Д.НЯМХҮҮ: Монгол хүн байна гээд коронавирус тойроод явчихгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 11

Дэлхий дахинд шинэ вирусээр өвчлөгсдийн тоо дөрвөн саяыг давлаа. Халдварын нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд, аймшигтай байна. Харин Монгол Улс өнгөрсөн таван сарын хугацаанд аюулт өвчнөөс ангид, иргэд эрүүл саруул, хайртай хүмүүстэйгээ хамт байгаа нь олзуурхууштай. “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургуулилалт хийх “зав гарсан” дэлхийн ганц улс нь бид. Монголчуудыг энэ бүхнээс тэнгэрлэг заяа, аз хиймор, дархлаа гэх мэт нь ивээж, аварсан гэж та арай бодоогүй биз.

Гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг хүн амын дунд тархаахгүйн тулд мэргэжлийн байгууллагынхан өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй зүтгэж байна. ЭМЯ-ныхны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр 185 дахь хоногтоо танд хүрнэ, энэ хугацаанд нэг ч албан хаагч амралгүй, үүргээ гүйцэтгэж ирснийг иргэд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Өдөр хоног өнгөрөх тусам олон түмний хайр, хүндлэлийг хамгийн их хүлээж буй эрхэм бол ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор, профессор Дулмаагийн Нямхүү. Түүний даруу төлөв зан, ажилч хичээнгүй байдал, нөр их хөдөлмөрийг нь үнэлж, хүндлэхгүй байхын аргагүй. Дуу хоолой нь хүртэл бидэнд хэдийн дасал болж, мэдээлэл өгөхөөр гарч ирэх бүрт хүмүүс түүнийг “Аав ирлээ” хэмээн авгайлдаг болсон гэх. Мэргэжлийн нэр, томьёог тэрбээр жирийн иргэдэд тайлбарлахдаа нүдний шилээ авч байгаад л, нухацтай ярих нь олонтоо. Тэр бас “Илрээгүй ээ”, “Цэрэг, армиа бэлд (дархлаагаа сайжруул)” гэх зэрэг цөөнгүй брэнд үгтэй. Д.Нямхүү захирлаас ярилцлага авах хүсэлт эрт тавьчихсан байсан юм. Саяхан үүнийгээ сануулж хэлтэл “Би юу ярих юм бэ, ажлаа л хийж байгаа хүн. Яг одоо монголчуудыг аюулт өвчнөөс авран хамгаалахаас өөр чухал ажил алга. Гэхдээ хүн хэлсэндээ байх хэрэгтэй. Та бүхний ажлыг ч бас ойлгож, хүндэлж байна” гэсэн нь ямар хүн болохыг зах зухаас нь илтгэх биз ээ. Түүний ярьсныг “Өнөөдөр” сонины “Хоймор” буланд ийнхүү архивлав.

-Юуны өмнө завгүй ажлынхаа хажуугаар манай сонины урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Өвчин зовлон ярихаа түр азнаад таны талаар уншигчдадаа эхлээд хүргэе гэж бодлоо. Та эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллачихав уу.

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдралын ихэнх цаг мөч ХӨСҮТ-тэй холбоотой. Магадгүй үүнээс ч урт хугацааг энэхүү шар байшиндаа өнгөрүүлэх байх. Намайг эмээ дээрээ өссөнийг мэддэг хүн цөөнгүй. Өвөө Жамбал, эмээ Очирцоо хоёр минь Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумын буриад. Уг гарваль нь бол Дунд Шаргалжингийнх л даа. ОХУ-ын Улаан-Үд хотоос зүүн тийш 300 орчим км-ийн зайд Шаргалжин хэмээх газарт нутаглаж байгаад Хувьсгалын үед Сүх голоор хилийн зааг тогтооход манай хоёр нааш орж ирсэн юм билээ. Зарим ах, дүү нь тэнд үлдсэн гэсэн. Цаг төрийн үймээнээр цөлөгдөж, хувьсгалын эсэргүү хэмээгдэж, баригдсан нь ч бий.

Манайх удам судартай, эрдэм номтой, хөрөнгө чинээтэй гэр бүл байсан гэдэг. Миний ээж Жамбалын Дулмаа бол айлын бага охин. Би эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр дүүтэй. Харин манай ээжийн талынхан өнөр олуулаа. Ж.Хорлоо эгч Монголын пионерын холбооны дарга, “Залуу үе” сонины эрхлэгч байсан. Насаараа л нам, төрийн ажил хийсэн дээ. Нагац ах Ж.Шагж ОХУ-ын Ленинградын Анагаах ухааны их сургууль төгссөн. “Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны энерги үүсэх үзэгдэл” сэдвээр дэлхийд нээлт хийсэн, олон улсад данстай эрдэмтэн. Ж.Мандир бол ээжийн ууган эгч нь. Түүний нөхөр О.Цэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Мөнхжаргалд халаагаа өгснөөс хойш гадаадын олон улсад дипломат алба хашсан гэх зэргээр нагац ах, эгч нар минь салбартаа үлгэр жишээ болсон хүмүүс. Олонх нь ОХУ-ын Ленинград, Москва, Германд боловсрол эзэмшсэн. Тэднийхээ ачаар л би өдий зэрэгтэй явна даа.

-Сувилагчийн сургуулиас АНУ-ын Алабамагийн их сургууль хүртэл суралцахад эмээгийнх нь захиас, ах, эгч нарын ивээс их байсан гэж та ярьдаг. Эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг мөчүүд хүн бүхэнд хамгийн сайхан дурсамж үлдээдэг. Та ч гэсэн тэрхүү нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Эмээ минь их зарчимч, хатуу юм шиг мөртлөө зөөлөн хүн байсан. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Худлаа ярьж болохгүй, бусдыг хохирооно. Өөрийгөө ч зовооно. Чадах юмаа л амлаж, биелүүл. Чадахгүй бол үгүйгээ хэл” гэж сургадаг сан. Хэлсэн үгэндээ эзэн байхыг илүүтэй захина. Энэ сургаалиар нь л өссөн дөө. Би чинь эмээгийнхээ амин хүүхэд нь. Байнга өвөрт нь унтана. Намайг халуурч бүлээрэхэд гэдсэндээ наагаад л, эдгээчихнэ. Хүүхэд л болсон хойно их дэггүйтнэ. Үеийнхэнтэйгээ муудалцан, гэмтэж, бэртэх болгонд эмээ минь л бүгдийг эмчилдэг байсан. Тэгсэн мөртлөө “Зодолдож болохгүй, битгий” гэж ер хэлэхгүй. Хорьж цагддаггүй хэрнээ цаад учрыг зөвөөр ойлгуулж, ухаан заана. Эмээгийн хүүхдүүд хэдий олон ч надтай нэг нь ч булаацалдаггүй байсан нь сайхан. Эмээгийн минь авдар, эрхи, бас бус зүйл нь одоо хүртэл надад байдаг. Эмээгийнхээ эрхийг зүүгээд унтана. Янз бүрийн аюул, гамшиг, хэцүү санагдах үед энгэртээ халааслаад явдаг.

Нагац ах Ж.Шагж тэргүүтэй олон эмч манайд бий. Эмээ минь ч эрүүл мэнд бол юугаар ч сольшгүй чухал зүйл гэдгийг үргэлж захидаг байсан нь намайг анагаахын хүн болгосон. Уг нь анх АУДС-д эмч болохоор шалгалт өгсөн ч оноо дутаад Сувилагчийн сургуульд хуваарилагдсан юм. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж, 1986 онд сургуулиа Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц төгсөөд АУДС-д эрүүл ахуй, халдвар, тархвар судлаач мэргэжлийг 1986-1991 онд эзэмшсэн. Төгсөөд Ж.Шагж ахынхаа “Эрдэм судлал” анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан хийлээ. Үүний дараа буюу 1993 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын институтэд хилийн тархвар судлаачаар ажилд орсон. Хилээр дамжин тархдаг хүн, малын халдвараас сэргийлэх, хязгаарлах ажлыг зохион байгуулдаг ажилтай.

2001 онд Халдварт өвчин судлалын үндэсний төв одоогийн зохион байгуулалтад шилжин, манай институтийн лаборантууд, тархвар судлагч нар ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажиллахаар төв рүү хуваарилагдсаны нэг нь би. Үүнээс өмнө буюу 1999 онд АНУ-ын Алабамагийн их сургуульд ДОХ-ын халдвар судлаачаар есөн сарын мэргэжил дээшлүүлэх курст сурсан.

-Тухайн үед ДОХ-ын халдвар судлаачаар мэргэшсэн ганц хүн нь та байсан гэл үү?

-Тийм ээ. 1992 онд манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсныг иргэд мартаагүй байх. Нэг цагдаа найз минь Камерун улсын хоёр иргэн хилээр орж ирээд, хуурамч доллароор залилан хийх гэж байгаад баригдсан тухай мэдээ надад сонирхуулсан юм. Тухайн үед ДОХ-ын талаар ид ярьж, сандарч байсан болохоор “Тэгвэл наад хоёроос чинь шинжилгээ авна” гээд маргааш нь сувилагчтайгаа очиж, сорьц авлаа. Тэгтэл тухайн хоёр иргэний шинжилгээнээс ХДХВ/ДОХ-ын вирус илрээд зогсохгүй тэмбүү, заг хүйтэн, трихомониаз зэрэг бэлгийн замын халдвар илэрсэн. Зохион байгуулалттайгаар халдвар тараахаар ирсэн гэж хардахаар. Ингээд тэдний ойрын хавьтлуудыг олж тогтоон, 17-18 биеэ үнэлэгчийг шинжилгээнд хамруулж, тэдэн дундаас нэг тохиолдлыг илрүүлж билээ. Эдүгээ ДОХ-ын халдвартай хүн 288-д хүрээд буй. Хэдийгээр тохиолдлын тоо цөөхөн юм шиг боловч тархвар зүйн судалгаагаар цаана нь 670 орчим хүн байх магадлалтай. Халдварыг илрүүлэх ДЭМБ-ын зөвлөмж үргэлжилж л байна. Тархвар судлаач бидний мэргэжил эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Хэрэг илрүүлээд болчихдоггүй, цаад эзэн холбогдогчийг нь олж тогтоон, уг үндсээр нь эмчилж эрүүлжүүлэх ёстой.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх