Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 15
・ 8
АН-ын удирдлагууд гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэн барьцаа, дэнчин тавьж, нууц гэрээ байгуулсан нь он дамнан яригдсаар өнөөг хүрэв. Дэнчингээ тушаасан бэл бэнчинтэй хүмүүсийнх нь нэр саяхан олонд ил болоод байна. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд ч үгээ хэлж эхэллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард урьдчилгаа болгож 100 сая төгрөгөө өгсөн гишүүдээсээ дахин 200-300 сая төгрөг нэхсэн нь УИХ-д нэр дэвшин өрсөлдөх санаа өвөрлөж буй олон хүний дургүйг хүргэсэн ажээ. Мандатын тооноосоо гурав дөрөв дахин олон хүнээс урьдчилгаа мөнгө авчихаад, дахиад нэмж мөнгө төл гэж байгаа нь увайгүй хэрэг л дээ.
Мөнгөтэй хүмүүс л шаардсан дэнчинг нь нэмж төлөөд нэр дэвшинэ.Мөнгөгүй бол АН-ын даргын хэлснээр “Хохь чинь" болно. Мэдлэг, боловсрол, мэргэжил, ажлын дадлага туршлага, ёс зүй, гишүүд, олон нийтийн дэмжлэг зэрэг нь тус намаас УИХ-д нэр дэвшигчдийн гол шалгуур биш. Мөнгө л бүхнийг шийднэ гэсэн үг. Намынх нь удирдлага ийм л байр суурьтай байгаа юм билээ.
Гэтэл 300-400 сая байтугай 100 сая төгрөгийн дэнчингээ төлж чадаагүйгээс энэ жилийн УИХ-ын сонгуульд АН-аас мандат авах боломжгүй болж үлдсэн хүн олон байгаа. Тэдний сонгогдох эрхэд нам нь мөнгөний хаалт тавьчихжээ. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил, Сонгуулийн тухай хуулийн ч зөрчил мөн. Ийм үндэслэлээр “Хера Холдинг” компанийн захирал Х.Ганхуяг АН-ын удирдлагуудыг ХЭҮК, АТГ, ТЕГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс хууль хяналтын байгууллагууд АН ийнхүү дэнчин гэж нэр дэвшихээр горилогчдоосоо их хэмжээний мөнгө авч байгаа нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн эсэхийг шалгаж, тогтоох биз ээ.
Харин олон улсын жишгээр бол энэхүү дэнчин нь яах аргагүй хууль бус бөгөөд байж боломгүй явдал ажээ. Энэ талаар олон улсад нэр хүндтэй судлаачид байр сууриа илэрхийлж, зөвлөмж, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, 2018 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Монголын Нээлттэй нийгэм форум хамтран хийсэн “Монголын улстөрийн санхүүжилтийн эрх зүйн орчин” судалгааны тайланд “Сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд нам нь дэнчин хурааж авдаг практик сонгуулийн пассив буюу сонгуульд нэр дэвших боломжоор хангагдах эрхтэй холбоотой зөвлөмжтэй зөрчилдөж байна. Энэ нь ялангуяа эдийн засгийн боломж, танил талын сүлжээ дутмаг байх нь түгээмэл эмэгтэйчүүд, залуучуудын хувьд улс төрд оролцоход нь саад учруулдаг. Түүнчлэн, нэр дэвшигчдийн намдаа өгдөг дэнчингийн мөнгө хуулиар тогтоосон хандивын хязгаарыг хэд дахин давснаар хууль тоггоомжийн үр'"нөлөөг 'үгүйсгэн хиидэл үүсгэж байна” хэмээн онцолжээ. Энэ дүгнэлт, АН-ын 100-400 саяын дэнчин гишүүдийнх нь сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа гэдэг шүүмжлэлийг баталгаажуулсан байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хил хязгаарыг давж, хийдэл үүсгэж байгааг анхааруулсан аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна” гэсэн заалт бий.
АН-ын удирдлагууд нэр дэвшигчээсээ авч буй 100 сая төгрөгийн дэнчин хуульд заасан энэхүү хандивын дээд хязгаараас 20 дахин их байгаа юм. Тэгэхээр энэ бол хуулийн хязгаар давсан зөрчил мөн үү гэвэл мөн. Үүнийг олон улсын судлаачид хэлж. Учир нь, хувь хүний хандивлаж болох бэлэн болон бэлэн бус хандивын дээд хэмжээ нь нэр дэвшигчдэд ч ялгаагүй хатуу үйлчлэх ёстой.
Харин АН-ынхан үүнийгээ нэр дэвшигчдээс тойрогтоо зарцуулах зардлын дээд хэмжээтэй холбон тайлбарласан байна лээ. СЕХ-ноос нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах зардлын хэмжээг дунджаар 400- 700 сая орчим төгрөг байхаар тогтоосон. Нэр дэвших сонирхолтой 200 гаруй хүнээс энэ хэмжээгээр дэнчингийн мөнгө авч байгаагаа 76 нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах зардалтай холбож, хольж хутгаж байгаа нь нэг л үнэмшилгүй, логикгүй сонсогдоно.
Монголд улс төрчид, аж ахуйн нэгжүүд хуулиар тогтоосон хязгаараас зайлсхийхийн тулд компанийн хандивыг хувь хүмүүсээр дамжуулан далдлах, нэр дэвшигчдийн дэнчинд мөнгө хандивлах зэргээр хуулийн хийдэл ашиглаж байна гэж Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн судлаач Урибэ Бурчер, Касал Бэртуа нар онцолсон нь АН-ын 100 сая төгрөгийн дэнчингийн цаана хэдэн зуун тэрбумын наймаа, тохироо нуугдаж байгааг хэлсэн хэрэг. Сонгуулийн тухай хуульд яагаад хувь хүний хийгээд аж ахуйн нэгжийн хандивын хязгаарыг заавал тогтоож өгдөг вэ гэвэл хөрөнгөлөг хүмүүс нэр дэвшигчдэд их хэмжээний хандив өгөх замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх, улмаар сонгуулийн дараа өөртөө давуу байдлыг бий болгохоос сэргийлж байгаагийнх юм. АН УИХ-д нэр дэвших хүмүүсээсээ 400 сая хүртэлх дэнчин авна гэж байгаа нь мөнгөтэй хүмүүс сонгуулийн үр дүнд нөлөөлөх, улмаар УИХ-д өөрсдийн эрх ашгаа хамгаалах хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа асар хор уршигтай юм.
Ардчилсан сонгуулийн тогтолцоо хөгжсөн, олон зуун жилийн түүхтэй Европын улс орнуудад нэр дэвшигчид нь өөрөө өөрийгөө санхүүжүүлж, өөрөөр хэлбэл, хандив цуглуулж сонгуулийн зардлаа босгодог, эсвэл төрөөс санхүүжилт олгодог хоёр хэлбэр зэрэгцэн оршдог. Гэхдээ энэ хоёр хэлбэрийн алинд ч нам нь нэр дэвшигчээсээ дэнчин авч мөнгө босгодог зарчим байдаггүй. Монголд энэ жишгийг АН хэрэгжүүлж байгаа нь ардчилсан сонгуулийн утга учрыг алдагдуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдаж буй үйлдэл гэж үзэх хүн цөөнгүй байна. АН-ын дарга С.Эрдэнэ 100 саяын дэнчингээ тайлбарлахдаа, 200 хүн цуглуулаад 100 сая төгрөг босгоод намдаа өгчих овсгоогүй бол хохь нь гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Түүний хэлснээр ийнхүү дэнчингийн мөнгөө 200 хүнээс бус хоёрхон хүнээс, эсвэл 20 хүнээс зээлж авч өгсөн хүн байлаа гэж бодоход УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд өнөө дэнчинд нь бэнчингээрээ тусалсан хандивлагчдынхаа төлөө л ажиллаж таарна. Ийнхүү дэнчиндээ барьцаалагдсан УИХ-ын гишүүнийг сонгогчид, улс эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллана гэж итгэх аргагүй. АН-ын 100 саяын дэнчин ингэж төлөөллийн ардчиллын утга учрыг алдагдуулж, нөлөөллийн анархизм руу хөтөлж байна.
Эдийн засгийн боломж тааруу иргэдийн улстөрд оролцох боломжийг шууд хаахын зэрэгцээ хуулиар тогтоосон хувь хүнээс авах хандивын дээд хэмжээг зөрчиж байгаа энэхүү дэнчингийн мөнгө хураадаг практикийг зогсоох ёстой гэдгийг олон улсын судлаачид сануулсаар байгаа ч АН үүнийг үл тоов. “Улс төрийн 9 намын санхүүжилттэй холбоотой маш ноцтой зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох. Үүнд хандивлагч буюу бизнесийн байгууллагын удирдлага болон намын дарга, нягтлан гэх мэт улс төрийн намын албан тушаалтнуудыг субьект болгон хамруулах нь үр дүнтэй механизм болно” гэдгийг дээр дурдсан судалгааны баг зөвлөмж болгосон байдаг. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх аваас АН-ын удирдлагууд аль хэдийнэ хуулийн хариуцлагад татагдах болзлоо хангажээ.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.