Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 08
・ 8

Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Чингисхаантай ярилцлаа.
-Яагаад өөрийнхөө нэрийг Чингис хаан гэж өөрчлөх болов оо?
-XIII зуунд Есүхэй баатрын хүү Тэмүүжин мянганы суут хүн болон Их Монгол Улсыг байгуулж өнөөгийн энэ цаг үеийг үндэслэсэн агуу удирдагч болж, бидний шүтээн болон өргөмжлөгджээ. Энэ агуу алдар нэр, их түүхийг бүтээсэн Тэмүүжин Чингис хаан гэдэг цол хэргэмд хүрч болж байсан бол яагаад энэ мянганд Баасанжаргал би дараагийн Чингис хаан болж болохгүй гэж. XXI зууны Чингис хаан болох боломж бий. Дараагийн мянганд шинэ түүхийг бүтээж эх дэлхийгээ засч засаглах боломжтой. Үүнийг л олж харсан. Чингис хаан бол миний зорилго, мөрөөдөл, тэмүүлэл юм. Тийм учраас зорилго мөрөөдөл тэмүүллээрээ хүндэлж, хайрлаж явдаг хүнээрээ өөрийн нэрийг албан ёсоор өөрчилж өглөө, өдөр, орой бүр өөртөө сануулж байхыг зорьж, бусад хүмүүсээс зэмлэл магтаалыг сонсож зэрэг дааж явахыг зорьсондоо юм. Чингис хаан гэж нэрээ сольсон цагаас хойш хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд Чингис хаан гэдэг нэр намайг маш их өөрчилж, зөв зүйл рүү хөтөлж байгаа.
-Чингис хаан цолыг хийсэн бүтээснээрээ авдаг. Та энэ цолыг авах хэмжээнд очсон гэж өөрийгөө бодож байна уу?
-Нийт ард иргэдээсээ уучлалт хүсмээр байна. Надад энэ нэрийг хүртэх хэмжээний хийсэн бүтээсэн зүйл одоохондоо алга. Гэхдээ эр хүнийг зориг чимдэг. Залуу хүнийг зорилго чимдэг. Миний зорилго бол Чингис хаан болох. Миний зориг бол Чингис хаан гэдэг нэрийг авснаараа бусдад хараалгуулаад явах сэтгэлийн тэнхээ. Хэзээ нэгэн цагт би их үйлийг хийнэ. Тэр цагт ард иргэд маань намайг Чингис хаан гэдэг цолд өргөмжилнө. Аливааг цаг хугацаа харуулна. Энэ цолыг авах хэмжээнд би хүрээгүй байгаа. Хүрэхийн төлөө хичээх болно. Чингис хаан гэж нэр аваад, лайв хийгээд эхэлсэн мөчид гэр бүл, эргэн тойрныхон, найз нөхөд шигшигдэж холдсон. Хүмүүс шүтдэг шүтээн хааных нь нэрийг нэг туранхай залуу авангуут эвгүйцнэ. Гэхдээ хуулиараа хүн нэг удаа нэрээ солих эрх байна. Тэр эрхээ би тултал ашигласан.
-Энэ удаагийн сонгуульд яагаад өрсөлдөхөөр болов. Таныг улс төрд орж байгааг тань иргэд нэлээн сонирхон хүлээж авч байна л даа?
-2016 оноос хойш 2020 оны сонгуульд оролцохоор төлөвлөсөн байсан. 2016 онд Монгол гэр нэвтрүүлгийн хоёр дахь улирлын зураг авалтаар явж байхдаа санаандгүй байдлаар УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа болон зарим нэг явуулганд өөрийн мэдэлгүй өртсөн. “Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үг бий. Яг үүн шиг улс төрийн золиос болсон. Тэгээд л улс төрд үзэх зорилгыг өөртөө тавьсан даа. Гэр ухаан төслийг хэрэгжүүлж, хийж явахдаа олон улс төрийн хүмүүстэй уулзаж, таарч, танилцаж явлаа. Тухайн үеийн эрх баригч нөхдүүд надад таалагдаагүй. Даяаршлын энэ үед үлгэр шиг юм ярилаа гэж намайг үл тоож байсан. Монгол гэр, өв соёл, үндэс язгуурыг маань хээв нэг үл хүндэтгэж байлаа. Тиймээс миний бие 2016 онд 2020 оны сонгуульд орж, үндэсний өв соёл, цаашлаад Монгол гэр ухаанаа олон нийтэд заавал танилцуулна, үндэс язгуур, түүх соёл дэлхийн хүн төрөлхтний хамгийн чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон.
-Та УИХ-ын гишүүн болоод яг юуг өөрчилж, шийдэх вэ?
-Нэгдүгээрт, залуусын болоод иргэдийн сэтгэлгээнд хувьсгал хийнэ. Хоёрт, ухамсрыг нь өндөр түвшинд аваачина. Энэ хоёр асуудалд маш их цаг хугацааг зарцуулахаар төлөвлөж байна. Залуучуудын маань нийгмийн ухамсар, сэтгэлгээ, сэтгэл маш хоосон болсон байна. Маш ядуу болсон байна. Тийм учраас энэ тал дээр соён гэгээрэл, боловсролын ажлыг түлхүү хийнэ.
-Бодит зүйл юу хийх вэ?
-Улаанбаатар хотын гэр хороолол буюу хашаа хороолол гэж стандарт бус янз бүрийн хашаануудтай байна. Төмөр, тоосгон, модон гээд л хүн бүр өөрсдийнхөө бололцоогоор урлаггүй, гоо зүйгүй стандарт бус хашаанууд хаа сайгүй барьсан байна. Үүнийг цэгцэлж, стандартжуулах буюу гэр хорооллын стандартыг тогтоох, цаашлаад иргэдийн хашигдсан сэтгэлгээг хайрцагнаас нь гаргах зорилго бий. Түүнчлэн соёл урлаг боловсролоос эхлээд маш их зүйлүүдийг хийхээр төлөвлөж байна. Залуучуудад зориулсан бас нэгэн амлалт мөрийн хөтөлбөр минь дөрвөн жилийн хугацаанд төрийн бодлоготойгоор “Mongolian Youtube” одыг төрүүлэх байгаа. Жишээ нь, Солонгосчууд Гангнам стайл гэдэг дууг дэлхий даяар хит болгосон. Солонгос улс урлагийн салбар руугаа жилд дөрвөн тэрбум вон зарцуулж байх жишээний. Тэгвэл бид тэднээс суралцаж дэлхийн жишигт нийцсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Урлаг бол нийгмийг соён гэгээрүүлж, урд нь гарч байлдан дагуулах ёстой байдаг.
-Заавал яагаад УИХ-ын гишүүн болно гэж. Яриад байгаа зүйлсээ уран бүтээлээрээ дамжуулаад, үзэл бодлоо нийтэд хүргэж болохгүй гэж үү?
-Шулуухан хэлэхэд эрх мэдэл хэрэгтэй байна. Өмнө нь хийж үзсэн. Хийгээд явангуут эрх мэдэл байхгүй, мөнгө байхгүй, хүч хүрэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүн болохыг хүссэн. УИХ-ын гишүүнээр мөнгө төгрөгтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг залруулах хэрэгтэй. Бид дараагийн үедээ түүх бүтээж өгөх хүмүүс шүү дээ. Би бол урлагийн хүн биш, төр түмнийхээ төлөө явах ёстой юм байна гэдгээ олж, илрүүлж, шийдвэр гаргасан хүн юм.
-УИХ-ын гишүүн боллоо гэхэд хуралдаа суух дэг журам, хууль санаачлах, батлах талаар хэр мэдлэгтэй вэ?
-Би аливаа зүйлд дасан зохицох, юмыг хурдан сурах чадвартай. Тэр утгаараа нэр дэвшихийн тулд бүх бичиг баримтаа бүрдүүлээд, бусад нэр дэвшигчдээс түрүүлж байгаа гэж хэлж болно. Аливаа зүйл шат дараатай явж байна. Энэ даваагаа давах юм бол дараа нь хонож өнжөөд ч болтугай суралцаад явахыг хичээх болно. Надад чадвар бол байна.
-Та Чингис хаан гэдэг нэрээр өөрийн пиараа хийж байна гэж ойлгож болох уу?
-Аливаа зүйл олон талтай байдаг. Пиар гэдэг ухуулга юм л даа. Би Чингис хаан гэдэг нэрээр пиар хийсэн. Энэ пиараараа бусдыг соён гэгээрүүлж, өөрийгөө хурцалж, өөрчилж, өөрөө өөрийгөө сорино. Аливаа зүйл арга бэлэг хосолж байдаг. Үүнтэй нэгэн адил пиар тийм байдаг. Хар пиар буюу энтертайнмэнт пиаруудыг хийсэн. Одоо зөв зүйтэй үг хэллэгүүдийг хэргэлж, зөв үйлдэлтэй байхыг хичээнэ. Сонгуулийн сурталчилгааны 20 хоног бий. Маш бага хугацаа. Өрсөлдөгчид маань мөнгө төгрөгтэй, хүчтэй, мэдлэгтэй хүмүүс. Харин миний хувьд бор зүрхээрээ яваа залуу хүн учраас пиар хийх өвөрмөц арга шийдлүүдийг энэ 20 хоногийн хугацаанд хийнэ. Тэгэхдээ байдлыг ажиглаж, өрсөлдөгч нараа ажигласны үндсэн дээр пиараа хэзээ хэрхэн хийхээ бодоод явна. XIII зууны үед Чингис хаан Пиар, маркетинг, менежмэнт, удирдлагыг гартаа авч чадсан. Жишээ нь, элдэв цуу яриагаар өрсөлдөгчийнхөө зүрхийг үхүүлж чаддаг байлаа. Ийм хар пиараар өрсөлдөгчөө айлгаж, дайлаар мордож байсан түүх байдаг.
-Та ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Бүрэн дунд боловсролтой. Их дээд сургуульд суралцаж байсан ч сургуулиа орхиод телевизэд ажиллаж эхэлсэн. Диплом гэхээсээ илүү сэтгэлийн боловсролтой.
-Ажлын туршлага юу билээ?
-Бүх нийтэд харагдаж эхэлсэн нь 2005 оноос “PR” гэдэг хамтлагт дуулж эхэлсэн. Тухайн үед олны танил болоод уран бүтээл хийгээд явж байсан. 2009 он хүртэл уран бүтээл хийгээд 2010 оноос эхлэн Etv, Star, UBS гэсэн телевизүүдэд дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд найруулагч хөтлөгчөөр ажилласан. Ингээд өөрийнхөө “Цэцэн продакшн” ХХК-ийг байгуулаад, Европын долоон орны долоон хотоор аялж, “Нислээ буулаа” нэвтрүүлэг хийсэн. Дараа нь 2013 онд Хонконг явж Linkin park хамтлагийн тоглолт үзээд, гадны соёлтой танилцаад ирэнгүүт Монголд бүх боломж байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. 2013 оноос Монголоор амьсгалж эхэлсэн гэж хэлж болно.
-Та цахимаар live их хийдэг. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ их эгдүүцдэг байсан. Яагаад хүмүүс ийм айхавтар сөрөг байдаг юм бол гэж боддог байлаа. Одоо тэс өөр байсан. Хоёр жилийн хугацаанд харааж, доромжлуулж элдэв өнгөөр хэлүүллээ. Одоо бүгдийг нь уучилж, хайрладаг болсон. Өөрийн сэтгэгдлээ л хүмүүс бичиж байгаа шүү дээ. Тэр хүний буруу биш. Энэ нийгэм, цаг үе, иргэдийн боловсролын буруу. Тиймээс би тэдэнд биш, өөртөө бурууг өгч байгаа. Энэ хүмүүсийн төлөө, энэ хүмүүсийн соён гэгээрлийн төлөө би өөрийгөө зориулах ёстой. Энд л би толгойгоо ажиллуулж, хичээх болно.
-Гэрийнхэн нь таны энэ хүсэл мөрөөдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ бусдын л адил галзуу солиотой хүн гэж бодсон. Учир нь тэд ч бас энэ нийгмийн бүтээгдэхүүн. Сэтгэлгээ нь хашаандаа байгаа учраас л тэр. Харин миний хувьд хайрцагнаасаа гарч сэтгэж байгаа учраас бусдад өөрөөр харагдаж байгаа. Бид нэгэн хэвийн хэвшмэл сэтгэлгээнээсээ одоо гарах цаг болсон. Хайрцагнаасаа гарч, шинийг санаачилсан хүмүүсээ галзуу солиотоогоор нь дууддаг. Гэрийнхэн маань ч ийм байдалтай байж, ойр дотныхон маань надаас холдож, дөлж явсан үе бий. Хоёр жилийн хугацаанд би өөрийгөө галзуурчихсан юм болов уу гэж бодож үзсэн удаа байгаа. Гэхдээ хүн тэмүүллийнхээ төлөө тууштай явж чадвал зорилгодоо хүрч, өрөөл бусдад ч хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Одоо манай гэрийнхэн, хамаатан садан, анд нөхөд минь бүгд дэмжиж байгаа.
-Гэр бүлтэй юү. Таныг хэр дэмждэг вэ?
-Эхнэр, хүүхэдтэй байсан. Одоо тусдаа амьдраад, гурван жил болж байна. Ганц бие гэж хэлж болно. Хүүгийн минь ээж намайг ойлгохгүй, гомдолтой байгаа. Хэзээ нэгэн цагт тэр хүн ойлгож, ухаарч намайг уучлах байх.
-Ар гэрийнхнийхээ талаар ярихгүй юу?
-Би хоёр эгч, хоёр ахтай. Ээж маань 2011 онд өөд болсон. Аав байдаг.
-Аав нь таны энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав маань нийтийн жишгээр л ханддаг байсан. Харин сүүлийн үед намайг ойлгож эхэлсэн. Нэг хэсэг бүх нийтээрээ миний эсрэг сөрөг хандлагатай байсан бол одоо 60 хувь нь эерэг болж байгаа учраас гэр бүлийнхэн ойлгож эхэлж байна. Аав эхэндээ хүндээр тусгаж авсан.
-801 хүний Гарын үсгээ яаж цуглуулав. Хэдэн хүн гарын үсгээ зурсан бэ?
-Анд нөхөд, хамаатан саднынхаа тусламж дэмжлэгтэйгээр 1034 хүний гарын үсэг цуглуулсан. Тэгэхдээ XI хороолол, Хангай хотхон, хотын төв, 220, хүүхдийн 100 гэх мэт газруудаар алхаж явсан. Автобусанд явж байхдаа хүртэл хүний гарын үсэг цуглуулж байсан. Ер нь гэр хорооллоос хотын төв хүртэл Сүхбаатар дүүргийн бүхий л өнцөг булан бүрт өөрийн биеэр явж гарын үсэг зуруулсан байгаа. Тэгэхдээ байрны булан тохойд, хүний хөлийн газар зогсож байгаад гуйж эхэлсэн. Өөрийгөө танилцуулаад, Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэшиж байгаагаа учирлаад, намайг дэмжиж УИХ-д өрсөлдөхөд маань туслаад гарын үсэг, регистрийн дугаараа, хаягтайгаа өгөөчээ гээд гуйгаад явсан. Ихэвчлэн залуучууд намайг дэмжиж гарын үсгээ зурж, надад урам зориг хайрласан. Түүнчлэн настай хүмүүс залуу үеэ дэмжинэ, яасан сайхан нэртэй хүү вэ гээд дэмжсэн.
-Та нэг бус удаа согтуурсан үедээ лайв хийж, хүмүүсийг хараан зүхэж харагдсан. Энэ бүхний эцэст хүмүүс өөрийг чинь сонгоно гэж бодож байна уу?
-Би өмнө нь найруулагч, жүжигчний мэргэжлээр сурч байсан. Дээр нь маркетинг пиар чиглэлээр сургалтад хамрагдаж байсан. Пиар гэж юу вэ, ухуулга яаж хийх вэ, хүний сэтгэл зүйд нөлөөлөх, тэдний хэлээр ярих тал дээр туршлагатай. Миний үйлдэл хүмүүст ёс бус харагдаж магадгүй. Гэхдээ яг нийгмийн үнэн төрхийг харуулсан нэг төрлийн урлаг юм. Хүмүүс бид архидан согтуурч, хараал хэлж, гэрийнхээ авдар дээр зурагт тавиад үзэж байгаа нь бидний хэрэглээ болсон шүү дээ. Энэ бүхнийг тэр хэлээр нь ярьж ойлгуулахыг хүссэн. Хүмүүсийн нийгмийн сэтгэлгээ ухамсар өөрөө доройтолд орсон гэдгийг толинд харсан мэт үзүүлэхийг зорьсон.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тань зөвлөж байгаа хүн бий юү?
-Ганц нэг түүхчээс зөвлөгөө авдаг. Гэхдээ ихэвчлэн өөрийгөө л хурцалж явдаг.
Өдрийн сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.