Их жанжин Д.Сүхбаатарын талаар хэн юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 03 ・ 2
Ж.Болдбаатар: /Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич/  
 
 
Д.Сүхбаатар бол зөвхөн цэргийн зүтгэлтэн байгаагүй
 
Дамдины Сүхбаатар гэдэг хүнийг юуны тулд дурсах ёстой вэ гэдгийг ахмад, дунд үеийнхэн илүү сайн мэднэ. Харин манай залуу үеийнхэн энэ хүнийг ахмад, дунд үеийнхний хэмжээнд ойлгож хараахан чадахгүй байгаа. 
Манай Ардын гэгээрүүлэх яамны анхны сайд Онходын Жамьянд шавь орж, бичиг үсэг сурсан. 16, 17 наснаасаа эхлээд улаа нэхэж эхэлсэн. Одоогийн Батсүмбэр суманд хэсэг улаа нэхэж байгаад цэрэгт дайчлагдсан байдаг. Энэ үеэс Д.Сүхбаатар маш идэвхтэй ажиллаж аажимдаа удирдагчийн байр сууринд дэвшиж эхэлсэн. Өөрийн ухааны цар хүрээ, цэргийн эрдэм, асуудалд хандаж байгаа хандлагаараа ч гэсэн удирдагчийн байр сууринд аажим аажмаар дэвших болсон. Хятадын генерал Сю Шүжан их цэрэгтэйгээ Монголд цөмрөн орж ирж, үүнийг эсэргүүцэж Монголын дэвшилтэт үзэл бодол бүхий хэсэг цуглан үндэсний тусгаар тогтнолоо авран хамгаалах тухай хэлэлцсэн байдаг. Ингээд улс төрийн нууц бүлэг 1918, 1919 оны заагаар бий болсон түүхтэй. 1923 оны 2 дугаар сард насан эцэс болох хүртэл нь үндсэндээ дайн самууны цаг байсан. Засгийн эрх ихэнх үед Д.Сүхбаатарын гарт байсан гэж хэлж болохоор байгаа юм. 
Д.Сүхбаатар бол зөвхөн цэргийн зүтгэлтэн байгаагүй. Улс орны хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж байсан. Ялангуяа гадаад харилцааны тухайд өндөр хөгжилтэй орнуудыг түшиглэх бодлогуудыг барьж байсан. Ер нь Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүдээ ухуулан сэнхрүүлэх бичиг гэдэгтээ “тэгш журамт, баян хүчирхэг улсыг байгуулна” гэж томьёолж байсан.
 
 
 
1920 оны наймдугаар сард Монголын хувьсгалчдын байгууллагын төлөөлөгчид, мөн оны зургадугаар сарын 25-нд байгуулагдсан Монгол Ардын Нам гэх байгууллагын төлөөлөгчид ЗХУ-ын Эрхүү хотноо тусламж гуйхаар очсон долоон хүний бүрэлдэхүүнд Д.Сүхбаатар орсон байдаг. Ард түмнийхээ төлөө амь хайрлахгүй зүтгэхийг Ардын журамт цэргийнхэнд уриалж, улс орныхоо төлөө амиа өргөхөд харамсахгүй гэдгээ жанжин Д.Сүхбаатар илэрхийлж байсан. 
 
 
 
Д.Сүхбаатар уран илтгэгч хүн байсан. Их сайхан үгнүүд хэлсэн байдаг. Тухайлбал, “сурах мэдэхийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэх мэт. 
Ард түмнээс хуучин түүхийг нь арччихвал тухайн ард түмнийг хааш нь ч чирч авч явж болно. Үнэндээ бид Чингис хааныг дэлхий дахинаа их өндөр авч үзнэ, түүнийг ойлгож байна. Гэтэл Чингис хаанаар түрж жанжин Д.Сүхбаатарын гавьяаг бууруулах оролдлого гарч байна. Тодруулбал, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгоно гэх. Тус талбай дээр Чингис байсан уу Д.Сүхбаатар байсан уу гэвэл Д.Сүхбаатар тэнд Ардын хувьсгалыг тунхаглаж үг хэлж байсан түүхт газар шүү дээ. 
 
Д.Өлзийбаатар /Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор/: 
 
 
Монголын түүхэнд онцгой гавьяатай нэр нь тод үлдсэн түүхэн хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Сүхбаатар
 
XX зууны эхний хагаст жилд Монголын түүхэнд онцгой гавьяатай нэр нь тод үлдсэн түүхэн хүмүүсийн нэг бол Их жанжин Дамдины Сүхбаатар яах аргагүй мөн юм. Д.Сүхбаатар Монголын хоёр төрд зүтгэсэн хүн. 1911 онд Манжийн түрэмгийллийг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулах үйлсэд цэргийн зүтгэлтний хувьд гар бие оролцож байсан. Үүн дээрээ улбаалж 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэрэгт тэргүүлэх зэрэгтэй оролцсон төрийн нэрт зүтгэлтэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ардын журамт цэргийн тэргүүн жанжин, Монголын тэргүүлэх, цэргийн нэрт зүтгэлтэн, гарамгай жанжин байсан нь үнэн юм. 
 
Ё.Отгонбаяр: /Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
 
 
Энэ хүнийг Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяагаар нь үнэлж дүгнэх ёстой
 
Жанжин Д.Сүхбаатар нь Ёст бэйсийн хошууны хүн гэж тооцогдоно. Түүний эцэг Дамдин нь анх Ёст бэйсийн хошуунд ирж суурьшаад эх Хандтай нь гэрлэж Нийслэл хүрээнд нүүж ирсэн. Ингээд Д.Сүхбаатар Нийслэл хүрээнд төрсөн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнийг зургаан настай байх үед нь Дамдиных Орос консулын хашаанд их ойртож буусан юм шиг байгаа юм. Д.Сүхбаатар багаасаа консулын хүүхдүүдтэй тоглосоор байгаад орос хэл гадарладаг болсон гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. 1911  онд олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсаны дараа 1912 оны Орос Монголын гэрээгээр манайд цэргийн сургууль байгуулагдах болж Хужир булангийн цэргийн сургууль байгуулагдахад түүнд элсэн орсон. Орос хэл гадарладаг байсных юм болов уу пулемёт суманд хуваарилагдан төгсөхдөө пулемёт сумангийн дарга болсон байдаг. 1915, 1916 оны үед Зүүн хязгаарт болсон байлдаануудад байгуулсан гавьяаг нь үнэлж Монгол Улсын баатар цолоор шагнасан. Түүнээс хойш нэр нь Сүхбаатар болж хувирсан түүхтэй. Д.Сүхбаатар жанжин Хүрээний нууц бүлгэмд нэгдэж орохдоо цэргийн түшмэдүүдийг олноор татаж оролцуулсан байдаг. Өөрөө Хужирбулангийн цэргийн сургуулийн сургагч түшмэлийн албан тушаалтай байсан. Ийнхүү хувьсгалт бүлгэмүүдэд элсэж аажмаар 1920 оны зургадугаар сарын 25-нд хоёр хувьсгалт бүлгэмд нэгдэж Монгол Ардын Нам гэсэн нэртэй улс төрийн байгууллагыг үүсгэн байгуулах үед намын нөхдийн дагаж явах тангаргийн бичиг гэдгийг гаргах нь хэрэгтэй гэсэн санаачлагыг жанжин Д.Сүхбаатар гаргаж ирсэн байдаг.
 
ЗХУ-аас тусламж гуйхаар явахдаа Жанжин Д.Сүхбаатар гол нь Богдын тамгатай бичгийг авч очсон. ЗХУ-аас тусламж гуйх асуудал тавихад нь Оросын тал анх удаагаа хилийн чанадаас тусламж гуйж байгаа тохиолдол учраас Москвад шийдэх ёстой гээд С.Данзан, Д.Лосол, Д.Чагдаржав гурав Москва явж, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёр Эрхүүд цэргийн сургууль хийхээр үлдээд Д.Догсом, Д.Бодоо хоёр Хүрээ рүү буцсан байдаг.  Эрхүүд цэргийн сургууль хийхдээ Д.Сүхбаатар жанжин морин цэргийн сургуульд сурч байсан. Нэг сонирхолтой баримт хэлэхэд “Эрэлхэг цэрэг Швейкийн адал явдал” номоороо дэлхийд танигдсан зохиолч Ярослав Гашек тэр үед Эрхүүд ажиллаж байсан “Монголын үнэн” сониныг гаргахад туслалцаж байсан. Мөн Д.Сүхбаатарыг дагуулж морин цэргийн сургууль хийж байсан гэх баримт бий. 
Д.Сүхбаатарыг Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч гэх ойлголтод сүүлийн үед ихээхэн маргаан гарч байна. Монгол Ардын Намын анхны дарга бол Солийн Данзан мөн. Гэхдээ Ардын түр Засгийн газрыг анх байгуулагдаад гаргасан шийдвэртээ “тайван цагт бүх хэргийг намын дарга мэдэж явуулна. Харин дайны цагт Бүх цэргийн жанжин мэдэж явуулна” гэсэн заалт оруулсан байдаг. Энэ утгаараа Д.Сүхбаатарыг Монгол Ардын Намын анхны даргын нэг гэж үздэг учиртай. Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсан 1921 оны гуравдугаар сарын 1 нь байлдааны цаг үе эхэлчихсэн байсан үе. 1921 оны хоёрдугаар сарын 20-доос эхлээд Хятадын гамин цэрэгтэй мөргөлдөж эхэлсэн байдаг. Гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлсөн нь томоохон байлдааны ажиллагаа байсан. Гуравдугаар сарын эхээр Шаамарын шар тохойд байлдаантай, дайны байдалтай байсан болохоор яах аргагүй нам төрийн бүх хэргийг Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар мэдэж явуулж байсан. 
Жанжин Д.Сүхбаатар бол Улсын доод хурлын гишүүн байсан. Тэр үеийн доод хурлын материалуудыг үзэж байхад бас нэг сонирхолтой баримт гарч ирсэн. Тэр нь Улсын доод хурлын гишүүн Д.Сүхбаатар өвөл цагт махны үнэ нэмэгдэж байгааг засахын тулд намар мах хямд үед худалдан авч зооринд хийж хадгалаад өвөл зарж махны үнэ бууруулсан тухай юм. Одоо бидний хэрэгжүүлж буй арга хэмжээг тухайн үед жанжин Д.Сүхбаатар санал болгож Улсын бага хурлаар хэлэлцүүлж байсан баримт байдаг. 
Сүүлийн үед жанжин Д.Сүхбаатарын хэлсэн үгийг өөрөө хэлээгүй сүүлд нь зохиосон гэх мэтээр ярих болжээ. Ер нь жанжин Д.Сүхбаатарын хэлсэн үгнүүд тухайн үеийн бичиг сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Өөрөө хэлээгүй гээд байгаа “бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж хэлсэн үг нь тухайн үедээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ хүнийг тийм, ийм хүн байсан гэж элдвээр муулаад хэрэггүй. Яагаад гэвэл энэ хувьсгалын үр дүнд энэ муулаад байгаа хүмүүс маань өнөөдөр эрүүл саруул, боловсролтой явж байна. Энэ хүнийг Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяагаар нь үнэлж дүгнэх ёстой. 
 
Ц.Хүрэлсүх /Сүхбаатарын зээнцэр/: Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчнийг байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан хүн
 
 
Манай өвөө Монгол Улсын түүхэнд ихээхэн гавьяатай хүн байсан. Эцэг эх өвгөд дээдсээсээ эхлээд тэмцэгч, ер нь Манжийн түрэмгийллийг эсэргүүцэж явсан түүхэн уламжлал байдаг юм билээ. Цэргийн эрдмийн үйл хэрэг Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчнийг байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулснаараа алдартай. Цэргийн хүчгүйгээр дотоодыг болон хил хязгаарыг байлдан дагуулах, эх орноо хамгаалах цэрэггүйгээр улс орон тусгаар тогтноно гэж үгүй. Нөхдийнхөө хамт халуун амь бүлээн цусаа үл хайхран мятаршгүй тэмцсэн хичээл зүтгэл өнөөдөр биелэлээ олсон байна. Д.Сүхбаатарын манлайлан удирдаж байсан тэр тэмцлийг манай улс үеийн үед дурсаж, цаашид улам идэвхжүүлж сайн сайхнаар авч явах ёстой гэж боддог. 
 
П.Дэлгэржаргал /Түүхийн ухааны профессор, доктор/: Бид түүхэн үнэнд түүхэн зарчмаар хандаж, түүхэн удирдагчийн байр суурийг зөв эзлүүлэх ёстой
 
 
Төрөхөд нь Монгол Улс тусгаар улс болчихсон байсан учраас одоогийн залуус тусгаар тогтнол бидэнд ямар их үнэ цэнээр олдсоныг төдийлөн сайн ойлгохгүй тохиолдол байх шиг байна. Д.Сүхбаатар бол 1911 оны Үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. 1921 оны ардын журамт цэргийн жанжны нэг. Энэ агуулгаараа энэ хүний эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тунхаглахад оруулсан хувь нэмэр асар их юм. Тусгаар тогтносон улс байх гэдэг юугаараа үнэ цэнэтэй юм гэх асуудал бий. Юуны өмнө тусгаар тогтносон улс байна гэдэг монголчууд бидэнд эх орныхоо эзэн нь байх боломжийг бий болгож буй юм. Хэрвээ бид аль нэгэн улсын хараат байсан бол бид эх орон, газар нутгийнхаа эзэн байх боломж үгүй.
 
 
 
1921 хувьсгалын удирдагч, цэргийн нэрт жанжин гэдэг талаас нь бодитой үнэлж дүгнэх нь Монголын ард түмэнд чухал ач холбогдолтой. Бид түүхэн үнэнд түүхэн зарчмаар хандаж, түүхэн удирдагчийн байр суурийг зөв эзлүүлэх ёстой. Хийж бүтээсэн гавьяаг хийснээр нь үнэлэх нь монголчууд бидний, бидний хойч үеийн үүрэг юм. 
 
 
 
С.Ганболд /Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор/: 
 
 
Түүхэнд алтан мөрөө үлдээсэн, зэвсэгт хүчний түүхэн хөгжлийн нэгэн цаг үетэй зайлшгүй холбогдох хүн бол Д.Сүхбаатар юм
 
Дамдины хүү Сүхбаатар 18-хан насандаа эр цэргийн албанд ирж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эргэлт буцалтгүй зүтгэх, цэргийн жанжин болох замналаа эхэлсэн түүхтэй. Цэргийн албанд ирж, цэргийн сургуульд суралцаад удаагүй байсан Д.Сүхбаатар Богд хааны зарлигаар тухайн үеийн зэрэг дэвийн жишгээр тавдугаар зэргийн шилэн жинс, тогосын отгоор шагнуулсан байдаг. Монголд үүрлэсэн Хятадын болон Оросын цагаантны цэргүүдийг эх орноосоо хөөн зайлуулах үйл хэргийг ямар замаар эхлүүлэх вэ гэх асуудал хурцаар тавигдсан үед зэвсэгт тэмцлийн аргаар эх орноо харийн дайснаас чөлөөлөх зорилтыг тавьсан байдаг. Цэрэг элсүүлж хуралдуулах ажлыг Д.Сүхбаатарт хариуцуулж өгсөн. Үндсэндээ Цэргийн Ерөнхий гэсэн албан тушаалд тохоон томилсон байдаг. Д.Сүхбаатарын хамгийн анхны албан тушаал нь Цэргийн Ерөнхий юм. Хувьсгалчдын зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид эхний ээлжид Монголын хойд хэсгийн харуулууд буюу Хиагтын баруун зүүн талын харуулууд, тэр хавийн анчид дундаас Ардын журамт цэргийг бүрдүүлэх ажлыг эхэлсэн байдаг. Тухайн үед Монгол байсан 1800-2500 орчим Хятадын гамин цэргийн эсрэг Ардын журамт цэргийн штабаас байлдааны ажиллагааны төлөвлөгөө боловсруулж 1921 оны 3 дугаар сарын 17-ны орой Хиагтын хажууд ирж 18-ны өглөө байлдааны ажиллагаанд орсон байдаг. Сум, галт зэвсэг дутагдсан мөн  цас ихтэйн улмаас Ардын журамт цэргийн хоёр их буу замдаа саатсанаас болж байлдааны ажиллагаа сунжирсан боловч тэр оройдоо Хиагтыг Хятадын гамин цэргээс чөлөөлж авсан. Манай зарим нэг судлаачид Жанжин Д.Сүхбаатарын удирдан явуулсан байлдаан, Ардын журамт цэргийн байлдааны ажиллагааг тоолж гаргасан байдаг. Тухайлбал, цэргийн түүхч И.Пүрэвсүрэн агсан Ардын журамт цэргийг нийт 200 орчим байлдаанд оролцсон гэж тооцож гаргасан. Мөн зарим судлаачдын гаргасан тооцоогоор жанжин Д.Сүхбаатарын өөрөө биечлэн удирдсан байлдааны ажиллагаа гэвэл 40-50 орчим байна гэсэн судалгаа бий. Аль аль нь зөв гаргалгаа. Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин хүн гэдэг тухайн үеийнхээ дүрэм журам, эрх мэдлийнхээ хүрээнд Ардын журамт цэргийг бүгдийг нь нэгтгэн удирдсан дарга, сайд, жанжин хүн. Энэ талаасаа Ардын журамт цэргийн хийсэн гэх 200 орчим байлдааныг удирдсан гэдэг нь гаргалгааны хувьд зөв юм. Харин түрүүчийн хэлсэн өөрөө удирдсан гэх 40-50 байлдааны ажиллагаа нь тухайн жижиг хороо, ангийг өөрөө удирдан авч явж байлдсаныг хэлж буй ойлголт. Үндсэндээ 1921-1922 он хүртэх хугацаанд Монгол Улсыг Хятад болон Оросын цагаантнуудаас чөлөөлөх байлдааны ажиллагааг жанжин Д.Сүхбаатарын удирдсан Цэргийн явдлын яам, Ардын журамт цэрэг амжилттай явуулж 1922 он гэхэд Монгол орон харийн цэргээс чөлөөлөгдсөн түүхтэй. Үүнийг жанжин Д.Сүхбаатарын Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хийсэн том гавьяа гэж хэлэхээс өөр аргагүй. XX зууны эхэн үеийн монголчуудын түүхэнд алтан мөрөө үлдээсэн, Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэн хөгжлийн нэгэн цаг үетэй зайлшгүй холбогдох хүн бол Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар юм. 
 
www.sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: