Д.Сүнжид: 1992 оны үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 09 ・ 1

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр хэлэлцүүлэгт дурдагдаагүй төсөл, саналыг оруулсан нь хуульчид болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа. Та 62 гишүүний өргөн барьсан төслийн нутгийн удирдлагын дэд ажлын хэсэгт ажилласан. Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр нутгийн удирдлагын хэсэгт орж буй заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Улаанбаатар улсын нийслэл мөн” гэж заасан байдаг. Энэ заалтыг өөрчлөх санал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр орж ирсэн байна лээ. Дэмжүүштэй санал. Өмнө нь нутгийн удирдлагын хэсэгт ажилласан манай судлаачид Үндсэн хуулиас Улаанбаатар гэх өгүүлбэрийг хасъя гэдэг саналыг оруулж байсан. Улаанбаатар гэдэг үгийг хасчихвал “Төрийн дээд байгууллагууд орших хотыг нийслэл гэнэ ээ” гэх өгүүлбэр л Үндсэн хуулинд үлдэх юм. Тэгэхээр өдгөө яригдаж буй улсын нийслэлийг өөр хот руу шилжүүлэх санаа боломжтой болно. Энэ заалт УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр хөндөгдөөгүй цоо шинэ санал. Гэхдээ шинэ санал учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа хэрхэн авч үзэх вэ гэдэг тодорхойгүй байна.

-Хот гэдэг нэгжийг бие дааж Үндсэн хуульд оруулж ирэх санал Ерөнхийлөгчийн төсөлд мөн орж ирсэн шүү дээ?

-Үүнийг дэмжихгүй байгаа. Энэ санал дээр манай ажлын хэсгүүд бусад улс орнуудын жишгийг судалж, өөрсдийн улсын түүхийг харж дүгнэлт гаргасан. Тодруулбал, хот гэдэг тусдаа нэгж байх албагүй юм байна. Хот, тосгоныг байгуулах боломжийг нээлттэй байлгах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Яагаад гэвэл Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг судалсан баг 2018 онд нэг тайлан гаргахдаа Монгол Улсад хот, тосгон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн асуудал биш юм байна гэсэн үр дүнг гаргасан. Хотуудыг хөгжүүлэх шаардлага манай улсад байгаа шүү дээ. Гэхдээ хөгжихгүй байгаа шалтгаан нь Үндсэн хууль биш юм. Харин Хот, сумын эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт салбар хуулийг хөгжүүлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн 20 жилд энэ салбар хуулиндаа ер нэмэлт, өөрчлөлт хийсэнгүй. Тоосонд дараад мартчихсан байжээ. Одоо Хот, сумын эрх зүйн байдлын тухай хуулиндаа өөрчлөлт хийж, иргэдийнхээ тоо болон чиг үүргийг нь зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэх хоёр албан тушаалыг нэг хүн дээр тохчихоод байгаа. Үүнийг хуулиар нь салгаж, чиг үүргийг нь тус тусад нь зааж өгөх ёстой. Хот төсөвгүй бол чиг үүрэг гэж ярьж болохгүй шүү дээ. Тиймээс хотын төсвийг салбарын хуулиараа зохицуулах хэрэгтэй.

-Энэ асуудал дээр гадны улсуудад ямар сайн жишээ байдаг юм бол. Манай улсад тохирох боломжтой сайн туршлагууд бий юу?

-Манайх суурин соёл иргэншилтэй болоод удаагүй. Тиймээс хотын хөгжил гэдэг бидний хувьд шинэлэг зүйл. Бидэнд бусад улсын жишгийг автоматаар авах боломж байхгүй. Тиймээс өөрсдөдөө тохирсон бодлогоор хөгжих хэрэгтэй юм билээ.

-Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгоё гэх саналыг Ерөнхийлөгч дэмжсэн байна лээ. Энэ заалт судлаач, ард иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?

-Энэ санал дээр судлаач хүний үүднээс санал нэгдэхгүй байгаа. Яагаад гэвэл эндээс гарах бүх үр дагаврыг нь урьдчилан тооцоолох боломжгүй байна. Өмнө нь ийм жишгээр манай улс явж байгаагүй. Хэрвээ шууд 329 сум, есөн дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох юм бол үр дагавар нь яаж гарах вэ гэдэг бүрхэг байна. Бүх сонгуульд мониторинг хийсэн багууд мөнгө асар хүчтэй байна гэдэг. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлж байгаа ийм үед сумын Засаг даргын сонгуульд энэ хүчин зүйл яаж сөргөөр илэрлээ олох вэ гэдэг болгоомжлол байна. Монгол Улсын төрийн байгууламж нэгдмэл байх ёстой. Тийм учраас төрийн гаргаж байгаа шийдвэр бүх суманд хэрэгжиж байх ёстой. Тэгэхээр иргэдээсээ сонгогдчихсон Засаг дарга иргэдийнхээ өмнө амласан зүйлээ хэрэгжүүлэх гэж Засгийн газар, яамны тушаалыг дагахгүй байвал яах вэ. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсэх магадлалтай, бүрэн зураглалаа харж чадахгүй байгаа энэ үед уг заалтыг Үндсэн хуульд оруулахаа больчихсон нь дээр. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна. Тэр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал дээр бид нар нэмж тоосго өрж байна гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлал чинь нутгийн өөрөө удирдлагыг иргэдийн хурал хэрэгжүүлнэ гэж заачихсан байгаа байхгүй юу. Харин Засаг дарга нэгдмэл байгууламжтай улсын хувьд төрийн төв байгууллагаас буюу Засгийн газраас ирж буй шийдвэрийг хэрэгжүүлж байх үүрэгтэй. Тэгэхээр Засаг дарга иргэдээс сонгогдох ямар ч шаардлагагүй.

-Татвар тогтоох өмчийн эрхийг дэмжих санал УИХ-ын 62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр бий. Энд таны байр суурь ямар байна?

-Өөрөө төсвөө бүрдүүлдэг сум бараг байхгүй шахуу байна. Аймгийн төвийн хэдэн сумд, Өмнөговь аймгийн Цогтцэций гээд цөөхөн сум л төсвөө бүрдүүлж байна. Сум хөгжихгүй байгаа нь хуулийн асуудал биш эдийн засгийн асуудал юм билээ. Эдийн засгийн хөшүүрэг гэхээр суманд ажлын байр алга, аж ахуйн нэгжүүд алга, бизнес хөгжихгүй байна. Яагаад гэвэл 300 гаруй сумдын 150 нь 3000 хүрэхгүй хүн амтай. Тэгээд яг хөдөлмөрийн насны иргэн 1000 хүрэхгүй байх жишээний. Тийм газар яаж эдийн засгийг хөгжүүлэх юм бэ. Тэгэхээр сум бүрийн өөр өөрсдийнх нь онцлог хувийн үйлдвэрлэлд нь тохирсон татвар тогтоовол бас нэгэн хөшүүрэг болох боломжтой. Өөрсдөө өмчийн захиран зарцуулах эрхтэй бол эдийн засагт эерэг нөлөөтэй болов уу гэдэг үүднээс дэмжиж болмоор санагдаж байгаа. Гэхдээ заахдаа хашилтад маш сайн тайлбарлахгүй бол татвар гэдэг өөрөө хэзээ ч туйлын утгаараа хэрэглэгддэггүй. Дандаа Их хурлаас заасан хүрээнд хэрэгждэг. Одоо манай улсад орон нутагт хуулиар 13 төрлийн татвар авдаг юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө иргэдийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн байна?

-Зөв зүйтэй санал. Их хурлын оруулж ирсэн төсөл дээр энэ санал байхгүй шүү дээ. Өмнө нь бид хэд энэ заалтын үндэслэн гэдгийг хасаад харгалзан болгоход санал нэгдэж байсан. Яагаад гэвэл энэ заалтын өөрчлөлт хүн ам зүйн тоо, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юм. Сум судалдаг бие даасан судлаачдын судалгаагаар 3000 хүнээс доош хүн амтай сумдыг нэгтгэх боломжтой гэж ярьдаг. Нэн даруй өөр сумтай нэгтгэж болох сумдын тоо гэхэд 87 байна гэсэн судалгаа гарсан.

Энд сумдын онцлогийг нь харгалзан үзэх ёстой. Хил орчмын сумд гэхэд татан буугдаж болдоггүй юм байна. Одоогоор аймгийн төвүүдтэй ойрхон, эсвэл хоорондоо 5-10 км-ийн зайтай 87 сумыг нэгтгэх боломжтой байна. Өдгөө сумын ИТХ-ын саналаар сумдууд хоорондоо нэгдэж, өөрчлөгдөх боломжтой юм. Тэгэхээр сумдууд хоорондоо нэгдэх боломж бараг байхгүй. Яагаад гэвэл иргэд сумаа тараамааргүй байна гэдэг учраас ИТХ нь тийм шийдвэр гаргаж зүрхлэхгүй байна. Гэхдээ нэгтгэхгүй бол сумд хөгжихгүй шүү дээ.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар ярьж байгаа. Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай явдаг. Гэтэл хүн ам, эдийн засгийн хувьд харьцангуй шүү дээ?

-Энэ дээр дэд ажлын хэсэг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн. Одоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх нэг хуулийн дор заачихаад яваад байгаа. Тэр хуульд Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай яваад байгаа. Үүнийгээ болиод аймгийн тухай хууль, дүүргийн тухай хууль, сумын тухай хууль, нийслэлийн тухай хууль гэж тусдаа зохицуулъя гэж ярьж байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд хамгийн их хүн амтай дүүрэг. 300 гаруй мянган хүн амтай. Гэтэл сумд нь 3000 хүн амтай байдаг. 300 мянган хүн амд үйлчлэх, 3000 хүн амд үйлчлэх гэдэг асар ондоо гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс сум, дүүргийн гэдгээ больж, салгая гэж ярьж байгаа. Сум, дүүргийн чиг үүрэг ондоо байдаг. Сум гэхэд мал аж, ахуй, хадлан гээд явчихдаг. Дүүрэг тэрнээс нь өөр чиг үүрэгтэй ажиллана. Өнөөдөр сум, дүүрэг хоёрыг ижил статусаар авч үздэг. Гэтэл хүн ам, нөхцөлийн хувьд аваад үзэхээр тэс өөр шүү дээ. Ингэхээр сум, дүүргийг холбоо үгээр нэрлэж, зэрэгцүүлж ойлгох нь өрөөсгөл болж байгаа юм. Тиймээс тус тусдаа, эрхтэй, үүрэгтэй байх нь тухайн нэгжүүдийн хөгжил, өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой. 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой. Аймаг, нийслэл дээр ч мөн энэ ялгаагүй. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч, эдийн засгийн нөөцөөр нь харсан ч Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой.

Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтоох талаар ярьсан. Одоо бол ихэнхдээ хотын юм уу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт нэрлэж, чиг үүргийн хувьд ч нэг байдаг. Гэтэл захирагч, Засаг дарга нь гүйцэтгэх үүргийн хувьд өөр байх ёстой. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь Монгол Улсад хот жинхэнэ утгаараа хөгжих, удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал болсон. Тиймээс таван тусдаа хууль гаргая гэдэг дээр санал нэгдээд байгаа.

-Гадаадын улс орнуудад улсынхаа нийслэлийг ангид авч үздэг жишиг бий. Үүнийг авч хэрэгжүүлэх боломжтой юу?

-Нийслэл бусад хотоос төрийг удирдах дээд байгууллагууд байрладгаараа л өөр. Төр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг нийслэл хариуцдаг гэсэн үг. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа зохицуулаад явах боломжтой. Ерөнхийлөгчийн саналаар нийслэл заавал Улаанбаатарт байх албагүй. Харин ч өөр газар руу шилжүүлснээр Улаанбаатарын асуудал дундарч, эдийн засгийн төвлөрөл саарах боломж үүсч магадгүй. Энэ бол өнөө маргаашийн асуудал биш.

Эх сурвалж: www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: