Дэд бүтэц “мөрөөдсөн” гэр хорооллынхны шалбаагтай гудамж

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 05 сар 27 ・ 5

Хаврын хаварт явган хүний зам засвар, сайжруулалтын ажил өрнөхтэй зэрэгцэн иргэдийн бухимдал өндрөө авдаг нь нууц биш. Хэдхэн жилийн өмнө тавьсан явган хүний замын хавтангуудыг хуулж, ахиад л өмнөхтэй ижил өнгө зүстэй чулууг өрж “тоглодог”. Жил бүр хэсэгчлэн нөхсөөр хэдэн жилийн дараа өнгө өнгийн даавуу зүйж хийсэн хүүхдийн баривч шиг эрээн, мяраан юм болж хувирна. Тэгээд дахиад л солихоос өөр аргагүй боллоо хэмээн хуу татна.

Анхнаасаа сайтар судалж, тав, арван жилийн настай зам тавьж болдоггүйг ойлгоход бэрх. Нөгөөтэйгүүр явган хүний зам засвар, сайжруулалт, тохижилтын ажил хотын төв хэсгийг тойрон эргэлддэг. Гэтэл гэр хорооллын өч төчнөөн гудамж талбайд, мянга мянган хүн аж төрж, шөнө орой сандчиж явна. Нийслэлийн 80 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын иргэдэд амар тайван алхаж, аюулгүй орчид аж төрөх эрх үгүй гэж үү.

Долоон буудлын эцсээс Чингэлтэй дүүргийн XVIII хорооны зүгт тэгш сайхан засмал замаар давхисаар хорооны байрны наахнуур гудамж руу иргэмэгц өнөөх тав тухтай зам эцэс болно.  Олон жилийн нар салхинд гундаж, өнгө нь зэвхий сааралтсан нарийн банзан хашааны буланд гүн хөх өнгийн төмөр дээр “Яргайтын 33” гэсэн хаяг хадаастай харагдана. Тус гудамж явган хүн гэтэлж барамгүй шавар шалбаагтай. Зам дагуу жижиг хотгоруудад ус тогтсон байх нь бороо орсны дараах голын гармыг санагдуулна. Гэвч энэ бол өдөр бүр машин тэрэг холхиж, оршин суугчид ажилдаа ирж, очих их хотын нэгээхэн гудамж.Машинаас буугаад алхмагц газрын хөрс хөлийн аясаар намбалзах юм. Гудамжны эхний хаалганаас нэгэн охин гарч ирэхтэй таарлаа.

Түүнийг Э.Нандин-Эрдэнэ гэх бөгөөд эднийх тус газарт гурван жил оршин сууж байгаа гэнэ.  Тэрбээр “Энэ гудамж байнга иймэрхүү байдалтай байдаг. Бороо орсон үед гишгэх газаргүй болтлоо усанд автдаг. Өвөлдөө мөс тогтож, зундаа намаг үүсдэг учраас явахад маш хүндрэлтэй. Зөвхөн гудамж гэлтгүй хашаан дотор ч ус нэвчдэг. Энэ гудамжны төгсгөлд  худаг бий. Гэвч энэ замаар  усны тэрэг түрж явах ямар ч боломжгүй. Тиймээс өөр худгаас усаа явдаг” хэмээн ярив. Түүнтэй ийн ярилцах зуур эргэн тойрныг ажвал ихэнх айлууд хашааныхаа үүдэнд хайрга, шороо асган уснаас сэргийлжээ. Намаг дундуур туучсаар нэлээд хэдэн айлын хаалга татсан ч хүнгүй байж таарав. Энэ хавьд гудамжны дугаар бичсэн пайзнаас өөр өнгөө алдаагүй зүйл тун ховор.

Төв зам дагуух айлуудын олонх нь хаалгаа гинжилж, хашаан доторх  байшингуудын тоосго өм цөм эмтэрч, дээврийн төмөр салбайх нь салбайж, хур өвс, тоосонд дарагджээ. Учир нь бороо орчихвол гэрээс гарах боломжгүй, хашааныхаа үүдэнд машин нь шаварт суучихдаг, тухгүй орчинд зутруухан аж төрөхөөс шантран дайжжээ. Айл, айлын хаалга татан явах биднийг харсан тавь гаруй насны эр сониучирхсаар ирсэн нь  М.Ёндон гуай байв.  Тэднийх таван жил энд хашаа түрээслэн амьдарч байгаа гэнэ. Нүүх бодолтой байдаг ч газар олдоггүй. Цаашлаад ажил төрөл, хүүхдийн сургууль холдчихоод байдаг тул өдөр бүр шавар шавхайтай зууралдсаар байна даа гэсээр бидэнтэй уулзсан юм.  Тэрбээр “Хашаа руу ус орохоос сэргийлж шуудуу татсан ч хүмүүс машинаа гаргах гээд шороогоор дүүргэчихдэг. Тэгэхээр хашаа  руу ус орж ирээд  хэцүү.

Манай руу том машин орж ирэх ямар ч боломжгүй. Хогний машин гудамжны үзүүрт зогсоод,  иргэд хогоо зөөж ачуулдаг. Уг нь хашаандаа хайрга асгачихвал зүгээр байдаг ч том тэрэг нааш орох боломжгүй. Нэг ийм юм, юмнаас тусгаарлагдсан орчинд аж төрч байна. Ойр хавийн айлууд нүүгээд дууслаа” хэмээн хуучлав. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн гудамж, хашаанууд ус тогтон мэлтэлзэн байх аж. Иргэд хашаагаа мануулахаар нохойгоо үлдээсэн нь энд тэндээс хог, сэг зэм зууж ирсээр орчинг улам бохирдуулжээ. Түүнчлэн хогний машин ховор ирдгийг илтгэх шиг гудамж дагуу үнс хог хунгарлан, устай холилджээ. Ийнхүү иргэд нүхэн жорлонгийн ус хальж, овоорсон хогтой холилдсон бохир шалбааг дунд аж төрж байна. Угаас намаг ихтэй, булаг шандтай газар амьдарч байгаа тул иргэд яаж ч хичээгээд дийлдэггүй. Эцэстээ нүүх замыг сонгох бөгөөд хуруу хумсаа хуйлах шахам цуглуулсан мөнгөөрөө босгосон байшин сав, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Энэ мэт гудамж нийслэлд нэг биш бий.

Хайлаастын хуучин эцсээс уруудан 17 дугаар сургуулийн чигт явах замд огцом, энхэл донхол шороон зам бүхий гудамж байх нь  Чингэлтэй дүүргийн ХIII хороо, XV хорооны уулзвар хэсэг аж. Тус гудамжаар өгсөн “Нарантуул 2” худалдааны төв рүү  шууд очих боломжтой тул Дэнжийн мянгыг зорьсон автомашины хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Гудамж даган өгсвөл хэдхэн метр газрыг засаж, цементлэсэн ч хамгийн огцом, хонхор ихтэй хэсэгт тулаад дуусах нь тэр. Тус хэсэгт 20-30 сантиметр гүн хэд хэдэн хонхор үүсч, зам нэлэнхүйдээ усанд идэгдэн, хайрга  чулуу нь овоорсон байх юм. Энэ замын хамгийн эгзэгтэй хэсэгт Ж.Сүхээгийнх гэдэг айл бий. Тэрбээр “Манайх энэ хашаанд арав гаруй жил болж байна.

Холбогдох хүмүүст хэлж, шаарддаг ч өөрчлөгдсөн зүйл нэг ч  алга. Зам маш эвгүй учраас жолооч нар болгоомж алдаж, хашаа руу мөргөчихөөд зугтаах тохиолдол их. Найман жилийн өмнө том тэрэг хашаа руу орж ирээд жорлонд сууж байсан хүүхдийг маань дайрах шахсан. Түүнээс хойш жорлонгоо хашааны хаалганаас холдуулж, бетон хашаа барьж, хашааныхаа гадуур турбо босгон хамгаалсан. Үнэхээр энэ замын хажууд тайван амьдрах нөхцөл алга” хэмээн учирласан юм. Цагаан сар, баяр ёслолын үеэр хөл хөдөлгөөн улам ихсэж, авто ослын тохиолдол ч ихэсдэг тухай оршин суугчид хэлж байлаа. Ийнхүү хотын төвийн явган хүний замын хэлбэр дүрсийг солин, хуулж нааж байх зуур гэр хорооллын иргэд өөрийн эзэмшлийн талбайдаа амар тайван, амьдрах аргагүй байгааг эрхэм дарга нар мэддэг болов уу.  

Засаж тохижуулах гудамж, зам талбайг хэрхэн сонгодог талаар Нийслэлийн захирагчийн албаны Тохижилтын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулахад “Энэ онд нийт  23 мянган ам.метр талбайг засаж, тохижуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 30 орчим хувийн  худалдан авах үйл ажиллагааг зарлаж, таваас зургаан төсөл арга хэмжээний  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд явган зам шинэчлэл, сул шороон хөрсийг хавтанжуулах ажилд хоёр тэрбум төгрөг тусгасан. Хотын төвд засвар хийгээд гэр хорооллыг орхигдуулсан зүйл байхгүй.  Энэ жил хотын төвд урт цагаанаас их дэлгүүр, бөхийн өргөөнөөс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх томоохон засварын ажил бий.

Бусад жижиг засвар, нөхөлтийн ажлыг эс тооцвол дийлэнх нь гэр хороолол, тэр дундаа хүн их зорчдог газрыг сонгосон. Тохижилт хийх талбайг сонгохдоо иргэдийн санал, гомдол болон хороо, дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн байршлуудыг эрэмбэлэн дүн шинжилгээ хийж, судалсны үндсэн дээр сонгодог”  хэмээв. Ерөнхийдөө засаж тохижуулах зам талбайг сонгохдоо  Нийслэлийн захирагчийн ажлын алба, Автозам хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагад өргөдөл гомдлоор мэдээллэгдсэн байршуулуудыг жагсааж, хорооны Засаг даргын ажлын албанаас эрэмбэлж, дүүргийн Засаг даргын тамгын газар руу  шилждэг байна. Улмаар дүүрэг тус бүр нэн шаардлагатай засаж тохижуулах, зам талбайн жагсаалтаа Нийслэлийн захирагчийн албанд илгээнэ. Энэ тогтолцоог харахад  өдгөө нэг ч айл өрх хажуугийн гудамж, хашааны гаднах зам талбайгаас болж бухимдахгүй амьдарч болмоор шийдэл мэт. Гэвч бодит амьдрал дээр энэ бүхэн эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Хорооны нутаг дэвсгэрээ мэддэггүй дарга нар байдаг уу, эрэмбэлж ангилж чадахгүй удирдлага байдаг юм уу.

Нэн шаардлагатай гэдэг ангилалд яагаад багтаагүй нь огт ойлгомжгүй олон арван гудамж их хотын өнгө үзэмж, хөгжил дэвшлээс арагш татан тоос шороонд дарагдан, элэгдсээр байна. Тэдгээрийн ихэнх нь гэр хорооллын гэх тодотголтой  гудамж, явган хүний зам. Бидний бахархан ярих дуртай хүмүүнлэг ардчилсан, энэрэнгүй нийгэмд хүн бүр тэгш эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой баймаар. Эсвэл гэр хороололд иргэд амьдарч, аж төрж, хүүхдүүд өсөж өндийж байдгийг умартаа юу эрхэм дээдсүүд ээ.

Үндэсний шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 28/

    Хариулах
  • б / 2020 05 сар 28/

    Хотын дарга юу хийгээд бнаа Энэ хэцүү амьдарч бгаа хүмүүс дээр очооч битгий бэлдсэн газар очоод хулхи ажил хийсэн дүр эсгэ,

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 27/

    Ger horoololiin zamiig zasah ni huduu oron nutagt hedhen irged zorchij baigaa zamuudaas turuulj zasch yanzalah ni hed dahin olon hul hudulguuniig zohitsuulah met sanagdaj bna

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 27/

    Гэр хороололоо эхлээд хегжуулж болмоор юм дэд бутэц

    Хариулах
  • Нийслэлийн захирагч аа / 2020 05 сар 27/

    Улсын нийслэл Улаанбаатар хот шүү дээ. Хатуу хэлэхэд Монгол улс ганц хоттой, тэр хот маань ингэж харагдаж байна.

    Хариулах