Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал алдааг өөрсдөөсөө хай

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 23 ・ 4

"Л.Болд, Ж.Батзандан хэний даалгавраар, хэний мөнгөөр АН-ыг хагалж, У.Хүрэлсүхийг дэмжиж, АН-ын олон мянган гишүүдийг гудманд байх хүртэл, үзэл итгэлгүй болтол нь харлуулсан юм болоо! Хэний гар хөл байв, хэн ингэж хүсэв!" гэх байр суурь өчигдрийн топ сэдэв байлаа.

Үнэндээ АН-ыг өнөөдрийн энэ байдалд оруулах "хөгжмийг хэн захиалав" гэдэг сонирхолтой шүү. Гэхдээ ихэнх нь бараг таамаглаж байгаа л байх. Харамсалтай нь захиалгат хөгжим амжилттайгаар эцсийн симфони руугаа орж эхэллээ.

Энд хоёр том анхаарал татсан асуулт байна. Эхнийх нь Х.Тэмүүжингийн хэлснээр Л.Болд, Ж.Батзандан нараар түүчээлүүлж АН-ыг самарсан зохиолыг хэн бичиж, яаж өрнөөд хэрхэн дуусч байгаа вэ. Хоёр дахь асуулт нь 20 жилийн түүхтэй АН яахаараа хоёрхон хүнд орон гэрээ эвдүүлдэг билээ. Үүнийг нь ардчилал гэж хэлээ, хөлөө цуцтал зүтгэсэн та бүхэн "хашаа"-ны  завсраар хараад л зогсоод байх хэрэг үү. Хаа нэг сошиал хуудаснаа шүүмжилсэн нэр хэмээж "матрын нулимс" унагаад л.

Өнөөдөр АН-ынхан дундаа "буруутан" гэж цоллуулаад буй Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа хүчийг тарамдуулах эхлэлээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах акц өрнөх үетэй зэрэг эхлүүлсэн. Учир нь С.Эрдэнэ даргатай АН-ынхан тухайн үед Засгийн газрыг унагах зорилго баримталж байв. Гэтэл Л.Болд, Ж.Батзандан нар МАН-ын Засгийн газрыг унагахгүй байх замыг сонгосон. Үүнийх нь хариуд С.Эрдэнэ намын бодлого дагаагүй гэдэг шалтгаанаар нэгийг нь хөөж, нөгөөд нь "жавтий" хүртээсэн. Эцэст нь хоёул гомдож намаа орхиод УИХ-д АН-аа бүлэггүй болгож хоцроогоод ШИНЭ нам байгуулсан түүхтэй. Ийм үйл явц өрнөхийг тэд хоёул мэдэж байсан. Бараг хүсч байсан гээд хэлчихэд хэтийдэхгүй.

"Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй" гэгчийн үлгэрээр шинэ нам байгуулаад засгийн эрх автлаа урагшилна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр хагас жилийн дотор эрх мэдэл авахуйц хэмжээний гишүүд дэмжигчид цуглуулна гэж байхгүй. Эсрэгээрээ хагас жилийн дотор өөрийн удирддаг байсан дүүргийн АН-ыг үгүй хийж чадна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа УИХ-д сонгоод гаргаад ирсэн дэмжигчдийнхээ талыг нь эргүүлчих боломжтой. Дээр нь нэмээд АН замаа алдсан гэдгийг тайзан дээрээс олон нийтэд нээлттэйгээр үзүүлчихэж байгаа юм. Энэ бол АН-ыг эрчимтэй унагасан нэг шалтгаан.

Товчоор хэлбэл, өнгөрсөн хугацаанд АН-д болсон бүх үйл явцын хамгийн хортой нь мань хоёрын эргэлт буцалттай шууд холбоотой. Гэтэл өнөөдөр орон нутгийн сонгуулиар намын "дайснуудтайгаа" АН хамтарч байгаад оролцох гэж байна. Амьдрал ч шоглоомтой юм. Хамтраад зогсохгүй Л.Болдынхоо хаяа хамарт нь Ардчилсан нам толгой хорогдоод эхэлчихлээ.

Ер нь АН-ын дампуурал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, намын даргаас нь ховхолж хаясан үеэс эрчимжсэн дотоод тэмцэл нь гал болсон. Өмнө нь АН хамгийн ардчилалтай байсан гэгддэг. Асуудал бүхэн дээр өөр өөр өнгөөр ханддаг. МАН шиг дарга, хурал, тэргүүлэгчид шийдсэн бол бусад нь үг дуугүй биелүүлнэ гэдэг зүйлгүй байсан. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ өөр өөр өнгө нь өөр өөрийн эрх ашгийн төлөөх хэрүүл маргаан болж тэмцлийн галыг өрдөв. Тэр нь бүр даамжраад өс хонзон хүртлээ явсан нь өнөөдөр АН-ыг ийнхүү сүйрүүлж байна.

Үүнийг нь овжиноор ашиглаж байгаа зарим нэг хүмүүс өөрийн эрх мэдлийн төлөө нэг намыг, улстөрийн том хүчнийг зүгээр л гуравдагч хүчин болтол нь уруудуулан доройтуулж чадлаа. Үүнийгээ ч ил цагаан илчилж намыг хагалан бутаргах үйл явцыг эхлүүлсэн нөхрийг өөрийн аюулгүй байдал хариуцсан зөвлөхөөрөө томилж байх жишээний. УИХ-ын сонгуульд албаар ялагдуулах тактик баримталж байгаад өнөөдөр намын дарга, хэрэг эрхлэхийн дарга, бүлгийн дарга, нийслэлийн намын дарга гээд бүхий л эрх мэдэлтнүүдийг "халаасалж" чадлаа. АН дотор өнгөрсөн 2015 оноос хойш болсон бүхий л үйл явцыг ажиглаж дүгнэлт хийхэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж намаа шороотой хутгахад Х.Баттулга Ерөнхийлөгчийн МоАХ тэргүүтэй фракцийн гишүүд хамгийн идэвх санаачилгатай оролцсон байдаг. 2016 оны сонгууль болохоос хэдхэн сарын өмнө тэр өнөөдрийн Л.Болд, Ж.Батзандан нар шиг Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийг байгуулаад эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан хийж л байсан.

Одоо нэг асуулт байна. Хоёр хүрэхгүй хүний гарт л өнгөрсөн 20 жилийн том улс төр нь нурж унах байсан юм бол энэ намыг яах гэж энэ хүртэл босгов. Хариулт нь миний хувьд тун ойлгомжтой. Өнгөрсөн 20 жилд ардчиллыг өмчилсөн хэдэн тэтгэврийн хөгшид. Ашиг олж л байвал нүдээ ухаад өгөхөд ч бэлэн мөнгөтэй бизнесменүүдийг хэт олноор нь намдаа цуглуулсан алдаа. 20 жилийн дотор улс төрийн үеэ солих бодлогыг барьж, залуу үеэ бэлдэх биш эрх мэдэл, ахуйн шуналдаа баригдсан увайгүй лидерүүд. Эв нэгдэлгүй байдал гэсэн хэдхэн зүйлээс л болж өнөөдөр Монголын Ардчилсан нам нуран уналаа. Бүр илүү нураасай. Ингэж байж л "бид алдаа хийжээ" гэж амаа бариад байгаа ардчиллын хэдэн ах нар энэ намыг дахин сэргээж мэднэ. Хэрэв тэгж сэргээж чадахгүй бол энэ улсад найдаад байх юм цөөхөн л үлдэх нь. Хэзээ ч АН сонгуульд ийм арчаагүй байдалтай оролцож байгаагүй билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 09 сар 24/

    АН -г хэзээч хэнч газрын хөрснөөс арчиж хаяж чадахгүй учир нь энэ наммонголчуудад монголын ард түмэнд хэрэгтэй бүр маш хэрэгтэй ,хэрвээ энэ нам байхгүй болчихвол монгол улс, монголын ард түмэн эрх чөлөөгөө эргэлт буцалтгүй алдана . Тийм учраас монголчууд хүссэнч хүсээгүй энэ намыг дэмжиж эрх чөлөөгө

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 23/


    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 23/

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 23/

    Ардчилал, Ардчилсан намын нэрийг барьж албан тушаал нэр хүнд, хөрөнгө мөнгөний төлөө ганцхан зорилготой байсан увайгүй дарганцаруудаасаа болж унаж байна

    Хариулах