Африкийн ганц үлгэр жишээ улс Ботсваны хөгжлийн түүх

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 16 ・ 2

Өнгөрсөн зууны дунд үед тусгаар тогтнохдоо Ботсван улс нь ердөө 12 км хатуу хучилттай зам, хэдхэн тооны эмнэлэгтэй байсан бөгөөд ихэнх хүмүүс мал маллах, ферм эрхлэх замаар орлого олдог байжээ. Харин ердөө 50 жилийн дараа Ботсван улс нь Африкийн хамгийн хөгжингүй орон зарлагдсан юм. Тиймдээ ч НҮБ-ын Хөгжлийн агентлагийн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Ботсваныг "Африкийн эдийн засаг, хүний хөгжлийн амжилтын үлгэр жишээ" гэж тодорхойлжээ.

Африкийн ганц үлгэр жишээ улс Ботсваны хөгжлийн түүх

Өмнөд Африкийн сэтгүүлч Чарльз Кинг 1966 оны есдүгээр сард Ботсван улсын тусгаар тогтнолын талаар мэдээлэхдээ тус улсыг “замгүй, алс хол орхигдсон өргөн уудам нутаг” хэмээн цохон тэмдэглэж байжээ. Мөн хоёр жилийн хуурайшилт, ургацын дутагдал нь "тариалан эрхлэгчдэд сүйрэл, өлсгөлөнг авчирсан" гэж бичсэн бөгөөд үүний улмаас шинээр байгуулагдсан Ботсваны эдийн засаг тогтворжих найдвар маш бага байгааг нэмж дурдсан байна. 

Францын газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй тус улсад тухайн үед ердөө 12 км хатуу хучилттай зам, хэдхэн тооны эмнэлэг байсан бөгөөд ихэнх хүмүүс мал маллах, ферм эрхлэх замаар орлого олдог байжээ.

Харин ердөө 50 жилийн дараа Ботсван Африк тивд амжилтын үлгэр жишээ болон зарлагдсан юм. 

 

Байгалийн үр өгөөж

 

Ботсваны нийслэл Габороне хотод очвол та дээрх тодорхойлолт үнэн байсныг мэдэх болно. Эмх цэгцтэй цэвэрхэн гудамж, ухаалаг зохион байгуулалттай дэд бүтэц, орчин үеийн шилэн барилгууд, ховор ан амьтдын өлгий болсон уудам нутаг, цэлмэг хөх тэнгэр гээд үнэхээр үзэсгэлэнтэй. Колоничлолоос салсны дараа бүр ч долоон дор байдалд хүрсэн Африкийн бусад улсуудаас Ботсван тэс өөр. 

Тус улсын эерэг өөрчлөлт нь "урт хугацааны алсын хараа, тогтвортой улс төр, ухаалаг засаглалын ачаар явагдсан" гэж дэлхийн эдийн засгийн ажиглагчид үзжээ. Үүний дээр аз завшаан ч мөн нэмэгдэх аж.

 

Байгалийн үр өгөөж

Нийслэл Габороне хот

 

Ботсваны хувьд хоёр том хөгжлийн завшаан байсан байна. Үүнд асар том алмаз эрдэнийн ордууд болон дэлхийд өөр хаана ч байхгүй их хэмжээний зааны өлгий нутаг болсон зэрлэг байгаль нь ордог. Энэ хоёр хоёулаа тус улсын нэг хүнд ногдох баялгийг 50 жилийн дотор 100 дахин нэмэгдэхэд тусалсан байна.

Алмазны уул уурхайн томчуудын нэг Де Бирс 1969 онд анх уг нутгаас очир эрдэнэс олборлосноо мэдэгдэж байжээ. Ингээд 1980-аад он гэхэд Ботсвана нь очир эрдэнэ, үнэт чулууны дэлхийн хамгийн том олборлогч болсон байна. Гэвч Ботсваны ухаалаг удирдагчид улс орон нь Нигери болон бусад улсууд шиг “баялгийн хараал”-д өртөж, гол ус, нуур мөрөн нь ширгэх вий гэдгээс сэрэмжилж эхэлжээ. 

 

 

Ботсваны их сургуулийн улс төрийн тэнхимийн профессор Кэтапетсе Лотшвао хэлэхдээ, тусгаар тогтнолын эхний дөчин жил нь амжилтын оргил үе байсан гэжээ. Мөн тэрбээр "Серетсе Хама, Кетумиле Масире (Ботсваны анхны хоёр ерөнхийлөгч) зэрэг удирдагчидтай болсон нь Ботсваны хувьд маш их аз завшаан байсан” гэж хэлсэн байна.

Тус хоёр ерөнхийлөгч хоёул улс орныхоо хөгжлийг бусад бүх зүйлээс дээгүүр тавьж байжээ. Ингэхдээ олон улсын хөгжлийн тусламж, очир алмаз олборлолтын орлого зэргийг ашиглан эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн үйлчилгээнд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр ядуурал буурч, эрүүл мэндийн түвшин өсч, бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоо ч нэмэгдэн, 13 нас хүртэлх хүүхдийн 90% нь сургуульд сурдаг болжээ.

 

Анхны ерөнхийлөгч Серетсе Хама

 

Харин сүүлийн жилүүдэд Ботсвана эргэн уналтад орж байна хэмээн зарим хүмүүс үзэж байгаа аж. Жишээ нь, ажилгүйдэл 20%-иар нэмэгдсэн тул алмаз олборлолт, аялал жуулчлалаас гадна эдийн засгийг нэмэгдүүлэх өөр эх үүсвэрүүд олох хэрэгтэй гэж үзжээ.

Цаашлаад, саяхан Африкийн өмнөд нутагт болсон ган гачиг нь газар тариалан эрхэлдэг олон хүмүүст муугаар нөлөөлж байгаагийн дээр тус улсын ДОХ-ын тархалт нэмэгдсэн нь хүнд цохилт болж байгаа аж.

Гэхдээ Ботсваны нэр хүндэд халтай бусад асуудлууд ч байгаа юм байна.

 

 

Ботсваныг тусгаар тогтносноос хойш өдийг хүртэл удирдаж ирсэн Ботсваны Ардчилсан нам нь (BDP) нэр хүндээ алдаж байгаа аж. Учир нь иргэдийн эрх баригчдад итгэх итгэл алдагдаж, шүүмжлэгчид засгийн газар илүү авторитар болж байна гэж үзсэн байна. Энэ нь ч хоосон шүүмжлэл биш аж. Учир нь авлигын хэргийг шалгасан сэтгүүлчдийг саатуулж, дарамтлах тохиолдолууд гарсан байна.

“Фрийдом Хаус”-ын мэдэгдсэнээр "Төрийн албан хаагчдын хувийн бизнесийн үйл ажиллагаанд (түүний дотор аялал жуулчлалын салбарт томоохон оролцогч тал байдаг ерөнхийлөгч гэх мэт) бараг ямар ч хязгаарлалт байдаггүй. Улс төрийн харилцаа нь засгийн газрын ажлын байр, тендер шалгаруулалтад гол үүрэг гүйцэтгэдэг" гэжээ. 

Дэлхийн Банкны эдийн засагч Майкл Левиний дурдсанаар, "Кготла" гэгддэг Тсван үндэстний уламжлал байдаг бөгөөд ямарваа нийгэмлэгийн гишүүд аливаа асуудлыг шийдэх гарц олох хүртлээ хэдэн цагаар сууж хуралдахыг тэгэж нэрлэдэг аж. Тиймээс ирээдүйд Ботсваны алмаз эрдэнэ, үнэт чулууны баялаг төгсгөл болсон ч, "Кготла" арга барил нь улс орныг цаашид хөгжихөд тус болох чухал ач холбогдолтой зүйл гэж үзжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: