Боловсролын салбарын хөгжилд оновчтой бодлого чухал

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 16

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс өнгөрсөн 11 сарын эхэнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл боловсруулахад санал авч байна“ гэсэн мэдээллийн дагуу БШУЯ-ны веб хуудсаар орж асуудлын агуулга, хууль тогтоомжтой товч танилцлаа.

Иргэддээ чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, аливаа хүний эзэмшсэн мэргэжил нь тухайн хүний амьдралын баталгаа болдог байх зорилтыг манай БШУЯ, засгийн газраас дэвшүүлсэн байна. Энэ зорилгод хүрэхэд чиглэсэн боловсролын багц хуулийн шинэчлэл дээр ухаанаа уралдуулж, хувь нэмрээ оруулах нь багш нар, иргэд бидний үүрэг юм. Боловсролын салбар асар өргөн хүрээтэй том салбар бөгөөд эдгээр дотроос суурь боловсрол хамгийн чухал шийдвэрлэх үүрэгтэй нь юм. Гэсэн хэдий ч БШУЯ-ны яамны веб дээр байрлуулсан манай ерөнхий боловсролын тухай хуулийг анхааралтай уншаад үзэхэд бага сургуулийн буюу суурь боловсролын талаар өгсөн тодорхойлолтоосоо эхлээд ойлголтын зөрүүтэй асуудлууд байна. Эндээс харахад суурь боловсролын ач холбогдлыг бид арай л дутуу үнэлээд байгаа юм болов уу гэсэн санаа төрмөөр. Суурь боловсролын тогтолцоог боловсронгуй болгоход нэмэр болох үүднээс ХБНГУ-ын суурь боловсролын тогтолцоонд байдаг өвөрмөц, онцлог зүйлүүдийг Монгол улсынхаа нөхцөл байдалтай харьцуулж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. ХБНГУ-ын холбооны муж улсууд өөр хоорондоо зөрүүтэй бүтэц, тогтолцоо, бодлоготой байдаг бөгөөд миний энд өгүүлсэн жишээнүүд Бавари мужтай холбоотойг анхаарна уу. Суурь боловсрол олгоход шаардлагатай бага сургуулийн бүтэц, багшаа бэлтгэхэд анхаарах зүйлс, Монгол хэлний сургалтын чанар, ном сурах бичигтэй холбоотой зарим асуудал, түүнчлэн эцэг эхийн үүрэг ямар байх гэсэн хэдэн асуудалд уншигч таны анхаарлыг хандуулахыг зорилоо.

Нэг. Суурь боловсролын талаар үндсэн ойлголтууд.  Манай боловсролын хуульд „Бага боловсрол“ гэсэн тодорхойлолт бий.   Бага боловсрол гэдэг үг хоёр салаа утгыг агуулж байна. Нэг талаасаа багахан юм өгдөг эсвэл авдаг боловсрол гэсэн санаа, нөгөө талаасаа бага насны хүүхдэд зориулсан боловсрол гэж ойлгогдохоор байна. Эдгээрээс хоёр дахь нь утгааараа арай ойртож байгаа боловч илүү оновчтой хувилбар нь хүмүүнд сурч, боловсрох үндэс суурийг тавьж өгч байгаа учраас „Суурь боловсрол“ гэж хэрэглэвэл илүү оновчтой юм. Тэгээд ч олон улсын жишигтэй „Суурь боловсрол“ гэсэн тодорхойлолт дүйцнэ. Үүнтэй уялдуулаад боловсролын хуульдаа Суурь боловсролыг Бага сургуульд олгоно гэж оруулбал зүйтэй болов уу. Манай улсад суурь боловсролыг 1-5-р ангид нийтдээ 5 жил сурч олж авдаг. Цөөн улсад 3 эсвэл 6 жил сурч суурь боловсролыг эзэмшдэг бөгөөд нилээд олон улсад манайтай адил 5 жил байна.

Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын хөгжлийг тодорхойлохдоо тухайн улс дотоодын нийт бүтээгдхүүнийхээ хэдэн хувийг боловсролын салбартаа зарцуулж байгаа, тухайн төсвөө хэр зэрэг үр ашигтай  зарцуулж байгааг хардаг тогтсон жишиг байна. Энэ талаар доор байгаа зурагт харьцуулалт хийсэн байна. Энэхүү 2017 оны статистик судалгаанаас харахад дэлхийн улс орнууд боловсролдоо (ерөнхий болон дээд боловсролд хоёуланд хамтад нь)  дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) 3-7 % ийг ойролцоогоор төлөвлөдөг байна. 

 

 

Зурагт тод цэнхэрээр Ерөнхий боловсролыг, цайвар цэнхэрээр дээд боловсролыг тэмдэглэсэн.  Эх сурвалж: STATISTA

Манай улсын хувьд энэ тоо 4,6% гэсэн дүн мэдээ байх бөгөөд дээрхи жагсаалтанд  оруулбал ямарч байсан ХБНГУ, Япон зэрэг хөгжилтэй орнуудын өмнө байрлах юм. Эндээс харахад тухайн салбарт Монгол улсын төсвөөс төлөвлөдөг мөнгөний хэмжээ боломжийн харагдаж байна. Иймд бидний өнөөгийн асуудал санхүүгийн гэхээсээ бодлого төлөвлөлттэй холбоотой гэж ойлгож болохоор. Баруун зүгийн сургалтанд хувь хүний өрсөлдөх чадварыг бүтээмж дээр тулгуурлан хөгжүүлдэг. Иймд боловсролын салбар бүтээмж өндөртэй, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэхийн тулд өөрөө цомхон чадварлаг бүтэцтэй, тогтолцоотой байхыг зорих нь чухал юм. Ингэж байж манай БШУЯ бага зардлаар их зүйл хийж болдог гэдгийг бусад салбарынхандаа үлгэрлэн харуулбал зохистой. 

Хоёр. Бага сургууль. ХБНГУ-д хүүхдүүд Бага сургуулийн 1-4-р ангид суралцаж суурь боловсролыг авдаг. Тус улсад цөөхөн хувийн хэвшлийн сургуулийг эс тооцвол бүх сургууль нь улсынх бөгөөд төлбөргүй байдаг. Сурагчдыг бага сургуульд 4 жил суралцсан амжилтаар нь жагсаагаад төгсөгчидийг Гимнази, ахисан шатны дунд сургууль, ерөнхий боловсролын дунд сургууль гээд 3 төрлийн сургуульд цаашид дэвшин суралцах эрх олгодог. Энэ дотроос хамгийн сайн үнэлгээ буюу 1.0-2.33 оноо авсан сурагчид гимназид элсэх эрхээ өвөртөлнө. Гимназид орсон сурагч 5-12-р ангид (холбооны зарим улсад нь 13-р анги) суралцаж амжилттай төгсвөл их дээд сургуульд шалгалтгүй элсэн суралцах эрхээ олж авдаг. Ер нь Гимнази нь нийгмийнхээ элит хэсгийг бэлддэг сургууль юм. Дүнгээрээ жагсаалтын дараагийн байрт орсон бага сургууль төгсөгчид ахисан шатны дунд сургуульд орж 5-10-р ангид суралцаж төгсдөг. Бага сургуулийн  4-р ангиа тааруу үнэлгээтэй төгсссөн хэсэг нь ерөнхий боловсролын дунд сургуульд элсэж 5-9-р ангид сурч дүүргэдэг. Харин сүүлийн 2 сургуульд ороод 5-р ангиа онц дүнтэй төгсвөл Гимназийн 5-р ангид элсэх боломжтой болно. Энэ тохиолдолд тухайн сурагч бага сургуулиас шууд элссэн сурагчаас нэг жил ухарч Гимназид элсдэг. Ахисан шатны болон ерөнхий боловсролын сургууль төгсөгчидийн дийлэнх нь мэргэжлийн сургуулиудад үргэжлүүлэн сурдаг. Харин тухайн сургуулиудыг онц дүнтэй дүүргэвэл хожмоо Гимназийн ахлах ангид мөн л нэг жил ухарч сурах боломжтой. Өөрөөр хэлбэл Бага сургуульдаа хариуцлагагүй, амжилт султай суралцсан сурагчдыг хожмоо Гимназид элсэх замыг нь хаадаггүй бөгөөд харин жил ухраан торгож оруулдаг гэсэн үг. Эндээс дүгнэхэд Бага сургууль сурагчийн амьдралын нэг хэсэгт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, амьдралдаа нэгэн шинэ алхам хийх үүдийг нээж байна. Энэ утгаараа ХБНГУ-д Бага сургууль нь ерөнхий боловсролын бусад сургуулиудтайгаа ижил өөрийн гэсэн тусдаа байртай, захиргаатай, захиралтай бие даасан бүтэцтэй, статустай. Мөн сургуулийн барилга нь олон давхаргүй, анги танхим нь бага насны хүүхдүүдэд зохицсон байна. Онцгой анхаарал татах асуудал бол Бага сургууль төгссөн гэрчилгээ сурагчийн амьдралд ямар хэмжээний ач холбогдолтой байж болохыг ХБНГУ-ын суурь боловсролын тогтолцоо харуулдаг. Тус улсын бага сургуулийн тогтолцоог сурагчдыг хэтэрхий эрт, хатуу шаардлага доор хүмүүжүүлж байна, бага сургуулийн сайн онц төгссөн шилдгүүдийг гимнази буюу элит сургуульд хэтэрхий эрт үед нь ялгаж явуулснаар нийгмийн дотор боловсролыг тэгш хүртээх зарчим алдагдлаа гэсэн шүүмж байдаг. Энэ шалтгаанаар зарим улс оронд хожуу буюу 9-р ангийг дүүргэсэн сайн онц дүнтэй шилдэг төгсөгчдөө ялгаад Гимназийн ахлах ангид бэлтгэж, амжилттай төгсөж чадвал тэднийг шалгалтгүй их дээд сургуульд элсүүлдэг. Бага сургуулиас нь эхлээд хүүхдийг хатуу сахилгатай, хариуцлагатай болгож хүмүүжүүлэх ХБНГУ-ын энэ зарчим „эрхийг сурахаар бэрхийг сур“ мөн нарны эртэд малаа бэлчээ насны багад эрдмийг сур “ гэдэг Монгол зарчмаас гажихгүй байгаа харагддаг.

 

Манай хуучин тогтолцооны үед 3 жил сурдаг байсан бага сургуульд одоо 5 жил сурч суурь боловсрол эзэмшдэг болсон хэдий ч агуулгын хувьд тодорхой өөрчлөлт гарсангүй,  хэлбэр төдий өөрчлөлт болсон харагддаг. Тэр үед ч одоо ч адил бага сургууль төгссөн гэрчилгээ сурагчийн амьдралд ямар нэг ач холбогдолгүй хэвээрээ байна. Уг нь бага сургууль гэнэ үү бага анги гэж нэрлэх үү гэдэг нь чухал бус бага сургуулийг төгссөн гэрчилгээг ач холбогдолтой болгох арга замыг олмоор байна. Жишээлбэл, бага сургууль төгссөн гэрчилгээний үнэлгээний дундажийг 9-р анги эсвэл 12-р анги төгсөх гэрчилгээнд хувь тооцож суулгаж болох юм. Бага сургууль төгссөн гэрчилгээ ач холбогдолтой болсон үед сурагчид цаг алдахгүй бага ангиасаа эхлээд сахилга хариуцлагатай болж хүмүүжихийн зэрэгцээ бага ангийн багшийн хөдөлмөрийг үнэлгээтэй, ач холбогдолтой болгож Багшийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Бусад улс оронд бага сургуулийн бүтэц ямар байдаг талаар манай салбарын мэргэжилтнүүд гүнзгий судлаасай гэж хүсье. 

Гурав. Бага сургуулийн багш. Бид ерөнхий боловсролын сургуулийн багшийг, ялангуяа бага ангийн багшаа бэлтгэхэд онцгой анхаарах нь чухал. Эмч хүний хийсэн алдаа шууд мэдэгддэг, багш хүнийх хожмоо мэдэгддэг гэсэн үг бий. Үүний цаад утга нь багш хүн алдаа гаргаж болохгүй шүү гэсэн санаа. Бага ангийн багш бүх зүйлийн суурийг хүүхдэд эхнээс нь тавьж өгдөг учраас өндөр хариуцлагатай, хэцүү хөдөлмөр боловч эзэмшиж чадвал хорвоод зүйрлэшгүй нэр хүндтэй, сэтгэлийн таашаалалтай сайхан мэргэжил.

ХБНГУ-д Бага сургуулийн 4 жилийн 1-2-р ангид нь нэг багш сургалтыг явуулна. Харин 3-4-р ангид нь өөр багш үргэлжлүүлэн тухайн ангийг авч төгсгөдөг. Манайд бол 1-5-р ангийг төгстөлөө нэг багшаар заалгадаг. 2 багшаар дамжиж бага сургуулиа дүүргэх нь хэд хэдэн эерэг талтай. Юуны түрүүн багшийн ачааллыг харьцангуй бага болгосны дүнд, тухайн 2  багш хичээлийг хэт их ерөнхий биш илүү тодорхой агуулгатай заах боломжтой болно. Өөрөөр хэлбэл ийм бүтэц сурагчид илүү өгөөжтэй, чанартай мэдлэгийг өгөхөд өндөр ач холбогдолтой.  ХБНГУ-д Бага сургуулийн нэг багшид ойролцоогоор 20 сурагч ноогддог. 

Багшийг ХБНГУ-д 2 шаттайгаар бэлтгэдэг бүтэцтэй. Их сургуульд 4 жил сурч төгссөнөөр тухайн багш онолын мэдлэг эзэмших нэгдүгээр шатаа дүүргэнэ. Түүнийг залгуулаад олж авсан онолын мэдлэгээ чанартай хичээл явуулахад шаардлагатай, бүхий л практикийн мэдлэгээр баяжуулах зорилготой 2 жил орчмын хугацаатай дадлагажуулах сургалтанд хамрагдаж, амжилттай төгсвөл багш болох эрхээ авдаг. Багшлах эрхээ авсаны дараа цөөн тохиодолд шууд, ихэнх тохиолдолд хэдэн жил багшилсны дараа төрийн албан хаагчийн статусыг авдаг. Төрийн албан хаагч болсоноор тухайн багш насан туршдаа ажлаасаа халагдахгүй, цалин болон нийгмийн даатгал сайтай, эцэг эхийн зүгээс ирж болох шахалт дарамтаас хамгаалагдсан байдаг. 

Дээр өгүүлсэнчлэн бага сургуульд суралцах явцдаа сурагчид 2 багшийг дамжин гардаг нь манай улсын хувьд харууштай санаа юм. Өнөө цагийн 6 настан багачууд техникийн дэвшлийг ашиглаад асар олон зүйлийг эцэг эхээсээ, багшаасаа түрүүлээд сурчихдаг болсон байна.

Иймд өнөөгийн манай бага ангийн багшийн тэргүүн зорилго нь сурагчдад Монгол хэл дээрээ зөв бичиж, уншиж, ойлгож, бодож сургахын зэрэгцээ аливаа даалгаварыг шалмаг гүйцэтгэж чаддаг бүтээмж өндөртэй, цагийн мэдрэмжтэй хүн болгох зөв суурийг сурагчиддаа тавьж өгөх юм. Үүн дээр нэмээд өөрийгөө залах сахилга, хариуцлага өндөртэй хүн болгон төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах нь чухал.

Орчин үед суралцах арга барил сайтай, цагийн мэдрэмжтэй хүн аль ч чиглэлийн мэргэжлийг бие даан эзэмших боломж нөхцөлөөр хангагдсан байна.

Манай боловсролын бодлогод анхаарч баймаар өөр нэгэн асуудлыг багшийн ажилтай холбож  энд өгүүлье. Манай БШУЯ-ны статистик үзүүлэлтийг харвал ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй эмэгтэй сурагчдын тооны харьцаа бага, дунд ангидаа бараг тэнцүү байгаад ахлах сургууль дээр ирэхэд охидын эзлэх хэмжээ 54%, цаашлаад их дээд сургуульд 58% болж өсдөг дүн байна. ХБНГУ-ын хувьд энэ үзүүлэлт хандлагын хувьд манайтай ижил байх бөгөөд ахлах ангид, их дээд сургуульд охидын эзлэх жин хөвгүүдээсээ хол тасарч 20-25% -иар илүү болдог статистик байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн нийгэмдээ үүрэх ачаа, хариуцлага ХБНГУ-д манай Монголоос мэдэгдэхүйц илүү нь ажиглагддаг. Эндээс дүгнэвэл манай нийгэмд ихээхэн яригддаг хүйсийн тэгш харьцаа буюу жендерийн асуудал нь зөвхөн тооны харьцааг илэрхийлэгч шалгуур биш харин чанарын тухай асуудал гэдгийг хэлж байна. Манай боловсролын тогтолцоо эрэгтэй хүүхдүүдийн сурлагын амжилт, чанарт бага ангиас нь эхлээд хангалттай анхаарал тавьж чадахгүй байна уу гэж ажиглагддаг.  Хэрэв ерөнхий боловсролын сургуулийн шат ахих тусам охид хөвгүүдийн сурлагын амжилт хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулсан статистик тоо байвал бид жендерийн харьцаа охидын тал уруугаа илүү хэлбийгээд байгаа шалтгааныг мэдэхэд дөхөмтэй. Ихэнх монгол эрэгтэй хүүхэд бэлэг танхай, томоогүй, хөдөлгөөнөөрөө охин хүүхдээс хавьгүй илүү байдаг учраас бага ангийн багш нарыг нилээд залхаадаг. Энэ шалтгаанаар багш сурагчийн хооронд үл ойлголцол даамжирч цаашид хурцадвал тухайн сурагч сурах хүсэл эрмэлзлэлээ гээх тал бий. Хэрэв бага сургуульдаа сурагч 2 багшийг дамжин суралцвал энэхүү хүний харилцаанд суурилсан асуудлыг тойрч гарахад дэмтэй болов уу. Үүнээс гадна бага ангийн эрэгтэй хүүхдүүд хөгжлөөрөө охидоосоо арай хожимдож явдаг. Багш нарын зүгээс энэ байдалд нь хүлээцтэй хандаж хөвгүүдийг охидоос хоцроохгүй сургах тал дээр анхаарч баймаар санагддаг. Ер нь эрэгтэй хүүхдүүдийг багаас нь сурлагын амжилтаар охидоос хоцроохгүй амжилттай сургаж чадвал алсдаа эрчүүд нь боловсролтой, нийгэмд илүү идэвхтэй аливаа зүйлд фронтын тэргүүн шугамд зогсох чадвартай хүмүүс болно. 

Дөрөв. Үнэлгээ өгөх асуудал зөвхөн сурлагын амжилтыг дүгнэх хэрэгсэл биш. ХБНГУ-д сургуулийн үнэлгээг ерөнхийд нь 1-6 гэсэн тоогоор илэрхийлдэг. Энд 1 гэдэг тоо ОНЦ гэсэн дүн бөгөөд 6 болоод ирэхээр муу, хангалтгүй гэдэг үнэлгээ болно. Бага сургуулийн сурагчдад 2-р ангиас эхлэн дүн тавьж эхэлдэг. Сурагчид 2-3 -р ангид дүн тавихдаа сурагчийг хяналтын ажил хийх арга барил, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж сургахад чиглэнэ. Харин 4-р ангид авсан дүнгүүдээр бага сургуулийн төгсөлтийн гэрчилгээний дүнг гаргадаг. Энэ үнэлгээг хийхэд Герман хэл, Математик, Хүн ба орчин гэсэн 3 хичээлийн дүнгийн дундажыг хэрэглэнэ. Бага сургуулиас эхлээд сурагчдын үнэлгээг маш нарийн хатуу хийдэг. Дээр цухас өгүүлсэнчлэн доод тал нь 2.33 гэсэн үнэлгээ авч байж бага сургууль төгсөгч Гимназид элсэх эрх олж авдаг. Сурагчийн 4-р ангидаа цуглуулсан нийт онооны дундаж нь 2.33 хүрээгүй тохиолдолд эцэг эх нь төгсөлтийн гэрчилгээнд багшийн тавьсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Энэ тохиолдолд эцэг эхийн хүсэлтээр сурагчийг бага сургуулиа дүүргэсний дараа түүний суралцах хүсэлтэй байгаа Гимнази дээр 3 хоног Герман хэл, Математикийн давтлага хичээлд суулгаж бичгээр, амаар шалгалт авч тэнцсэн үед Гимназид элсэхийг зөвшөөрнө. Ингэж багшийн үнэлгээг хөнлөнгийн сургуулиар шалгуулж болдог хяналтын онцгой тогтолцоо байдаг. Ер нь багш үнэлгээгээ маш хянамгай зөв хийхийг ХБНГУ-ын сургуулийн бүх шатанд шаарддаг. Хэрэв багш санаатайгаар, үзэмжээрээ зарим сурагчаа өргөж дүгнээд гимназид орох хэмжээний оноотой төгсгөвөл тун богино хугацаанд булхай нь илчлэгдэнэ. Учир нь гимназийн

5-р ангид хичээл тус бүрт өөр багш нар заах учраас тэдгээр олон багш тааруухан сурагчыг төвөггүй таньж, өршөөлгүй анги улираана. Ер нь гимназид үнэлгээний хатуу шалгуур үйлчилдэг учраас сурагчид олноороо анги улирах бол ердийн үзэгдэл.  Гимнази төгсөгчид нь Герман хэлийг аль ч талаас нь төгс эзэмшсэн, нэгээс хоёр гадаад хэлийг бүрэн эзэмшсэн, байгалийн шинжлэх ухааны сайн суурьтай, суралцах маш сайн арга барилтай, онцгой сайн бүтээмжтэй, шинжлэх ухааны аль ч чиглэлээр их дээд сургуульд сурах чадвартай маш сайн академик боловсрол олж авдаг. Энэ шалтгаанаар Гимназид элсэхийн төлөө бага сургуулийн сурагчид бага наснаасаа хичээнгүйлэн суралцдаг. Ийм хатуу шалгууртай үнэлгээний систем хүнийг хар багаас нь өөрийгөө үнэлүүлж сурах, хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлдэг онцгой ач холбогдолтой.  

Тав. Эх хэл. Дээр өгүүлсэнчлэн ХБНГУ-ын аль ч шатны сургуульд Герман хэлийг маш сайн өндөр төвшинд заадаг, үнэлгээ өгөх шалгуур нь хатуу байдаг. ХБНГУ-д жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунджаар 2,3% нь анги улирдаг судалгаа бий. Эдгээрийн олонхи нь Герман хэлний хичээлээс болж улирч сурдаг. Эндээс харахад сургуулийн насны боловсролд Герман хэлний хичээл ямар хэмжээний ач холбогдолтойг ойлгож болно. Үүнтэй уялдаад Герман хэлний багш Математикийн багштай ижил нэр хүнд, байр суурьтай байдаг. Бага сургуульд элсэх хүүхдээс Герман хэлний мэдлэг нь сургуульд сурах хэмжээнд байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага шалгаж дүгнэлтээ гаргаж өгдөг. Манай хуучин тогтолцооны үед Монгол хэлний хичээлд өгдөг ач холбогдол хангалттай хэмжээнд байгаагүй. Ихэнхдээ Монгол хэл дээр алдаагүй бичдэг уншдаг болгох тал дээр гол анхаарлаа төвлөрүүлээд сурагчийг санаа бодлоо зөв, цэгцтэй илэрхийлдэг болгох тал дээр хангалттай биш ажилладаг байсан. Харин манай нийгмийн шинэ тогтолцооны үед хүүхэд, залуус нийтээрээ Монгол хэл дээрээ санаа бодлоо боломжийн илэрхийлдэг болсон хэдий ч эх хэлнийхээ баялаг сан хөмрөгийг хэрэглэх, аливааг уялдаа холбоотой (логиктой)  ярьж сурахын тулд хийх зүйл их байгаа. Мөн залуус зөв бичих дүрэм дээр огт анхаарлаа хандуулахгүй болсон нь тэдний буруу биш бидний эх хэлнийхээ үнэ цэнэ, ач холбогдлыг нийгмээрээ тоодоггүй болсонд байгаа гэж харж байна. Европийн улсуудад суралцахаар ирсэн олон Монгол залуустай уулзаж ярилцаж явахад Англи хэлийг нийтээрээ боломжийн төвшинд сурсан боловч хонх нь дугарахаар дамар нь таг гэдгээр Монгол хэлээ тэд маш хангалтгүй төвшинд эзэмшиж байна. Энэ бол бидний алдаатай бодлогын нэг л жишээ. Гэхдээ энэ асуудалд зөвхөн боловсролын тогтолцоогоо буруутгах нь өрөөсгөл юм. Ийм алдаа дутагдалыг засахын тулд бага ангиас нь Монгол хэлний арга зүйг илүү баялаг, боловсронгуй болгох замаар сурагчдыг Монгол хэлэндээ хайртай, төрөлх хэлнийхээ үнэ цэнийг ойлгодог, түүндээ хүндэтгэлтэй ханддаг болгож хүмүүжүүлэх нь багш эцэг эх бидний бүгдийн эрхэм үүрэг юм. Манай нийгэмд олон эцэг эхчүүд маань амттай сайхан хоол хийж, үр хүүхэдтэйгээ ширээгээ тойрч суугаад Монгол хэл дээрээ халуун дотно яриа өрнүүлдэг амьд харилцааны уламжлалаа гээж байгаа нь асуудлын бас нэг шалтгаан болов уу. 

Зургаа. Ном сурах бичиг. Боловсролын салбараа амжилттай хөгжүүлсэн улс орнуудад түгээмэл байдаг нэг зүйл бол тэдгээр улс орон аль ч шатны Үндэсний сурах бичиг маш сайтай байдаг. Бид сурах бичгээ дэлхийн стандарттай дөхүүлэхийн тулд тэргүүний хөгжилтэй орнуудын, ялангуяа Герман сурах бичгүүдийг эх хэл дээрээ цаг алдалгүй орчуулах хэрэгтэй байна. Тэгж байж бид тухайн орны сурах бичгийн агуулгыг нийт багш нартаа зөвөөр таниулж, дэлхийн стандарт мэдлэгийн талаар зөв ойлголттой болгох, дэлхийн стандарт дээр суурилсан  Үндэсний сурах бичгээ бүтээхэд, сайжруулахад нь тусалж чадна. 

Бид сүүлийн жилүүдэд баруун зүгийн 12 жилтэй сургалтыг хэлбэр талаас нь хуулаад байгаа боловч агуулгыг нь сайтар ухаж ойлгохгүй байна. Энэ бэрхшээлийг давахад чанартай орчуулагдсан сайн сурах бичгүүд багш нарын гарт хүртээмжтэй очих шаардлагатай байна. Шинжлэх ухааны аль ч салбарын ялангуяа, Математик, байгалийн ухааны аль ч ангийн сурах бичгийг ХБНГУ-д маш өндөр төвшинд бичсэн байдаг. Сурах бичгийн сонголт онцгой сайн байдаг. Миний өөрийн судалгаагаар Герман хэл дээр бичигдсэн ерөнхий боловсролын сургуулийн Математик, Физик, химийн сурах бичгүүд практиктай уялдаа сайтай маш ойлгомжтой бичигдсэн байдаг. Энэ чиглэлийн сурах бичгүүдээс чанартайгаас нь шилээд ерөнхий боловсролын сургуулийн шат бүрт ядаж нэгийг орчуулаад нийт багш нартаа давын өмнө танилцуулбал танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм. Үүний санаа нь бусдын амнаас будаа идэх тухай асуудал огт биш бөгөөд хөгжилтэй орны сурах бичгийг өөрийнхтэйгээ харьцуулж байж үндэсний сайн сурах бичигтэй болох асуудал юм.  Үүний зэрэгцээ олон шинжлэх ухааныг хүн төрөлтөний амьдралыг өөрчлөх хэмжээнд хүртэл өсгөж бойжуулсан өлгий нутгийн хэл, Герман хэлнээс аливаа гуравдагч хэлээр дамжуулахгүй ориг эхээс нь буулгах нь манай үндэстний шинжлэх ухааны хөгжилд, цаашлаад он удаан оршсоор байгаа зарим алдаа мадагтай шинжлэх ухааны ойлголтуудыг засахад  онцгой ач холбогдолтой юм. Нэмээд бид шинжлэх ухааны хөгжлөөрөө нэгэн цагт дэлхийд тэргүүлж явсан хөрш ОХУ, дэлхийн шинжлэх ухаанд түрэн орж ирж байгаа БНХАУ-ын ерөнхий боловсролдоо хэрэглэдэг байгалийн ухааны сурах бичгүүдийг ч мөн адил бодлоготой орчуулснаар багш нараа хөгжүүлэхэд дорвитой алхам болно. Бодох гэдэг нь харьцуулахын нэр гэж нэгэн ухаантны үг байх бөгөөд аливаа асуудлыг шинжлэх ухаанчаар ул суурьтай ойлгохын тулд олон талын дүн шинжилгээ шийдвэрлэх үүрэгтэй. Орчуулгын ажлыг өндөр зохион байгуулалттай, онцгой хяналтын доор зохион байгуулж чадвал үүнийг гүйцэтгэх мэргэжилтэн бидэнд хүрэлцээтэй байгаа. Орчуулга хийхтэй холбоотой манай нийгэмд зарим нэг буруу ойлголт явдаг. Шинжлэх ухааны нэр томъёог Монгол хэл үрүү буулгахдаа бидний үгсийн санд байгаа үгээр заавал орчуулж хэрэглэх нь зүйтэй гэсэн санаа байдаг. Энэ зарчмаа хатуу барина гэвэл шинжлэх ухааны чухал ойлголтуудыг бид алдаатай буулгах эрсдэл байдаг. Үүний оронд орчуулахад түвэгтэй латин суурьтай зарим үгийг үндэсийг нь өөрчлөхгүйгээр Монгол хэлэндээ үрчлэн авбал Монгол хэл шинжлэх ухааны хэл гэдэг байр сууриа бэхжүүлэхэд хэрэгтэй алхам болох бөгөөд манай шинжлэх ухааны хөгжилд эерэг үүрэгтэй болов уу. Бид гадны олон улс оронтой харьцуулбал маш боломжийн төвшинд хөгжсөн бие даасан шинжлэх ухааны Монгол хэлтэй. Үүнийгээ бид өдөр тутмын хэрэглээндээ хэдий идэвхтэй хэрэглэж чадна тэр хэмжээгээрээ Монгол хэлний өнө удаан орших дархлаа нэмэгдэнэ. Үүн дээр нэмээд өнөө цагт хүн төрөлтөний мэдлэг асар хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд шинээр бий болж байгаа гадаад үг, нэр томъёог эх хэл дээрээ хэрхэн оновчтой буулгахад зөв бодлого чухал юм.

Долоо. Олон улсын үнэлгээ, судалгаанд идэвхтэй оролцох. Сурагчдын мэдлэг, ур чадварыг шалгадаг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанууд тухайн улсын сурагчид Эх хэлээ хэр зэрэг эзэмшсэн, математикийг, байгалийн ухаануудыг хэр зэрэг сурсан гэдгийг үнэлгээнийхээ шалгуур болгодог. PISA шиг аливаа олон улсын судалгаанд идэвхтэй оролцох нь манай боловсролын салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой. Мэдээж аливаа судалгаа явуулахын тулд тодорхой зардал мөнгө гардаг учраас түүнийг хийж байгаа, эсвэл оролцож байгаа зорилгоо зөв тодорхойлох чухал. Үүнийг дараахь жишээн дээр тайлбарлая. Олон улсын сурагчдын ур чадварын үнэлгээний хөтөлбөр (PISA) -өөс 2018 нд явуулсан 15 настай сурагчдын эх хэл дээрээ унших, ойлгох, цаашлаад математик, байгалийн ухааны салбарт хэр зэрэг ур чадвартайг нь тогтоох судалгаанд БНКУ (Казахстан) хөгжлийн төвшингөөрөө хоорондоо ялгаатай дэлхийн 80 орчим улс орны хамт тухайн судалгаанд идэвхтэй оролцсон байна. Тус улс нь хэдийгээр судалгаанд оролцсон бусад орнуудтай харьцуулахад тун тааруу амжилт гаргасан хэдий ч Боловсролын бодлогынхоо болохгүй байгаа асуудлаа олж тогтоогоод ирээдүйд хийх ажлынхаа чигийг гаргаад авч байна. Гэтэл уг судалгаанд манай улс хамрагдаагүй байх жишээтэй. 

Бас нэг жишээ авъя. PISA-ийн судалгаанд байнга идэвхтэй, өндөр амжилттай ордог улсуудын нэг бол БНСВУ (Вьетнам) юм. Тус улс PISA-ийн судалгаанд байнга идэвхтэй оролцдог бөгөөд сургуулийн сурагчдынх нь амжилт олон үзүүлэлтээр, ялангуяа математикт дэлхийн өндөр хөгжилтэй барууны орнуудыг урдаа оруулдаггүй. Тус улс нь дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 3,82% орчимыг боловсролдоо зарцуулдаг байна. Яагаад ийм бага орлоготой, хөгжиж байгаа улс математикийн хичээлийн амжилтаараа бусад хөгжиж байгаа улсуудтайгаа харьцуулбал сурагчид нь 2-3 жилээр түрүүлээд байдаг, цаашлаад барууны өндөр хөгжилтэй орнуудын өмнө давхиад байгааг дэлхийн банкнаас сонирхоод судалсан байдаг. БНСВУ-д сурагчид багаасаа зорилготой, сахилгатай, мэрийлттэй, хөгжиж яваа орны үе тэнгийнхнээсээ долоо хоногт 3 цаг илүү бие даан хичээлээ давтдаг, хичээлдээ хоцрохгүй ирдэг, хичээлээ шалтгаангүй тасалдаггүй, барууны сурагчидтай харьцуулбал Математикаас хэцүү гэж огт бэргэдэггүй, харин ч эсрэгээрээ ирээдүйд энэ миний амьдралд хэрэг болох боломж гэж хардагыг судалгааны дүн үзүүлсэн байна. Түүн дээр нэмээд тус улсын сургуулийн бүтэц төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд багш нарын ажлын чанарыг сургуулийн захиргаанаас сайн хянадаг гэдгийг дээрхи судалгаа онцолсон байна. Үүн дээр нэмээд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд их анхаарч тусалдаг байна. Энэ судалгаагаар боловсролын хөгжилд тухайн орны зан заншил, боловсролд хандах хандлага нь хөрөнгө мөнгөнөөс дутахгүй өндөр ач холбогдолтой гэдэг дүгнэлтийг хийжээ. БНСВУ-ын оюутнууд хуучин тогтолцооны үед болоод одоо ч инженерийн мэргэжлээр аль ч гадаадын оронд сурахдаа оюутнуудын тэргүүн эгнээнд байдаг. 

Төгсгөл. Энд өгүүлсөн жишээ баримтууд бол зарим талаасаа танин мэдэхүйн ач холбогдолтой бөгөөд шууд аваад хэрэглэ гэсэн санааг огт агуулаагүй болно. Бид боловсролын бодлогоо боловсруулахдаа энэ салбарт амжилттай яваа улс орнуудаас шууд хуулбарлах замаар бус тэдний бодлогыг гүнзгий, нарийн ойлгож өөрийн үндэсний бодлогоо боловсруулах чиглэлээ гаргаж авахад хэрэглэх юм. Түүнээс бус аливаа улс орны, жишээлбэл Кембриджийн хөтөлбөрийг үе шаттай, өндөр зардалаар нэвтрүүлээд ч боловсролын асуудлаа бид урт хугацаанд нь цогцоор нь шийдэж чадахгүй. Аливаа улсын боловсролын загварыг шууд хуулбарлах, ялангуяа тухайн орных нь хэл дээр хуулбарлаж хэрэглэвээс алсдаа бид гадаад хэл дээр аялаггүй, цэвэрхэн сайхан ярьдаг хэдий ч аливаа асуудлыг Монгол хэл дээрээ гүнзгий ойлгох чадваргүй, тодорхой асуудалд бие даасан дүгнэлт, шийдвэр гаргах чадвар султай,  гол төлөв ажил гүйцэтгэгч нарыг л  бэлтгэдэг болно. Дээр өгүүлсэн PISA-ийн судалгаанд барьдаг шалгууруудыг харахад төрөлх хэл, математик, байгалийн шинжлэх ухааны хөгжлөөр тухайн орны боловсролын тогтолцоонд үнэлгээ өгдөг байна. Энд би Англи хэлний өнөөгийн байр суурь, ач холбогдлыг огт үгүйсгээгүй бөгөөд Монгол хэл, математик, байгалийн ухаануудын ард Англи хэл жагсана гэж асуудлуудынхаа эрэмбийг зөв тогтоохын чухлыг онцоллоо. Энэ эрэмбээ барих нь бид алс хэтдээ зөв замаар, том амжилтанд хүрэхэд тустай болно.

Хичээлд сурагчаа дуртай болгох, ялангуяа математикт сонирхолтой болгоход яах аргагүй багш хүний ур чадвар шийдвэрлэх үүрэгтэй. Математик-ийн хичээлд бага сургуулиас эхэлж бид онцгой анхаарахгүй бол сурагчид алсдаа дунд ангид ороод байгалийн ухааны хичээлүүдээс ялангуяа физик, химийн хичээлийг сурахаас айж тойрдог. Үүний горыг бид өнөөдөр хангалттай амсаж байгаа бөгөөд инженерийн чиглэлээр сурах оюутан олдохгүй болж байна. Ер нь манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд математик, байгалийн ухааны хичээлд барууны орнуудын хандлагыг дагах бус азийн улсууд жишээлбэл Вьетнам, Япон, зэрэг орны туршлагаас суралцах нь зүйтэй. Инженерийн чиглэл, түүн дээр нэмээд олон улсын зах зээлд өндөр эрэлттэй болж байгаа мэдээлэл зүйн технологийн мэргэжлээр гадаад дотоодын их, дээд сургуульд сурахын тулд Математикийн маш сайн мэдлэгтэй байхыг шаарддаг. Бид сурагчидаа математик, байгалийн ухаанд сайн сургаж чадвал алсдаа тэдний их дээд сургуульд суралцах мэргэжлийн сонголт арвин болно.  

Манай эцэг эхчүүд хүүхдээ дунд, ахлах ангид орсон үед нь сургуулиас гадуур нэмэлт хичээлийг мэргэжлийн багш нараар төлбөртэй заалгадаг. Сургуулиас гадуур нэмэлт хичээл заадаг үйлчилгээний төвүүд ХБНГУ-д олон байх ба тэнд мэргэжлийн багш нарын хажуугаар сурлага сайтай сурагчид төлбөртэй хичээл заадаг.  Герман эцэг эхчүүд шаардлагатай гэж үзвэл хүүхдэдээ бүр бага сургуулиас нь эхлээд ийм төлбөртэй хичээлийг заалгадаг. Ингэж балчир наснаас нь хүүхдийнхээ ирээдүйд анхаарал тавих нь цагаа олсон алсдаа илүү үр өгөөжтэй ажил болдог. 

Манай аль ч шатны сургалт нь Монгол хүнийг сахилгатай, хариуцлагатай, цаашлаад шинжлэх ухаанд суурилсан бүтээмж өндөртэй иргэн болгох талаар онцгой анхаарах ёстой. Хоёр хөрштэйгээ харьцуулбал бид бүл цөөтэй учраас ирээдүйн Монгол хүнийг 2 хүний ажил гүйцэтгэх хэмжээний бүтээмжтэй бэлтгэж байж бид улс орноо хөгжүүлж, тусгаар тогтнолоо хамгаалж чадах юм.

Энэ талаар их эрдэмтэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар, доктор Л.Түдэв гуай Монголчууддаа захиж сургахын зэрэгцээ бидэнд ойлгуулах гэж өөрийн амьдралаараа нэг хүний хийж барамгүй их ажлыг нугалж үлгэрлэсэн байдаг. Бүтээмж дээр суурилсан боловсролтой Монгол иргэнээ бэлдэж чадвал манай Боловсролын салбар улс орондоо ядуурал,  нийгэмийн тэгш бус харилцааг арилгах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна. 

 

ХБНГУ-аас иргэн П.Давааням


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх