Цахим боловсрол ба орхигдсон ядуус

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 13 ・ 1

Цар тахлын улмаас хагас жил гаруй хугацаанд хүүхдүүд сургууль, цэцэрлэгийнхээ байрыг мартаж гэрийн хорионд суулаа. Цахим боловсрол хэмээх тодотголтой теле хичээл өдөр бүр тусгай цагийн хуваарийн дагуу орж буй ч хүүхэд бүр шимтэн сурч суугаа гэвэл эндүүрэл болно. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд бүр ч хэцүү байна.

Нам дор газар салхи, шуурга, хавсаргатай үед телевизийн суваг гарахаасаа гарахгүй гацах нь их. Тэгээд ч мал төллөх, ямаа самнах ид үед телевизийн өмнө суугаад хичээнгүйлэн суралцах цаг хомс аж. Ар гэрийн аар саар ажилд зарагдсаар байтал теле хичээл хааяа үздэг үзвэр төдий болж хувирчээ. Зарим нь “Хичээл яамай, багшийгаа мартаагүй байхад бусад нь болно” хэмээн хэнэг, гуниггүйхэн хэлж сууна. Цахим боловсролын цаад өнгө өнөөдөр эрээнтэй бараантай байна. Алслагдсан нэгэн сумын багш хаваржаа, өвөлжөө гээд хаа сайгүй тарсан хэдэн хүүхэдтэйгээ холбоо барих гэж хэрэндээ л зүдэрч суугаагаа нуусангүй. Гэтэл зарим хүүхэд гэртээ зурагтгүй болохоор хичээлээ үзэх гэж хүсэвч байхгүй гэх зовлонд хүлэгдэн өдөр хоногийг өнгөрүүлсээр. Хөдөөд хэчнээн айл зурагтгүй байдаг, хэчнээн хүүхэд теле хичээл үзэж чадахгүй хохирч байгаа талаар нэгдсэн судалгаа статистик хаана ч алга. Манай улс хүүхдээсээ илүү малаа сайн тоолдог. Хойч үеэ гэхээс илүү хэдэн ямаагаа тэтгэж, тойглодог болохоор хүүхдийн тухай статистик заримдаа нарийн гарч ирдэггүй гачлантай. 

Улаанбаатар хотын захын гэр хорооллын зарим хүүхэд ч цахим боловсролоос хол хоцорч байна. Гэр, бүл хүүхэд хөгжлийн газрынхан дүүргүүдээр явж цахим боловсролын өнгө төрхтэй танилцжээ. Тэдний хэлж буйгаар Улаанбаатар хотын хэмжээнд зурагтгүй 90 гаруй өрх байна гэсэн судалгаа гаргажээ. Эдгээр өрхийн хүүхдүүд дөрвөн сар гаруй хугацаанд үзсэн хичээлээ давтахаас хэтрэхгүй байгаа аж. Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхэд эрдэм боловсрол эзэмших, сурч хөгжих эрх хязгаарлагдаж байна. Цахим боловсролын энэ үед баян, хоосны ялгаа улам тод харагдах боллоо. Хүүхдээ сургах боломжтой, баячууд гэрийн багш хөлслөөд хичээлийг нь заалгаж байгаа бол ядуусын хувьд хүүхдийнхээ хичээлийг үзүүлэх зурагт ч байхгүй суугаа нь өрөвдөлтэй. Манай улсын боловсролын салбар ч цар тахлын гороор муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгч л болж байна даа. Ирэх жил баахан үсрэлтийн ангийнхантай багш нар үгээ хэлж, үсээ зулгаах бололтой. 

Боловсролын чанарын талаар бүр л ярилтгүй болж байх шиг байна. Чанар бол ердөө шалны алчуур болох нь ойлгомжтой. Ер нь сүүлийн жилүүдэд боловсролын чанар сайнгүй байгаа. Олон улсад чанарын эрэмбээрээ үргэлж л хойгуур байрт бичигдсээр ирлээ. Боловсролын чанар тааруу байгааг мэргэжлийн байгууллага нь ч хүлээн зөвшөөрсөн удаатай. Тухайлбал, 2018 оны байдлаар сурагчид хамгийн багадаа физикийн хичээл дээр 100 хувиас 23.1 оноотой байна. Хамгийн өндөр оноотой нь монгол хэлний хичээл 53.2 буюу аль ч хичээл дээр сурагчдын дундаж оноо 60 хүрч чадаагүй байна. Түүнчлэн 2016 онд мөн чанарын судалгаа хийж байсан Боловсролын үнэлгээний төв сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл өнөөдрийн цахим боловсрол энэ салбарыг улам бүр дампууруулахад хүргэж байна. Цахим хичээлээс орхигдож буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд салбарын яам нь анхаарах сөхөө алга. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах эрхийг хангах талаар салбарын удирдлагууд нь хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Хүүхдийн нэр барьж, сонгуулийн сурталчилгаа хийсэн хүмүүс л хаа сайгүй олширсоор. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан яаманд байхдаа хийгээгүй ажлаа өнөөдөр хийнэ хэмээн худлаа инээмсэглэж, хүчирхийлэл ярьж явна.

Түүний хувьд салбарын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа хүүхдийн төлөө хийсэн зүйл байхгүй. Харин өнөөдөр гэнэт хүүхдэд хайр зарлаж, хүчирхийлэлтэй тэмцэгчийн дүр эсгэж яваа нь дэндүү харамсалтай. Монгол бол үнэндээ хүүхдэд ээлгүй орон. Үргэлж л хүүхэд түлэглэж, амиа хорлож, гэмт хэргийн золиос болж байдаг нь гашуун үнэн билээ. Нийгмийн ороо бусгаа үед хүүхэд үргэлж золиос болсоор ирсэн гашуун түүх манай улсад бий. 1990 оны нийгмийн шилжилтийн үед хөдөөгийн хүүхдүүдийн дийлэнх нь бага сургуулиа ч төгсөж чадалгүй мал дээр гарч, хотын багачуудын зарим нь траншей, гудамжаар хоноглож байсан. Тэр үед бичиг үсэг тайлагдаагүй сургууль завсардсан нөхөр өдгөө 30 гаруй настай болсон байна. Тэдний хувьд технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах гэж будилж, мунгинаж явна. Хэдийгээр хүн бүхэн математикч болохгүй, харин хүн бүр эцэг эх болдог гэсэн хэлц үг байдаг ч боловсролгүй хүн эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй. Цөөн хүн амтай манай улсын хувьд эрдэм боловсрол үндэсний дархлаа нь байх учиртай.

Засгийн газрын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 05 сар 13/

    Би 1970 онд 10 төгсөж сургуульд орж байлаа энэ үеийн 10 одоогийн зарим их сургуулиас өндөр босготой байлаа хүн бүр сурах боломжгүй 3 хүний 1 нь боломжтой одоо бүгд сурах гээд энэ бол боловсоролын дампуурал

    Хариулах