Г.Ганхүү: Бутан дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэдэг ч монголыг минь яаж гүйцэх вэ дээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 25 ・ 7

“Шар айраг” хамтлагийн ахлагч дуучин Г.Ганхүүтэй ярилцлаа.


-Бид таныг багаасаа л урлагаар хүмүүжсэн нэгэн гэдгийг мэднэ.Таны урлагийн гараа бүр хоёрдугаар ангиас тань эхлэлтэй шүү дээ?

-Хоёрдугаар ангид байхдаа “Дөрвөн Иван” нэртэй хамтлаг байгуулж байлаа. Тэртээ 1976 онд гэсэн үг шүү дээ.Ангийн багш минь урлагт дэндүү дуртай, хайртай хүн байсан. Манай ангийнхан урлагийн мундаг авьяастай байсан гэвэл дэгсдүүлсэн хэрэг болно. Багш минь л биднийг хөглөж, урлаг соёлд хайртай болгосон доо. “Дөрвөн Иван” хамтлагийг Монголын анхны эрэгтэй хамтлаг гэж хэлж болно. Бид дөрөв ганцхан дуутай байсан. Гэсэн ч хүмүүс их өхөөрдөж хүлээж авсан. Олон арга хэмжээ, төрийн тоглолтод уригдаж дуулсан.

-Урлагийн хүнийг том тайз хөглөдөг гэлцдэг. Хамгийн анх том тайзан дээр гарч байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Долдугаар ангидаа “Прогресс” нэртэй хамтлаг байгуулж байлаа. Ингээд хоёр жилийн дараа хамтлагаараа “Улс төрийн дууны хоёрдугаар их наадам”-д оролцсон. Миний анхны том наадам байсан гэх үү дээ. Тухайн үедээ чамгүй олон шалгуурыг давж байж л орсон доо. Их хөгжилтэй.Дууныхаа үгийг бичиж очиж шалгуулдаг. Бид нар Род Стюарт дуучны “I am Sailing” дууг бэлдээд оччихсон. Тэгсэн наад дуугаа орчуулаад ир гэдэг юм байна. Тухайн үедээ би “Битлз”-ийн дуунуудыг сонсож эхлээд орчуулдаг болчихсон. Муухан англи хэлтэй байлаа. Хамгийн гол нь тэр дуугаа утгыг нь өөрчилж улстөржүүлсэн маркийн орчуулж байгаа юм. Тэгээд дуугаа оруулахын тулд“Капитализм нийгэм онцгүй учраас социалист нийгэм рүү сэлж” байна гэх маягаар орчуулж сэргэлэнтэж байгаа юм. Тэгсэн ийм үгтэй юм бол болно гээд шалгуурыг нь давсан даа. Ингээд л хамгийн анхны том дууны наадамд оролцож, “Өргөө”, “Айзам”, “Мөнгөн хүрхрээ”, “Дөмөн” гээд томоохон хамтлагуудтай нэг том тайзан дээр гарсан. Тасалбар нь олддоггүй тийм л үе байсан.

-Хоёулаа амьдралыг тань өөрчилсөн хамгийн хариуцлагатай үеийг эргээд нэг саная?

-Хүнд зовлон жаргал тохиолдохоор их зүйл болдог юм билээ. Намайг долдугаар ангид байхад аав минь бурхан болсон.Тэр үеэс би илүү сурлагадаа шамдаж, хариуцлагатай болж эхэлсэн. Миний амьдралыг өөрчилсөн хэсэг гэж хэлж болно. Тэр ч хүчиндээ сургуулиа төгсөөд гадаадад суралцсан. Хүүхэд болгон барууны орнууд руу л явахыг хүсдэг байсан үе шүү дээ. Одоогоор бол социалист лагерийн орнууд болох Герман, Унгар, Польш, Югослав, Болгар байсан л даа. Тэгээд Чех руу хувцас загвар зохион бүтээгч гэсэн мэргэжлээр сурахаар явсан. Эмэгтэй хүний мэргэжил гэж боддог байсан болохоор тийм ч дуртай байгаагүй. Сүүлд харсан дэлхийн том том хувцас загвар зохион бүтээгчид дандаа л эрэгтэй хүмүүс байдаг юм байна лээ (инээв).

-Таныг пянз тоглуулагч цуглуулдаг гэж сонссон юм байна. Цуглуулгаас тань хамгийн эртнийх нь хэдэн оных вэ?

-Манай аавын авч өгсөн 1981 оны пянз эртнийх нь. Түүнээс хойш цуглуулсан пянз олон бий. Пянзнаас гадна намайг хүүхэд байхад Унгарын Биаг,Чехийн Стадион, Оросын Советский спорт, Кругозор гээд гадны сонин сэтгүүлүүд их ирдэг байсан. Тэр нь бас олдоц муутай. Жишээлбэл, Стадион гэх сэтгүүлийг авахын тулд өглөө дөрвөн цагт босож оочерлодог байсан. Маш урт оочертой. Зарим тохиолдолд авч амжихгүй дуусчихна. Оочерлосоор байгаад сүүлдээ сэтгүүл зардаг худалдагч эгчтэй найз болсон. Би их яриасаг хүүхэд болохоор ямар ч хүнтэй ахаа эгчээ болоод явчихна шүү дээ.Тэгээд л бид нарт сэтгүүл нуугаад үлдээчихдэг болсон. Өглөө дөрвөн цагт босож оочерлох ч шаардлагагүй болсон доо. Худалдагч эгчийн буянаар барууны сэтгүүлүүдийг их цуглуулсан. Хэлийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ зурагнууд нь их гоё болохоор хайчилж гэрийнхээ хананд наадаг байлаа. Ингэх нь нэг хэсэг моод байлаа шүү дээ. Хананд наасан хайртай хамтлагуудынхаа зургийг харахаар бөөн шивээс, хуруундаа баахан бөгжтэй. Тэр нь намайг бөгж, зүүлтэнд их дуртай болгосон. Гадаад руу явахаараа хамгийн эхэнд бөгж авдаг. Манайхан гайхаад чи эмэгтэй хүн шиг дандаа бөгжний дэлгүүр явж байх юм гэдэг.

-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

-“Хаан брой”-той холбоотой. Тэнд зөөгч хэрэгтэй болоод хамгийн анх гурван охин ирж байсан. Хөөрхөн гурван охин орж ирээд л. Тэдний нэг нь миний гэргий(инээмсэглэв). Нэг ёсондоо захирал нь ажилтнаа аваад суучихсан гэх үү дээ, амьдрал хөгжилтэй шүү.

-Сүүлд өгсөн ярилцлагыг тань уншихад 113 орноор аялсан байна гэсэн. Түүнээс хойш ямар ямар улсаар аялав?

-Ер нь аялсан орнуудаа нэг их тоолдоггүй байсан. Сэтгүүлчид хэдэн орноор аялсан бэ гэж дандаа асуугаад байдаг болохоор хэрэг гаргаж гэртээ газрын зураг аваад эхнэртэйгээ хоёулаа аялсан газруудаа хатгаж үзсэн.Тэгэхэд 113 улс байсан. Түүнээс хойш нэлээн явсан байна. Хамгийн сүүлд 118 дахь улс буюу Минимари улсаар аялаад нэвтрүүлэг хийгээд ирсэн. 118 улсаас 87 улсаар нь нэвтрүүлэг хийсэн байна.Анх 25 дугаар суваг телевизийн З.Алтай ах санаачлаад “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд ахтай нийлээд Зүүн Өмнөд Азийн найман орноор явсан. Тухайн үед санхүүгийн боломжоосоо болоод ч тэр үү, хүн болгон гадаад явж чаддаггүй. Интернэт бас сайн хөгжөөгүй байсан үе. Хаана очиж юу хийж яахаа мэдэхгүй. Тухайн улсдаа очоод судлаад явдаг байсан. Хүмүүсийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг “Үүргэвчтэй аялал” байсан.

-Ямар улс хамгийн сайхан нь вэ?

-Маргаангүй Бутан. Үлгэрийн юм шиг сайхан газар. 740 мянган хүн амтай. Гималайн нурууны зүүн хошуунд оршдог. Далайд гарцгүй, Өмнөд Азийн орон. Зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгаагаас гадна Балба, Бангладеш гэх улсуудтай ойролцоо байрладаг. Хаагдмал сонин дүрэм журамтай газар. Аялал жуулчлал нь бас хаагдмал. Нэг жилд тэдэн хэмжээний жуулчин авна гэсэн квоттой. Мөн энэ улсад ирсэн жуулчин өдөрт заавал тийм хэмжээний доллар үрсэн байна гэсэн шаардлагатай. Тэгээд зөвхөн Бутан-айр гэсэн онгоц нисдэг, өөр онгоц нисдэггүй.Бид онгоцоор явахад үүл зүсээд л доошлоод буудаг. Гэтэл Бутанд доошлоод байхад л үүл тэр доор харагдаж байх жишээний. Бүх замууд нь уулын хяраар байдаг. Арга ч үгүй юм билээ. Хэрвээ доор зам хийчихвэл дээрээс уулын ус түрж орж ирэх аюултай. Тийм учраас замууд нь дандаа уулынхаа орой хэсгээр байдаг юм билээ. Замаар нь нэг тосгоноос нөгөө тосгон руу явахад үүл тэр доор харагдаж байдаг үнэхээрийн сайхан улс. Гэхдээ Монголын дэлгэр сайхан газар нутаг, хүн зоныг минь яаж гүйцэхэв. Англи, Бутан гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгд англи хэлээр ярина. Хажуугаар нь өөрсдийн үндэсний хэл, соёлоо хадгалаад үлдчихсэн. Хүмүүсийн бараг тал нь шахуу “Гоо” гэж нэрлэдэг дээлээ өмсдөг. Ихэнх эрэгтэйчүүд нь “Дорж” гэсэн төвд нэртэй. Буддист шашинтай, хаант засаглалтай. Хаан хатан хоёр нь хамгийн царайлаг гэж явдаг. Би өөрөө жаахан сүсэгтэй л болохоос айхавтар шүтээд байдаггүй. Гэтэл Бутанд очоод бурхны оронд ирчихсэн юм шиг л. Бүх юм нь уулын оройгоор, доогуур үүл хөврөөд л, хүмүүсийн уур амьсгал нь ч тэр ямар сайхан юм. Аз жаргалын индексээр Бутан улс хоёр жил дараалан тэргүүлсэн шүү дээ.

-Таны бас нэгэн хобби бол ууланд авирах. Уулчин болсон түүх нь сонирхолтой санагдлаа?

-Аялал хийх гэж байгаа хүмүүс ихэвчлэн Англи, Америк гээд дандаа Европын хөгжилтэй орнуудыг боддог. Яваад ирэхээрээ өөр сонин юмруу хөтлөгдөж зорьдог юм билээ. Тэр газрын тэр ууланд нь хүртэл авираад үзчихье ч гэсэн бодол төрдөг. Миний уулчин болсон түүх тэрэнтэй холбоотой. Өөр ондоо, сонин байсан нь Антрактид тив. Тэнд очсон тав дахь монгол хүн болж байлаа. Гэхдээ Антрактид тивийн хамгийн өндөр ууланд Монголынхоо далбайг мандуулсан анхны уулчин би шүү дээ. Их содон сонин, дурсамжтай. Өвөл буюу арванхоёр, нэгдүгээр сард очих боломжтой. Арванхоёр, нэгдүгээр сард -30 градус байдаг. Бусад үед -70 градус байдаг. Туршлагагүйтээд энгийн бугуйн цагтай явчихсан. Олон хоноод эхлэхээр сүүлдээ шөнийн хоёр цаг болоод байна уу, өдрийн хоёр цаг болоод байна уу гэдгээ мартчихдаг юм байна лээ.

-Та Ази тивээс нэг улсын хэлийг сурна гэж байсан. Нэмж хэл сурсан уу?

-Япон, солонгос, хятадууд хэлэндээ тааруухан шүү дээ. Монголчууд хэл сурахдаа хурдан. Азийн улсуудтай хэл нэвтрэлцэхэд хэцүү байдаг учраас нэг хилийг нь сурч байхгүй яав даа гэж өөрийгөө зоригжуулсан. Одоо тэгээд сураагүй ээ сураагүй. Англи хэлийг бол дуу орчуулж сурсан. Түүнээс ямар нэгэн сургууль, сургалт дамжаанд яваагүй.

-Ер нь монголчууд хөгжил болоод сэтгэхүйн хувьд бусад улсуудаас ямар ялгаатай санагдав?

-Гадаадаар явахдаа ямар ч улсыг өөрийнхөө улстай харьцуулж явдаг. Монголчуудын хувьд эдийн засаг, аз жаргалын индексийн хувьд тийм ч доогуур орохгүй.Тэрийгээ монголчууд мэддэггүй. Мэддэггүйдээ л гол учир нь байна. Мэдээж өдөр тутмын асуудлууд олон байгаа ч шийдвэрлэж болох зүйлүүд шүү дээ. Газар нутаг уудам, түүх соёл яндашгүй их, газар доорх баялаг арвин тэгээд хүн ам цөөтэй. Ер дэлхийд хүн амын өсөлт маш сөргөөр нөлөөлж байгаа. Техник технологи хөгжиж байгаа учраас хүн ам багатай байх нь дутагдал биш. Зарим орон ямар ч түүхгүй, эсвэл түүхээ худлаа шинэчлэн бичдэг юм билээ. Тэгэхээр бид байгаа зүйлээрээ бахархах ёстой. Японы “Хүнд саад болохгүй амьдрах” гэсэн нэг том философи байдаг. Харин монголчуудын хувьд хүний дор орохгүй амьдраарай гэж захидаг. Тэрнээсээ болоод зээл аваад цагаан сараа маш өргөн дэлгэр тэмдэглэдэг жишээ бий. Ганцхан өдөр баярлаад үлдсэн 364 хоногт нь зээлээ төлж зовох шаардлагагүй шүү дээ. Бас гадаадад байгаа хүмүүс жинхэнэ Монголоо санагалзаж үндэсний контент, мэдээ мэдээллүүдийг Монголд байгаа хүмүүсээсээ илүү үздэг юм билээ. Тэрийг биеэрээ мэдэрсэн. Харин эх нутагтаа байгаа монголчууд эсрэгээрээ гадны юмыг үзэж сонирхох нь илүү.

-Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд бид хэрхэх ёстой вэ?

-Орой болгон телевизээр хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр гээд бүсгүйг харж байна л даа. Тэгээд саяхан фэйсбүүктээ “Ямар сайхан чин сэтгэлээсээ ажилладаг юм бэ. Энэ бүсгүйг харсаар байгаад би дохионы хэл сурлаа” гэсэн пост оруулсан. Тэр эмэгтэйг ямар сайхан чин сэтгэлээсээ ажлаа хийж байна вэ гээд би хувьдаа бахархаж сууна. Хүмүүс сэтгэгдэл бичсэн байна лээ. Нэг аккаунтаас “Хүн болгон яг энэ эгч шиг ажлаа чин сэтгэлээсээ дор бүрнээ хийж чадвал Монгол Улс минь хөгжихөд ойрхон байна” гээд бичсэн байсан. Ер нь өөр өөрсдийн ажил үүргээ сэтгэлээсээ гүйцэтгээд дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс олон бий. Сүүлд гэхэд “THE HU” хамтлаг Монголын урлаг соёл, түүхийг дэлхийд харууллаа шүү дээ.

-Та Монголын бас нэгэн бахархал болоод буй“THE HU” хамтлагийнхантай ойр байдаг хүн. Зөвлөгөө өгдөг үү?

-Би “Битлз”хамтлагийн дуунуудыг ойлгохын тулд англи хэлийг 1970-аад онд сурч байлаа. Түүнтэй адилхан маш олон залуучууд “THE HU” хамтлагийн дууг сонсож ойлгохын тулд монгол хэлийг сурахын зэрэгцээ, монгол дээл, морин хуур сонирхож байна.

Одоогоор “THE HU” хамтлаг дөнгөж эхэлж байна. Дүү нартаа ч үргэлж хэлдэг. Энэ бол эхлэл шүү. Оддын өвчин битгий тусчихаарай. Монголын нэрийг улам өндөрт гаргах хэрэгтэй гээд. Яг энэ энерцээ алдахгүй байх хэрэгтэй. Бас салж болохгүй. Хамтлагийнхаа хэн нэгэн гишүүнийг сольж болохгүй гээд л.

-Та “Nostalgia” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Тэгэхээр дэлхийн рок попын түүхийг сайн мэднэ. Ер нь хамтлагууд юунаас болж тардаг юм бэ?

-“Битлз” тасархай хамтлаг байж байгаад Ёоко Оно гэх эмэгтэйгээс болоод л салчихсан. Тийм учраас эхнэр хүүхдээ хамтлагийн ажилд оруулж болохгүй. Хамтлагаасаа нэг хүн гаргаад өөр хүн оронд нь оруулж ч болохгүй.Тэгэхэд л хамтлагийн амин сүнс алдагдчихдаг. “Роллинг Стоунз” хамтлаг дуу сайтай, төгс байсандаа биш, салаагүй тууштай байснаараа өнөөдөр дэлхийн номер нэг хамтлаг болчихоод байна. Хамтлагийн гишүүд 70 гарчихсан ч гэсэн ямар гоё байна вэ. “THE HU” хамтлаг ч тэгтлээ явах ёстой байхгүй юу.“The Rolling stones”хамтлаг нийт мянга гаруй дуу зохиосон байгаа юм. Түүнээс хит болсон цөөхөн хэдэн л дуу бий. Шинэ дуу дуулахаар хүмүүс авч хэлцдэггүй. Шүгэлдээд л болио гэж хашгираад л. Тэгэхээр аравхан дуу л тэр хамтлагийг насаар нь тэжээж байна. Энэ утгаараа сайн бүтээл дэлхийд гарах нэг жимийг заачихаж байна шүү дээ. Ганцхан соёл, урлаг талаасаа ч биш. Ер нь сайн бүтээгдэхүүн хийх юм бол дэлхийд борлуулж Монгол гэсэн нэрийг сурталчлах боломж гэж харж болно.

-“Шар айраг” хамтлагийн гол зорилго юу вэ?

-Манай “Шар айраг” хамтлагийн гол зорилго бол найзууд нийлээд барууны дууг коверлож дуулах. Түүгээрээ ч өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж хамтлаг л юм хойно гурван цомог гаргасан. Манай “Он цагийн урсгал” хүмүүсийн дуртай дуу болсон шиг билээ. Ер нь ард түмэнд хүрсэн дуу караокед байдаг гэнэ.(инээв) Тэгэхээр караокед орчихсон болохоор гайгүй явсан байна гэж ойлгох нь ээ дээ. Энүүхэндээ гэж хэлэхэд бидний“Pink Floyd”, “Bee Gees” “Eagles”гээд хамтлагуудын ковер хийсэн тоглолт маань Youtube channel-д нэлээн хандалт авч байгаа. Бичлэгийн дор гайхалтай сэтгэгдлүүд их бичсэн байна лээ. “Монголыг уул талаар л төсөөлдөг гэтэл энэ тоглолт үнэхээр сюрприз байлаа”, “Монголд очиж үзэх юмсан”, “1970-1980-аад оны үеийн дууг үнэхээр гайхалтай дуулж байна. Шилдэг нь” гэх зэрэг маш олон сэтгэгдлүүд бий. Хамтлагийнхаа зорилгын хүрээнд бид Монгол Улсаа сурталчилж байна шүү дээ. Ирж тоглолт хийгээч ээ гэсэн урилгууд ч ирж байна. Чаддаг чаддаг зүйлээ хийж,бага ч гэсэн хэмжээгээр Монгол Улсаа гадаадад сурталчилж байгаа юм болов уу л гэж бодож байна даа.

-Саяхан “Шар айраг” ХХК-ийг байгуулсан гэж сонслоо. Ер нь “Шар айраг” гэдэг нэр таны амьдралын салшгүй нэг хэсэг байх?

-Яг тийм.Эргээд харахад миний амьдрал тэр чигтээ “Шар айраг” гэдэг үгтэй нягт холбоотой юм шиг санагддаг. Өчигдөрхөн “Шар айраг“ ХХК байгууллаа. Тамга тэмдгээ авчихсан. Миний хамгийн анх хийсэн бизнес шар айраг шүү дээ. Ер нь бол Чех улс бол шар айрагны орон. Анзаарвал Чехэд төгссөн оюутнууд хатуу архи хэрэглэдэггүй. Тэнд шар айргаа шингэн талх гэж нэрлээд өдөр болгон шахуу хэрэглээд соёл болгочихсон. “Хаан Брой” байгуулчихаад С.Ононбат бид хоёр нийлж хөгжим их тоглоно. Тэгээд нэг орой хамт сууж байгаад хамтлаг болоод дуулбал яадаг юм бэ гэсэн санаа гарсан. Ямар нэр өгөх вэ гэсэн би тоглоом болгоод “Шар айраг” гээд өгчихвөл яасан юм бэ гэсэн. Ингээд “Шар айраг” хамтлагийн түүх эхэлсэн дээ.

С.ЛХАМАА

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: