Б.Ган-Эрдэнэ: Цаг засварчин хүнд 250 сая төгрөг гэдэг амьдралынхаа турш хураагаад ч олдохгүй мөнгө

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 08

Чих нь дүлийрч, тал бие нь мэдээгүй болсон ч амьдрахаар тэмцэж буй 2 хүүгийн аав цаг засварчин Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

Сайн байна уу.Та өөрийгөө уншигчдад минь танилцуулахгүй юу?

Намайг Бат-Эрдэнэ овогтой Ган-Эрдэнэ гэдэг. Ихэнх хүмүүс Гарьдаа хэмээн дууддаг. Миний мэргэжил цаг засварчин. Монголд Seiko Брэндийн албан ёсны цаг засвар хийдэг. Энэ брэндийн цагийг засдаг ганц хүн нь/ инээв/. Би эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Тархины хорт хавдартай гэж оношлогдоод 2 жил гаран болж байна. Одоогоор баруун талын чих дүлийрэх, баруун талын бүх эрхтэн талт өгсөн байгаа учраас ажлаа хийж чадахгүй л байна.

Анх хавдартай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

Анх 2018 оны тавдугаар сард эмнэлэгт үзүүлж яваад мэдсэн. Тухайн үед баруун талын сонсгол муудаад, хоолой жаахан сөөгөөд эмнэлэгт үзүүлж байхдаа тархины зураг авахуулаад хавдартай гэж оншлогдсон.

Өнгөрсөн хугацаанд хаана, ямар эмчилгээ хийлгэж байв. Монголд мэс засал хийлгэсэн гэж сонссон ?

2 хүүгээ бодохоор үхэх эрхгүй ч Хагалгааны мөнгийг нь бодохоор амьдрах боломжгүй мэт санагдаж байна. Өмнө хорт хавдартай боллоо хандив тусламж өгөөч гэж олон удаа, олон хүний юм уншиж харж байсан ч ийм зүйл өөр дээр ирэх үед л ойлгодог юм байна. Хоногийн хоолоо яах вэ гэж байгаа бидэн шиг хүмүүс ийм өвчин зовлонтой тулгарвал үхэхээс өөр зам байхгүй мэт санагдаж байв ч сүүлчийн удаа ард түмнээсээ гуйгаад тэмцээд үзмээр байна. Яг яагаад, юунаас болоод тархины хорт хавдар гэх энэ өвчин туссаныг эмч нар ч тайлбарлаж чадахгүй байна. Нэг удаа Монголдоо мэс засал хийлгэж үзсэн ч баруун талын чих дүлийрч, гар мэдээгүй болж, нүүр таталт өгсөн байдалтай байна. Бид дахиад Монголдоо хагалгаа хийж болох ч тархины мэс засалд шаардлагатай мэдрэлийн судас мэдэрдэг хутга, мөн тархинд хавдар үлдсэн тохиолдолд туяагаар эмчилдэг 2 багаж байдаггүйгээс ийнхүү бусад эрхтнийхээ мэдрэлийн судсыг гэмтээгээд байгаа учраас дараагийн удаа сэрэх баталгаа ч байхгүй юм.

 

Хоёр дахь удаагын мэс заслыг хаана хийлгэх вэ? Гадаадад мэс засал хийлгэнэ гэхээр эмчилгээний төлбөр их өндөр байх?

БНСУ-ын Ёнсан эмнэлэгт очиж хоёр дахь мэс заслыг хийлгэх болсон. Нийт зардал нь 250 сая төгрөг болж байгаа. Мэдээж хүмүүс надаас асуудаг. Яагаад Монголдоо хийлгэхгүй заавал БНСУ-ыг сонгосон юм бэ гэж. Манай улсад тархины мэс засалд шаардлагатай хоёр багаж байдаггүй. Тархины мэдрэлийн судсанд дөхөөд очиход мэдэрдэг хутга, мөн тархинд хавдар үлдсэн тохиолдолд туяагаар эмчилдэг багаж зэрэг нь байдаггүй гэж эмч хэлсэн. Иймээс гадагшаа явах шаардлагатай байгаа юм.

БНСУ-аас манайхаас танд хагалгаа хийх бүрэн боломжтой гэсэн хариуг хэзээ авсан бэ?

2019 оны тавдугаар сард БНСУ-ын тус эмнэлгээс “Бид танд мэс засал хийж, хавдрыг 100 хувь авах бүрэн боломжтой” гэсэн хариу авсан. Хэдийгээр мэс заслын нийт зардал 250 сая төгрөг гэж байгаа ч мэс заслын дараа эмчилгээнд шилжихэд төлбөр нэмэгдэж магадгүй гэж байсан.

Мэс засал хийлгэхэд шаардлагатай мөнгийг хэрхэн цуглуулж байгаа вэ?

Миний хувьд хүмүүсээс шууд мөнгө гуйхыг хүсээгүй. Одоо ямар цаг үе билээ. Коронавирусийн цар тахал гээд хүмүүс эдийн засгийн хямралд орсон байгаа. Энэ үед би зүгээр намайг авраач гэж хандив гуйхаасаа илүү хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийж ном зарж байгаа. Эдгээр номыг манай найзууд өгсөн. Нэг номоос 30-аас 40 хувийг нь мэс засал хийлгэхэд хандив болгож авдаг. “ЗЭН” гээд номын борлуулалтын ашиг бүхлээрээ миний мэс заслын төлбөрт ордог. Тиймээс монголчуудаасаа миний зарж байгаа номуудыг худалдан авч мэс засал хийлгэх зардалд минь хандив өргөөч ээ гэж хүсч байгаа юм.

Хүмүүс зарж байгаа зүйлсээс чинь худалдан авъя гэвэл юу юу байгаа вэ?

Найзуудын өгсөн гарын үсэгтэй плакат, ном байна. “Тагтаа Паблишинг”, “Амар Паблишинг” хэвлэлийн газрууд хэвлэгдсэн номынхоо 30-40 хувийг нь миний эмчилгээнд зориулж байгаа. Харин “ЗЭН” гэдэг номын ашгийг 100 хувь хандив болгон авдаг. Мөн манайх хүргэлт хийдэг. Та гэртээ, ажил дээрээ ер нь хаана ч захиалаад авч болно. Энэ ташрамд надад өөрийн ах дүү шиг тусалж, дэмжиж байгаа “Тагтаа Паблишинг”, “Амар Паблишинг” хэвлэлийн газрууд мөн “ЗЭН” номын зохиогч нартаа болон найз нөхөд, ах дүү мөн хандив өргөж, ном худалдан авч байгаа бүх хүмүүстэй чин сэтгэлээсээ баярлан, талархаж байна.

Өдөрт хэчнээн төгрөгийн ном борлуулагдаж байна вэ?

Өдөрт таваас зургаан хүргэлт хийж байна. Үүний хажуугаар найз нөхөд гээд олон хүмүүс маш их тус болж авдаг даа.

Одоогийн байдлаар танд хэдэн төгрөг цугласан бэ?

Одоо надад 15 сая төгрөг цуглаад байна. Гэтэл мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн хугацаанаас зургаан сар хэтэрсэн байгаа. Магадгүй би маргааш сэрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс надад маш бага хугацаа байгаа ч амьдрах чин хүсэл байна. Иймээс Монголын сайхан сэтгэл ахан дүүсээсээ миний борлуулж байгаа зүйлсээс худалдаж аваач ээ гэж хүсэх гэсэн юм. Мэс засал хийлгэж эрүүл болоод хоёр хүүгээ өсч торнин сайн сайхан амьдрахад нь тусалж өөрийн мэддэг бүхнээ зааж өгмөөр байна. Жаргаана гэж авч суусан ханийнхаа нүдэнд аз жаргалыг гэрэлтүүлмээр байна. Түүнтэйгээ хамтдаа өтөлж сайхан ирээдүйг цогцлоомоор байна. Хүнд мөрөөдөх зүйл их байх юм. Цаашид өөрийн эзэмшсэн мэргэжлийг бусдад зааж өгмөөр байна гээд яриад байвал олон сайхан зүйл байх юм. Монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний мөрөөдлийг биелүүлж, гэр бүлийг минь элэг бүтэн байлгаж өгөөч гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх