Сайд Н.Цэрэнбат хүсэлтийг нь илгээж, сайд асан Б.Батзоригийн дүү зээлийг нь авчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 3
Дуулиант ЖДҮ-гийн хэрэг хэмээгчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны ажилт­нууд нийлсэн до­лоон хүн буруутгагдаж, яллагдагчаар татагдсан.  Гэхдээ энэ хэрэг үүсэхэд УИХ-ын гишүүн, сайд, Төрийн өндөр албан тушаал­тан, МАН-ын удир­дах албан тушаалтнууд, өндөр албан тушаал хашиж явсан нөлөө бүхий хүмүүс нөлөөлсөн байдаг.
Тэдний нэг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат юм.
 
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь “Баруун загвар” ХХК, “Баян таван тэс” ХХК, “Аргалантын хур” ХХК-ийн төслүүдэд санхүүжилт олгож, дэмжихийг хүссэн албан бичгийг ХХААХҮЯ-нд илгээсэн.
Н.Цэрэнбатын дэмжи­хийг хүссэн “Баруун загвар” ХХК нь Увс айм­гийн төвд байдаг гутлын үйлдвэрлэл эрхэлдэг аж. Захирлыг нь Ц.Нямсамбуу гэдэг. Гэвч энэ компани Монголбанкны зээлийн муу түүхтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад орчихсон байжээ. Гэсэн ч ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтаж 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр 160 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “Ямар учраас Монголбанкны муу зээлийн түүхтэй компани ийнхүү шалгарч, санхүүжилт авсан талаар би мэдэхгүй” гэсэн байна.
 
 
 
Дараагийнх нь “Баян таван тэс” ХХК гэж бий. Тус компанийг Увс аймгийн Засаг дарга асан Л.Тогоогийнх, ферм байгуулна гэж зээл авчихаад “Тобу” худалдааны төвөө тохижуулсан гэх хардлага байдаг. Л.Тогоо нь сайд Н.Цэрэнбатын сонгуулийн менежерээр ажиллаж байжээ. “Баян таван тэс” ХХК мөн л ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/88 тоот тушаалд багтаж, 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр 250 сая төгрөгийн санхүүжилт авсан.
 
 
 
Гурав дахь компани нь “Арга­лантын хур” гэдэг. Энэ компанийг дэмжүүлэхээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХХААХҮ-ийн сайд Б.Бат­зоригт хандаж, төсөл нь шалгарсан байгаа юм. Гэхдээ энд нэг сонин юм гарч ирнэ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын дэмжлэг хүсч, хүсэлт явуулсан энэхүү “Аргалантын хур” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн төрсөн дүү Б.Ганзоригийнх болж таарсан байна.
“Аргалантын хур” ХХК нь 2018 оны хаврын сонгон шалгаруулалтад орсон боловч журамд заасан наад захын шаардлагуудыг хангаагүй учир хасагджээ. Тэгэхэд сайд Б.Батзориг нэлээд бухимдсан байгаа юм.
Харин намрын сон­гон шал­га­руулалт буюу сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахын  өмнө Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж “Б.Ганзориг гэдэг хүний утсыг тэмдэглээд ав. Энэ хүн сайдын дүү шүү” гээд 9910…… дугаарыг тэмдэглүүлсэн байна.
Удалгүй нөгөө ду­гаа­раас сайдын дүү Б.Ганзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн гар утас руу залгаж “Уулзъя” гэсэн байгаа юм. Тухайн үед С.Төгсбилэг “Хүүхдийн 100” орчимд явж таараад тэндээ Б.Ганзоригтой уулзжээ. Тэгэхэд Б.Ганзориг “Нэг төслийн материал бэлдэж байгаа. Өмнөх сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй. Одоо материалаа сайн бүрдүү­лээд ормоор байна. Зөвлөгөө өгнө үү” гэсэн байна. Тэр компани нь “Аргалантын хур” ХХК байжээ.
 
 
 
“Аргалантын хур” ХХК, бас нэг компанийг “зүтгүүлж” байгаагаа Б.Ганзориг тэгэхэд хэлж байжээ. Юутай ч “Аргалантын хур” ХХК нь “Заавал санхүүжилтэд багтаах жагсаалт”-д орсон тул сонгон шалгаруулалтад тэнцэж ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаалд багтаж, 2018 оны есдүгээр сарын 600 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.
 
 
 
Ер нь бол сайд Н.Цэрэн­бат, сайд асан Б.Бат­зориг хоёрыг нэр бү­хий компаниудаар холбогддог гэх мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр нийтлэгдэж байв.
Энэ удаа ЖДҮ-гийн асуудал дээр ч сайд Н.Цэрэн­батын хувьд хү­сэлт явуулчихаад хараад суугаагүй аж. Тэрээр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн 9911 …. дугаарын утас руу вайбераар мессеж бичиж сануулсаар байжээ.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: