Х.Галымбек: Нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 21

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Пийшин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа. 

Энэ 7 хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн байна. Тухайн дуудлага өгсөн иргэд эмнэлгийн тусламж зөвлөгөөг цаг алдалгүй авчээ. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байгаа аж. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулав.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек "PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан. Мөн PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон" гэлээ.

Түүнчлэн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг бид  “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” гэдгээ мэдэгдэв.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх