Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй харьцсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарч, "Өнөөдөр 10:00 цагийн байдлаар халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан есөн хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 иргэн дээр нэмэгдэж 58, нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэн буюу халдвар авсан Францын иргэнтэй онгоцонд хамгийн ойр сууж ирсэн зорчигчоос авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч, лабораторид шилжүүлсэн байна. Түүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ.
Ингээд өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлаар, Өнөөдрийн байдлаар 1173 иргэнийг ажиглалтад авч хяналтад авчээ. Сэжигтэй 280 тохиолдлыг тусгаарласан байна. ХӨСҮТ дээр хэвтэн эмчлүүлж байгаа Франц иргэний биеийн байдал хэвийн байгаа гэв.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Африкын улсад шинээр халдвар бүртгэгдсэнээр дэлхийн бүх тивд КОВИД-19 халдвар бүртгэгдээ. БНХАУ-аас эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа өчигдрийн цахим хурлын үеэр мэдээлсэн. Мөн сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна. Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй адил байна.
ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.
БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцолбол, хүйтэн уух зүйлээс татгалзах, Хамар хоолойгоо давс, царвангийн уусмалаар зайлахыг зөвлөсөн байна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 328 хүн нас барлаа. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д дэгдэлтийн оргил үе дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.
БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдсэн КОВИД-19 халдварын тоо буурч, 110 тохиолдол шинээх нэмэгдсэн байна.
Итали улсад 2312 тохиолдол шинээр бүртгэгдэж, 193 нас барсан. Иран улсад 9658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ.
Цаашдаа КОВИД-19 халдварын тоо, шинээр бүртгэгдэх улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна” гэлээ.