Б.Пүрэвдорж: Буудлын ваучерээр казинод тоглосон

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 11 ・ 9

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа

-Энэ парламентын хамгийн отгон хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ. Танай нам энэ парламентын үед сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадсан уу?

- МАН засгийн эрх барихдаа олон алдаа гаргасан. Түүхэндээ хамгийн нэр хүнд муутай парламент байлаа. Алдаа бүрт нь дөрөөлж, тэдний шархыг сэдрээх боломж манай зөвлөлийн цөөхөн гишүүний хувьд боломжгүй байлаа. Долоон хүн цөөн юм. Бид сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж байгаа. Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа МАН-ынхан дотроо ЖДҮ, 60 тэрбумынхан гээд хоёр хуваагддаг. Энэ бүхэнд АН-ын зөвлөл үүргээ биелүүлж асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулах, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд АН-ын зөвлөлийн хувь нэмэр их байсан.

-Эрх баригчдын зүгээс намрын чуулганыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан үр дүнтэй боллоо гэж тодорхойлсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засагт нөлөө үзүүлэх чухал шийдвэрүүд гаргаж чадаагүй. Тухайлбал, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргадаг заавар, зөвлөмжийг манайх биелүүлээгүй, хариуцлагагүй хандсанаас болж өнгөрсөн жил саарал жагсаалтад орсон. Энэ жагсаалтад орох болсон нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний багт ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч нарын урагшгүй ажилтай холбоотой гэж хэлж болно. Гэтэл саарал жагсаалтад орсон хариуцлагыг сайд, дарга нар нь үүрээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хүлээгээд өнгөрсөн шүү дээ. Үүнээс болж валютын гүйлгээ нэг улсын хяналтад орж, ам.долларын гүйлгээ БНХАУ-ын хоёр банкаар дамжиж байгаа. Ингэснээр манай улсын гадаад, дотоод худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлыг Хятад Улс хяналтандаа байлгах боломж бүрдсэн гэсэн үг.

-Намрын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга богино хугацаанд саарал жагсаалтаас гарах боломжтой гэж хэлсэн шүү дээ?

-Саарал жагсаалтаас гарах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Гэтэл намрын чуулганы төгсгөлд хэд хэдэн хууль оруулж ирээд хэргээр унагасан. Тэгэхээр энэ Засгийн газар саарал жагсаалтад байх сонирхол бий гэж үзэж байна.

-Эрх баригчид нийслэлийн мандатын тоог цөөлсөн нь ямар учиртай юм бол?

-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тойрог, мандатыг шинэчилсэн. Энэ талаар бид зарчмыг зөрүүтэй санал гаргасан. Нийслэлийн мандатын тоог нэмэх, ядаж бууруулахгүй байх ёстой гэж үзсэн ч өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосон. Тэд тойрог, мандатыг хуваарилахдаа хэд хэдэн рейтингийн судалгаа явуулж гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд одоогийн эрх баригчид нийслэлээс олигтой санал авч чадахгүй гэсэн хариу гарсан гэсэн үг. Учир нь, 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа нийслэлийн төсвийг эрс танасан. Түүнчлэн нийслэлийн төсвийн орлогоос 300 тэрбум орчим төгрөгийг улсын төсөв рүү татан оруулж, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаас 600 орчим тэрбум төгрөг хассан байна. Тиймээс хөдөө орон нутаг руу төсвийн хөрөнгө оруулалтаа татаж, иргэдийн саналыг авах зорилгыг агуулж байгаа юм.

-Саяхан АН-ын дарга Д.Эрдэнэбатын казино тоглосон зураг, бичлэг ил болсон. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Казино тоглосон нь хувь хүний асуудал. Тиймээс энэ талаар би мэдээлэл өгөхгүй.

-Тэгвэл таны казино тоглож байсан зураг гарсан байсан шүү дээ?

-Энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явж байх үедээ казинод орсон. Ингээд буудлын ваучер гэж эрх олгоод, үүгээр нь би тоглосон. Тухайн үед казинод тоглох асуудлыг хуулиар зохицуулаагүй байсан. 2019 оны дөрөвдүгээр сард төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэмд өөрчлөлт орж, казино тоглохыг хориглосон. Үүний дараа би тоглоогүй. Цаашдаа ч тоглохгүй. Манайд төрийн мөнгөөр тоглодог нөхдүүд бий. Казинод хэзээ ч хождоггүй юм. Тиймээс монголчууд казинод тоглох хэрэггүй.

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчлал хийж, энэ үеэр сонгуулийн санхүүжилтийг тус улсаас авах талаар ярилцсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Манай намын удирдлагууд БНХАУ-д айлчлал хийсэн. Монгол Улсын эдийн засаг урд, хойд хоёр хөрш орноос шууд хамааралтай. Тэр тусмаа экспортын 90 хувь нь Хятад Улс руу гардаг. Тиймдээ ч тус улстай сайн харилцаатай байх нь манай улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой. Харин АН сонгуулийн санхүүжилтээ тодорхой улс орон, томоохон, аж ахуйн нэгжүүдээс авахгүй. Тиймээс гишүүдээсээ санхүүжилт авах босгыг тавьсан.

Б.Бадралмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: