Н.Оюундарь: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдэд ногдож байгаа татварын ачааллыг бууруулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 25 ・ 3

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-ОУПХ-ны хурал Сербид болж УИХ-ын таван гишүүн уг хуралд улсаа төлөөлж оролцсон. Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Хурлын талаар мэдээлэл өгөөч?

-Миний бие өнгөрсөн хавар Катар улсын Доха хотноо зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож, Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны удирдах товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ жил ОУПХ-ны 130 жилийн ой тохиосон. ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо аравдугаар сарын 13-17-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус Ассамблейд дэлхийн 138 орны 1821 төлөөлөгч оролцсон. Миний хувьд энхтайван, олон улсын аюулгүй байдал, Эмэгтэй парламентын гишүүдийн оролцоо, Ази Номхон далайн улс орнуудын зөвлөгөөн зэрэг салбар хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлсэн. Мөн ОУПХ-ны хуралдааны үеэр Хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож С.Зориг агсны амиа алдсан талаар тайлбар өгч, эл хэргийг Монгол Улсад улс төрийн зорилгоор ашиглаж буйд харамсаж буйгаа илэрхийллээ.

-Энэ удаагийн хурлаар ямар асуудлуудыг голлон хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

-Ассамблей “Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь: Парламентын үүрэг, арга механизм ба бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр” ерөнхий сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, холбогдох болон нэмэлт салбар хуралдаануудаар дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэр дундаа амиа хорлоход хүргэх, хууль бусаар үр хөндөх, хөрөнгө завших, улсын хилээр хууль бусаар нэвтрэх, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэх мэт асуудал нь улс төрийн зорилгоор ашиглагдаж байгаа талаар хэлэлцсэн юм.

-Та Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын хувь 20 байсныг нэмэгдүүлж 70 хувь болгох хуулийн төсөл санаачилсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Одоогоор Засгийн газраас хариу нь ирээгүй байна. Мөн өөрийн албан ёсны цахим хуудас болон парламент цахим сайтад байршуулан хуулийн төсөлтэй холбоотой санал асуулгыг ард иргэдээсээ авч байна. УИХ, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны долдугаар сарын 1-нд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн. 2016 онд НӨАТ төлүүлэхээр 652.7 тэрбум төгрөгийн татвар ногдуулж, 492.7 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. 2017 онд 699.2 тэрбум төгрөгийг ногдуулж 630.3 тэрбум төгрөг, 2018 онд 828.5 тэрбум төгрөг ногдуулж, 785.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээний дүн 2016 онд 6.6 тэрбум төгрөг, 2017 онд 5.2 тэрбум төгрөг, 2018 онд 13.9 тэрбум буюу сүүлийн гурван жилд 25.7 тэрбум төгрөг болсон байна.

-Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш татвар төлөгчийн тоо өссөн үү?

-Өссөн. Гол нь НӨАТ төлөгч гэж та, бид буюу худалдан авалт хийж буй эцсийн хэрэглэгчид юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж өгсөн нь энэ хуулийн онцлог. Харин НӨАТ суутган төлөгч буюу биднээс бараа, ажил, үйлчилгээгээ борлуулах замаар уг албан татварыг суутган авч улсад төлөх үүрэг бүхий бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн судалгаа байна.

-Өргөн барьсан хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-д “20” гэснийг “70” гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн “30” гэснийг “40” гэж тус, тус өөрчлөх санал оруулсан. Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг 70 болгосноор хэн илүүтэй ашиг хүртэх вэ?

-Нийтээрээ ашиг хүртэнэ. Өнөөдөр иргэдийн амьжиргааны байдал дээрдэхгүй, ядуурал буурахгүй байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн байна. “...НӨАТ нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт гарч, 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувьд хүрсэн. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна” хэмээн судалгаанд дурдсан байсан. Харин НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна. Татварын орлогын суурь өргөжих боломжтой. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсөвт төвлөрсөн тухайн орлого Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ болж бүх салбарыг дэмжих болов уу гэж харж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг 7 хувиар өгдөг өөр улсын жишиг бий юу?

-Манай улсын хувьд эдийн засгийг бүртгэлжүүлэх тогтолцоог НӨАТ-тай уяж өгсөн. Дэлхийн бусад оронд ч ийм тогтолцоо бий. Гэхдээ энэ нь зөвхөн НӨАТ гэсэн үг биш, тухайн татвартай агуулга нэгтэй боловч өөр нэртэй татварууд байдаг. Бараа, үйлчилгээний татвар эсхүл орлогын татварыг ч энэ буцаан олголтын тогтолцоотой холбож болдог. Дээрх системүүдийн буцаан олголтын хэмжээ нь манай улстай харьцуулахад өндөр байдаг. Жишээлбэл, Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгө буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембург 17, Герман 19, Англи, Австри, Монакод 20, Португаль, Грек 23, Дани, Испани, Норвег, Швед зэрэг оронд 25 хувийг буцаан олгодог жишиг бий.

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмснээр ямар давуу тал үүснэ гэж харж байна вэ?

-Иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд ногдож байгаа татварын ачааллыг бууруулах (буцаан олголтын хувийг нэмэх) замаар татвараас зайлсхийдэг албан бус секторыг бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийг хумих, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангана гэж харж байна. Монгол Улсад НӨАТ ногдохгүй бараа, ажил, үйлчилгээ гэж бараг байхгүй. Аль нэг шатандаа заавал ногддог. Энэ нь эцсийн борлуулалтад үнэ нэмэгдэх хэлбэрээр илэрдэг. Хамгийн гол нь татвар төлөгчдөөс суутган авсан татварын мөнгө аливаа нэгэн этгээдийн халаасанд үлдэхгүй татвар төлөгчдөө эргэн төлөгдөнө. Энэ нь татварын суурийг тэлнэ, бүртгэл сайжирна. Учир нь хүн бүр E-баримт нэхдэг болсон. 2000 гаруй татварын байцаагчийн хийж байгаа ажлыг бүх нийтээрээ хийгээд, хяналт тавина. НӨАТ суутган төлөгч болоогүй жижиг худалдаачдыг урамшуулах, дэмжих сугалаа хэвээрээ байна. Шинээр хэрэгжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зөвхөн E-баримтын системээр бүртгүүлсэн зардлыг хасагдах зардал гэж үздэг болсон. Ингэснээр бизнесийн үр ашгийг нэмэх, ил тод байдлыг хангахад аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа ил болгодог болсон.

-2020 оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ. Таны сонгогдсон тойрогт 2020 оны төсөвт хэдэн төгрөг хуваарилагдсан бол?

-Засгийн газар бодлогын хувьд 2020 оны төсөв сайн болсон. 2016 онд ямар байдалтай төсөв хүлээж авсныг хүмүүс санаж байгаа байх. Өнөөдөр эдийн засагт эерэг өнгө харагдаж эхэлсэн. Гишүүдийн хувьд таван тэрбум төгрөгийг зүгээр авч байгаа мэтээр олон нийт ташаа ойлголттой байна. Гэтэл энэ мөнгийг тухайн орон нутагтаа бүтээн байгуулалтад зарцуулдаг боловч хүрэлцдэггүй. 2020 онд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойргийнхоо сумдад хийхээр саналыг явуулсан. Дулаанхан тосгон, Шаамар, Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн засвар, Шаамар сумын Соёлын төвийн дээвэр, сургуулийн цэвэр бохирын шугамын асуудлыг шийдэх гээд олон ажлын санхүүжилтийг улсын төсөвт суулгуулсан. Түүнээс гадна 1.5 тэрбум төгрөгөөр Сүхбаатар суманд Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан парк байгуулахаар төсөвт саналаа өгөөд байна. Мөн “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Сум, орон нутгийн төсөвт байгууллагуудын засвар үйлчилгээ барилга, тоног төхөөрөмжийн санхүүжилт зэрэг хөрөнгө шаардагдах олон ажил бий. Үүнээс гадна айл өрх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар сумын 60 айлын орон сууцны дулааны шугамын засвар, Баамын ногоон байрны дахин төлөвлөлт, Хонгор морьт багийн иргэдийн цэвэр усны шугамын асуудлыг төсөвт суулгахаар санал оруулсан байгаа.

-Манай улс саарал жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар үүсч байна вэ?

-Монгол Улс 2013 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орж, улмаар энэхүү жагсаалтаас гарахын тулд мөнгө угаахтай тэмцэх талаар хууль, эрх зүйн орчноо сайжруулах хүрээнд зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар 2014 оны зургадугаар сард тус жагсаалтаас хасагдсан. ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтийг үнэлэх, санхүүгийн хориг арга хэмжээг авдаг. Аливаа улс энэ жагсаалтад орвол нэн тэргүүнд харилцагч улсууд санхүүгийн системийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөнө. Энэ нь гадаад, дотоодоос гадагш хийх гүйлгээнүүд тавих хяналт нэмэгдэж, нэмэлт мэдээллүүд шаардаж, илүү чанга болно. "Саарал жагсаалт"-д орно гэдэг нь тэр улс дотооддоо мөнгө угаахтай тэмцэхгүй байгаагийн дохио. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газар, прокурор, улсын бүртгэл, гааль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд гэх мэт төр, хувийн хэвшлийн бүх байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, энэ чиглэлээр цөөнгүй ажил хийж байна. Тус байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагууд сайн биелүүлсэн. Гэвч 2021 оны наймдугаар сар хүртэл Санхүүгийн зохицуулах хороотой холбоотой хоёр зөвлөмж, Сангийн яам, Хууль зүйн яам, АТГ, цагдаа, шүүх, ГХЯ, ТЕГзөвлөмжийг үе шаттайгаар биелүүлэх шаардлагатай. Үүнд НҮБ-аас Умард Солонгос улсын ажилчдыг Монголд ажиллуулахгүй байх, Авлигын томоохон хэргүүд тэр дундаа мөнгө угаах, мөн хилээр нэвтрэхдээ 15 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнг мэдүүлэхгүй байгаагаас үүдэн гарах торгууль хангалтгүй байгаа. Цаашлаад эдгээр хэргийг дахин давтахгүй байхаар хангалттай арга хэмжээ аваагүй, үл хөдлөх хөрөнгө, алт мөнгөний худалдаа эрхлэгчдийн бүртгэлжүүлэлт, үнэлгээ хангалтгүй гэсэн үзүүлэлт байгаа юм. 2021 он хүртэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр Монгол Улс ажиллаж байгааг бид баримттай харуулах шаардлагатай. ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг "саарал жагсаалт"-д оруулж дараахь дөрвөн зөвлөмжийг гаргасан байна лээ. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, шалгалтын ажиллагаа явуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх. Мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэж эл хэргийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн байх. Урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах юм.

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 26/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 25/

    гоё хэлжээ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 25/

    Ер нь анх НӨАТатвар нь аж ахуй нэгжүүдийн орлого нуудаг асуудлыг хаах зорилготой гарсан бөгөөд манай улсад төсөв бүрдүүлэх гол эх үүсвэр болох татварын хэлбэрт шилжээд аж ахуй нэгжүүдийг дампууруулахад хүргэж байна. Харин 70 хувийг буцаан олгодог санал явж байгааг дэмжиж байна. Энэ одоохондоо зөв га

    Хариулах