УИХ-ын гишүүд ба олигархиудын анхааралд

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 11 ・ 3

Доллараар бүрдүүлсэн нөөц, хуримтлалд ирээдүй үгүй

 

Хүн төрөлхтөн чулуун зэвсэгтэн байсан үеэсээ л алт хэмээх металлыг мэдэх болжээ. Хүмүүс таньж мэдээд ашиглах болсон хамгийн анхны металл бол алт байж ч болох талтай. Ингэхлээр бүх металл дундаас хүмүүст ашиглагдсан түүхээрээ хамгийн урт нь алт юм. Хамгийн урт хугацаанд, хамгийн олон хэлбэр, аргаар ашиглагдаж байсан болохоор хэн хүнгүй, дээр, дооргүй алтыг мэддэг, үнэ цэнийг нь ойлгодог болжээ. Өнөө гэхэд л чамд алт байгаа бол чи хүссэн бүхнээ тэр алтаараа сольж, арилжиж авч болно. Алт бол хуримтлал болон арилжааны түгээмэл хэрэгсэл, бас баялгийн ижилгүй баталгаа, хосгүй барьцаа...

Алтан эдлэл, гоёл чимэглэл бол үнэт эрдэнэсийн дээд нь, тансаг баяны илэрхийлэл. Цаг цагийн моод, маягийг дагалдан алтан гоёлыг яаж ч өөрчилж, дүрс хувиргаж болдог. Алт нь уян зөөлхөн, бага температурт хайлдаг, дээд зэргээр давтагддаг. Алтан утас, алтан даавуу, алтан хувцас ч хийж болно...

Арилжаа, наймааны түгээмэл үнэт хэрэгслийн үүргийг анх алт л гүйцэтгэж байжээ. Сайхан өнгөтэй, зэвэрдэггүй, ховор металл болохынхоо хувьд, бас олборлох өртөг нь нэн өндөр учраас түүнээс үнэтэй металл, минерал байгаагүй ажээ...

Хүн төрөлхтний урт түүхийн нь туршид хүмүүст үйлчилсэн энэхүү ачлал, гавъяатай металлыг хүмүүс харин гол төлөв л харааж, зүхэж иржээ. Алтанд хоруу сэтгэл ч, хорлох гар, хөл ч байхгүй билээ. Ганцхүү муу хүмүүс л алтны ховорхон шинжүүд, гүйцэтгэж чадах чухал үүргүүдийг нь ашиглан бусдыг хорлож байжээ. Бурууг бусдаас эрдэг, бүр амьгүй биетээс хүртэл эрдэг мугуйд зан л алтанд олон олон муу нэрийг зүүлгэсээр өдий хүрчээ.

 

Алт ховор, үнэтэй хэдий ч хүн төрөлхтөнд тун ч олон талаар ашиглагдаж, тус хүргэсээр байв. Харин хүмүүс л алтны өмч, баялаг болохын нь хувьд хоорондоо харилцахдаа нүгэлтэй, жигшүүртэй үйлдлүүдийг хийсээр байлаа. Тэр бүхэнд алт өөрөө ямар ч буруугүй билээ...

 

х                х                х

 

Хүн төрөлхтөн бүх түүхийнхээ туршид ойролцоогоор 200 сая орчим килограмм алт олборложээ. Түүнийхээ хагасаас илүүг нь гоёл, чимэглэлд хэрэглэсээр, дахин давтан хайлуулж хэлбэр, дүрсийг нь өөрчилсөөр байжээ. Хятад, Энэтхэг мэтийн алтны том хэрэглэгчид хэдийнээс нааш алдаршсаар ирсэн түүхтэй.

ХХ зууны 20-иод оны статистик мэдээгээр бол АНУ, Герман, Олон улсын валютын сан (ОУВС) алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. Дараа нь Франц, Итали, Швейцарь ордог ажээ. АНУ ойролцоогоор 8 сая гаруй килограмм, Герман 3 сая гаруй, ОУВС мөн 3 сая гаруй килограмм алтны нөөцтэй юм. Харин Итали, Франц тус бүр 2 сая гаруй, Швейцарь 1 сая гаруй килограмм алттай гэнэ.

 

 х                х                х

 

Дэлхийн I, II дайны тарьсан хямралыг ашиглаад л АНУ дэлхийн хамгийн баян орон болжээ. 1950 он гэхэд АНУ-ын алтны нөөц 22 сая гаруй килограмм болж харин дайтагч орнууд алтны нөөцөө АНУ-тай зэвсэг, техник, хүнсээр сольжээ. Чухамхүү ингэж баяжсаныхаа ачаар л АНУ долларынхаа нэр төрийг хөөрөгдөн өсгөж шар алт ба ногоон доллар хоёрыг дэлхийн хэмжээнд адилтгаж чадсан байна. Гэвч тун удалгүй долларын алтан баталгаа үлгэр болжээ.

 

Гэвч энэнийг дэлхий нийт зөвхөн л 1965 онд олж мэджээ. Хэвлэж тараасан долларын тоо, хэмжээ нь баталгаажуулж чадах алтны хэмжээнээсээ 20 орчим дахин их болчихсон байв... Ингээд л алтны үнэ өсөж, алт чухалчлагдах болжээ. Долларын ханш тасралтгүй буурсаар 1945 оны үед нэг доллар бараг л нэг грамм алттай тэнцэж байсан бол XXI зууны эхээр 30-40 доллар нэг грамм алттай тэнцэх болтлоо ханш нь унаж хямдарсан байна. 1960 онд нэг унц алт 35 доллар гэгдэж байсан бол 1980 онд 877 доллар, 2006 онд 727 доллар болж байжээ. Цаашдаа унц алт 1000 доллар, 2000 доллар, бүр 4-6 мянган доллар болж ч болох юм...

Улс орон нэг бүр нөөц хөрөнгөө, хуримтлалаа доллараар биш харин алтаар, мөнгөөр, газрын ховор металл мэтийн өртөг өндөртэй үнэ нь унахааргүй эд зүйлсээр бүрдүүлж, эдийн засгийн чадавхаа экспортынхоо хувь, хэмжээгээр үнэлж байх нь чухал байна. 2005 онд дэлхий нийтээрээ 2519 тонн алт олборложээ. Алтны жилийн олборлолт дэлхийн хэмжээнд цааш цаашдаа тасралтгүй буурах нь ч тодорхой юм. 

 

Аугаа их, бас аугаа ухаалаг хоёр хөрш маань хоорондын арилжаа, наймаагаа рубль ба юанаар хийхээр тохиролцоод байгаа нь миний өмнө өгүүлсэн анхааруулгыг бүр өнөөдөр гэхэд л зөвтгөж буй бус уу?

 

х                х                х

 

Алтаар ч, мөнгөөр ч баталгаажуулж үл чадах, ер арыг нь юугаар ч дааж чадахааргүй их цаасан доллар хэвлэж дэлхийгээр нэг цацчихсан АНУ-ын төр засаг энэхүү болчимгүй гэхэд багадахаар, гэмт хэрэг, луйврын шинжтэй үйлдлээ хэтэрхий хожимдоогүй байгаа дээр нь зогсоож, гарцаагүй гарах сөрөг үр дагаврыг нь зөөллөх оновчтой аргуудыг бодож олж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

Тоо хязгааргүй их цаасан долларын үүдэж чадах хямрал, хохирлоос болж наад зах нь 100 гаруй улс орон дампуурч ч болно. Доллараар бүрдүүлсэн нөөц, хуримтлал нь цаас болж хувирах аваас “Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай” гэх хууль үйлчилж олон улс үндэстэн дотооддоо элдэв янзын самууралд автаж, үймж, бухимдаж, сүйрч мэдэх юм.

 

Өнөөдөр гэхэд яг л алтан зоос мэтээр худалдаа, солилцоонд оролцож буй асар их хэмжээтэй доллар нь АНУ-ын эдийн засаг хямрах аваас, эсвээс улс орон нэг бүр бодит баталгаатай үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг л хэрэглэдэг болчихвол ханш нь жирийн цаас болтлоо унаж болох билээ. Нөөц, хуримтлалаа доллараар хийхээс болгоомжлох цаг хэдүй нь ирчихээд байна даа...

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: