Сэглэгдсэн газрыг сэргээхийн оронд нэмж сүйдэлсээр байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 28 ・ 1

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан “Аж ахуйн нэгж, иргэд өнгөрсөн онд улсын хэмжээнд 7.8 сая га талбайд хохирол учруулсан” гэж мэдээлсэн.

Үүний 23 852 га талбайг нь ухаж, эвдсэн бөгөөд 2018 оныхоос 5580 га-аар илүү гэж Газрын нэгдмэл сангийн 2019 оны тайланд дурджээ. Тэдгээр газрыг геологийн эрэл хайгуул, ашигт малтмалын олборлолт, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, барилга, инженерийн шугам, сүлжээ байгуулах, засварлах, зам засвар, үйлчилгээний улмаас доройтсон гэж ангилдаг.

Нийслэл орчмын эвдэрсэн газрын ихэнх нь барилга, инженерийн шугам, сүлжээ барих, засвар үйлчилгээ хийх ажлаас үүдэлтэй. Барилга барих нэрээр энд тэндгүй газар сэндийлж, хашаа хатгасан дүр зураг нийслэлийн нутаг дэвсгэрт энгийн үзэгдэл болсон. Нийслэл орчим дахь эвдэрсэн газар өдгөө ямар байгааг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, Жуковын музейн орчимд энд тэндгүй хашаа хатган, барилга барьж байна. Зарим хэсэгтээ барилга барих нэрээр газар ухсан ч 2-3 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй аж. Жишээлбэл, Жуковын талбайгаас хэдхэн метрийн зайд газар ухаж, хашаалжээ. Ухсан нүхэнд ус тогтож, гялгар уут, хуванцар сав, ахуйн хог хуримтлагдсан харагдана. Эл газрыг хоёр жилийн өмнөөс сэндийлсэн гэнэ. Тус хорооны иргэн С.Одбаяр “Манайх энд нүүж ирээд жил гаруй болж байна. Жуковын талбайн баруун, зүүн талын авто зам нарийхан учир түгжрэл их үүсдэг. Авто зам барьж болохуйц том талбайг хоёр жил гаруйн өмнө ухаж эхэлсэн юм билээ. Нүүж ирснээс маань хойш энд өдий хүртэл ямар нэг ажил хийсэнгүй” гэв. Дээрх газарт ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, ухсан талаар манаачаас нь тодруулахад “Мэдэхгүй” гэж хариуллаа.

Дээрх газраас цааш яваад Тарвалин хийдийг зорилоо. Эл хийдийн ойр орчим тоос, шороо, барилгын хогонд дарагдаж, иргэдэд багагүй хүндрэл учруулдаг гэж оршин суугчид нь хэлэв. Орон сууцын жижүүрүүд нь өглөө (8.30 цагт очиход) автомашины зогсоол руу нурсан шороо, барилгын хогоо хүрздэж, бөөгнүүлж байлаа. Зарим нь хогийн шүүр, төмрөөр нарийн ширхэгтэй шороо, цемент шүүрдэж, тоосгоны хэлтэрхийг цуглуулах аж. Барилгын компаниудад газар ухахгүй, үүсгэсэн хогоо цэвэрлэх талаар шаардлага хүргүүлж байсан, эсэхийг орон сууцын жижүүрээс тодруулахад “Нэг барилга нь дуусах дөхөхөөр дараагийнх нь газар ухаад эхэлдэг. Ухаж гаргасан шороогоо бөөгнүүлээд, гадуур нь хашаа татдаг ч нурах тохиолдол бий. Үүнээс болж иргэдийн явдаг зам, талбай тоос, шороо, хогонд дарагддаг. Бид шаардлага тавьдаг ч үл тоох нь элбэг” гэв. Ойр орчмын 500 метр хүрэхгүй зайд 4-5 барилга шинээр барьж буй нь хэр хэмжээний газар сүйтгэгдэж байгааг илтгэх биз. Будаг нь ханхалж, өнгө нэмсэн Тарвалин хийдийг саяхан сэргээн засварласан нь илт. Гэвч ойр орчим нь хог, шороонд дарагдаж, барилгын материалын үлдэгдэл нь энд, тэндгүй хөглөрсөн нь өнөөх нүнжигтэй өнгө, будгийг нь гундаах аж. Угаас “Жуков”, “Кино үйлдвэр”-ийн хавьд шинэ барилга олноор барьж буй учир эрүүл хөрстэй газар үгүй болжээ. Сэргээн засварласан гэх Тарвалин хийдийг зорьсон иргэд ч нүхэн жорлонгоор үйлчлүүлдэг нь хөрс хэрхэн бохирдож байгааг илтгэнэ.

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: