Ц.Цэлмэг: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаагүй бол хэргийг дутуу шалгасан гэсэн үг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 22 ・ 2

- ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮНИЙГ ИЙМ БҮДҮҮН БАРГААР ЯЛЛАХААР УЛАЙРЧ ЯВАА НЬ ШУУДХАН ХЭЛЭХЭД ЭМГЭНЭЛ-

Хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэгтэй хорлон сүйтгэх гэмт хэргийг онцолж ярилцлаа.


-М.Энхсайханыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн заалтаар буруутгаж байгаа. Шүүх хурал нь энэ долоо хоногт болохоор товлогдлоо. Ер нь ийм заалтаар хэн нэгнийг буруутгасан тохиолдол санаанд орохгүй байна. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн заалтаар сүүлийн жилүүдэд хэн нэгнийг яллаж байсан уу ?

-1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан, дараа нь 1993 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулснаас хойш хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж хэн нэгнийг яллаж байгаагүй. 1937 оны хэлмэгдүүлэлт, дараа нь сэхээтний төөрөгдлийн үед цөөнгүй иргэдийг хорлон сүйтгэсэн, гадаадын тагнуул хэмээн хилсээр шийтгэж байсныг бид мэднэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 84 дүгээр зүйлд хорлон сүйтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “...Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан, түүнчлэн хүн, мал, амьтныг үй олноор нь устгасан бол” гэж хуульчилсан.

Энэ зүйл ангийг уншихад М.Энхсайханы гэрээ өргөн барьсан үйлдэл нь хорлон сүйтгэх гэмт хэрэг биш болох нь харагдана. Гэтэл түүнийг 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 19.6-д зааснаар хорлон сүйтгэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

Шинэ Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлд “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол” гэж заасан. Тодруулж хэлбэл, хорлон сүйтгэх гэмт хэргийн объектив, субъектив аль ч шинж харагдахгүй байна. Захын хуульч ингээд дүгнэчихнэ. Ийм байхад Ерөнхий сайд байсан хүнийг ийм бүдүүн баргаар яллахаар улайрч яваа нь шуудхан хэлэхэд эмгэнэл.

-М.Энхсайханыг хорлон сүйтгэх гэсэн заалтаар буруутгаж байгаагийн цаад шалтгаан юу гэж та харж байна?

-Таван толгойн төслийг хөдөлгөхийн тулд Монгол-Хятадын хамтарсан консорциумтай байгуулах гэрээний төслийг боловсруулах багийг М.Энхсайхан ахалсан. 2005 онд. Уг гэрээний төслийг сонирхоод үзсэн чинь хоёр талдаа харилцан ашигтай нөхцөлүүдийг заасан байна лээ. Тухайлбал, Монголын тал өмчлөгч байна, 15 төрлийн татвар хураамж авна, төмөр замыг цаад тал нь өөрийн хөрөнгөөр тавина, боловсруулах үйлдвэр барина гэхчлэнгээр өчнөөн заалт дурдаж болно.

-Хамтарсан консорциумд давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа. Энэ тал дээр хуульчийн хувьд ямар дүгнэлт хэлэх вэ?

-“Waive sovereign immune” гэдэг үгийн утгыг товчхон дурдъя. Олон улсын хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх буюу арбитр дуудахад Монголын Засгийн газар татгалзахгүй гэсэн үг. Үүнийг суверенитет гэдэг үгтэй хольж хутгаад М.Энхсайханыг бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан байна л даа. Нэмж тодотгоход “most favored le­gal” буюу нэн тааламжтай нөхцөл олгоно гэдэг нь мега төсөлд заавал заагддаг заалт. Ингэж байж л гадаадын хөрөнгө оруулалт татна. Гэтэл эдгээр заалтыг мушгиад хамтарсан консорциумд давуу байдал олгосон гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй гэж судлаачийн зүгээс үзэж байна.

-Байгуулагдаагүй гэрээг Монгол Улсад хохирол учруулсан гэж үзсэн нь хуульч биш хүмүүст ч ойлгомжгүй санагдаад байна л даа. Тэгээд ч Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан процесс шүү дээ...?

-Хамтын шийдвэрээр УИХ-д өргөн барьсан төслийг буюу байгуулагдаагүй гэрээг Монгол Улсад ашиггүй, бусдад давуу байдал олгосон гэж дүгнэж байгаа нь буруу. Нэмж хэлэхэд хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол яагаад тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар биш, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар зүйлчилэв ээ гэсэн асуулт бас гарч ирнэ. Энэ мэт хардлага дагуулсан олон зүйл байна.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэж давхар буруутгаж байгаа нь хууль талаасаа зөв үү?

-Нэг үйлдлийг хоёр зүйл ангиар зүйлчилж байгаа бол буруу. байгуулагдаагүй гэрээний асуудлыг нэг өнцгөөс нь хорлон сүйтгэхийг завдсан гээд, нөгөө өнцгөөс нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж яллах дүгнэлтэд дурджээ.

Харилцан ашигтай гэрээний төсөл боловсруулсныг УИХ батлаагүй буцаасан гэдгийг дахин онцолъё. Хэрэв байгуулсан бол манай улс ямар хэмжээний ашиг олох байсан, алдагдсан боломж нь юу вэ гээд яривал их зүйл бий. Би танаас нэг зүйл асууя. Энэ мэтээр ажил хийсэн хүмүүс нь ад болж, саад тотгор болсон нь гавьяатан мэт үнэлэгдэхээр цаашдаа мега төслүүдийг зориг гаргаж хэрэгжүүлэх төрийн хүн олдох уу?

-Дубайн төлөвлөгөө, Таван толгойн асуудлаар жишээлээд харахад ойлгомжтой байна л даа. Мега төслүүдийг зориг гаргаж хэрэгжүүлэх хүн олдохгүй байх. Албандаа автомашин авсан асуудлыг мөн улсад хохирол учруулсан гэж оруулсан харагдсан. Албан хэрэгцээнд аваад, албандаа үлдсэн машиныг ингэж дүгнэх нь хэр үндэслэлтэй гаргалгаа вэ?

-Төслийн хэрэгцээнд 160 сая төгрөгт багтаан автомашин авахыг зөвшөөрсөний дагуу 2013 онд хамаарал бүхий хүнээсээ 130 сая төгрөгөөр автомашин авсан гэж буруутгаад байгаа. Хамаарал бүхий хүнээсээ автомашин худалдан авсан бол буруутгах үндэслэл байж болно. Гэхдээ яллах дүгнэлт дээр лексус-570 маркийн автомашиныг 130 сая төгрөгөөр худалдан авч төрд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гээд биччихэж. Машиныг М.Энхсайхан авч яваагүй төрд үлдээсэн байхад шүү дээ. Түүнчлэн шинжээч нь 2013 оны байдлаар автомашиныг үнэлэхдээ спидометрийн заалтыг нь 120.000 mile гээд 2020 оны гүйлтээр нь тооцоод улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн харагдсан. Энэ мэтээс харахад процессийн зөрчлүүд нэлээд харагдаж байна лээ. За яахав, 2013 оны автомашин худалдан авсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байлаа гэж харъя л даа. Ингэж харлаа гэхэд л хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны тавдугаар сард дуусчихсан. Нэг зүйлийг нэмж онцолъё. Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудлаар маргаан үүсгэсэн байгаа. Хэрвээ прокурор хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж маргаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг түдгэлзүүлэх учиртай. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн учраас.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Таван толгойтой холбоотой дөрвөн гэрээ байна гээд зургийг нь постолсон харагдсан. Хавтаст хэрэгт тэр гэрээнүүдийн талаар дурдсан байгаа юу?

-Хавтаст хэрэг дээр нь нэг л гэрээний төслийг бусдад давуу байдал олгосон гэж яваад байна гэж ойлгосон. Үнэхээр дөрвөн гэрээний төсөл байгаа нь үнэн бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгахаас өөр аргагүй.

-М.Энхсайхан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Таван толгойн гэрээ яригдаж байх үед төрийн эрх барьж байсан хүмүүсийг гэрчээр дуудах хүсэлт тавьсан байна лээ, энэ тохиолдолд гэрчүүдийг оролцуулах ёстой юу?

-Ч.Сайханбилэг тухайн үед Ерөнхий сайд байсан хүний хувьд гэрчээр мэдүүлэг өгсөн байх учиртай. яллах дүгнэлтэд дурдсанаар “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр” гэдэг үг байгаа учир түүнийг бас дуудаж байцаах ёстой. Тэднийг гэрчээр дуудаж асуугаагүй бол хэргийг дутуу л шалгасан гэсэн үг. Таны хэлснээр ҮабЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Таван толгойтой холбоотой дөрвөн гэрээ байна гэж хэлсэн бол түүнийг бас мөрдөн байцаалтад мэдүүлэг авч тодруулах ёстой байсан. Хэргийг бүрэн гүйцэд шалгаж байж л хүнийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учиртай.

-Авлигатай тэмцэх газар, прокуророос сүүлийн үед улстөржиж захиалгаар хэрэг үүсгэж шалгах боллоо гэсэн яриа давтамжтай дуулдах болсон. Хуульч хүний хувьд танд ийм хандлага анзаарагдаж байна уу?

-Их хэцүү асуулт байна. Хүмүүс өөрсдөө, дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 22/

    АТГ, прокурор тавьсан томилсон субьектийн захиалгаар ажиллаж байна, үүнийг хэн ч үгүйсгэхгүй, Женко өөрөө ч цаг нь ирэхээр төмөр зам, Сүмбэрийн 10 сая дээрээ шалгагдана. Энэ бол Монголын улс төрийн хууль

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 22/

    Хариулах