Ё.Баатарбилэг: 12-р ангийнхан ЭЕШ-аа л өгнө, бусдаас нь анги дэвших улсын шалгалт авахгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 05

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзаж санал солилцжээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших  шалгалт авахгүй гэдгийг онцлов.

Хөл хорио тавигдаж хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хаврын хичээл тарах үед Элсэлтийн ерөнхий шалгалт л авах юм байна. 

Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдах бөгөөд теле хичээл амжилттай үргэлжилж байгаа аж.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Сурагчдаас анги төгсөх буюу дэвших улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа энэ тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол болохгүй. Улсын шалгалтад бэлдэж байгаа нэрээр хүүхдүүдийн анхааралыг их сарниулдаг.

Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ  дүгнэнэ. Одоо улсын шалгалт авья гэхээр бусад хичээлийг орхигдуулаад гол гурван хичээлдээ анхааралаа хандуулж сурагчдыг хоцрогдолд оруулах эрсдэлтэй. Тиймээс бүх сурагчдын хоцрогдлыг арилгаж жигд төгсгөх зааврыг өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын заавал үзэх хичээлийн агуулгаар нь шалгалтын сорилыг бэлтгэнэ. Учир нь хүүхдүүд багш нартайгаа харьцаж зөвлөгөө авах байдал хомс байгаа ийм үед хүндрүүлж авч болохгүй.  Гэхдээ хоёр удаа заавал өгдөг Монгол хэлний шалгалтаа өгнө. Энэ шалгалт нь 12-р ангийн Монгол хэлний хичээлээр мэдсэн байх ётсой агуулгыг багтаана" гэлээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх