Д.Дамба-Очир: 50:26-аар явбал үндсэн хууль зөрчих байсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 18 ・ 1

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Сонгуулийн хуулиар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргалаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо пропорцианаль бус мажоритар байна гэж баталсан. Бид Үндсэн хуулиа дагах юм бол хоёр хэлбэрийг л сонгох учиртай. Нэгдүгээрт, аймаг нэг тойрог буюу томсгосон мажоритар. Энэ нь дотроо хэдэн ч мандаттай байж болно. Хоёрдугаарт, жижиг 76 мажоритар байх боломжтой. Ийм л боломж байгаа юм. Ямартаа ч МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг ингэж шийдлээ. Хоёр мажоритар тогтолцоо байдаг. Нэг нь жижиг, нөгөө нь том. Өнөөдөр (өчигдөр) томоор явахаар шийджээ. Үүнийг зөв гэж харж байна. 2008, 2012 онд энэ тогтолцоогоор явсан ч 2016 онд жижиглэчихсэн юм. Энэ тогтолцоогоор нэг аймаг гурван мандаттай байж болно гэсэн үг. Эрдэнэтийг гурав хуваахгүйгээр тэр чигт нь нэг тойрог болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтээс нэр дэвшигчдээс эхний гурван хүн нь гарч ирнэ. Нэг хүн гурван хүнд санал өгнө. Хамгийн ихдээ гурван санал өгнө. Түүнээс багыг өгсөн ч болно. Гэхдээ өрсөлдөх хүмүүс чинь тойрогтой хүмүүс шүү дээ. Иргэдээс л сонгогдож гарч ирнэ.

Хэрэв 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчсөн асуудал болох байсан. 50:26 нь пропорцианаль шинжтэй. Үндсэн хуулиа батлаад удаагүй байж зөрчсөн үйлдэл хийж болохгүй л дээ.

-Энэ тогтолцооны давуу болон сул тал нь юу байдаг юм бэ?

-Намынхан хоорондоо өрсөлддөг, муудалцдаг нь сул тал. Гэхдээ нэр дэвшиж байгаа хүмүүсээсээ шалтгаална л даа.

Нэр дэвшигчид хоорондоо сэтгэл нийлээд явчих юм бол асуудалгүй. Сонгууль л болсон хойно хардаж, сэрдээд жигтэйхэн юм болдог юм л даа. Янз бүрийн л зүйл болж байдаг юм.

Мэдээж давуу тал бий. Одоогийн жижиг мажоритар Эрдэнэт хотыг л гэхэд гурван тойрог болгоод хуваачихсан. Угтаа сонгогдсон гишүүд бид Эрдэнэт хотынхоо хэмжээний асуудлыг ярих ёстой байтал сонгогдсон тойрог минь энэ гээд хороодынхоо асуудлыг яриад байгаа. Энэ том мажоритараар явснаар аймгийнхаа хэмжээний асуудлыг нэгдэж ярих боломж бүрдэнэ.

-Гишүүд нэг аймгаас сонгогдсон ч тойргоосоо шалтгаалан хоорондоо өрсөлдөж, дорвитой ажил хийхгүй байна гэж шүүмжлэгддэг. Том мажоритараар явснаар энэ нөхцөл байдал дээрдэх үү?

-Яг тийм. Тэр утгаараа энэ зөв шийдэл. Би өөрийнхөө тойрогт багтсан хорооны асуудлыг ярьж гүйхийн оронд нэг тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ нэг дор суугаад Эрдэнэтийнхээ, аймгийнхаа хэмжээний асуудлыг ярих юм.

-21 аймаг тус бүр гурван мандаттай байх юм уу. Дээрээс нь хот, дүүрэг тойрогт хуваагдах уу?

-26 тойрог болдог. 21 аймаг дээрээ Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг ороод 26 болно. Өвөрхангай байлаа гэхэд нэг тойрогтой аймаг хэрнээ гурван мандаттай байна гэсэн үг. Улаанбаатар нэг тойрог байлаа ч дүүрэг, дүүрэгтэй мандаттай байж болно.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2020 оны төсөвтэй холбогдуулж тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авсан. Иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулна гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орно гэдгийг ч хэлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсвийн орлого үргэлж давж биелж байгаа. Өнгөрсөн 2018 онд нэг их наяд төгрөг давж биелсэн. Энэ жил ч давж биелэхээр харагдаж байгаа. Тиймдээ ч заавал бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулах нь зохимжгүй юм. Яахав 2017 онд байдал хүнд байх үед ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж байсан. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэх гэж байсан асуудалд эсрэг байсан. Ямартаа ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, дэмжлээ. Орлого тал дээр нь татварыг авахгүй байхаар болгож, зарлага талыг нь үлдээсэн. Зарлагыг зохицуулах боломж бий гэж харж байгаа. Төсвийн ажлын хэсгийг ахалж, баталж байсны хувьд төсвийн балансыг уншдаг болж. Тиймдээ ч зарлагыг нь нөхөх боломж байна гэж харж байна. Аль болох татварыг нэмэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх нь зүйтэй. Хүмүүсийн амьдрал амаргүй байна шүү дээ.

Нийгмийн даатгалын сан хүнд байгаа. Улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө энэ сан руу өгч байж тэтгэвэр тавьж байна. Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн асуудалд дорвитой шийдэл гаргахгүй бол болохгүй. Энэ нь тулгамдаж байгаа асуудлын нэг зайлшгүй мөн. Харин үүнийг ямар хэлбэрээр шийдэх вэ гэдэгт анхаарч, зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Зарчмын дорвитой арга хэмжээ авах нь чухал. Тэтгэвэр нь бие даасан, түүнээсээ тэтгэврээ олгоод явдаг болох ёстой. Хүн амын насжилт нэмэгдэж байна. Тэтгэврийн насны иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн тоо багассан. Ийм учраас цаашид нөхцөл байдал хүндэрнэ. Гэхдээ энэ удаад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхгүй байх нь зөв шийдвэр болсон.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор тэдэнтэй зөвшилцсөн зүйл бий юү?

-УИХ шийдвэрээ гаргачихсан. Одоо Сангийн яам, Засгийн газрынхан ОУВС-гийнхантай сууж гарцуудыг гаргаж, тэдэнтэй тохиролцохоос өөр арга байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөс гар гэж хэлж байгаа юм биш. Ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөр дуусах ёстой. Миний бодлоор Монгол Улсын эдийн засгийн байдал харьцангуй сайжирч байгаа боловч эмзэг байгаа. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан шиг сахилга баттай явахгүй бол болохгүй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэхийн оронд “Капитал”-аас НДС-гийн мөнгөө авах ёстой гэж буй. Ер нь энэ шимтгэлийг нэмэхээ больсонтой холбоотойгоор гарч буй зарлагыг хэрхэн нөхөх вэ?

-2019 оны төсөв нэг их наяд төгрөгөөр давж биелж байгаа. Тэндээсээ тэтгэврийн санд мөнгө хийх боломж байгаа л гэж харж байна. Ер нь бол татварын хэмжээг буулгаж, татвар төлөгчдийг нэмж суурь баазыг нь өргөжүүлэх ёстой. Хувиараа бизнес эрхэлдэг ч татвар төлдөггүй маш олон хүн байдаг. Тэр бүрийг татвар төлдөг болгох нь зүйтэй. Төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг шүү дээ. Татвараа төлөөд л явах ёстой. Энэ бол нийгмийн өмнө хүлээж буй үүрэг.

-Улс төрийн намуудын тухай хууль хэдийгээр хэлэлцэх вэ. Намын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Миний хувьд төрөөс санхүүждэг байх нь зүйтэй гэж боддог. Ялангуяа УИХ-д суудалтай намууд төрөөс санхүүжих хэрэгтэй. Улс төрд суудалтай намуудад томоохон намууд орж таарна. Тэд төлөвшчихсөн байгаа шүү дээ.

Хэрэв төрөөс санхүүжихгүй бол аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс санхүүжиж, тэднийхээ эрхшээлд ордог. Ийм байдлыг аль болох гаргамааргүй байгаа юм. Намын санхүүжилтийг илт тод болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, гишүүд тойрогтоо элдэв зүйлс тараадаг, сонгогчид нь эргээд нэхдэг байдлыг хуулиар хориглох нь зүйтэй. Нэр дэвшигчид нь нэг л хэм хэмжээнд захирагдаж сурталчилгаагаа явуулж, нэг л гараанаас гарцгаах ёстой. БНСУ, Япон зэрэг олон оронд яг л ийм хуультай байна. Гэтэл манайд иргэддээ бэлэг сэлт тараагаад сургачихсан, сонгогчид нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихож. Одоо энэ байдлаасаа татгалзах нь зүйтэй. Монголын сонгогчдын боловсрол дээшилж, харьцангуй өөрчлөгдөж байгаа. Олон ч сонгууль өглөө. Тиймдээ ч туршлагатай, ухаалаг болж байгаа гэж бодож байна.

-Сонгогчдынхоо саналыг авахын тулд бэлэг, сэлт өгөөд сургачихсан нэр дэвшигчдэд их учир байгаа байх л даа.

-Хуулиар хориглохгүй бол хэн ч өгнө шүү дээ. Улстөрч биш ч өөр хэн нэгэн өгч л таарна. Тиймээс үүнийг зогсоох тал руугаа хандах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Үүнийг сонгуулийн сүүлийн жил л хориглож байгаа. Зөвхөн сүүлийн жилд нь бус нийтэд нь, дөрвөн жилээр нь хориглочих хэрэгтэй гэж боддог.

Өдрийн сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: