ШИНЭ ХОНГИЛ АНХНЫ ТУРШИЛТАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 11 ・ 6

Улстөрчид “Хонгил хонгил...” гэж орилолдсоор байгаад ээлжит бус чуулган зарлаж “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай“, “Прокурорын тухай”, “Авлигын эсрэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

Ингэснээр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг өндөр албан тушаалтныг хуулинд заасан зургаан жилийн хугацаа нь дуусаагүй байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр өөрчилж солих боломжтой болсон юм. Энэ шийдвэрийг ард түмэн шинэ хонгил бий болж байна гэж дүгнэж байна. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны тайланд “Хуулинд оруулсан шинэ нэмэлт өөрчлөлтүүд нь засаглалын нэг салбарт эрх мэдлийг төвлөрүүлснээр шүүхийн хараат бус байдалд аюул болно. Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт олон нийт үл итгэсэн хэвээр байна.

Хэдхэн хүнийг солиод шүүх засаглалын гажуудсан тогтолцоог сэргээхэд нэмэр болохгүй гэж олон нийт үзэж байна” хэмээн дүгнэжээ. Олон улсад манай шүүх засаглал, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг гажуудсан хэмээн албан ёсоор зарласан гэсэн үг.

Шүүх, прокурор, АТГ-ын толгойд улстөрчид өөрсдийнхөө үгэнд ордог хүмүүсийг тавилаа хэмээн ард түмэн дургүйцэж байгаа. Хүчний байгууллагуудын дарга нарыг хугацаа харгалзалгүй томилох эрхийг улстөрчид шууд гартаа авсан нь ийм хандлага, дургүйцлийг бий болгож байгаа юм. Тэгвэл шинэ хонгил дотоод тохируулгаа хийж дууссан бололтой анхны туршилтаа зохион байгууллаа. Энэ бол 60 тэрбумын хэргийг зохион байгуулсан гэж дуулиан болгоод байгаа Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шийтгэсэн шийтгэл байлаа. Дээрх шүүх хурлын дараа “Арга байхгүй шинэ МАНАН үүссэн юм байна. Шинэ МАНАН-гийн шинэ хонгил туршилтаа амжилттай хийлээ” гэдэг нь шууд харагдаж байна.

Үнэндээ” 60 тэрбум” бол хэрэг биш юм. Нам бүрт яригддаг л яриа, хүн болгон мэднэ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм нь гэвэл хүнийг яриаг “Хөөх, нээрэн наадах чинь болох юм байна” хэмээн хөөр хөс болгон сонссон нь буруу юм. Зүй нь бол тэр Д.Доржзодовыг “Яасан дэмий зүйл ярьдаг юм” гээд өшиглөөд хөөгөөд гаргах байж. Ийм нэг яриа болоод л өнгөрсөн болохоос албан тушаалыг эгнүүлж байгаад 60 тэрбум төгрөгөөр хэн ч зараагүй. Даргын сэнтий худалдаж авах гэж оочер дараалал үүсгээгүй. Хуулийн байгууллага л лав баталж нотолсон юм алга.

МАН сонгуульд ялахдаа ч “та нарт албан тушаал зарна” гэж сонгогчдодоо амлаагүй. Сонгогчид ч “би дараа нь албан тушаал худалдаж авах юм” гэж МАН-д саналаа өгөөгүй. Үүний баталгаа гэвэл МАН-ын сонгуулийн сурталчилгаанд нэг удаа ингэж яриагүй. Зүгээр л “МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжвэл энэ нийгэм арай эрүүлжих юм болов уу, бид арай гайгүй амьдрах юм болов уу” л гэж найдаж, саналаа өгсөн хэрэг. Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авсан 60 тэрбум гэдэг бол зүгээр л үлгэр.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулаад буй “60 тэрбум”-ыг өмнө нь хуулийн байгууллага шалгаад “энэ хэрэг биш юм байна” гээд хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгож байж. Тэр бүрт дахин сэргээн шалгаж байгаад өнгөрсөн долоо хоногт “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр улсын яллагч нь “Энэ гэмт хэрэг биш юм. Ял өгөхгүй” гэж. Харин шүүгч нар “Нээрэн төрийн эрхийг хууль бусаар авах гээгүй юм байна. Харин сонгууль будлиантуулах гэж оролджээ” гэж огт өөр зүйл ангиар яллаж дөрвөн жил хорих ял өгчихөв.

2016 оны сонгууль ямар ч будлиан маргаангүй болсон гэдгийг би түрүүн хэлсэн. Сонгогчид өөрсдийн итгэл үнэмшлээрээ МАН-д саналаа өгсөн нь үнэн байхад Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгууль будлиантуулсан гэж яллаж байгаа нь хэтэрхий үнэмшилгүй юм. Монголын шүүхийг ойлгохоо болилоо гэж олон хүн хэлж байхыг сонслоо. Улсын яллагч ч “ял өгөхгүй” гээд байхад өөр зүйл анги гаргаж ирээд ял өгдөг шүүгчтэй юм байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэрэг хийсэн өдрөөс нь тоолдог хуулийн заалттай. 60 тэрбумтай холбоотой яриа 2014 онд болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгчид өөрсдийн үзэмжээр шийдлээ.

Шүүгчид “Энэ яриа 2014 онд болсон ч 2016 онд л ил болсон. Тиймээс ил болсон өдрөөс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэдэг байгаа. Хуулийг хэрэгжүүлэх ёстой шүүгчид ингэж завхруулж байна. Монголын шүүх ингэтлээ дампуурсан хэрэг үү. Үүнийг шинэ хонгил гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ. Шинэ хонгил туршилтаа амжилттай хийлээ. Хэрэв шүүх ийм маягаар ажиллаад байх юм бол хуучнаасаа ч аюултай хонгил үүсчээ гэж харагдаж байна. Сайн тал нь гэвэл, хуучин хонгилоос илүү аюултай хонгил үүссэн шүү гэдгээ илчилж байгаа нь зөв юм.

Энэ үйл явдлыг хараад нийгэмд үл итгэх байдал үүсч байна. Өнөө гайхуулаад байдаг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх хаачив. Энэ бүхэн зугуухан алгуурхан биднээс алсарсаар байгаа юм биш үү. Өнөөдөр ярьсны төлөө шоронд хорьж байгаа бол маргааш бодсоны төлөө шүүгдэж мэдэх нь. Хэнийг ч юугаар ч шоронд хорьж болдог гэдгийг өнөөдөр хонгил харууллаа. Нийтээрээ айдас хүйдэст автан гайхан харж байна. Хамгийн ойлголжтой байх ёстой шүүх ийм ойлгомжгүй байх шиг айдас хаана байхав дээ.

Д.Оюунтуяа    

Эх сурвалж: Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 12/

    Тэгээд өшиглөөд хөөгөөд гаргаагүй байж одоо юу гоншигоноод байгаа юм бэ?

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 11/

    HUULIINH N HAMGAALALTIIG UGCH BATLAAD BSAN MI .ENHBOLD BUR SURAGGUI YU...ELBEG MI HOER BOL ZALUUCHUUDAAR TOGLONODOO....UMHII SANAATANGUUD... MANAN..

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 11/

    Хэний хүү хэнбгуай ч өмгөөлөгчөө бэлдэж бэлдэж орчихоод нэг муу утсан хүүхэлдэй хүнд сурталтай шүүгчийн дураар зүйл ангиа өөрчлөөд ялагдана гэсэн үг үү? Шудрага шүүх яриад байсан хулгайчууд хаана байна.Шинэ хонгил гэдэг чинь л үнэн байна.

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 11/

    МАН өөрийнхөө мэхэнд унах өдөр ирэх нь ашгүй.МАН нь хууль бусаар сонгуульд ялсан гэж шүүх тогтоосон гэсэн үг юм.Тарах нөхцөлийг хэн нэгэн овжин шүүхээ.МАН тар тар

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 11/

    энэ нэг авгай юу хуцаад байнаа. ард түмэн тэгж байна ч гэх шиг чи зүгээр л зайлаа чи л өөрийнхөө тэнэг мулнуй бодлыг хэлж байна жишээ нь би чам шиг бодоогүй за хуцдаг муу авгай вэ

    Хариулах
  • хуцдаг гахайнууд / 2019 11 сар 11/

    төрийн албаны 24 мянган хүнийг халж сольсон нь тэгээд МАН-ын 60 тэрбумын хэрэгжилт биш болж байна уу.Хуцдаг гахайнууд вэ?

    Хариулах