Сонгуулийн зардлын хэмжээ гишүүдэд “шархаа нөхөх үүргийг” тулгасаар байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 06 ・ 1

 

  • УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалингаас дөрөв дахин их мөнгө сонгуульд зарцуулах гажууд тогтолцооноос хууль бус ашиг сонирхол “үнэртэнэ”
  • Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн зарцуулах мөнгө тэрбум төгрөг давахад ялзрал “ханхлах” вий 
  • Нэр дэвшигчид хандив өгсөн компанийг хоёр жил төрөөс зарласан тендерт оролцуулахгүй байх олон улсын зөвлөгөөг хүлээж авъя

Найз нөхөд, хамаатан саднаасаа мөнгө зээлж, гуйж, хандив аваад 400 сая төгрөг төлөн сард сая төгрөгийн цалингаар дөрвөн жилийн гэрээтэй ажиллах хүн хэр олон бол оо. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн зардлын хэмжээг тогтоохдоо яг ийм нөхцөлийг тулгасаар иржээ. Энэ удаагийн парламентын сонгуульд нэр дэвшигч дээд тал нь 775.2 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах шийдвэрийг СЕХ, Үндэсний аудитын газар (ҮАГ) баталлаа. Гэвч УИХ-ын гишүүний дөрвөн жил авах цалингаас 10 дахин их мөнгөн дүнг зарцуул хэмээж буй нь зүй ёсны зарчмын эсрэг үйлдэл юм. УИХ-ын гишүүний үндсэн цалин 1.2 сая төгрөг гэж тооцвол дөрвөн жилийн хугацаанд 60.4 сая төгрөг болно. Үүн дээр хууль санаачилсан, боловсруулсан, баталсны мөнгө, олон жил ажилласан болон албан тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл, албан томилолтын мөнгө гээд хууль журмын дагуу дөрвөн жилд дээд тал нь 60 гаруй сая төгрөг нэмэгдлээр хүртэх боломжтой. Харин ийм цалингийн төлөө 360-775 сая төгрөг зарцуулах нь сонгогдсон хойноо “шархаа нөхөх”, хууль бус ашиг сонирхолд үйлчлэх бодит шалтгаан болж байна. Өөрийн хурааж хуримтлуулсан хэдээ ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулах тэнгэрлэг баян байж болох ч УИХ-ын гишүүний албан тушаал буяны үйлс биш, иргэдийг төрд төлөөлөх “үйлчилгээний ажилтан” гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн байр суурь, саналыг төрийн бодлогод зуучлагч болохын тулд авах цалингаасаа хэд дахин их мөнгө төлөх ёстой гэж. Энэ л гажууд тогтолцооноос хууль бус ашиг сонирхол “үнэртэнэ”. 2016 онд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах дээд хэмжээг тогтоохдоо хамгийн бага нь 174 сая, дээд хязгаар нь 378 байсан бол өнөө жилийнх 360-775 сая төгрөг болж хоёр дахин нэмэгджээ. Чухам ямар үндэслэлээр нэр дэвшигчийн зардлыг ийм өндөр дүнгээр тогтоосныг аудитын байгууллагаас тодруулахад “хуульд заасан нөхцөлөөр тооцоход ийм дүн гарсан” гэж тайлбарлав. ҮАГ-ын Нийцлийн аудитын газрын дарга С.Энхбаатар “Энэ хэмжээг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.2, 39.2-т заасны дагуу тухайн тойргийн өрхийн болон сонгогчийн тоо, нутаг дэвсгэрийн байршил, сонгуульд гарч болох зардлыг харгалзан тогтоодог” гэсэн. Хууль ийм юм чинь яах билээ гэсэн тайлбар. Тэр нь ч тийм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2-т нэр дэвшигчийн өөрийгөө сурталчлах хэлбэрүүдийг тодорхойлохдоо гудамжинд таних тэмдэг, уриа үг, зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах, сурталчилгааны нэвтрүүлэг хийлгэх, сонинд магтуулах зэрэгт зарцуулах мөнгийг нэр дэвшигчийн зардал гэж үзэж байгаа юм. Үүн дээр сурталчилгаанд ашиглах автомашины түрээс, шатахууны зардлыг бас шингээснээр ийм өндөр зардал гарах юм гэнэ. Энэ бүгдийг нэр дэвшигч өөрийн хөрөнгөөр хийнэ гэдэг хүндрэлтэй. Найз нөхөд, хамаатан садныхаа туслалцаа, бизнесийн байгууллагын оролцоог ч авч байгаа. Гэвч хэрээс хэтэрсэн энэ их зардлыг эргүүлж төлөх тогтолцоог хуулиар бий болгож байгаа нь гажуудал юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа “Манай улс төрийн систем нь сонгуулийн санхүүжилттэй нягт холбоотой, өндөр өртгөөр явдаг учраас ёс зүйтэй, хариуцлагатай, мэдлэгтэй хүмүүсийн боломжийг хааж санхүүгийн өндөр чадамжтай хүн өрсөлдөх боломжийг л бий болгочихсон. Тэгээд тэр их мөнгийг дагаад гаргасан зардлаа нөхөх буюу тендер бас бус зүйлээс хумсалж байгаа юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Сонгуулийн зардал өндөр байгаа нь улс төрийн системийг бурангуй, бохир болгоод байгаа юм” хэмээсэн. Түүний болон иргэдийн хардлага бодитой. Нэр дэвшигч мөнгөнөөс болж сонгуульд ялагдах магадлал өндөр манай орны нөхцөлд хувийн компаниас хандив, тусламж авах нь түгээмэл. Мэдээж “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн нэхэл хатуутай зүй тогтлоор тухайн компанид “өрөө” төлөх нь манай гишүүдийн гол үйл хэрэг болоод байгаа юм. Магадгүй өнгөрсөн дөрвөн жилд өнөөгийн УИХ-ын гишүүдийн орооцолдсон концесс, тендер, ЖДҮХС-г цөлмөсөн хэргийн хэд нь сонгуульд санхүүжилт гаргасан хувийн компанитай хамаатай бол гэх хардлага ч өөрийн эрхгүй төрнө. Сонгуулийн зардлыг нь даагаад төлөөлөгчөөр томилдог нь ч нууц биш. Шударга бөгөөд зүй ёсны өнцгөөс харвал энэ яав ч байж болохгүй үйлдэл. Манай бүс нутагт Япон, БНСУ, Афганистан, Бутан зэрэг 10 гаруй улс сонгуульд нэр дэвшигч хувийн компаниас хандив авахыг хориглосон хуультай. Гэтэл манай улс эл шударга бус тогтолцоог хязгаарлах, хуулиар зохицуулах алхам хийлгүй өдий хүрчээ. Магадгүй дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн зарцуулах мөнгө тэрбум давна. Тэр үед ашиг сонирхол бус бүр ялзрал ханхлах вий. Уг нь үүнийг зохиулах боломжийг олон улсын судлаачид манай улсын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр тогтоож, зөвлөсөөр ирсэн. 2018 онд Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийсэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн судлаач Урибэ Бурчер, Бертоа нар ч үүнийг шүүмжилж, дүгнэлтдээ “Сонгуулийн кампанит ажлын зардлын дээд хэмжээг багаар тогтоож, хувь хүмүүсийн хандивын хэмжээг нэмэх, хуулийн этгээдээс авах хандивын хэмжээг маш багаар тогтоох, цаашид бүрмөсөн хориглох хувилбарыг сонгох нь зөв. Ялангуяа төрд бараа, үйлчилгээ нийлүүлэх гэрээтэй бизнесийн байгууллагуудаас авах хандивыг хязгаарлах, хориглох, эсвэл хандив өгсөн компанийг төрөөс зарласан тендерт оролцохыг хоёр жилээр хориглох заалтаар зохицуулахыг зөвлөж байна” гэжээ. Энэ зөвлөгөөг өнгөрсөн онд баталсан сонгуулийн хуульд багтааж болох байсан ч манайхан хүсээгүй юм. Өнгөрсөн онд баталсан сонгуулийн хуулиар нэг нэр дэвшигчийн бусдаас авах мөнгөн хандивыг иргэнээс таван сая, компаниас хорин сая төгрөг байхаар тогтоосон. Иргэнээс хандивлах мөнгийг сайн найз, сайхан хамаатны хувиар “буяны үйлс” хэмээн сэрдлэггүйгээр орхиж болох ч компани, бизнесийн байгууллагаас ил өгсөн 20 сая төгрөг, далдуур тусалсан дэмжлэгийг хардахаас өөр арга алга. Тэгээд ч Итгэл баяны “нэгийг гаргаад, арвыг олохгүй юманд хөрөнгө үрж яаж болохов” хэмээх үгийн хүч сулраагүй байгаа өнөө үед 20 саяар хандив өргөсөн бол гишүүнээс дэмжлэг хүсэх нь бизнесийн “алтан дүрэм”. Энэ дүрмээс улс төрийг холдуулахын тулд хориглох заалтыг сонгуулийн хуульд шингээх ёстой юм.

 

www.npost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 03 сар 07/

    Нам мөрийн хөтөлбөрөө гаргаж танилцуулаад л намын нэрээр гарсан эрхмүүд намын хөтөлбөрөө баримтлаад л явбал зардал буурна

    Хариулах