СУРВАЛЖИЛГА: Есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөхөөр сөхрөх эрхгүй зүтгэж яваа 21 настай бүсгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 02 ・ 2

“Бурхан дааж чадах ачааг нь л хүнд үүрүүлдэг юм” хэмээн санаашрангуй хариулах охиныг Б.Ариунболор гэдэг. Та бүхэн түүнийг өнчирч хоцорсон есөн дүүгээ, өөрийн нялх охины хамт өсгөж буй хатуужилтай, хэрсүү охин гэдгээр нь сонссон нь лавтай.

Бид ч гэсэн биедээ багтамгүй зориг, тэвчээрийн туйл болсон тэрхүү охинтой уулзаж, сайн үйлсийн аянд нь нэгдэж бага ч болов туслахыг зорьсон юм. Утсаар холбогдоход тэрбээр хэвлүүхэн агаад сандрангуй байдлаар гэрийнхээ хаягийг зааж өгөв. Одоо бодоход арга ч үгүй биз. Гэрийнх нь хонхыг цохихтой зэрэгцээд хөвгүүдийн шаагилдах дуу биднийг угтсан юм. Шатаар өгсөөд хаалгыг нь олох ч тун амархан байлаа.

Учир нь хүүхдүүдийн амьдардаг гэрийн хаалга нээлттэй байх бөгөөд орцоор нэг шаагих дуу сонсогдож байсныг онцолъё. Биднийг ороход Б.Ариунболор охинд туслахаар ирсэн ээж охин хоёр тор дүүрэн хүнс, багцалсан ундаа болон өндөг авчирсан харагдав. Түүнд урмын үгсийг хайрлаж, охиныхоо хамт чөлөө завгүй явсан тухайгаа ч хэллээ. Тэдний дундуур орж саад болохыг хүсээгүй тул бид байдлыг хажуугаас чимээгүй ажиглаж, хүүхдүүдтэй танилцсан юм. Бидний ярилцсан хүүг С.Энхбаяр гэдэг бөгөөд 13 настай. Тэрээр тун ажилсаг. Эгчийгээ томчуудтай ярилцаж байх хооронд жаахан дүүгээ асарч, харин С. Есөн-Эрдэнэ хэмээх хүү дүү нарынхаа хооллосон аягыг угааж байгаа харагдав.

Ингээд хөвгүүд ажлаа дуусгаад зурагтаар гарах хүүхэлдэйн киногоо үзэж суухад нь бид С. Энхбаяр хүүтэй цөөн хором ярилцсан юм.

-13 НАСТАЙ С.ЭНХБАЯР ХҮҮ: ТОМ БОЛООД ЭФИРИЙН ЗУРАГЛААЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ. ГАРГАХЫГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ЗУРАГТААР ГАРГААД Л ГОЁ ШҮҮ ДЭЭ-

-Миний дүү их завгүй харагдлаа. Өдрийг ихэвчлэн юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Өглөө босоод цайгаа уугаад, гэрээ цэвэрлэдэг. Дараа нь дүү нартайгаа гадаа тоглож, орж ирээд хичээлээ хийнэ. Удалгүй хоол болохоор хоолоо идэж, дараа нь аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлээд дүү нартайгаа жоохон тоглосны дараа унтдаг.

-Эгч болон дүү нартайгаа хамтдаа амьдрах гоё байна уу?

 -Дүү нартайгаа хамтдаа амьдрах гоё ш дээ. Гэхдээ хааяа миний үгэнд ордоггүй юм.  

-Энд эгч нартайгаа хамт амьдрахаас өмнө хаана амьдарч байсан бэ?

-Ээжтэйгээ гэртээ амьдардаг байсан. Ээжийг бурхан болсны дараа хүүхдийн асрах руу явсан. Харин одоо ах, эгч, дүү нартайгаа хамт амьдарч байна. Асрах байранд ах болон дүү нараасаа тусдаа, бас эгчтэйгээ хүссэн үедээ уулзаж чаддаггүй байсан болохоор жаахан хэцүү байсан.

-Миний дүү ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би том болоод телевизийн эфирийн найруулагч болно гэж боддог. Гаргахыг хүссэн зүйлээ зурагтаар гаргаад л гоё шүү дээ.

С.Энхбаяр хүү дүүгээ харах том ажилтай болж бид А.Ариунболор охинтой ярилцахаар хэсэг хором суув. Энэ айлд орж ирснээс гаран гартал амьдрал ид буцалж байлаа. Утсанд нь тасралтгүй ирэх дуудлага, орж гарах хүмүүсийн хажуугаар хоёул төвлөрч чадахгүй байсаар хэсэг суув. Хэвлэлээр олонтоо асуугдсан зүйлсийг асуухаас илүү дөнгөж 21 насандаа 3-19 насны есөн дүүгээ асраад явах сэтгэлийн хат, цаашлаад түүний дотоод ертөнцийн гүнд бага ч болов нэвтрэхийг хичээснийг нуух юун. Иймд түүний амьдралын бараан түүхийг бус цаашид бүтээж болох ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ НЬ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСЛЭЭ. Ийнхүү чөлөө завгүй өнгөрөх түүний нэг өдрийн хормоос бид хумсалж, хэсэгхэн ч болов ийн ярилцлаа.

ТАЛИЙГААЧ ЭЭЖ МААНЬ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ САЛАХ ЁС ХИЙЖ АМЖИЛГҮЙ БУРХАН БОЛСОН-

-Юуны өмнө дүү нараа эргэн авч, хамтдаа амьдарч байгаад нь баяр хүргэе. Балчир дүү нараа ганцаараа өсгөж чадахгүй байх вий гэх айдас байдаг уу?

-Байгаагүй гэж бол хэлэхгүй ээ. Гэхдээ би хүүхэд байхын л биеэ даасан, бусдын тусламжинд найддаггүй, өөрөө хийе, болгоно, бүтээнэ гэдэг зантай хүүхэд байсан. Магадгүй энэ зан маань миний одоогийн “БИ” -г бүтээсэн болов уу. Охиноо олчихоод олон дүү нарынхаа хажуугаар би хүртэл хүүхэдтэй болчихдог гэж хэсэг хямарсан. Нөхөр бид хоёр удаан бодож, ярилцсаны дараа охиноо анх олсон. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 27-ны өдөр би охиноо олсноо мэдээд ээждээ баярт мэдээгээ дуулгахаар утас руу нь залгасан юм. Ээж маань утсаа аваагүй.

-Тухайн үед би ээжийгээ завгүй, утсаа авах боломжгүй байна даа л гэж бодож байсан юм. Тэр өдрийнхөө орой нь охин дүү маань над руу залгаад “Ээж ГССҮТ-д байгаа гэж байна шүү дээ. Та мэдсэн үү” гэсэн. Би ч яараад гүйгээд очиход хэдийн хожимдсон байсан юм. Ээж маань хүүхдүүдтэйгээ салах ёс ч хийж амжаагүй нүд аньсан байсан. Ингээд тэр өдрөөс хойш ээжийнхээ ажил явдал болон бусад ажлыг амжуулж явсаар цаг хугацаа өнгөрч, гэдэс маань ч томорч эхэлсэн. Тэр үед ээжийнхээ алтан хайрцгийг нээлгэхээр очиход лам надад “хэвлийд байгаа үрээр чинь дамжаад эх чинь чам дээр дахиад ирнэ. 9 эсвэл 10 хүүхдийн ялгаа байдаггүй юм. Төрүүлчихсэн байхад дүү нарынхаа буянд зүдрэхгүй өсгөчихнө өө миний дүү” гээд надад маш их зориг өгсөн. Тэгээд л би охиноо төрүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Охиныхоо аавтай ярилцаж, төлөвлөсний дараа охиноо олсон гэсэн шүү дээ. Нууц биш бол хүүхдийн аав одоо хаана юу хийдэг вэ. Одоо холбоотой байдаг уу?

-Охины маань аав байдаг. Ээжийгээ бурхан болохоос өмнө хамтдаа амьдардаг байсан. Залуу хүмүүс хойно сайнтай, муутай амьдарна шүү дээ. Миний хувьд хань ижил, өөрийн аз жаргалаас илүү өнчирч хоцорсон дүү нар маань чухал байсан. Тиймээс нөхөртөө хэсэг хугацаанд тусдаа амьдарья гэж хэлсэн. Тэр маань ч ойлгосон. Одоо бид хамтдаа амьдардаггүй ч, холбоотой байдаг. Охинтойгоо уулзахаар үргэлж ирж, санхүүгийн хувьд ч мөн тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг.

-Миний лайв бичлэг цацагдсаны дараа хүмүүсийн сэтгэгдэл дунд сөрөг зүйлс харагдсан. “Нөхөргүй байж хүүхэд төрүүллээ”, “Үс гэзгээ юун аймар будчихсан юм”, гэхчлэн сэтгэгдлүүд харагдсан. Миний хувьд би нөхөртэй. Гэхдээ одоо надад шийдэх, бас анхаарах ёстой илүү чухал зүйл байгааг тэр маань ойлгож байгаа. Нөхрийн зүгээс ч мөн харахад эхнэр нь өнчирч хоцорсон 9 дүүгээ харж хандах ёстой, бас хэн хэнийх нь амьдрал цэгцрээгүй учраас асуудал их байгаа. Үсний хувьд гэвэл би ахлах сургуулиа төгсөөд үсчний дамжаанд суралцаж төгссөн. Хэдийгээр би хувцас дизайн чиглэлээр суралцах мөрөөдөлтэй ч, яг одоо суралцах боломжгүй учраас үсчний мэргэшил эзэмшсэн.

-ГЭРЭЭРЭЭ ҮС ЗАСДАГ БОЛОХООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ТАТАХЫН ТУЛД ҮСНИЙХЭЭ ӨНГИЙГ ӨӨРЧИЛСӨН-

-Тэгээд нөхрийнхөө зөвлөсний дагуу хувиараа, гэрээрээ охид бүсгүйчүүдийн үсийг засаж байгаа. Мөн үйлчлүүлэгчээ татахын тулд өөрийнхөө үсэнд ч анхаардаг. Үс маань миний үнэгүй зар сурталчилгаа гэх үү дээ. Өөрийнхөө үсийг ч олигтойхон засаж чадахгүй хүн мэдээж хүний үс засна гэвэл хүмүүс итгэл үнэмшил төрөхгүй болов уу. Тэгэхээр хүмүүс маань үсийг маань нэг их шүүмжлэлгүй хүлээж аваасай гэж хүсэх байна.

Гэрээрээ үс засах хүндрэлтэй байдаг уу. Байнгын үйлчлүүлэгчтэй болж чадав уу?

-Намайг зориод ирдэг хэд хэдэн бүсгүйчүүд бий. Би ихэвчлэн эмэгтэй үс засдаг. Мөн гэрээрээ цайруулалт, будаг, ороолт гээд л зүйлсийг хийчихдэг. “Манай Ариука ёстой мундаг шүү” гээд байнга үйлчлүүлдэг хэдэн бүсгүйчүүд бий. Яахав гэртээ байх хугацаанд дүү нараараа хүүхдээ харуулаад, завсраар нь хөхүүлээд болдог доо.

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: