Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 10 сар 01
・ 2

Монголын эгшиглэнг хөгжимчид бүтээдэг. Харин бид сонсдог. Хөгжимчид зүрх сэтгэлдээ булгилан буйг хөгжмийн зэмсгээр дамжуулан гаргаж, түгээн сонсогчдод хүргэдэг.
Байгалийн үзэсгэлэн төгс орчинд газрын гүнээс оргилон, нарны туяанд гялалзан байх цэвэр тунгалаг булгийн усны хоржигноон бол байгалийн нэгэн төрлийн эгшиглэн. Гагцхүү олон жилийн хөдөлмөр, уйгагүй зүтгэл, дур хүсэл, зарим судлаач орь тачаал ч гэж хэлдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хүчин зүйлийн үр шимээр бидний сонорт ирж буй тайвшруулах, баярлуулах, жаргаах, хөнгөн гуниглуулах, бас мэдрэмж төрүүлж, мэдлэг нэмдэг төгс зохицолт дуу авиаг хөгжмийн эгшиглэн гэнэ.
Хөгжимчдийн бүтээсэн ийм гайхамшгийг хэөө гэрт урьсан зочдоо хүлээж авч буй мэтээр нахилзан тосож гар барих, хөгжимчид тоглоод дуусахад нь “Бид ийм гоё ажил хийлээ” хэмээн тайзнаа үг хэлж, санаачлагч зохион байгуулагч залууд нийслэлийн логог жаазалж бэлтгэсэн дурсгалын зүйл гардуулангаа мөрөн дээр нь цохих, удалгүй өнөөх хөгжимчдийн тэхий голд нь тэг дөрвөлжилж суугаад, үүрдийн дурсгал болгож патиараа татуулан үйл явдлыг өндөрлүүлэх нь намын дарангуйлал эргэн сэргэсэн мэт энэ цагийн “хурган” дарга нарын эрээ цээргүй авирын танил болсон дүр төрх гэлтэй.
“UB festival orchestra”-г санаачлан зохион байгуулсан нь валторн хөгжимчин Т.Хуяг. Хөгжим бүжгийн коллежийн уугуул, Өрнөдөд боловсорч, ОХУ-д симфони найрал хөгжимд олон жил ажилласан, өдгөө БНХАУ-ын Кунминий залуучуудын олон улсын симфони найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүний ахлагч. Эх орондоо гацаад буй хугацаандаа олон жилийн өмнөөс мөрөөдөж байснаа ажил хэрэг болгохоор зүтгэсэн нэгэн. Түүний санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, хамтарч ажиллая, цалин хөлс гэлгүй оркестрыг удирдан тоглуулъя гэсэн хүн бол маэстро Б.Лхагвасүрэн. Тэрбээр өдгөө мөн БНХАУ-д ажилладаг. Хөх хотын Урлагийн их сургуулийн багш, удирдаач. Олон оронд симфони найрал хөгжим удирдсан туршлагатай. Кубын үндэсний симфони найрал хөгжмийн урилгаар ч очиж ажиллаж байлаа. Орос, англи, хятад хэл эзэмшсэн нэгэн.
Хөгжимчин Т.Хуяг түрүү жил, энэ онд хийхээр төлөвлөсөн өөрийн бие даасан тоглолтын хөтөлбөртөө нэгэн сонирхолтой, олуул тоглох зохиол багтаахаар зорихдоо Монголдоо байгаа хөгжимчидтэй зөвлөлдөхөд “Би тоглоё” гэсээр нэлээд олуул болж. Тэгэхээр нь залуу баярласандаа “Ингэхэд хэдүүлээ дэлхийн жишгээр фестивалийн оркестр байгуулах юм уу” гэхэд нөхөд нь уухайн тас зөвшөөрснөөр ажил ундарсан түүхтэй. Ийнхүү үрийг нь суулгаж, арчилж тордсоор “ургуулсан” оркестр тоглоход бэлэн болтол санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Анхны яриа бол хөгжимчид өөрсдийн хүчээр тоглолтынхоо ард гарах байв. Хэн нэгний, аль нэг хүчний суга, далбаан дор орохгүй, хөгжимдөө, тоглолтдоо өөрсдөө эзэн болно гэж. Гэтэл тоглолтын танхимын түрээс, сурталчилгааны зардал, ижил хувцаслах гээд тоочихоор нэлээд хөрөнгө хэрэгтэй болоод байдаг. Энэ олон хөгжимчний цалин хөлсний тухай яриа бол бүр байхгүй. Тэд уран бүтээлийн төлөө сайн дураар нэгдсэн болохоор хэн ч “Мөнгө өгөхгүй бол тоглохгүй” гээгүй. Залуус зайлшгүй хэрэгцээт мөнгөний эрэлд тал бүр тийш гарсан. Их урлагт хэзээнээс ээлтэй удирдлага бүхий ганц нэг компани амжилт хүсээд дэмжсэн байна билээ. Гэсэн ч хөгжимчид дэлхийн оркеструудын адил ижлээр хувцаслаж чадаагүй. Мөрөн дээгүүрээ тууз тавиад тоглосон. Ингэлээ гээд гонсойгоогүй, хөгжмийг үзэгчдийн аньсага чийгттэл эгшиглүүлсэн. Тэд мэргэжлийн кайф бол эдэлсэн. Харин увайгүйн, өөрөөр хэлбэл, намаар далайлгасан ёс зүйгүйн түрэмгийлэлд өртсөндөө тэд гутарсан.
Тоглолт болохоос гурав хоногийн өмнө оркестрын хөгжимчидтэй таарахад “Ямар ч байсан бид зорьсноороо тоглоно. Тэгээд ч маш их бэлтгэсэн. Манайхан нийслэлийн Соёл, урлагийн газарт дэмжлэг хүсэж хандсан юм билээ. Тэр газар бэлэн юмыг шүүрээд авсан бололтой. Дэмжье гэсэн байсан. Гэхдээ сөргүүлээд болзол тавьжээ. “Тоглолтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын нэр дээр явуулна, байгууллагын логог сурталчилгааны бүхий л материал дээр байлгана. Манайхаас нэр заах бүтээлүүдийг заавал тоглоно. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл манай газар заалны түрээс төлж өгч болно” гэсэн байна лээ” хэмээн ярьсан юм. Түрээсийг төлсөн үү, үгүй юү, юутай ч тоглолт “Хүн” театрт болсон. Гол нь хөгжимчид гэнэт, хөтөлбөрийн гадуур нэмэлтээр хоёр, гурван бүтээл тоглох болсондоо түүртэж, ундууцсан байв. Сургуулилалт хийж ядарсандаа биш, наймааны мэт шаардлагын хүрээнд тоглох болсондоо дургүйцэж. Дэлхийн жишгээр байгуулсан мэргэжлийн хөгжимчдийн “UB festival orchestra”-ын анхны тоглолт иймэрхүү замналтайгаар үзэгч, сонсогчдод хүрэв. Тоглолтын үдэш хөгжимчид бус, харин нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ энэ тоглолтыг санаачилж, хөгжимчдийг цуглуулж, бэлтгэж, ивээн тэтгэсэн мэт авирлаж байсныг харсан хөгжимчдийн бухимдал хязгаарыг давах шахсан биз ээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар хэмээх байгууллага одоогийн байдлаар намын дэргэдэх пиарын тусгай нэгж мэт ажиллаж буйг олон арга хэмжээнээс харж байна. Энэ нэгж “эрх мэдлээрээ” саяхан байгуулсан Соёлын яамнаас ч илүү. Намаас тэг гэсэн гээд л яамыг сайдтай нь хөдөлгөдөг. “Соёлын цаг” хэмээх хөтөлбөрийн тухайд өмнө бичихдээ бид энэ тухай тодорхой дурдсан билээ.
Иргэдийн санаачилсан, цаг хугацаа туулж, хүч, хөрөнгө зарцуулж, сэтгэлээ чилээн байж бий болгосон бодит ажлуудыг төрийн нэрээр эрээ цээргүй дээрэмдэж, олон нийт рүү чиглүүлдэг, намд ард түмнээс оноо цуглуулах багцдаа нэмэрлэдэг жишээ ганц үүгээр дуусахгүй.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.