Хүүхэд хүмүүжүүлэх япон арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 04 ・ 1

Япончуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил бусад улсынхаас онцлогтой. Тэд зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог бөгөөд япон хүүхдүүд тогтсон цагт хоолоо идэх, хүний юманд дураараа хүрэхгүй байх, бусдад төвөг болохоос зайлсхийх зэрэг дадалд нялхаасаа суралцдаг. Мөн эмэгтэй хүн хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орох, эмээ өвөөгөөр нь харуулахыг япончууд хэзээ ч сайшаадаггүй. Иймээс япон ээж, хүүхдийн амьдралын хэв маяг, хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан тун сонирхолтой. Түүнчлэн Япон улсын хөгжлийн суурь бол хүүхдийн хүмүүжил гэж үздэг. Тийм учраас манай улсад ч гэсэн Японы арга барилаар хүүхэд сургадаг сургууль, цэцэрлэг цөөнгүй болсон. 

Эх үрийн нандин холбоо буюу Аmea

Япон ээж, хүүхдийн холбоо маш хүчтэй байдаг. Ээжүүд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байдаг бөгөөд амьдралын анхны багш нь юм. Энэхүү эх үрийн нандин холбоог тэд amea гэж нэрлэдэг ба энэ нь хүүхэд эхийнхээ хайранд өсөж томроод, аав, ээжийгээ нас ахих үед нь асрах ухагдахуун юм. Япон ээж хүүхдээ зандарч бус үлгэрлэж, зөвлөж өсгөдөг нандин ухаантай. Америк болон япон судлаачид хүүхэдтэй эвтэй байж, загнаж, зандрах бус зааж, зөвлөх нь өсөлтийн үед гарч болох зан харилцааны бэрхшээлүүдийг даван туулахад нь тусалдаг гэж үздэг. Япон, Европын ээжүүдийг оролцуулан нэгэн сонирхолтой туршилт явуулсан байна. Тэдэнд пирамид барих даалгавар өгтөл японы ээжүүд пирамидыг өөрсдөө барьж, дараа нь хүүхдүүдээ давтан хийхийг хүссэн бол европ ээжүүд пирамидыг хэрхэн бүтээх талаар тайлбарлаж, хүүхдүүдээ оролдохыг хүсжээ. Ингэхэд япон хүүхдүүд ээжээсээ харсан арга барилаараа пирамидыг илүү хурдан, гүйцэтгэл сайтай барьж чадсан байна. 

Хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө хүссэн зүйлээ хийж болно

Япон эцэг, эхчүүд хүүхдээ таван нас хүрэхээс нь өмнө хүссэн зүйлээ хийхийг нь зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд аав, ээж нь эцэс төгсгөлгүй хайр халамжаа хүүхдүүддээ мэдрүүлдэг гэсэн үг. Харин зургаан нас хүрээд хатуу дэглэм, дүрэм журам мөрдөх шаардлага тавьж, ямар нөхцөлд юу хийх ёстойг нь нарийн зааж сургадаг. Харин 16 наснаас хойш хүүхдүүдтэйгээ том хүн шиг харилцаж, найз шиг зөвлөхийг эрмэлздэг байна. Таван нас хүртэл нь хаан шиг, 5-15 настайд нь боол шиг, үүнээс хойш өөрсөд шигээ харилцах хэрэгтэй гэх бичигдээгүй дүрмийн дагуу бяцхануудаа өсгөж, хүмүүжүүлдэг байна. 

Хүүхдийг бие, биетэй нь харьцуулдаггүй

Япон улсын иргэд сургуулийн өмнөх боловсролыг маш чухалчилдаг. Хүүхдүүд цэцэрлэгт мэндлэх, хүндлэх, талархах зэрэг дадалд суралцдаг. Мөн тус улсад хэн ч, хэзээ ч хүүхдүүдийг бие, биетэй нь харьцуулдаггүй. Багш сайн хүүхдийг магтаж, мууг нь гоочлохыг хориглодог. Мөн нэг настайгаас шүдээ угаах, хувцсаа эвхэх, угаах хувцсаа ялгах, цүнхээ өөрөө барих, ээж аавдаа аль болох тэврүүлэхгүй байх гэх мэт олон дадлыг үлгэрлэж сургадаг. 

Тэгш эрх 

Японд хүүхэд бүхэн тэгш эрхтэй байдаг. Сурлага, чадвар, угсаа гарал, аав ээжийн хөрөнгө зэргийг хэн ч, хаана ч чухалчилдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулж нийгэмшүүлдэг онцлогтой. 

 

www.zgm.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: