Б.Ундармаа: Яагаад миний авах ёстой юмыг хасчихав аа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 17 ・ 16

Эрх баригч намын голдуу төрийн түшээд, ал­бан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл 2018 оны зун АТГ-т ирж, тус газрынхан тэр үеэс мөрдөн шалгаж эхэлжээ. Ул­маар мөн оныхоо арваннэгдүгээр сард олон нийтэд ил болж байлаа.

Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Эрх баригчид тэдний эхний “хэсэг”-ийг бүлэг дээрээ хэрхэн ярьж байгаад авч үлдэж байсныг бид өмнө нь хүргэж байв.

Мөн ялангуяа эрхэм гишүүд ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнханд ямар дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг байсан талаар энэ хэрэгт буруутгагдаад байгаа ажилтнууд хэлж яриад эхэлсэн тухай мэдээлсэн.

Ийм нөхцөл байдлын дор АТГ, прокурорын байгууллагаас бараг гуч гаруй гишүүний асуудлыг нягталж шалгаад “…Гэмт хэргийн шинжгүй” гээд орхижээ.

Угтаа УИХ-ын дөчөөд гишүүн гэмт хэрэг биш юм гэхэд ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж ЖДҮС-гийн хөрөнгө буюу зорилтот бүлэгт очих ёстой байсан зээлийг авсан.

Давтаж хэлэхэд, тэд нөлөөлсөн нь , зээл авсан нь тодорхой, ойлгомжтой байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхны “хэл”-ээр үүнийг “…Тогтоогдсон” гэдэг. Гэхдээ олонхид нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллаад явуулах хуулийн боломжгүй байжээ.

Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Харамсалтай нь гишүүд, дарга нарын нөлөөлөл нэлээдэд нь орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт оруулж өгч, эрхэм сайд маш нарийн, нэгбүрчлэн тулгаж байгаад тушаалаа гаргаж байжээ.

Гэвч удахгүй болох УИХ-ын сонгуульд өнөөх ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшиж, гишүүн байгаагүй нь сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Тиймээс ЖДҮ-гийн хэрэг гээд олны дунд тодорхойлогдчихсон энэ асуудал нь чухам ямар хэм хэмжээний үйл явдал юм бэ. Юу гэж үзэх вэ гэдэг дахиад эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Зууны мэдээ” сонин энэ өдрөөс эхлээд ЖДҮ-гийн золиоснууд болоод буй ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн удирдлага, ажилтнууд юу ярьсныг тоймлон хүргэж байна.

Ингэж бид хөшигний ард чухам юу болж байсан талаарх мэдээллийг ил болгоё. Эрхэм та дүгнэлтээ хийгээрэй.

Өнгөрсөн жилийн өдийд дөө, УИХ-ын та­ван гишүүн ЖДҮ-гийн хэрэгт татагдаж, бүрэн эрхийнх нь асуудал ид яригдаж байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа юм. “Бишрэлт групп”, “Капитал” банкаар овог­логддог УИХ-ын ги­шүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас 800 сая төг­рөг авсан байдаг. Хам­гийн ноцтой нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Доктор мейк” ХХК-ийн 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төслөөр да­хин зээл авсан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн талаар ХХААХҮ-ийн сайд Б.Бат­зориг “Хүсэлтээр хандаж байсан байх. Би түүнийг нь хууль, журмын дагуу шийдвэрлээрэй, судлаарай гэж цохолт хийдэг байсан” гэж хэлдэг.

Харин ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “…УИХ-ын гишүүн Б.Ундармаа над руу шууд утсаар ярьж “…Сай­дад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь бүтээгээдэх, сайд чинь бүтнэ гэчихсэн байхад та бүтээгээдэх” гэсэн өнгө аястайгаар ярьдаг байсан тухай хууль хяналтын байгууллагынханд хэлсэн байна.

Ер нь бол УИХ-ын ги­шүүн Б.Ундармаа “…Хувиарлагдсан мөнгөө авъя” гэж ЖДҮХС-гийн захирал руу утсаар ярьдаг байжээ. Тэрээр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү А-88 дугаартай тушаал гарах үеэр залгаад “Яагаад манай компани тэнцээгүй юм бэ. Би авах ёстой юмаа авах ёстой” гэж байв. Тэгэхэд Б.Ундармаагийн “Доктор мейк” ХХК-ийн төсөл “…Шаардлага хангаагүй” гэсэн шалтгаанаар санхүү­жилтээс хасагдчихаад байжээ.

Үйл явдлыг нэхэн тод­руул­бал, 2018 оны эхний буюу хаврын төсөл сонгон шалгаруулалтад орол­цохоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх “Доктор мейк” ХХК мате­риалаа ирүүлсэн боловч хууль, журамд заасан шаардлагыг огт хангахгүй байснаас ЖДҮХС-гийн мэргэжилтнүүдийн явуул­сан анхан шатны шалга­руу­лалтаас хасагдсан бай­на. Үүнээс болж Б.Бат­зориг сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай”  А-88 дугаартай тушаал гарснаас эхлээд л С.Төгсбилэгт дарамтууд ирж эхэлжээ. Б.Батзориг сайд “…Б.Ундармаа ги­шүү­ний төсөл яагаад хасагд­чихсан юм бэ. Над руу Б.Ундармаа гишүүн байнга яриад төвөгтэй байна. Чи өөрөө Б.Ундармаа гишүүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд, юу  хэлэх нь вэ, сонсоодох” гэж хэлсэн байна. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг 2018 оны тавдугаар сарын сүүлчээр Төрийн ордон дахь өрөөнд нь Б.Ундармаа гишүүнтэй уулзжээ. Тэгэхэд Б.Ундармаа гишүүн “…Юу болоод өнгөрөв өө. Материалаа танайд хүргүүлсээр байтал яагаад миний авах ёстой юм хасагдчихав аа. Маш сайн материал хүргүүлсэн шүү дээ” гэжээ. С.Төгсбилэг ч журмынхаа дагуу анхан шатны шаардлага хангахгүй байсан тул ха­сагд­сан гэдгийг тайлбарласан байгаа юм.  Гэтэл Б.Ундармаа гишүүн “…Угаасаа авах ёстой юмаа би авах ёстой. Би сайдтай чинь тохирчихсон байгаа. Удахгүй дараагийн шалгаруулалт явагдах юм байна лээ. Тэр үеэр чи анхаараарай” гэжээ. Гэсэн ч С.Төгсбилэг ЖДҮХС-гийн үндсэн үйл ажиллагаа, зөв­лөх үйлчилгээний талаар танилцуулж, “…Материалаа буцааж аваад дахин бэлтгээрэй” гэжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг “…Түр хүлээж байгаарай” гээд өрөөндөө орхиод гарчээ.

Дараа нь 2018 оны дол­дугаар сард наадмын үеэс эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү удаа дараа утсаар зал­ган ярьж “…Төсөл сонгон шалгаруулах ажил чинь юу болж байна вэ. Одоо хурдан эхлэмээр байна” гэх зэргээр бараг л сайдаас нь илүү үүрэг чиглэл өгдөг болсон байгаа юм.

Ингэж явсаар ЖДҮХС дээр 2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд иргэн, хуулийн этгээдүүдийн төслийг хүлээн авчээ. Энэ хугацаанд Б.Ундармаа гишүүн “Доктор мейк” ХХК-ийнхаа материалыг ирүүлсэн байна.

Төсөл сонгон шалга­руулах ажил явагдаж, найм­дугаар сарын 14-нд сайд Б.Батзориг “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай “А-141 дугаартай тушаал гаргаж, санхүүжилт ол­гох иргэн, хуулийн этгээ­дүүдийн нэрсийг гаргажээ. Уг жагсаалтад Б.Ундармаа гишүүний “Доктор мейк” ХХК багтаж, 800 сая төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн байна. Тушаал гарсан даруйд Б.Ундармаа гишүүн ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар залгаж “…За, тушаал гарлаа. Одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг. Ийм учраас чи маш хурдан, эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гээд ярьж эхэлсэн байна.

Тухайн үед ЖДҮХС-гийнхан сайдын тушаалын дагуу зээлийн барьцаа хө­рөн­гийг бүрдүүлэх, бусад баримтыг жагсаал­тын дагуу бүрдүүлж авах гэх мэт үйл ажиллагаа явуулж байсан учир УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн энэ үйлдэл ихээхэн дарамт болж байсныг С.Төгсбилэг сүүлд хууль хяналтын байгууллагынханд ярьжээ.

Ийм хэцүү байсан учир “…Та гэрээ байгуулах хүнээ манай байгууллага руу явуулж, мэдэгдлээ аваад, материалаа хурдан бүрдүүлээд санхүүжилтээ ав” гэжээ. Тэгтэл гэрээ байгуулах хүн Б.Ундармаа гишүүний нөхөр, “Капитал” банкны захирал А.Ариун­болд болж таа­сан байна. Тухайн үед ЖДҮХС болоод “Капитал” банк хоёрын дунд томоохон дүнтэй өр зээлийн асуу­дал байжээ. Тиймээс А.Ариунболдыг ирэхэд нь “Капитал” банкны зөрч­лийн талаар ярьж, шийдэлд хүрцгээе гэж ЖДҮХС-гийн захирал, санхүүгийнхэн хоорондоо ярьсан байгаа юм. Гэтэл А.Ариунболд “Доктор мейк” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зурахаар ЖДҮХС дээр оччихоод “…Та нар яахаараа гарын үсэг зуруулахын төлөө намайг энд дууддаг юм бэ. Та нар өнгөрсөн баларсан банкны зээлийн асуудал ярих гэж намайг зориуд энд дуудаж гарын үсэг зуруулж байгаа юм уу. Тэр бол “Капитал” банкны асуудал. Энэ зээл бол тусдаа компанийн асуудал” гэж ихэд уурлаад гарсан байна.

Ингээд Б.Ундар­маагийн “Доктор мейк” ХХК тус сан­гаас 800 сая төгрө­гийн санхүүжилтийг шил­жүүлэн авчээ.

Удалгүй ЖДҮ-гийн хэрэг дэгдэж, олон ний­тэд мэдээлэл хүрч эхлэ­хэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гийн захирал С.Төгбилэг рүү утасдаж “…Эгчийгээ бодоорой. Би танай талд байгаа шүү” гэсэн байна.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.17  баасан  № 11 (6236)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: