй хоцорсон У. Өнөрцэцэгтэй ярилцлаа. У.Өнөрцэцэг нь хуульч мэргэжилтэй, олон жил нотариатчаар ажилласан юм.

-Хоёулаа яриагаа нэлээн дээрээс, та хоёрын нутаг усны амьдралаас эхлэх үү?

-Бололгүй яах вэ. Би Архангайнх, нөхөр маань Сэлэнгийн уугуул. ЕБС төгсөөд амьдралын замаа сонгохдоо “Сүлд” дээд сургуулийн танхимд танилцаж, хорин жил ижил хун шиг л явлаа даа.

Миний хань сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II сургуульд багшлан ажил амьдралын гараагаа эхэлж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Соёмбо даатгал”, “Монгол Хьюндай моторс”, “Экструд хаус” гэсэн газар хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Түүний дараа Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч “FEMIDA” хууль зүйн фирмийн өмгөөлөгч, өмгөөллийн “Эм Эл Эс Партнерс” нөхөрлөлийн захирал болсон. Харин 2016 оноос Зам, тээвэр хөгжлийн яаманд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Хань минь, иргэний хууль ёсны эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд нь туслалцаа үзүүлэн ажиллаж байсан. Монголын Өмгөөлөгчдийн болон хуульчдын холбооны гишүүн, мэргэжлийн хуульч хүн байлаа.

-Та хоёр чинь ажлын зэрэгцээ, намын олон сонгуульд зүтгэж байсан гэлүү?

-Бидний аав ээж, эмээ өвөө нар бүгд МАН-ын гишүүн, энэ намын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчид байсан. Бид дээд сургууль төгссөн даруйдаа Сэлэнгэ аймагт МАН-д элсэж, олон түмэнтэйгээ хамтран ажиллаж ирсэн.

Нөхөр маань УИХ-ын дөрөв, Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуулиар намын анхан шатны байгууллага дээр ажиллаж ялалт авчирч байсныг хүмүүс мэднэ. Бид хоёр НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байлаа. Нам төрийнхөө үйлсэд нэр бүтэн, сэтгэл өндөр ажиллаж байсан нөхрийг минь цагдаагийн байгууллагаас эхлээд, хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зориуд “харлуулан” харагдуулж байгаад манай гэр бүлийнхэн гомдол явж ирсэн.

-Аллага болсны дараахан ЦЕГ-аас “Архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ” гэж мэдэгдсэн. Хүмүүс бол Гомбосүрэн гэдэг чинь харилцан зодолдоод үхэж гэсэн бодолтой байгаа байх?

-Зориуд ийм мэдээлэл тараасан. Үүнийг их дээрээс тараасан байх гэж бодож байгаа. Талийгаач маань архи амсдаггүй, аливаа хэл амнаас хол явдаг хүн шүү дээ. Хэрэв түүний биеэс спиртийн зүйл илэрсэн байвал зориуд тулгасан, магадгүй тэр бүлэг хүмүүс цутгаж өгөөд нуучихыг ч байг гэх газаргүй шүү дээ. Миний нөхрийг хэн бэ гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ манайд эмгэнэл илэрхийлж очоод хэлсэн үгнээс бүрэн ойлгож болно.

“Талийгаач бол шударга төрийн албан хаагч, хамгийн их хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан, хяналт шалгалтаар олон зөрчил дутагдал илрүүлсэн, миний баруун гар болон ажиллаж чадсан, цайлган, зүтгэлтэй төрийн албан хаагч байсан. Тийм ч учраас би хоёр тушаал гаргаад ирлээ” гээд нэгдүгээрт талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа.

Хоёрдугаарт, оршуулгын ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ” гэсэн. Сайдын энэ хэлсэн үг, миний гар утсанд үүрд үлдэж, хоёр нас хүрээгүй хүүгийнх нь хорин нас хүртэлх үнэн мөнийн баримт болж үлдэнэ гэж бодож байгаа.

-Та алуурчдын бүлэг гэлээ. Юунаас үндэслэж байгаа нь энэ вэ?

-Миний нөхрийг дарамтлах, замаасаа зайлуулах бүлэг хүмүүсийн ажиллагаа их дээрээс эхэлсэн юм билээ. Талийгаач маань зүгээр нэг золгүй явдлаас болж амиа алдаагүй.
Энэ бол албан тушаалын төлөөх, хүн амины ноцтой хэрэг байсан. 2017 оны намар Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ гэж хүн ирсэн. Сайд ажлаа авсны дараахан тэр Б.Махбал гэж хүнийг авчирч Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хуучин дарга Гантөмөрийг нь халсан.

Эндээс л бүх зүйл үүдэлтэй гэж боддог. Түрүүнд нь олон удаа ноцтой хэрэг хийж, хамт ажиллаж байсан хүнээ хэвтрийн болтол нь зодож байсан хүнийг сайд Ж.Баг-Эрдэнэ яагаад “хөтлөөд” хүрээд ирэв. Энэ албыг хашчихаар өндөр мэдлэг мэргэжилтэй, шударга дайчин залуучууд энэ системд зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл яах гэж Б.Махбалыг сонгов гэдэг сонин байгаа биз.

Тэр харгис хэрцгий хүнээр миний ханийг дарамтлуулж халах, тун болохгүй бол алуулах бодолтой байсан юм биш үү. Эндээс л тус яаманд Говь-Алтайн голдуу бүлэглэл үүсэж, миний нөхрийг дарамталдаг, илт дээрэлхэж зовоодог байсан юм билээ. Намайг зовно гээд дарамтыг тэр бүр хэлдэггүй байсан ч би ханийн сэтгэлээр мэдэрдэг байсан.

-Б.Махбалыг зарим хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр магтсан байна. Та энэ хүнийг хэр зэрэг мэдэх вэ?

-Ханийгаа таалал төгссөнөөс хойш, хуульч хүний хувьд энэ аймшигт бүлэглэлийн талаар хүн тус бүр дээр судалж байна. Ярьж хэлж байсан бүх зүйлийг нь баталгаажуулан авч байна. Б.Махбал нь 1970 онд Говь-Алтай аймагт төрсөн. Гурван эхнэр, гурван хүүхэдтэй хүн. Одоо амьдарч байгаа залуу эхнэр нь Жаргал гэдэг юм билээ. Цагдаагаас ажлын гараагаа эхэлсэн энэ хүн 1998-2000 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн болж төрийн алба руу орж ирсэн.

2008-2013 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд газар хэлтсийн дарга, 2016-2017 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2017 оны арванхоёрдугаар сараас Зам, тээврийн хөгжлийн яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа энэ аллагыг үйлдсэн байгаа юм.

-Энэ хүнийг чинь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж бичээд, шуугиад байх юм. Хэр зэрэг ор үндэстэй юм бол?

-Гарцаагүй үнэн. 1993-1996 онд ЦЕГ-ын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 17 чингэлэг спиртийг ус болгоход гар бие оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлийг олсон байдаг. Х.Баттулга нэг удаа архи ууж байхдаа “Хүний дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн байдаг. 

Махбал өөрөө ч “Би бол нэгийн нэг шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрэлхдэг байсныг хүмүүс мэддэг. Ингээд л Б.Махбал түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа хэрэгсэхгүй болгон омогшсоор алуурчин болсон хүн юм билээ.

-Энэ хүн хэр зэрэг хөрөнгөтэй юм бол?

-Цулайчихсан. Ашигт малтмалын лиценз, компаниудыг нь та бид хоёр тоолохын аргагүй. Өмнөх эхнэр, тэдний хүүхдүүдэд, дүү нартаа өчнөөн компани, үл хөдлөх хөрөнгө таслаад өгчихсөн. Тэргүүн баячуудын нэг л дээ. ХОМ-доо 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө мэдүүлсэн боловч ихэнхийг нь нуусан байдаг.

-Б.Махбал чинь мундаг уяач гэл үү?

-Хорь гаруй жил морь уяж байгаа гэсэн. Одоо ч хурдан морь, морин уралдаан гэдэг маань баячуудын тансаглал болж дээ. Б.Махбалын хувьд гавьдаггүй байсан чинь өнөө жил нэг морь нь Эрдэнэтийн бүсийн наадамд айрагдсан юм билээ. Найр наадам хийх гэж байсан чинь энэ аллагаас болж хойшлогдсон гэсэн. Уяачид цуглахдаа ярьж байсан нэг зүйлийг сонирхуулъя.

“За Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-ээр зүйлчилнэ. 8-15 жилийн ял авахаар юм байна. Хэл ам ихтэй хэрэг учраас 12 жилийн ял өгнө. Махбалыг Мааньт, эсвэл Дарьтын хорих ангид ял эдлүүлж номын санч, ногооны талбайд манаачаар ажиллуулна. Доод тал нь 3.8 жил, дээд тал нь долоон жил ажлын хоног хасаж гаргана. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Нийт 7,000 гаруй хоригдол хоригдож байгаа.

Ерөнхийлөгч энэ хүмүүст уучлал үзүүлнэ. Бид энэ талын бүх ажлыг хийж байгаа” гэж. Дээрх яриа баримтаас харахад миний нэг ойтой үлдсэн хүү таван нас ч хүрээгүй, орой болгон аавыгаа асууж байхад, уйлах хүүхдүүдийн маань нулимс хатаж амжаагүй байхад энэ хүн суллагдах нь л дээ. Б.Махбалтай холбоотой эрх ашиг нэгдмэл хүмүүсийн булхай луйврыг үнэн мөнөөр олон түмэнд ойлгуулж өгөх нь чухал юм.

Миний олж мэдсэн мэдээллийн мөрөөр шалгах, энэ хүмүүсийн гинжин холбоо, цаад эрх ашгийг илрүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

-Та түрүүн эртнээс бэлтгэгдсэн аллага гэсэн. Тухайлбал хэдийнээс ямар байдлаар эхэлсэн юм бол?

-Бүр оны эхнээс Зам, тээврийн хэлтсийн дарга С.Дорждагва, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал гурав далдуур хуйвалдан нөхрийг минь халж, оронд нь Б.Махбал нутгийнхаа найз С.Дорждагвыг газрын дарга болгохоор төрийн албаны зөвлөлийн зарим хүмүүстэй хуйвалдан бичиг тоот солилцож байсан баримтыг нь олж авсан.

Б.Махбал нь С.Дорждагвыг газрын дарга болгохын тулд юу ч хийхээс буцаагүй юм билээ. Б.Махбал, миний нөхрийг ажлаа хийж байх үед, өөрөөр хэлбэл 2018 оны хоёрдугаар сарын 8-нд С.Дорждагвын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан байх юм. Хүнийг ажлаа сайн хийж байхад, оронд нь ажиллуулах хүнийг ингэж нууцаар тодорхойлж болдог юм уу. Ингэхдээ урьд батлагдаад мөрдөгдөж байсан дүрэм журмыг хуурамчаар засварласан байгаа.

С.Дорждагва гэдэг хүн чинь Улаанбаатар хотод Удирдлагын академи төгссөн, “төрийн захиргааны удирдлага” мэргэжилтэй гэж явдаг хүн. Тэгтэл дагаж мөрдөж байгаа дүрэм журам дээр “эрх зүйч, эдийн засагч” байх шаардлагатай л гэсэн байгаа. Ингээд хууль дүрэмд таарахгүй болохоор Б.Махбал дүрэм заавраа дур мэдэн өөрчилж, “төрийн удирдлага, эрх зүйч, эдийн засагч” болгосон байгаа юм.

-Та, хуульч хүний хувьд холбогдох бүх хүний судалгаа гаргасан гэсэн. СДорждагва гэж хүний тухай жаахан тодруулахгүй юу?

-С.Дорждагва гэж хүн Говь-Алтай аймгийн уугуул. Б.Махбалын нэг нутаг, дотны найз нь. Удирдлагын академи л төгссөн хүн. Одоо ЗТХЯ-нд Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт Зам тээврийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Талийгаачийн удирдлагад ажилладаг хэр нь ажлыг нь авах гэж улайран зүтгэсэн хүн. Б.Махбал С.Дорждагвыг хэчнээн дэмжээд ч ашиг сонирхлын зөрчил нь илэрч, уг ажилд тавигдаагүй одоо хүрч байгаа.

-Ашиг сонирхлын ямар зөрчил илэрсэн юм бол?

-2016 онд Зам, тээврийн хэлтсийн мэргэжилтэн байхдаа эхнэрийнхээ төрийн бус байгууллагаар яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээ судалгаа хийлгүүлэхээр тендер зарласан нэрийн доор эхнэр Ш.Мөнгөнчимэгтэй гэрээ байгуулж тендерийн мөнгө завшсан.

С.Дорждагва 2016, 2017 онуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн “орлого” хэсэгт Зам тээврийн хөгжлийн яамнаас 2016 онд олгосон цалинг 2313287 төгрөгөөр, 2017 олгосон цалинг 4,088,841 төгрөгөөр, 2017 онд Өвөрхангай АЗЗА, Архангай АЗЗА, Хархорин АЗЗА, ТӨХК-аас олгосон урамшууллыг 632,280 төгрөгөөр, мөн гэр бүлийн гишүүн болох эхнэр Ш.Мөнгөнчимэгийн удирдлагын академиас 2016 онд олгосон цалинг 7,055,871 төгрөгөөр, 2017 онд олгосон цалинг 4,447,589 төгрөгөөр дутуу мэдүүлсэн байдаг.

Энэ нь Авлигын эсрэг болон бусад хуулиудын заалтыг зөрчиж, ер нь хэр зэрэг шударга бус хүн гэдгийг харуулдаг л даа.

-С.Дорждагва нь зан төлөвийн хувьд ямар хүн бэ. Талийгаачтай ямар харьцаатай байсныг та мэдэх үү?

-Миний нөхөр ярьдаг байсан л даа, их л овилгогүй хүн гэж. Б.Махбалын хүчинд итгэчихсэн. Түүний нөлөөгөөр юу ч хийж болно, ямар ч албан тушаалд очиж болно гэсэн бодолтой хүн гэдэг юм. Миний нөхрийг гол дарамталдаг нь энэ хүн байсан.

Талийгаач маань өрөөнийхөө тавилгын байршлыг нэг удаа өөрчилж байхыг С.Дорждагва харчихаад өрөөнийхөндөө очиж “Ажлаа өгөхийн хооронд сандал ширээгээ өөрчлөөд байдаг тэнэг гар вэ” гэж ярьсан байдаг. Миний нөхрийг гутаан доромжилсон их зүйл бий. Тэр бүхнийг би хууль хяналтын байгууллагуудад баримтаар дэлгэж тавина.

-Чуулган дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат С.Дорждагвын талаар яриад, энэ нөхрийг ажлаас хал гэнэ билээ. Арынх нь “их хүч” энэ хүнийг халж чадах болов уу. Та юу гэж үзэж байна?

-УИХ-ын гишүүний ярьсан хэлсэн зүйлийг сонссон. Шударга үнэн ялдаг л юм бол энэ хүн, энэ суудалд сууж байх ёс суртахууны үндэс байхгүй. Ер нь энэ аймшигт аллагын уг үндэс шалтгаан нь С.Дорждагва гэж хүнийг нууц хуйвалдаанаар тушаал дэвшүүлэх гэсэн оролдлого гэж би хардаг юм шүү дээ.

-Та энэ хэрэгт хамсан оролцогчдыг нэлээд судалсан байна. Ажил тарж, хүмүүс гэр гэртээ очсон хойгуур Б.Махбал дарга Цэцэгмаа гэж эмэгтэйг дуудаж авчирсан байгаа. Тэр дунд байсан ганц эмэгтэй яагаад энэ аллагыг зогсоогоогүй юм бол. Ер нь Б.Махбалтай ямар холбоотой хүн бэ?

-Энэ хүн чинь тус яамны Хүний нөөцийн албаны хүн. Яагаад Махбал дуудах болсон, ямар холбоотой, аллага болж байхад яагаад зогсоохгүй байсан талаар судалж дуусаагүй байна.

-Нэг зүйлийг сонирхъё. Сайд асан Ж.Бат-Эрдэнэ танайд очиж эмгэнэл илэрхийлэхдээ “Хяналт шалгалтаар олон зөрчил дутагдлыг илрүүлсэн” гэж онцолсон байна билээ. Энэ талаар жаахан тодруулах уу?

-Талийгаач нөхрийн маань гол зан чанар нь үнэхээр шударга хүн байсан. Тийм болохоор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат миний нөхрийг энэ хариуцлагатай албанд томилсон болов уу гэж боддог. ЗТХЯ гэж их айлд олон жил бугшсан “идээ бээрийг” шахахын тулд миний хань нойр хоолоо хасч амралт чөлөөгүй ажилласныг олон түмэн мэднэ. Намайг дөрөв дэх хүүгээ төрүүлэхэд хань минь томилолтоор явж байсан.

Олон ч зөрчил дутагдал илрүүлсэн, холбогдох газруудад нь хэлж ярьж захаас нь арга хэмжээ авахуулсан. Тэр бүхнийг надад ярьдаггүй л дээ. Нөгөө их дуулиан тарьсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын байдлыг газар дээр нь үзэж ирээд “Хэдэн овоолсон шороо л байна. Тэр их мөнгийг яаж ингэж угааж чадна вэ” гээд гасалж байсныг санаж байна.

-Энэ чинь, Ерөнхийлөгч Х.Баттулгын сайд байхдаа холбогдоод шалгагдаж байсан төмөр зам уу?

-Тэгэлгүй яах вэ, хэчнээн ч билээ дээ. Олон зуун тэрбумын хэрэг сөхөгдөж ирснээ нам дарагдаа биз дээ.

-Тиймээ, санаж байна. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр мөн ч их маргасан даа. Тэр хэрэг явдлыг чинь саяхан хууль хяналтын байгууллагууд хэрэгсэхгүй болгоод зарим гол эздийг нь Ерөнхийлөгч маань дэргэдээ өндөр албан тушаалд томилж, гадаадад зугтаж гарсан хүмүүсийг эрэн сурвалжилж байсныг зогсоосон байна билээ. Энэ хэргийг талийгаач шалгаж байжээ дээ?

-Газар дээр нь шалгаж, баримтжуулсан хүн нь манай талийгаач л даа. Тайлан, илтгэх хуудсаа яамны удирдлагад өгсөн л байж таарна. Одоо ямар хүний гар дээр байдаг юм, мэдэхгүй юм даа.

- Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг явдлыг хэлэлцээд сайд Ж.Бат-Эрдэнийг нь чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Хүмүүс үүнийг олон янзаар хүлээж авч байх шиг байна. Нэг хэсэг нь Ж.Бат-Эрдэнэ сайд сайн ажиллаж байсан юм сан. Арай л хатуу шийтгэчихлээ гэж байна. Бас нэг хэсэг нь, Ж.Бат-Эрдэнийг сайдаас чөлөөлж УИХ-ын гишүүнээс нь гаргаж хариуцлага тооцох хэрэгтэй байсан гэнэ. Яагаад гэвэл, энэ аймшигт аллагын үндсийг тавьсан хүн чинь Ж.Бат-Эрдэнэ. Сайд болонгуутаа, урьд нь хүнийг хэвтэрт ортол нь зодож байсан харгис хэрцгий хүнийг яах гэж яаран сандран дэргэдээ авчирч, өндөр албан тушаалд тавьсан юм. Хэн нэгний нөлөөгөөр юм уу, өөрөө дур мэдэн авчирсны цаана ямар нэг зорилго байсан. Тэр зорилгодоо хүрсэн. Яаманд болж байгаа газар хэлтсийн дарга нарын томилгоо, болж байгаа процессыг сайд нь мэдэхгүй байхын учиргүй. Энэ хэрэг явдлын ард Ж.Бат-Эрдэнэ байна гэх юм. Та ямар бодолтой явдаг вэ?

-Би сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй уулзсан. Намайг хүлээж аваад харамсаж байгаагаа хэлнэ билээ. Томилгооны асуудлыг эд нар надаас нууж хэлэлцсэн байна билээ. Гол нь, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ энэ учир битүүлэг томилгооны асуудлыг зохион байгуулсан гэж хэлсэн.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Мэдээж амьдрал хүнд байгаа. Уг хэрэг явдлаас хойш байдал ямар байна?

-Дөч хүрээгүй насандаа, дөрвөн нялх хүүхэдтэй үлдчихсэн эх хүн ямар байхыг та ойлгож байгаа. Манайх гэдэг айлын амьдрал орвонгоороо эргэлээ дээ. 1-16 насны дөрвөн хүүхдийн ая эвийг олно гэдэг чинь, хааяа харанхуй орчлонд тэмтэрч яваа юм шиг л санагдах юм даа. Хорин жил амьдрахдаа бид хоёр хоорондоо ганц муу үг чулуудаж үзээгүй юм сан. Сайн ханиуд байлгүй яах вэ.

Миний хань даанч ховор хань байсан даа. Өнөө жил би эхийн алдрын II зэргийн одон авлаа. Багын дээдэх хүү дөрвөн ой хүрлээ. Талийгаач маань, ойрын хэдэн жил амарсангүй. Өнөө жил зуны дэлгэр цагаар амарч ханийнхаа одонгийн найр, хүүгийнхээ сэвлэг үргээлтийг хамтатган тэмдэглэнэ гэж баяртай байж билээ. Тэгэхэд нь би "Чамдаа зориулж тамирын голын бүсгүй дууг дуулж өгнө" хэмээн инээлдэж байсан сан. (Өнөрцэцэг маань хэсэгхэн хугацаанд уйлж суулаа)

-Хүүхдүүд хэцүү л байгаа даа?

-Хэцүүгээр барах уу. Бага дүү нар нь орой болгон надаас аавыгаа нэхнэ. Тэгэхээр нь би “Аав нь тэнгэрт бурхны оронд байгаа” гэдэг юм. Тэгэхээр дөрвөн настай хүү маань тагтан дээр гарч тэнгэр лүү аавыгаа харж зогсоно. Ааваа! Ааваа! гэж хашхирна, дуудна. Тэр бүхэнд л зүрх зүсэгдэх шиг болно шүү дээ. Хажуугаар нь хадмууд гэж зовсон хүмүүс байна. Энэ хоёрыг л ээлжилж эмнэлэг рүү зөөх юм даа.

Миний ханийн аавыг Төмөрхуяг гэдэг юм. Ганц хүү нь манай талийгаач. Хадам аав маань зүрхний хагалгаанд ороод бие нь муу, долоон кг турсан байна гэсэн. Хадам ээж ухаантай ухаангүй явж байж ойчоод хөл нь хугарсан. Бас л хагалгаанд орж байгаа. Настай хүмүүс, шүтлэгтэй. Хар цагаан хэл амны хариулгын ном л уншуулах юм шив дээ.

-Хуулийн байгууллагууд та нараас хохирогчийн мэдүүлэг авдаг уу?

-Надаас л сая нэг удаа мэдүүлэг авсан. Би бодож санаж яваа бүх зүйлээ ярьсан. Г эмт этгээдүүдийн хэрэг үйлдэж байгаа бичлэгүүд яагаад алга болсон, устгачихсан уу гэдгийг тодруулаач гэсэн. Бас бүлэг этгээдүүдийн согтолтын зэргийг тодорхойлсон шинжилгээний дүгнэлтүүд байгаа эсэх, яагаад өрөөсгөл хандаад байна вэ гэж лавлаад баримт баталгаатай мэдүүлэг өгсөн.

-Энэ хэргийн шалгалтын явц нэлээн ээдрээ түвэгтэй байх шиг санагдах юм.Хоёр cap өнгөрчихлөө. Ийм ил цагаан хэргийг юунаас болоод шийдвэрлэхгүй удаагаад байгаа юм бол. Та юу гэж бодож байна?

-Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл энэ хэрэг бол урьдаас бэлтгэсэн, санаатай, хүн амины бүлэг хэрэг. Би хохирогчийн хувьд одоодоо харзнаж байна. Энэ хугацаанд хэрэгт холбогдолтой бүхий л баримт материалыг цуглуулж, хуульч нөхөдтэйгээ хамтран бодож боловсруулж байна. Цагдаа, шүүх, прокурор ямар шийд гаргахыг хүлээцтэй харна. Миний нөхрийг хэрцгийгээр тамлан хөнөөсөн Б.Махбал гэж хүнд одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулийн дээд хэмжээ өгөх ёстой. Үүнийг ажиглаж байна.

Б.Махбалын хань хамсаатнууд, тухайлбал аллага үйлдэхэд дэргэд нь хараад зогсож байсан хүмүүс, алуурчинд дуудаж аваачиж өгсөн Лхагвасүрэнд ямар ял оноох нь вэ. Ажлаа хийж байгаа хүний ажлыг авах гэж шунан зүтгэж, энэ хэрэг явдлыг сэдсэн С.Дорждагвад ямар ял оноох нь вэ. Энэ бүлэг алуурчдын дунд байсан цорын ганц эмэгтэй Цэцэгмаад ямар ял оноох нь вэ гэдгийг нэг бүрчлэн ажиглаж байна.

Зүйл ангийг өөрчилж энэ бүлэг хүмүүст ял завшуулахад хүрвэл, би эцсээ хүртэл тэмцэнэ. Цаана нь ямар хүмүүс нөлөөлж байгааг ч шударга хуульчдаар шалгуулна гэж бодож байгаа. Энэ хүмүүс чинь миний нөхрийг хөнөөхийн тулд эртнээс бэлтгэсэн, маргааш амралтаа авна гэж байхад нь үгсэн хуйвалдаж цугласан, архидсан дүр эсгэж, зарим нь хөгжөөн дэмжиж байж энэ аллагыг зохион байгуулсан нь нууц биш.

Хоёр цаг гаруй тамлаж байхад тэр хамгаалалтын албаныхан, өнөөх ганц эмэгтэй юу хийж байв. Алуурчдыг хориглож, зогсоож болсонгүй юу. Цагдаа, түргэн тусламж дуудаж болсонгүй юу. Энэ чинь бүгдээрээ үгсэн хуйвалдсан байхгүй юу. Нөхрийг маань өнгөрсөн хойно, цагдаа нь тэр хэдийг аваачиж эрүүлжүүлж байгаа нь энэ гэж нэг өрөөнд саатуулсан нь хэргээ үгсэн хуйвалдах бололцоо олгосон явдал бус уу. Энэ бүхнийг цагдаа хуулийн байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна.

-Энэ хуулийнхан чинь юу ч хийж чадна шүү дээ. С.Зоригийн хэргээр бодоход л захиалагчийг нь нлрүүлэлгүй захиалгаар гэсэн ял тулгаад хэдэн хүнийг яаж тамлаж байна гээ. Эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс хууль хяналтын байгууллагад яаж л бол нөлөөлдөг болж. Та шударгаар шийднэ гэдэгт итгэж байна уу?

-Итгэхээс яах вэ. Төрийн сүлдний өмнө тангараг өргөсөн хүмүүс шалгаж, хянаж байгаа гэж боддог. Хэрэв шударга бус шийдвэр гаргахад хүрвэл тэмцэнэ. Миний хамтран зүтгэгч мянга мянган шударга хуульч өмгөөлөгчид байна. Миний батлахыг нь хадгалж яваа МАН-ын олон мянган залуус, ахмадууд байна. Тэд маань намайг ганцаардуулахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

 Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян

эх сурвалж: Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 07 сар 03/

    Баттулгын бүлэглэл Монголыг дуусгаж байж монгол ялна

    1
    Хариулах
  • Зочин / 2019 07 сар 03/

    Хууль хүн бүрт тэгш үйлчилэх ёстой гэтэл шороо овоолсон гэдэг үнэн бол яагаад хариуцлага нэхэгүй байнаа

    1
    Хариулах
  • бодлын хулгайч / 2019 07 сар 03/

    ЭНЭ ТӨРИЙГ ЭРГҮҮЛЖ БАЙЖ Л ХАМАГ МУУ БҮХЭН ИЛРЭНЭ ДЭЭ. ЭЭ ХӨӨРХИЙ ГЭМГҮЙ ОЛОН ХҮН ХЭЛМЭГДЭЭД ДУУСАХ НЬ ДЭЭ. ГЭХДЭЭ БҮГДИЙГ БУРХАН ХАРЖ БАЙГАА УЧРААС НЭГ Л ӨДӨР ТЭДЭНД ХАРИУГ НЬ ӨГНӨ ДӨӨ. ТЭР ҮЕД ЮУ Л БОЛОХ БОЛ БУРХАН Л МЭДЭХ ХЭРЭГ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    1
    Хариулах