Монголын эдийн засгийг "сэлэм"-нээс авраач

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02 ・ 9

  • Сүр Данзангаар удирдуулсан Монгол Улс популист амлагчдын гайгаар сөнөхөд ойрхон болсон Венесуэлийн араас нэхэж явна
  • Улстөрчид дайны байдалд байгааг байнга сануулан, биднийг айлган, хаших атлаа өөрсдөө харин баярын “наастар”-тай. Энд ч очиж тууз хайчлаад, тэнд ч очиж шав тавиад төрийн мөнгөөр наадаж байна
  • Засгийн газрын молигыг үмхсээр хаширсан хувийн хэвшил хувь заяатайгаа эвлэрчээ

Сэлэм далайсан эрээс Монголын эдийн засгийг авраач, бурхан минь. Үзэгчдээс алга ташилт авч л байвал амины ганц үнээгээ төхөөрөхөөс ч сийхгүй дүрдээ орчихсон сүр Данзан жижигхэн эдийн засгийг маань сийчээд дууслаа. Эрх баригчид эргэн сэхэхгүй болтлоо цөмлүүлж, зэрэмдэглүүлсэн эдийн засагт гялгар баг зүүлгээд, хүүхэд хуурч байгаа юм шиг сонгууль хүртэл биднийг хулхидах нь. Харин сонгууль дуусав уу, үгүй юу Монголын эдийн засгийн эмгэнэлт төрхтэй бодитоор нүүр тулах вий. Мөнгө нь цаас болж, ажилгүйдэл, ядуурал нийгмийг нилд нь залигаж, хэдэн үеэрээ төлж дийлэхгүй өрийн занганд үр хойчоо оруулж, сүйрсэн улсаасаа ард түмэн нь дүрвэсэн Венесуэлийн түүх Монголыг отож байна. Монголын эдийн засаг амь зогоох талхны төлөө оочерлож, өлөн зөлмүүн өдрийг өнгөрөөж байсан 90 он руу ухарлаа. Сүүлийн хагас жаранд харагдаагүй огцом уналтыг Монголын эдийн засаг өнгөрсөн улиралд үзүүлж, ДНБ-ий өөрчлөлт 30 орчим жилийн доод цэгт хүртлээ агшсаныг Үндэсний статистикийн хороо баталж байна. Сүүлийн дөрвөн жил сэлэм эргүүлсээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, олон улс дахь нэрээ хугалж, эх орноо гутаав. Бидэнд итгэсэн хөрөнгө оруулагчид сэлэмнээс айгаад хэдийнэ Монгол дахь төслүүдээ орхин, буутай бус хуультай орнууд руу дайжлаа. Буу, сэлэмтэй ажиллагааг бузгай сайн хийсний үр дүн энэ. Эрх баригчид хөрөнгө оруулагч, хувийн өмч рүү уулгалан дайрах атлаа дэлхийн санхүү, эдийн засгийн системд харш авлига, мөнгө угаалт, хууль бус наймааг өөгшүүлж, толгойг нь илсээр Монгол Улсыг олон улсын санхүүгийн талбарт хар тамга дарууллаа. Их гүрнүүд, эдийн засгийн гол тоглогчид Монголыг дэлхийн санхүүгийн зах зээлд үл бүтэх, түншилж үл болох сэжигтэй этгээд дүрээр харж, цэрвэж эхлэв. Одоогийн эрх баригчид өмнөх Засгийн газруудын өрийг газар дор ортол нь муулах атлаа өөрсдөө тэднээс ч илүүг тавьж, улсын өр зээлийг хоёр дахин үржүүлэв. МАН-ын тавьсан өрийн улмаас эхийн хэвлийдээ бойжиж буй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өр үүрэн, Монгол Улсын иргэн болон мэндлэх нь. Эдүгээ өрийн занганд унаж, алгуурхан амь тавьж буй Аргентин Улс шиг Монгол орон их өрийн дарамтаас ирэх 10, 20 жилдээ өндийхгүй, гадаадын зээлдэгчийн хараанаас мултрахааргүй болж байна. УИХ Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлаад бараг гурван сар болох гэж буй. Үйл явц, үр дүнд нь үл үзэгдэх энэ хөтөлбөр өдгөө хэрэгжиж байгаа юу. COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж буй бусад орны хөтөлбөрүүд хэдийн үр дүнгээ өгч, иргэдээ эргээд ажилтай болгоод эхэлсэн. Цар тахалд эдийн засгийн бүх салбараа талхлуулсан АНУ COVID-19-ийн эсрэг эрүүл мэндийн талбарт тэмцэхийн зэрэгцээ эдийн засгаа, иргэдийнхээ амьжиргааг ч мартаагүй. Бизнес эрхлэгчид нь эргэлтийн хөрөнгөөр гачигдах вий гэсэндээ хямд эх үүсвэрээр тэтгэж, хувийн хэвшлийнхээ “амь”-ийг аварсаар байна. Өнгөрсөн саруудад АНУ-ын ажилгүйдэл сая саяар нэмэгдэж байсан бол хамгийн сүүлийн үеийн статистикаар иргэд нь эргээд ажлын байрандаа ороод эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийт гурван сая америк иргэн ажлын байртай болсон байна. Засгийн газрын молигыг үмхсээр хаширсан хувийн хэвшил хувь заяатайгаа эвлэрчээ. Дүлий засаг руу “биднийг авраач” гэж хашхирын оронд амьд үлдэх аргаа өөрсдөө олох гэж зүтгээд сөхөө алга. Улс орны удирдагчид ажлын байраа хадгалж үлдэхээр байдгаараа хувийн хэвшилдээ тусалж байхад манай эрх баригчид хамгаалах нь бүү хэл амнаасаа ажилгүйдэл, ядуурал гэдэг үгийг сүүлийн хэдэн сар унагав уу. Харин ч муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр унаж буй эдийн засгийг улстөржсөн мэдэгдлээрээ улам доош чангаасаар. Өнгөрсөн долоо хоногт вакцин гарах хүртэл хил нээхгүй гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа ноён “ногоон”-ы ханш сум шиг өслөө. Монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2800-г давж 2900 руу чиглэн хар хурдаараа давхиж явна. Ингэж элгээрээ хэвтэж байгаа эдийн засгийн дээрээс хөлөөрөө дэвсэх хэрэг байсан уу. COVID-19 вирусийг улс орныхоо өнцөг булан бүрт алдсан урд хөршийн эдийн засгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн гарч, дэлхийн шинжээчдийг алмайруулж байхад дотооддоо нэг ч тохиолдол алдаагүй Монголын эдийн засаг долоо дордож, 30 жилийн ёроолдоо туллаа. Улстөрчид дайны байдалд байгааг байнга сануулан, биднийг айлган, хаших атлаа өөрсдөө харин баярын “наастар”-тай. Энд ч очиж тууз хайчлаад, тэнд ч очиж шав тавиад төрийн мөнгөөр наадаж байна. Сүр Данзангаар удирдуулсан Монгол Улс популист амлагчдын гайгаар сөнөхөд ойрхон байгаа Венесуэлийн араас нэхэж явна. Муу ёролж байгаа юм биш. Нүдүүлж, сийчүүлсэн Монголын эдийн засгийн бодит төрхийг харахад ийм байна. Цэргийн сургуулиас өөр боловсролгүй, хувьсгалч, цогтой халуун үгээр иргэдийн чихэн дээр цэцэг ургуулахаас өөрийг хийж чаддаггүй нөхдүүд Өмнөд Америкийн диваажин болсон энэ орныг ард түмэн нь дайжсан тамын орон болгосон. Сүр үзүүлж сүх далайгчдын хийж чаддаг ганцхан зүйл нь энэ. Бурхан минь, Монголын эдийн засгийг “сэлэм”-ний цавчилтаас авраач.

www.zgm.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 03/

    Хүрэлсүхийг гутаах гэсэн АН-ын захиалгат бичвэр байна. Энэнд үнэмших хүн байна уу. Хүрэлсүхийг дэмжинэ. Эдийн засаг гэдэг чинь ганцхан өдөр сэхчихдэг эд биш. Хугацаа хэрэгтэй байдаг юм.

    Хариулах
  • ulaanbaatariin irgen / 2020 06 сар 03/

    utaanaas hen salgav aa

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    HURELSUHIIG. DEMJIJ BNA TSAANA. CHINI. MONGOLIIG HUDALDAGCH. LUIHAANUUD. NER. DEWSHIJ. BHAD. HURELSUH. JINHENE. MONGOL. ULSTURCH. DEMJINE. DEMJINE

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Horlontoi shunaltai mongo loo zaragchdiig. Selemdej baiwal. Taarna tsadaj hanadaggui gedsiig. Ni huu haga yarah. Heregtei. Aitugai sugdtugii

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Ардчилсан нам Ц.Элбэгдорж /Манан/, С. Эрдэнэ /Манан, өөрийн хамаатан садан/, Баттулга /Мояачууд/ гэсэн 3 бүлэглэл болон хуваагдаж оролцож байна. Энэ намыг хэзээ ч сонгож болохгүй шүү.

    Хариулах
  • bat / 2020 06 сар 02/

    Сонгуульд орж байгаа намуудаас арай тулхтай нам нь МАН юмдаа энэ намыг л сонгосон нь онох байх аа гэж шийдлээ

    Хариулах
  • Иргэн / 2020 06 сар 02/

    Хүрэлсүхийг сонгохгүй юм бол өөр хэнийг сонгох вэ дээ

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Сэлэм Хүрэлсүхийг сонгож болохгүй хүн шүү.Казеночин хүн хэзээч эдийн засаг бодохгүй.......

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Сэлэм Хүрэлсүхийг сонгож болохгүй хүн шүү.Казеночин хүн хэзээч эдийн засаг бодохгүй.......

    Хариулах