Д.Жаргалсайхан: Өнөөдөр хараахан чадаагүй байгаа зүйлийг маргааш заавал чаддаг болдог гэдэгт би итгэдэг

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 13 ・ 5

Бид энэ удаагийнхаа ярилцлагын буланд үеийнхээ залуусын үлгэр дуурайлал болон ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуусын нэгийг сонгон авч ярилцахаар урьсан юм.

UBS телевизийн орчуулагч, нэвтрүүлэгч, Startup Terminal ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлагыг та бүхэнтэй хуваалцая.

Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулаач. Миний хувьд таныг сошиал сувгуудаар дамжуулан залууст, хүмүүст хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл хуваалцдагийг тань сайн мэднэ...

Намайг Дамдиндоржийн Жаргалсайхан гэдэг. Аав ээж 2 маань тус тусдаа төрийн байгууллагад ажилладаг байж байгаад зах зээл, шилжилтийн нийгмийн үед ганзагын наймаа хийдэг болж, одоо бол тэтгэвэртээ суусан хүмүүс байдаг. Гэхдээ одоогоороо бизнес эрхлээд л явж байгаа даа. Би дээрээ нэг эгчтэй, айлын бага хүү. Хүүхэд ахуй цагаасаа оролдож эхэлсэн гэдэг утгаараа Англи хэлэндээ арай дөртэй, тэр ч үүднээс уг суурин дээрээ тулгуурлаад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлж байсан. Энэ хооронд телевиз олон нийтийн салбарт ч ажиллаж байлаа. Одоо нэг групп компанид ажилладаг.

 Та Англи хэлийг хаана сурсан бэ, чадварлаг орчуулагч гэж боддог шүү. Англи хэл сурахад юуг анхаарах ёстой вэ?

Би тийм мундаг айхавтар Англи хэлний чадвартай гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ бичгийн орчуулгын төвшинд нилээд хэдэн салбарын орчуулгыг хийж ирсэн туршлагатай. 6,7 настай байхдаа л цэцэрлэгийн Заяа багш, 18 дугаар сургуулийн Цэцэгмаа, Алтанцэцэг гээд мундаг багш нарын удирдлаган дор Англи хэлээ сурсан.  Бас дээр нь миний ээж мундаг багш байсан гэж болно. Манай гэр Зайсангийн зүүн эцэс талын хуучин шавар байшингуудын нэгт байдаг байлаа. Одоо тэр байшингууд байхгүй, бүгд газарт орсон. Ээж намайг сургуулийн бэлтгэл ангид байхад л давтлаганы дараа ирж аваад хоёулаа Зайсангийн гүүр даваад гангар гунгар ярилцаад харьдаг байсан цаг үе саяхан мэт. Тухайн үед Зайсангийн хаус, хотхонууд баригдаагүй байсан үе. Үзэгдэх орчин тансаг, усны урсгалын чимээ намуухан, гадаа тас харанхуй болчихсон, тэнгэрт одод түгсэн тийм л үдэш олон ч удаа гэр рүүгээ алхаад харьдаг байв. Харих замд ээж надаас англи хэл дээр өнгө, хувцас, тоо асуугаад л би хариулаад үнэхээр дурсамжтай. Ер нь хичээл зүтгэл, хажуунаас чинь шахаж дэмжих найдвартай ар тал байхад хэлийг сайн сурч болдог гэж болно. Миний бодлоор та англи хэлийг Харвардад сурсан уу, Ховдод сурсан уу, аль эсвэл Бритиш сургуульд, магадгүй Багануурт сурсан ч байж болно. Хамгийн чухал нь хувь хүний оролдлого, мэрийлт, хичээл зүтгэл байхад хэлийг сайн эзэмшиж чадна. Мянга өндөр зардалтай сургуульд зиндаархаж сурдаг ч, толгой хоосон, сэтгэл дутмаг, мэрийлт дутуу бол хотын захын сургуулийн хүүхдийн мэдлэг чадварт гүйцэгдэж болзошгүй. Хэлний чадвар гэдэг нь дуудлага цэвэр, Америк хүн шиг ярихад л болчихдог зүйл биш. Англиас Монгол, Монголоос Англи руу утга найруулга, бүтцийн хувьд зөв ярьж, бичдэг хүнийг л хэлний чадвартай хүн гэх болов уу. Гэхдээ одоо хүн өөрөө хичээвэл дуудлагаа сайжруулах боломж бололцоо зөндөө бий. 1 минут зарцуулаад л youtube, google-ээс тухайн үгийг Американ Инглиш болон Бритиш дуудлагаар нь цээжилж, хэвшүүлэх боломжтой. Цаашлаад хэлний чадвараа хөгжүүлж, мэргэжлийн орчуулгууд, гэрээ, бичиг баримт, төслийн орчуулгыг сайн хийдэг болох хэрэгтэй.

 Та аль их сургууль төгссөн бэ? Ямар мэргэжилтэй вэ?

Би 10 дугаар ангиа төгссөн жилийнхээ зун англи хэлэндээ сайн байсныг ч хэлэх үү МУИС, Хүмүүнлэгийн аль нэгт төвөггүй орно л гээд бодчихсон байсан юмдаг. Тэгээд зун сайхан хийцгүйрч байгаад элсэлтийн шалгалтаа МУИС-ийн Гадаад хэл соёл, Хүмүүнлэгийн олон улсын харилцаанд өгсөн чинь тэнцээгүй. Тухайн үед эдгээр сургуулиудад элсэлтийн шалгалт өгөхөд тестийн ном худалдаж аваад, түүнийхээ дагуу бэлдвэл маш үр дүнтэй байдгийг яаж ч мэдэх вэ дээ. Ингээд 2 ч сургуульд урдуураа таслуулчихсан хүн чинь цочролд орж, өөрийн хамгийн сонирхдог байсан МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн шалгалтанд 2 хоног чардайж бэлдсэн. Орноос ч өндийлгүй тестийн ном ширтээд л, заримыг нь ойлгож, заримыг нь ойлгохгүйгээр цээжилж байсан (инээв). Тэгээд тэр зундаа МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн элсэлтийн шалгалтанд олон зуун хүүхдээс дээрээсээ 2 дугаарт бичигдэж тэнцэж байлаа. Тэр миний амьдралын хамгийн дурсамжтай, бас урамшсан, өөрийгөө хурцалж үр шимийг нь хүртсэн үе байсан. Ингээд 5 жилийн хугацаанд МУИС-ийг олон улсын харилцаа, дипломатч мэргэжлээр суралцаж дүүргэсэн. 5 жил гэдгийн хувьд дунд нь Японы олон улсын харилцааны сургуульд сурч байсан 1 жилийг оруулсан хэрэг.   

Гадаадын улс орнуудад ямар сургуульд сурч байв?

Оюутан байхдаа TOEFL-ын шалгалт өгч, улмаар уг онооныхоо хүчинд Японы Токиогийн их сургуульд 1 жилийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Аав ээжийнхээ дэргэдээс холдож үзээгүй эрх танхи миний хувьд ёстой амьдрал үзсэн, бие дааж суралцах 1 жил байсан юм. Японд сурчихаад ирэхдээ 10 орчим кг хассан нь уур амьсгалын өөрчлөлт, хоол ундтай ихээхэн холбоотой байсан. Гэхдээ их юм сурсан, бие дааж амьдарч үзсэн, аав ээжийнхээ дэргэдээс холдож үзсэн, шийдвэр гаргалтыг суралцсан цаг үе гэдгээрээ онцлогтой. Түүнээс хойш гэвэл БНХАУ-ын Шанхай хотын Донхуагийн их сургууль, АНУ-ын Вашингтон Ди хотын хэл иргэншлийн сургуульд тус тус суралцаж байсан. Суралцаж байсан газрууд маань бүгдээрээ л өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, онцлогтой учраас их сайхан дурсамжууд үлдээсэн.   

Таныг хүмүүс телевизийн салбарт олон ажиллаж байгаагаар чинь илүү мэддэг байх. Миний мэдэхийн сөөсгөр үстэй бүр жаахан хүү байхдаа л ил гардаг байсан...

 Би 3 дугаар курсын оюутан байхдаа өөрийгөө хөгжүүлэх, бусдын өмнө чөлөөтэй хэлж ярьж сурах, илтгэх чадвараа сайжруулах, мөн мэдээж реклам клипэнд тоглочих санаатай ( инээв ) хөтлөгчийн курст суралцаж байлаа. U art academy буюу тухайн үеийн Hero энтертейнментийн дэргэдэх хөтлөгчийн курст суралцаж төгссөн. Улмаар UBS телевизэд зуны амралтаараа орчуулагч, хөтлөгчийн ажлын байранд шалгалт өгч тэнцээд орж ажилласнаас хойш 10 орчим жил болж байна. Энэ хугацаанд орчуулагч, мэдээний хөтлөгч, сэтгүүлийн орчуулагч, чөлөөт нэвтрүүлгийн хөтлөгч, шууд мэдээний нэвтрүүлэгч гээд олон чиглэлээр ажиллаж үзсэн. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтан гэвэл яах аргагүй UBS телевиз шүү. Энэ телевиз, түүний сайхан хамт олны буянд миний бие бага залуудаа дэлхийн олон улс орнуудаар ажлын айлчлал, томилолт, аялал хийж үзсэн. Тэр дундаа тив дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээн, дэлхийн мисс шалгаруулалт, олон улсын хурал чуулганы дамжуулалтанд ажиллаж байснаас гадна, төр засгийн төлөөлөгчдийн айлчлалын бүрэлдэхүүнд хэвлэлийн багт орж үзсэн шүү. Анх бүрэг ичимхий талдаа байсан миний хувьд илүү олон ажил даалгах, үүрэг хариуцлага нэмэгдэх, танилын цар хүрээ өргөжин тэлэхтэй зэрэгцэн хувь хүний төлөвшил, зан чанарын нээлттэй байдал ч огцом сайжирсан гэж болно. Одоо бол харилцааны чиглэлээр түлхүү ажилладаг.

Хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа телевизийн салбарт ажиллах сонирхолтой залууст та юу гэж зөвлөх вэ?

Ачаалал дааж сурах хэрэгтэй. Эхэн үедээ жаахан хэцүү санагдах нь лавтай. Олон дараалсан эфирүүд, хагас бүтэн сайнд ч ажилладаг, энд тэнд нэвтрүүлэг, шууд дамжуулалт тэр болгонд дайчлагдаад байгаа мэдрэмж төрнө. Ээлжийн амралт авч чадалгүй хэдэн жил болсноо ч мартах вий. Гэхдээ тэрхүү ачаалал, тэрхүү олон дараалсан эфирийг та өөрт олдсон боломж гэж эергээр харах нь хамгийн чухал байдаг. Тэгэж чадвал хийж буй ажил чинь, гаргаж буй шамдлага, хичээл зүтгэл таныг амжилтанд хөтөлнө. Телевиз олон нийтийн салбартаа танигдсан шилдэг хөтлөгч, нэвтрүүлэгчид өнөөдөр үндсэн цалингаас гадна, аливаа арга хэмжээний хөтлөлтөөс хангалттай орлого олдог. Мэдээж өрсөлдөөн их гэдэг ойлгомжтой. Гэхдээ та өөрийгөө чадваржуулж, хэлний мэдлэгээ сайжруулж, хөтлөх уран чадвараа дээшлүүлэх дасгал, сургуулилалт хийж, суралцаж байх нь чухал. Аль болох олон чадвартай, уян хатан байвал тэр хэрээр танд ажлын саналууд олноороо ирж байх болно. Хэрэв өөрийгөө сайтар бэлдэж, бусдаас ялгаруулж чадвал хурим найр, шинэ жил тэргүүтэй баярын арга хэмжээ, брэндийн нээлт, хурал чуулган, албан байгууллагын ойн хөтлөлт, сурталчилгааны нэвтрүүлгийн дуу оруулалт, рекламны текст унших гээд ажлын саналуудад дарагдах нь тодорхой. Зөвхөн ажлын бус орлогоос гадна та өөрийн илтгэх, олон нийттэй харилцах, бусадтай нээлттэй ойлголцох чадвар дээрээ суурилан бизнесийн бусад салбарт нэвтрэх, өөрийгөө хөгжүүлэх боломжууд бий. Гол нь та өөртөө итгэж, өөрийгөө бүрэн дайчилж, мэдлэг ур чадвараа тогтмол сайжруулж байх нь чухал. Өнөөдөр салбарын талаар сайн ойлголтгүй хүмүүс энэ муу даржин хөтлөгч юугаа мэддэг юм, зурагтаар хэдэн үг хэлчихийг хэн ч чадна, ээрч түгдэрсэн юмнууд хэмээн гоочилдог. Начир дээрээ тулахаар өөрсдөө хоёр үг эцээхэн шиг холбоод хэлж чаддаггүй, олон хүний өмнө гарахаараа сандраад таг болдог, найр хурим дээр үг хэлэхдээ мунгинадаг, аль болох арын эгнээ рүү зугтаадаг нөхөд нь олон. Тиймэрхүү хүмүүсийн хэл амны зугаа болохгүйн тулд та аль болох чадвартай, чансаатай, бэлтгэлтэй, сэтгэлтэй, итгэлтэй байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах сонирхолтой залуус аль болох сэтгэлтэй, өөдрөг, эрч хүчтэй, чадварлаг байх аваас салбарын нэр хүнд ч өөрөө сайжрана гэж боддог доо.

Та ер нь гадаадын хичнээр улс орноор очиж үзсэн бэ? Ажил мэргэжлийн холбогдолтойгоор нилээд аялж байсан болов уу гэж бодоод асууж байгаа юм...

Би анх 2005 онд Япон улсыг зорьж байснаас хойш дэлхийн 20 гаруй улс оронд очиж үзсэн. Хамгийн онцлог улсууд гэвэл Итали, Өмнөд Африк, Маврикийн арал, Канад, Япон, Шри-Ланк зэргийг нэрлэмээр байна. Дэд бүтэц, ард иргэд нь маш загварлаг, цаанаа л нэг чамин гэдэг утгаараа Өмнөд Солонгос бас их таалагдсан. Байгаль цаг уурын хувьд Швейцарь улс өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь нэрлээд байвал бүх л улс орнууд өөрийн гэсэн онцлог сонинтой, хүний сэтгэлийг татах сайхан зүйлүүдтэй санагдсан шүү. Сүүлийн жилүүдэд Монгол орныхоо сайхан байгалиар аялах маш дуртай болсон. 2015 оноос хойш жил бүр өвөөгийнхөө төрсөн нутаг болох Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, Улаан Цутгалангаар очдог сайхан уламжлалыг өөртөө нэвтрүүлсэн. Яахав энэ жил ажил их учраас зун хөдөө гадаа явж амжсангүй. Ер нь жилдээ л нэг өөр аймагт очиж үзээд эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаад байвал хичнээн сайхан бэ гэж боддог.

 Ажил их гэснээс та одоо ямар байгууллагад ажиллаж байна вэ? Бизнесийн салбарт ажиллаад нилээд хэдэн жил болсон гэж сонслоо...

Би 2015 оноос хойш IUE групп буюу Их Үйлсийн Эрэлд Групп компанид ажиллаж байна. Одоогоор гадаад харилцаа, маркетингийн албаны даргаар ажилладаг. Ажиллах хугацаандаа Их Монгол Цогцолборын хөгжүүлэлт, Их Монгол хурлын танхимын хоногшуулалт, оффис түрээс, оффис менежментийн чиглэлд голчлон анхаарсан. Одоо Монгол улсад харьцангуй шинэ тулгар гэж болох Дундын оффисын төсөл дээр ажиллаж байна. Бүр тодруулбал 2019 оны 5 сарын 1-нээс хойш Стартап Терминал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миний хувьд олон улсын харилцаа, сэтгүүлзүй, маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад цаашдаа бизнесийн салбарт хөрвөж ажиллахын тулд санхүүгийн мэдлэг боловсрол зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Улмаар Санхүү эдийн засгийн их сургуулийг MBA буюу бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэйгээр дүүргэсэн.

Та бизнесийн салбарт ажиллах хугацаандаа юуг ойлгож авсан бэ? Мэдээж олон нийтийн салбарт ажиллахаас өөр байх нь ойлгомжтой...

Жаргалсайхан: Эхэн үедээ жаахан хүнд байсан нь үнэн шүү. Яагаад вэ гэвэл телевиз олон нийтийн салбарт ажиллахаар аль болох ойлгомжтой, хүн бүрт хүргэж ярих, тухайн контентыг аваачиж наахын тулд бүх чадвараа дайчилдаг байсан. Яг тэр маннераар бизнесийн талбарт, уулзалт яриа хэлэлцээрт биеэ авч явчих гээд хэцүү байсан. Гэтэл цаг хором мөч бүртэй уралдаж байдаг, ширүүн өрсөлдөөнтэй бизнесийн салбарт аль болох оновчтой, хурдан, товч, “том зургаар нь харж”, ярьж, сэтгэж сурах ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон. Гоё сонсогдох гээд л уран яруу, дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаад суух бус, хэдий хэрийн хөрөнгө оруулалт хэрэгтэй, зардлыг хэдэд тогтоон барих, ROI буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг ямар байлгах, цаашдаа төслөөс юуг харж байгааг аль болох тодорхой, товч, төлөвлөгөөтэй гаргаж, тайлбарлаж, ажиллаж сурах хэрэгтэйг мэдэж авсан. Түлхүү маркетинг, PR буюу олон нийттэй харилцах талыг давхар хариуцдаг учраас олон нийтийн салбарт ажиллаж байсан туршлага маань эергээр нөлөөлдөг шүү. Хүн тэгээд бүх л амьдралынхаа туршид суралцаж л байдаг, өчигдөр мэддэггүй байсан үгийг өнөөдөр мэддэг болдог, өнөөдөр хараахан чадаагүй байгаа зүйлийг маргааш заавал чаддаг болдог гэдэгт би итгэдэг. Тэр ч зарчмыг ажил, амьдралдаа баримталдаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

 Кино болон кофеноос урам зориг, эрч хүч олж авдаг. Хүүхэд байх үеэсээ л видео прокатнаас өдөрт л 2,3 кино авч үздэг байсан нь эргээд киноны хорхойтон болоход маш их нөлөөлсөн. Ер нь киноны тал дээр үнэхээр сонирхолтой, гоё кино үзчихсэн байхад нэг хэсэгтээ л эрч хүчээр цэнэглэгдээд, олон зүйл бодогддог. Мөн би хааяа кино юмуу ном уншиж байхад гэнэт нэг санаа орж ирвэл шууд гар утсаа аваад сийрүүлж буулгадаг. Тухайн үед л тэгэж тэмдэглэж авахгүй бол мартчихдаг, үг үсэг нь хурц тод гарч ирдэггүй гэх юм уу даа. Кофены хувьд өдөрт дор хаяж 2 аягыг уухгүй л бол болдоггүй юм. Хэнээс гэдэг асуултын хариулт маш тодорхой. Залуу насны зугаа цэнгэл, идэр насны амралт амсхийлтээ хойш тавьж, эгч бид хоёрыг мэдлэг, боловсролтой хүмүүс болгохын төлөө үргэлж хөдөлмөрлөж, тэмцэж, хөлсөө урсгаж ирсэн аав ээж 2 маань миний хамгийн том эрч хүч юм. Өнөөгийн нийгэмд өдөр тутмын жирийн хэрэглээ болсон машин тэрэг, тансаг байр сууц тэр үед ховор байсан. Хүүхдүүдээ тэврээд хэдэн буудал газар алхдаг, хүргэж өгч авдаг, хэд гурван төгрөг олчих гээд тарваганы арьс элдээд чемоданы наана цаана нууж оёдог, хичээл сургууль эхлэх дөхөхөөр урдаас дарсан хэдэн хослол жинсийг зарах гээд Сүхбаатарын талбайд өнждөг байсан тэр өдрүүд бүгд сэтгэлд тодхон. Би бага байсан ч бүгдийг сайн санадаг юм. Ийм л аав ээж хоёртой учраас би өөр хүнээс, мундаг алдартан, ментороос урам зориг аваад байх шаардлага байдаггүй .

Таны бодлоор өнөөгийн залууст хэрэгтэй голлох ур чадвар гэвэл юуг нэрлэх вэ?

Аливаа зүйлд дата анализ хийж чаддаг байх чадварыг чухал гэж хардаг. Нэг хүнээс мэдээлэл аваад нөгөө хүнд дамжуулах нэг хэрэг. Харин тухайн дата мэдээлэл дээр ажиллаад санал, шүүмж боловсруулаад түүнийгээ хамгаалж чаддаг чадвар их хэрэгтэй. Өгөгдсөн тайлан ч юмуу, тухайн байгууллагын маркетингийн төлөвлөгөөтэй танилцлаа гэхэд түүнийг илүү боловсронгуй болгох, эрсдэл, сул талыг харж чаддаг, давуу талыг нэмэлтээр оруулж чаддаг тийм хүн аль ч төсөлд, ямар ч байгууллагад хэрэгцээтэй гэж боддог.

 Та одоогоор нэг төслийг ахлан ажиллаж байгаа гэж түрүүн цухас дурьдсан. Тэр ямар учиртай төсөл вэ?

 Манай групп компаний хувьд ээлжит бүтээн байгуулалт болох Их Монгол цогцолбортоо бизнес эрхлэгчид, гарааны бизнесийнхэн цугладаг, ажил хэргээ явуулдаг, уулзалт яриа хэлэлцээр хийдэг, дагалдах үйлчилгээнүүдийг цогцоор нь авч чаддаг, жинхэнэ бизнес оффис орчин үүсгэх зорилгоор Стартап Терминал төвийг ажиллуулдаг. Энэ төвд ирж, дундын оффист сууж байгаа бизнес эрхлэгчид нь бусадтайгаа танилцах, нетворкинг хийх, маркетинг, консалтингийн чиглэлээр сургалтуудад хамрагдах, аливаа сургалт уулзалтыг өөрсдөө зохион байгуулах, төслөө танилцуулах pitch уулзалтууд хийх, хөрөнгө оруулагч нартай холбогдох зэрэг олон давуу талуудыг авах боломжтой.

 Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Маш их баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: