Коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулж, ард иргэддээ зөвлөгөөг хүргэж байгаа билээ. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ. Польш улс 6 сар хэрэгжих Ковид-19 халдварын үед арга хэмжээний тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа  "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж, буурсаар байна. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа.  Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна" гэв.