Г.Амартүвшин: Би зөвхөн Монгол Улсын иргэн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 16 ・ 1
– Удахгүй намайг Нидерландын иргэн биш гэдгийг нотолсон албан ёсны бичиг ирнэ –

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинтэй ярилцлаа.

 -Сүүлийн үед таныг хоёр улсын иргэншилтэй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр и д э в х т э й ц а ц а г д л а а . Эндээс ярилцлагаа эхлэх нь зөв байх гэж бодож байна?

-Би Монголд, монгол аав ээжийн хүү, монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархаж явдаг. Миний аав Ж.Ганибал насаараа дипломат албанд зүтгэсэн нэгэн. Тийм болохоор оюутан ахуй насаа Бельги улсад өнгөрөөж, улмаар Нидерландын АБН АМРО банкинд ажиллах боломж олдож байлаа. АБН АМРО-гийн Амстердам болон Лондон дахь салбаруудад ажиллаж байсан. Мөн АНУын Харвардын их сургуульд суралцсан. Өөрөөр хэлбэл, гадаад улс оронд суралцаж, ажиллаж, амьдарч байлаа. Гэхдээ хэзээ ч Монгол Улсын иргэншлээс татгалзаж, гадаад улсын иргэншил хүсч байгаагүй. Би өөр улсын тэр дундаа Нидерланд улсын иргэн биш. Удахгүй намайг Нидерландын иргэн биш гэдгийг нотолсон албан ёсны бичиг ирнэ. Тэр үед нь та бүхэнтэй хуваалцах болно.

-Та энэ бүх дайралтад их хүлээцтэй хандсан шиг санагдсан. Баримттай дуугарах нь зөв гэж үзсэн үү?

-Манай Ринчен өвөө ч бас миний насан дээр их олон дайралттай тулгарч байсан байдаг. Гэхдээ тэр бүрт үгээр биш үйлдлээрээ хариулдаг байсан юм билээ. Миний хувьд баримт баталгаагүй дуугараад хэрэггүй гэж бодсон. Ингээд холбогдох бүх байгууллагад нь гомдол хүсэлт гаргаад хүлээж авсныгаа дэмжигчидтэйгээ өөрийн олон нийтийн сүлжээний хуудсаар дамжуулан хуваалцаад явж байна. Гэхдээ Ринчен өвөө сургаад би өвөөгөөсөө суралцаад явсан зүйл биш л дээ. Тохиолдол нь ингээд таарчихлаа. -Сонгууль эхэлснээс хойш хамгийн их дайралтад өртсөн нэр дэвшигч та байх. Яагаад тан руу ингэж их дайралт ирээд байна вэ? -Би банк санхүүгийн салбарт хорь гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа томоос нь эхлээд бичил бизнес эрхлэгчидтэй ч өдөр тутам холбогдох шаардлага гардаг байлаа. Тэр хэрээр бизнес эрхлэгчдийн тэр дундаа жижиг бизнес эрхлэгчдийн зовлонг гүнзгий ойлгодог болсон. Тийм ч болохоор Монгол Ардын Намын 2020- 2024 оны хөгжлийн гэрээ, мөрийн хөтөлбөрийн банк санхүү, эдийн засаг, жижиг дунд бизнесийг дэмжих зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаар төлөвлөөд байгаа. Тодруулж хэлбэл, удтал хүлээгдсэн банк санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, зээлийн хүүг сарын нэг хувь хүртэл бууруулах, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, мөнгө хүүлэлттэй тэмцэх гэх мэт.

Миний анхаарлыг татсан, шийдэх ёстой гэж үзэж байгаа эдгээр асуудлууд олон хүний ашиг сонирхлыг хөндөж байх шиг байна. Үүнээс болоод над руу зарим хүмүүс зохион байгуулалттай дайрч байгаа юм болов уу гэж бодож байгаа.

-Зарим хүмүүс гэдгээ тодруулж хэлэхгүй юү?

 -Банк санхүүгийн байгууллагын эзэд, тэдний эрх ашгийг хамгаалагчид. Нөгөө талд улс төрд олон жил явсан, туршлагатай гэгддэг улстөрчид өрсөлдөгчдөө ингэж зохион байгуулалттайгаар гүтгэх, харлуулах аргыг их ашигладаг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Одоогийн залуу, дунд үе үзэл бодолдоо үнэнч, үнэн зөвийг ялгах чадвартай болсон. Тэгэхээр хуучны энэ арга технологи нь одоо үйлчлэхгүй гэдгийг тэр хүмүүст хандаж хэлмээр байна.

-Зээлийн хүү үнэхээр нэг хувь хүртэл буурах боломжтой юм уу?

 -Би боломжтой гэж хэлнэ. Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож байлаа. Өөрөөр хэлбэл, Хас банкинд хоёр хувиас дээш хүүтэй бүтээгдэхүүн байх ёсгүй гэсэн журам юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад зээлийн хүү буурах үедээ буурч, өсөх үедээ өсөж ирсэн. Зөв бодлого хэрэгжүүлбэл зээлийн хүү цаашид шат дараатай буурах бүрэн боломжтой. Зээл боломж болохоос дарамт байх ёсгүй юм. Өнөөдөр Монголд харин дарамт болчихоод байна.

 -Тан руу ирж байгаа дайралтуудын нэг нь буурал өвөө Бямбын Ринченг нь хэлмэгдүүлж байсан МАН-д элссэн гэх шүүмжлэл байсан. Яагаад МАН-д элссэн юм бэ?

-Нэлээд хэдэн шалтгаан бий. Эхнээс нь дурдъя. Яагаад заавал намд элсэх ёстой юм гэж асуулт гарч ирнэ. Төрийн эрхийг нам л барьдаг. Нам л хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Түүнээс нэг хүн, бие даагч ингэж чадахгүй. Ийм учраас намд элссэн. Харин яагаад МАН гэвэл нэгдүгээрт, миний аав насаараа дипломат албанд ажилласан, МАНын гишүүн хүн. Миний өвөө Нямын Жагварал МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Б.Ринчен өвөө маань ч хэлмэгдэх хүртлээ МАХН-ын гишүүн байсан. Зуугаад жилийн өмнөх хэлмэгдүүлэлтийг шууд одоогийн МАН-тай холбож, шүүмжлэх нь утгагүй. Шүүмжилмээр байгаа бол боловсруулж, хэрэгжүүлж байгаа бодлогыг нь шүүмжлэх ёстой. Хоёрдугаарт, би Европт амьдарч байсан. Европт боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог хүн бүрт үнэ төлбөргүй эсвэл маш бага зардлаар хүргэх ёстой. Засгийн газар нийгмийн эмзэг бүлэгтээ тусалж, дэмжлэг үзүүлж байх ёстой гэсэн социал демократ үзэл бодол хүчтэй. Тийм болохоор би зүүний буюу социал демократ үзэл бодолтой болсон. Манай хоёр том намын хувьд МАН зүүний бол АН илүү барууны чиг баримжаатай. Гуравдугаарт, миний бодлоор одоогийн нөхцөл байдалд институцийн хувьд Ардын нам Ардчилсан намаас илүү гэж боддог. Жишээлбэл, энэ сонгуульд сойсон нэр дэвшигчдийн сонголтыг харж болно. МАН-ын хувьд АН-тай харьцуулахад илүү сайн институцитэй. Эдгээр шалтгаануудын үндсэн дээр би сонголтоо хийсэн.

 -Таныг улс төрд дагуулж орж ирсэн “том ах” гэх хүн бий юү?

-Би удахгүй 46 хүрнэ. Хэн нэг ах хайгаад явахаар залуу хүн бас биш байх. Одоог хүртэл хэн нэгнийг дагаж алхаж байсангүй. Өөрийн замаа өөрөө гаргасаар энэ хүрсэн. Цаашид ч ийм байна.

 -Танд УИХ-д нэр дэвших саналыг хэн тавьсан бэ?

 -Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх надад Хөгжлийн банкийг удирдаж, үйл ажиллагааг нь цэгцлэх үүргийг өнгөрсөн жил өгч байсан. УИХ-д нэр дэвших саналыг ч гэсэн Ерөнхий сайд надад тавьсан. МАН жил бүрийн сонгуульд залуу үеийн нүүр царай болсон салбар салбарын шилдэг боловсон хүчнүүдийг нэр дэвшүүлж, цусаа сэлбэдэг. Надад итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэнд баяртай байгаа. Намын нөхдийнхөө итгэлийг алдахгүй ажиллах болно.

– Ч . Ганхуяг сошиал хуудсаараа таны талаар шүүмжлэлтэй дуугарсан байсан. Энэ тухайд ямар хариулт өгөх вэ?

 -Би Ч.Ганхуягт талархаж явдаг. Тэр Монголын банк санхүүгийн салбарт их юм хийсэн, цаашдаа ч ихийг хийх эрч хүчтэй нэгэн. Анх надад Хас банкинд ажиллахыг санал болгосон хүн нь ч тэр. Энэ ч утгаараа тэр намайг шүүмжлэх бүрэн эрхтэй. Ер нь хэн ч хэнийг ч шүүмжилж болно. Харин өөлсөн болгоны өөдөөс өрвөлзөж, өс санаад байх хэрэггүй гэж боддог.

-Таныг банкир гэдгээр хардаг байсан бол одоо улстөрч гэх өнцгөөс харах нь. Банкираас улс төр лүү ороход юү нөлөөлсөн юм бэ?

-Бүр эхнээс нь яривал “Шарк Танк” нэвтрүүлэг. Нийгэмд оруулах хувь нэмэр талаас нь бодож анх энэ нэвтрүүлэгт оролцох шийдвэр гаргасан. Нэвтрүүлгийн явцад санхүүжилт аваад ахуй амьдрал, ажил бизнесээ өөд нь татаад явж байгаа иргэдийг хараад энэ нэвтрүүлэгт оролцож чадаагүй өөр олон зуун бизнес эрхлэгч байгаа тэдэнд яаж ийм боломж олгох вэ гэж бодох болсон. Гэхдээ улс төр шийдэл нь юм байна гэж тухайн үед бодож байгаагүй. Удалгүй Хөгжлийн банкыг удирдах санал хүлээж авсан. Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа банкны зээлийн хүү буурах боломжтой юм байна гэдгийг олж харсан. Нөгөө талдаа бас өмнөх удирдлагуудын ажиллаж байсан арга барил, үлдээсэн өвийг хараад сэтгэл дундуур байсан. Жишээлбэл, нийт зээлийн гурваны нэг барьцаагүй, муу зээлийнхээ араас хөөцөлддөггүй байсан. Хагас жил ажиллах хугацаандаа барьцаагүй зээлийн хэмжээг 15 хувь хүртэл бууруулж, муу зээл барагдуулах зорилготой бүтэцтэй болж, нийт 22 ААНын 700 гаруй тэрбум төгрөгийн муу зээлийг шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болно гэх маягийн асуудал байсныг арилгахыг зорьсон. Энэ бүхний үндсэн дээр алийн болгон асуудалд оролцолгүй, хөндлөнгөөс ажиглаж шүүмжилж суух билээ. Улс төрд дотроос нь оролцъё. Өөрчлөх гээд үзье гэж шийдсэн.

Банкир хүн банкуудын эрх ашгийг хамгаалахаар улс төрд орох гэж байна гэх хардлага байдаг шүү дээ?

-Би банкинд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан ажилтан л хүн. Надад аль ч банкны нэг ч хувьцаа байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Нөгөө талдаа олон нийтийн, нийгмийн эрх ашгийг дээдлэх үзэл надад багаас минь төлөвшсөн. Банк удирдаж байхдаа ч банкны эрх ашгийг тэргүүнд тавьж байгаагүй. Миний бодлоор бизнесийн байгууллага гэдэг зөвхөн ашгийн төлөө ажиллах ёсгүй. Нийгмийн нэг эд хэсгийнхээ хувьд, энэ нийгмийн баялгийг ашиглан ашиг олж буйн хувьд эргээд нийгэмдээ юу өгөх вэ гэдгээ байнга бодох ёстой. Энэ миний нэг зарчим. Өмнө нь би хэлсэн. Хас банкинд ажиллаж байхдаа би зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож байлаа. Түүнчлэн Хас банк АТМ-ээс мөнгө авахад шимтгэл авдаггүй цорын ганц банк.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Өдрийн сонин

Баримтууд

Зураг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: